Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 362

 

 

Б.Баатархүү, Ш.Өлзийбүрэн нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Ц.Сүхбат,

шүүгдэгч Б.Баатархүү, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

шүүгдэгч Ш.Өлзийбүрэн, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэлмэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Өлзийбүрэн, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Баатархүү, Ш.Өлзийбүрэн нарт холбогдох 2015 2502 0024 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Базарсадын Баатархүү, 1974 оны 4 сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн Минжийн хангай, Шарын гол гудамжны 9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 13-50 тоотод түр оршин суудаг,

2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон, /РД: МЭ75043072/,

2. Алаг-Адуу овгийн Шүхэрийн Өлзийбүрэн, 1973 оны 4 сарын 15-нд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 106 тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ИТ73041504/.

Б.Баатархүү нь 2015 оны 9 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 13-50 тоотод хамтран амьдрагч Ш.Өлзийбүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь “зүүн богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Ш.Өлзийбүрэн нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Баатархүүг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлхэн унагаж биед нь “цээжний баруун талд 8, 9 дүгээр хавирганы далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Баатархүү, Ш.Өлзийбүрэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Базарсадын Баатархүүг хамтран амьдрагч Ш.Өлзийбүрэнг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, Алаг адуу овгийн Шүхэрийн Өлзийбүрэнг хамтран амьдрагч Б.Баатархүүг түлхэн унагаж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Базарсадын Баатархүүг 270 цагийн хугацаатай албадан ажил хийлгэх ялаар, Шүхэрийн Өлзийбүрэнг 251 цагийн хугацаатай албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол баривчлах ялаар солихыг шүүгдэгч Б.Баатархүү, Ш.Өлзийбүрэн нарт сануулж, шүүгдэгч Б.Баатархүү, Ш.Өлзийбүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зургийг хэрэгт үргэлжлүүлэн хадгалахаар, хохирогч Ш.Өлзийбүрэн нь өөрт учирсан хохирлоо зохих ёсоор баримтжуулсаны дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.Баатархүү, Ш.Өлзийбүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Өлзийбүрэн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Б.Баатархүүтэй 2014 оны 4 дүгээр сард анх танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Эхэндээ тэрээр энгийн харьцаатай байснаа удах тусам байнга архи ууж агсам тавьж доромжилж дарамталдаг болсон. Эрүүл болсон үед нь “архиар яах гэсэн юм. Хоёулаа сайхан амьдаръя өөрийгөө бодооч” гэж гуйдаг боловч “би олсон мөнгөө ингэж угаадаг юм” гээд хүлээж авдаггүй. Зан ааш нь улам эвдэрч эхэлсэн. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 1-ээс 2-нд шилжих шөнө архи ууж согтоод надад агсам тавьж, үс толгойноос зулгааж зодон зүүн гарыг минь өвдөглөж хугартал цохисон. Надтай хамтран амьдрагч учраас засрах болов уу гэж харзнаад шүүх цагдаад хандаагүй. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 21-нд хоёр найзтайгаа дахин согтуу ирээд агсамнаад дарамтлаад байхаар нь би зугатаан гарч  гомдол гаргалгүй уучилсан. Мөн Б.Баатархүү 2015 оны 12 дугаар сарын 10-нд найз Болдбаатартайгаа согтуу ажил дээр ирээд утас булаан авч янз бүрийн муу үгээр намайг харааж доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгч баривчлуулсан. Ийнхүү удаа дараа биед гэмтэл учруулж, улмаар хэл амаар аймшигтай муухай доромжлоод байхаар нь шүүх цагдаад хандаж өргөдөл гаргасан юм.

Б.Баатархүү нь намайг шүүхэд хандахаас өмнө ямар ч гэмтлийн тухай ярьж гомдоллож байгаагүй мөртлөө намайг шүүхэд хандсаны дараа хавиргаа гэмтээсэн мэтээр жүжиг зохиож, архины найз нартайгаа хуйвалдан намайг хэрэгт гүтгэж байна.

Б.Баатархүү нь энэ цагаас хойш надтай нэг ч удаа холбоо бариагүй бөгөөд харин өөрийн найз гэх Болдбаатар гэгчийг удаа дараа ирүүлж намайг ажил дээр олон түмний нүдэн дээр хэлэх хэлэхгүйгээр дайрч доромжилж, миний найз мөнгөтэй, өргөдлөө буцааж ав, би найзыгаа хамгаална гээд ажлын байрандаа ажиллах ямар ч бололцоогүй болгож байсан удаатай.

Энэ хэрэгт гэрчээр оролцсон Р.Болдбаатар нь “Баатархүүг жалга руу түлхэж унагаасан” мэтээр намайг худал гүтгэж шүүхийн өмнө гэмтэн болгож анхан шатны шүүхээс ял оногдуулаад байна. Гэрч Р.Болдбаатар нь Баатархүүтэй архины найзууд учир намайг архиа болиоч ээ гэхлээр өс хонзон санаж миний ажил дээр  ирж, над уруу агсарч хэлэх хэлэхгүй үгээр доромжлон дайрч байсны улмаас би 2016 оны 1 дүгээр сарын 22-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгч түүнд торгуулийн арга хэмжээ авахуулсан юм. Гэтэл үүндээ дүгнэлт хийж засрахгүйгээр дахин ажил дээр согтуугаар ирж  2016 оны 2 дугаар сарын 29-нд ирж давшлахаар нь цагдаа дуудаж улмаар 10 хоног баривчлуулсан юм.

Өдөр бүр шахуу архи ууж энд тэнд унаж, ойчиж явдаг хүн хаана ч, хэзээ ч гэмтэл авч болох магадлалтай. Тэр гэмтлийг би үүсгээгүй, хараагүй, сонсоогүй. Харин тэрээр хэргээс мултрах гэсэндээ намайг найз нартайгаа /хамт уудаг/ хамтран нийлээд гүтгэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг гэмт хэрэгтнээр тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймээс надад холбогдох хэргийг хянан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Өлзийбүрэнгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б.Баатархүүгийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтийн “хэсэг газрын үзлэг хийхэд” гэх хэсэгт:

“…2016 оны 1 дүгээр сарын 13-ны эгц авсан рентген зурагт: Баруун талын 8,9-р хавирганы хажуу хэсэгт ясны талын үүссэн бороожилт хугаралттай, уушигны эмгэггүй…”,

дүгнэлт хэсгийн 5 дахь хэсэгт: “…Дээрх гэмтлийг хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна…” гэж тус тус дүгнэлтдээ бичжээ.

Мөн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч эмчийг байцаасан тэмдэглэлд уг гэмтлийг яг хэзээ учирсаныг тогтоох боломжгүй гэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “…Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн  тогтоох үүрэгтэй…” гэж заасан байдаг.

Гэтэл шинжээчийн дүгнэлтээр 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн рентген зургаас харахад уг гэмтэл нь бороожилт хугаралттай, хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй гэж дүгнэсээр байтал шүүх дээрх гэмтлийг миний үйлчлүүлэгч Ш.Өлзийбүрэнг учруулсан гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна.

 Б.Баатархүү нь өмнөх эхнэртэйгээ муудалцаж зодолдож байгаад хавиргаа гэмтээсэн гэж ярьдаг. Тэр үеийн гэмтлээ одооч гаргаж  ирээд миний үйлчлүүлэгчийг учруулсан гэж гүтгэж байгааг үгүйсгэх аргагүй юм. Түүнчлэн, яс тэр дундаа хавирганы хугарал бороолтлоо маш удаан хугацаа шаардана. Үүнээс гадна Б.Баатархүү нь хавирга хугарсан гэмтэл учирсан даруйд авахуулсан зураг байхгүй, яс нь бороолж эдгэрсэн зургийг үндэслэн миний үйлчлүүлэгчийг учруулсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн гэрч Р.Болдбаатарын “…Өлзийбүрэн машины түлхүүрийг өгөхгүй гээд хар зам хөндлөн гүйгээд Баатархүүг хойноос нь очиход Өлзийбүрэн нь Б.Баатархүүг газар түлхэн унагааж байсан…” гэсэн мэдүүлгийг үндэслэн миний үйлчлүүлэгчийг Б.Баатархүүг түлхэн унагаасны улмаас гэмтэл учирсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь Р.Болдбаатар удаа дараа ажил дээр нь согтуу ирж, агсам тавьж дарамтлаж байсан бөгөөд тухайн үед миний үйлчлүүлэгч Өлзийбүрэн цагдаад дуудлага өгч 1 удаа торгуулж, 1 удаа 10 хоногийн баривчилгаанд явуулсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Р.Болдбаатар нь надад үүнээс болж өс санаад байдаг учир гэрчийн мэдүүлгийг үнэлэх нь шударга бус юм гээд холбогдох нотлох баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөхөд шүүх үүнийг хэрэгт хамааралгүй гээд аваагүй байна.. …Бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлэг нь яг бодитоор Өлзийбүрэн нь Баатархүүг түлхэж унагааж байхыг харсан хүн байхгүй. Баатархүү нь хамтран амьдрагч Өлзийбүрэнг 1 жил байнгын дарамтлаж, зодож нүддэг байсан хүн өөрийнхөө гэмийг хүлээхгүйн тулд эсхүл Өлзийбүрэнд өс санасандаа худал мэдүүлж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Б.Баатархүүг түлхэж унагаасны улмаас хавирга нь хугарсан эсэх талаар, бороолж эдгэрсэн гэмтэл нь хэзээ үүссэн талаар хангалттай нотлох баримтгүй байхад түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Шинжээчийн дүгнэлтэд 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн бороожилт хугаралтай, бүрэн эдгэсэн зургийг үндэслэн дүгнэлт гаргасан бөгөөд өмнө нь анх гэмтэл үүсэхэд авахуулсан зураг болон ГССҮТ-д үзүүлж байсан талаар ямар ч баримтгүй байхад шинжээчийн дүгнэлт гаргаж, түүнийг прокурор, шүүх үнэлсэн нь ойлгомжгүй байна. Бороолж эдгэрсэн гэмтэл нь хэзээ учирсан нь тодорхойгүй бөгөөд хэдэн жилийн өмнө учирсан гэмтэл байхыг үгүйсгэхгүй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс Б.Баатархүүг түлхэж унагаагүй талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлж ирсэн.

Иймд миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй тул … шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ш.Өлзийбүрэнг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Баатархүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Өлзийбүрэнтэй 1 жил гаруй хугацаанд хамтран амьдрахдаа огт дарамталж байгаагүй. Өглөө ажилд нь хүргэж өгч, орой авдаг байсан. Ш.Өлзийбүрэн харин ч намайг хохироож байсан. Ш.Өлзийбүрэн надаас машины түлхүүр булаан авах гэж байгаад намайг түлхэж гэмтээсэн. Тэр шөнө гэрт цэнэглээд тавьсан байсан миний гар утсыг аваад явсан байсан. Гар утсаа авахаар ажилд дээр нь очсоныг дээрэмдсэн гэж цагдаад гомдол гаргасан байсан гэв. 

Шүүгдэгч Б.Баатархүүгийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Өлзийбүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Баатархүүг түлхэн унагаж гэмтээсэн болохыг гэрч Отгонпүрэв, Сарангэрэл, Болдбаатар нарын мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүх хуралдаанд Ш.Өлзийбүрэн “өмнөх эхнэртэйгээ зодолдож хавиргаа гэмтээсэн” гэж хэлж байсан. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй. Хэдийгээр шүүх эмнэлгийн дүгнэлт хожуу гарсан хэдий ч Ш.Өлзийбүрэн нь миний үйлчлүүлэгчийг удаа дараа Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байсан. Хамгийн анх гар утас дээрэмдсэн гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан бөгөөд уг үйлдлийг шалгаж хэрэгсэхгүй болгож байсан. Харин үүний дараа харилцан бие биедээ гэмтэл учруулсан гэж давж заалдах гомдол гаргасан. Ш.Өлзийбүрэнгийн өмгөөлөгч “Хавирганы гэмтэл авсан тохиолдолд дотор эрхтэн гэмтдэг, заавал эмнэлэгт үзүүлж, хэвтсэн байх хэрэгтэй” гэж байгаа нь үндэслэлгүй юм. Б.Баатархүүд дарамтлуулдаг байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Ш.Өлзийбаяр уг хэрэгт хамааралгүй асуудлаар удаа дараа гомдол гаргаж байсан боловч энэ нь тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд асуудлаа шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.  Анхан шатны шүүх хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт Өлзийбүрэн, Ганцэцэг нараас гарагсан давж заалдах гомдлоор оролцож байна. Шинжээчийн дүгнэлтээр Б.Баатархүүгийн биед үүссэн 8, 9 дүгээр хавирганы хугарал хэзээ үүссэн нь тодорхойгүй, гэрч худал мэдүүлэг өгсөн байх боломжтой гэсэн байна. Ялтан Өлзийбүрэн давж заалдах шатны шүүхэд анх удаа өмнөх эхнэртэйгээ байхдаа гэмтэл авсан гэж байна. Хэзээ учирсныг тогтоох боломжгүй гээд байдаг хэдий ч мөрдөн байцаалтын шатанд Б.Баатархүү, гэрч Болдбаатар, Отгонпүрэв нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр гэмт хэрэг гарсан хугацааг тогтоосон гэж үзэж байна. Өс хонзонгийн сэдэлтээр худал мэдүүлэг өгсөн байх магадлалтай гэж үзээд баримтуудыг гаргаж өгсөн гэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн өмнө эрх үүргийг танилцуулж шинээр баримт өгөх үү гэхэд гаргаж өгөөгүй. Хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх боломжтой гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Б.Баатархүү нь 2015 оны 9 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 13-50 тоотод хамтран амьдрагч Ш.Өлзийбүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь “зүүн богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Б.Баатархүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-106/, хохирогч Ш.Өлзийбүрэнгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-15, 74, 106/, гэрч Л.Нямдорж, Г.Отгонпүрэв, Л.Бямбадорж, Э.Оюунчимэг, Г.Ганзориг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /хх-25, 20-21, 27, 28, 29/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт /хх-32/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Баатархүүгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу болон хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Харин, шүүгдэгч Ш.Өлзийбүрэнгийн гаргасан: “…анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг гэмт хэрэгтнээр тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймээс надад холбогдох хэргийг хянан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү…”,

Өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан: “…Миний үйлчлүүлэгч Ш.Өлзийбүрэн нь Б.Баатархүүг түлхэж унагаагүй талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлж ирсэн. Иймд миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримтгүй байхад гэм буруутайд тооцож ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ш.Өлзийбүрэнг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү …” гэсэн давж заалдах гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалвал:

 Ш.Өлзийбүрэнг хамтран амьдрагч Б.Баатархүүг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлхэн унагаж биед нь “цээжний баруун талд 8, 9 дүгээр хавирганы бороожилт бүхий далд хугарал” хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, тухайн гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, энэ талаар нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч Ш.Өлзийбүрэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь нотлогдоогүй байна.

Хохирогч Б.Баатархүүгийн биед хийсэн шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны эгц авсан рентген зурагт хийсэн мэргэжлийн эмчийн дүгнэлт, шинжээч эмчийг байцаасан 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд түүний биед учирсан “цээжний баруун талд 8, 9 дүгээр хавирганы бороожилт бүхий далд хугарал” хүндэвтэр гэмтлийг хэзээ, хэн учруулсан нь тогтоогдоогүй, Б.Баатархүүгийн биед анх гэмтэл үүсэхэд рентген зураг авахуулсан эсэх, ГССҮТ-д үзүүлж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шинжээчийн тухайн дүгнэлтийг шүүх үнэлсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Баатархүүгийн найз гэрч Р.Болдбаатар Ш.Өлзийбүрэнгийн ажил дээр ирж удаа дараа согтуугаар агсам тавьж дарамталж байсны улмаас Ш.Өлзийбүрэн цагдаад дуудлага өгч түүнд нэг удаа торгох, нэг удаа 10 хоног баривчлах захиргааны шийтгэл ногдуулсан зэргээр тэд хоорондоо ашиг сонирхолын зөрчилтэй байхад анхан шатны шүүх “…Б.Баатархүүг хойноос нь очиход Ш.Өлзийбүрэн нь Б.Баатархүүг газар түлхэн унагааж байсан…” гэсэн, “…Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ.” гэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн шаардлагыг хангаагүй гэрч болох Р.Болдбаатарын мэдүүлгийг үнэлж, зөвхөн түүнд үндэслэж шүүгдэгч Ш.Өлзийбүрэнг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь  хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд Ш.Өлзийбүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Өлзийбүрэнг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ш.Өлзийбүрэн, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах хуулийн үндэслэлтэй байна.