Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 22

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Л.Батбэлэгийн нэхэмжлэлтэй    

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн  Мандал сумын Засаг даргад холбогдох 

            “Газар эзэмших эрх хүчингүй болгуулах тухай” Сэлэнгэ аймгийн Мандал сумын  Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай захирамжийг  хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч:                                                    Л.Батбэлэг

            Хариуцагчийн төлөөлөгч:                              Б.Булганхангай

            Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох  нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй гэдэг заалт нь 2004-2016 он хүртэл ганц удаа хэрэгжиж байгаагүй. Хэн ч надад албан ёсоор шаардлага тавьж байгаагүй. Харин 2009 онд кадастрын зураг хийнэ гээд миний бүх гэрчилгээг авсан бөгөөд одоо болтол өгөөгүй.

            Хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдгийг тогтоогоогүй. Энэ хугацаанд хэн ч надад яагаад газраа ашиглахгүй байна хүндэтгэн үзэх шалтгаан байна уу гэж тогтоож байгаагүй. Харин 2009 онд газрын байцаагч н.Цэцэгмаад газрын зориулалтаа өөрчилж чацарганы зориулалтаар ашиглах төслөө танилцуулахад кадастрын зургаа хийлгэчих тэгээд шийдэж өгье гэхээр нь гэрчилгээнүүдээ аваачиж өгсөн бөгөөд одоо болтол аваагүй бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. /одоо байгаа ганц гэрчилгээ нь тухайн үед Хас банкны зээлийн барьцаанд байсан./

            2009 он хүртэл газраа ашиглаж байсан бөгөөд кадастрын зургаа хийлгэн шаардлагатай гэж гэрчилгээнүүдээ өгснөөс хойш хууль эрх зүйн зөрчилтэй тул ашиглаагүй болно. Өөрийн санаачилгаар чацарганы талбайгаар ашиглах зорилт тавьж технологийн дагуу хөрсийг сайжруулах шаардлагатай хөрөнгө оруулалт их шаардлагатай тул газраа хашиж хамгаалан хөрсний бүтцийг байгалиар нь сэргээн сайжруулж байгаа болно. Харамсалтай нь хашааг минь эвдэн сүйтгэж малаа оруулдаг гахайгаа оруулдаг ургасан өвсийг нь эзэн нь байхгүй байхад хадаж авдаг зэрэг сөрөг үйлдлүүд их гардаг.

            Аливаа гэрээ хоёр талын эрх харилцан хангагдсан байж гэрээ хүчинтэй байна. Миний буруу тодорхой хэмжээгээр байгаа, гэхдээ нөгөө тал надад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Төрийн албан хаагч хуульд заасан үүргээ биелүүлж надад мэдэгдээгүй, нэг өдөр л газрыг минь хураасан гэж хэлсэн. Гэхдээ манай тийшээ засмал зам тавигдаад эдийн засгийн ашигтай болж ирэхээр нь миний газрыг авчихсан байх гэж би бодож байна. Хуучин намайг ашиглаж байхад хаягдсан газар байсан. Гэрээ гэдэг хэн хэн нь хариуцлага хүлээх ёстой. Өршөөлийн тухай хууль гарсан, би татвараа төлчихвөл цаашаа ашиглаж болно гэж ойлгосон тул  2015 оны өршөөлийн хуулиар газрын татвараа бүрэн төлж зөрчлөө арилгасан болно. Миний мөрөөдлийг эдгээр хүмүүс зогсоочихлоо. 2008 онд засгийн газраас чацарганы төсөл гарсан 2020 хүртэл энэ төсөл хэрэгжинэ, би түүнд нь орж чадахаа больчихлоо. Залуучуудад захиж хэлэхэд хүмүүсийн амьдралыг харж, дэмжиж хүн шиг хандах хэрэгтэй гэж хэлмээр байна. Аливаад ашиг сонирхлын зөрчлөөр хандаж байна.

            Иймд энэ захирамж зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалсан хувь хүний эрхийг зөрчсөн тул  “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай  захирамжийг хүчингүй болгож өгнө үү  гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Л.Батбэлэг нь 2003 онд анх боловсруулах үйлдвэр, мөсөн зоорь, төмс хүнсний ногооны зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргаж байсан бөгөөд сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар захирамжаар 4 байршилд 7,19 га газрыг эзэмшүүлсэн байна.

            2015 онд Мандал сумын хэмжээнд тариалангийн талбай болон төмс, хүнсний ногооны зориулалттай газарт тооллого бүртгэл ашиглалтын байдалд хяналт тавихад иргэн Л.Батбэлэг нь 2004 оноос эзэмшиж байсан газраа 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй байсан учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 зүйлүүд, газар эзэмшүүлэх гэрээний 3.5, 4.3 нөхцөлүүдийн дагуу сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар захирамжаар 4 дүгээр багт байрлах 18611411423773 нэгж талбарын дугаар бүхий 3 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн бид эрхийг нь эдлүүлээд Л.Батбэлэг гуайд 3 га газар эзэмшүүлсэн. Гэтэл өөрөө үүргээ биелүүлээгүй. Анх гэрээ байгуулахдаа түүн дээр эдлэх эрх, үүргийг нь тодорхой заасан. Эрхийхээ дагуу эзэшиж байгаа бол иргэн хүн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Л.Батбэлэг гуайн хүндэтгэн үзэх шалтгаан гэж хэлээд байгаа нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна лээ. Би Дээдийн шүүхийн тайлбар хүртэл уншсан. Энэ хүн газраа огт ашиглаагүй 5 жил болсон, гэтэл манай суманд хүмүүс боломжийн хирээрээ 0.5 га талбайд хүнс ногоо тариад явж байна. Өөрөө ч тарихгүй, өрөөлд ч хэрэглүүлэхгүй байна гэв.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч  Л.Батбэлэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын             2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар захирамж[1]-аар иргэн Л.Батбэлэгт нийт 4 нэгж талбар бүхий мөсөн зоорьд 0.2 га, бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт 0.9 га, мал тэжээх эрчимжүүлсэн аж ахуйд 3.0 га, төмс хүнсний ногоо тэжээлийн ургамал тарихад 3.0 га нийт 7.19 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба  2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  иргэн Л.Батбэлэгт маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 0012877 дугаартай гэрчилгээ[2] олгон, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[3] -г байгуулжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч иргэн Л.Батбэлэгт төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал тарих зориулалтаар эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн нутагт байршилтай 3.0 га газрын эзэмших эрхийг  хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс хүчингүй болгохоор мөн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.1-т “Гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших ашиглах 4.3-т Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй... Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгох гэж тус тус заасан бөгөөд иргэн Л.Батбэлэгт 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр буюу газар эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ олгосноос хойш газар эзэмших эрх хүчингүй болгох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан  тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” 193 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэхь зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Газар эзэмших эрх хүчингүй болгуулах тухай” Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай иргэн Л.Батбэлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг 5692012910 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.БУРМАА