Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0210

 

Х.Ганхуягийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Х.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, М.Батбаяр, А.Дэлгэрсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Ганхуягийн урьд эрхэлж байсан Геологийн албаны “геохими болон лабораторын судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Х.Ганхуягт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,557,021 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Ашигт малтмал, Газрын тосны газрын даргад даалгаж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолуудаар орон тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаал, Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн а/01 дүгээр тушаалаар тус газрын бүтэц, зохион байгуулалтыг шинээр баталсан. Уг тушаалаар Ашигт малтмалын газрыг Ашигт малтмал, Газрын тосны газар болгон өөрчилж, орон тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор Ашигт малтмалын газрын Геологийн албаны бүтцэд байсан “геологийн судалгаа, дээж, лаборатори хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо хасагдсан болно. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын чиг үүрэг нь шинээр бий болсон Геологи, хайгуулын хэлтсийн “геологийн, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүргээс огт өөр болно. Гэтэл шүүхийн шийдвэрт чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн хэмээн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт гаргах үндэслэл болсон. Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын тушаалаар шинээр батлагдсан орон тоо, уг орон тооны албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан ажилтнуудыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж, дүгнэлт гаргах “Ажлын хэсэг”-ийг байгуулсан. Ашигт малтмалын газрын/хуучнаар/-ын даргын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн б/114 дүгээр тушаалаар тус агентлагийн мэдэлд шилжүүлсэн албан хаагчдыг шинээр батлагдсан орон тоо, ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хэрхэн хангаж байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн а/04 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс дүгнэлт гаргаж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан. Уг ажлын хэсгийн дүгнэлтээр орон тоо цөөрсөн, хасагдсан бөгөөд шинэ бүтэц, орон тооны ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж, ажлын байрны шаардлага хангахгүй байгаа ажилтныг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Дээр дурьдсаны дагуу орон тоо нь хасагдсан бөгөөд үлдэж байгаа орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу, Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/82 дугаар тушаалаар Х.Ганхуягийг ажлаас чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 2 032 308 төгрөгийн тэтгэлгийг олгосон нь Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн хууль ёсны үйлдэл болно. Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилогдсон Э.Мөнх-Ирээдүй нь хуучин Ашигт малтмалын газрын Геологийн албаны “хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал /ажлын байр/-нд ажиллаж байсан бөгөөд 2016 оны б/10 дугаар тушаалаар томилогдсон болно. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч энэхүү 2016 оны б/10 дугаар тушаалтай маргаагүй бөгөөд Э.Мөнх-Ирээдүйг томилсон захиргааны актад шүүхээс дүгнэлт хийх үндэслэл байхгүй, харин шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргах нөхцөл буюу нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудлаар дүгнэлт өгч шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд шүүхээс ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаатай холбогдуулан хариуцагчийг нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагатай танилцах, түүнд хариу тайлбар гаргах боломж олгохгүйгээр шүүх хуралдааныг явуулж, уг өөрчлөгдсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Улсын Их Хурлын  2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаал, Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Бүтэц, зохион байгуулалт батлах тухай” а/01 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын Геологийн албаны Геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Х.Ганхуягийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Х.Ганхуяг нь дээрх “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн Региональ геологийн нэгжийн лаборатори, геохими, дээж хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шинээр батлагдсан гэх буюу Э.Мөнх-Ирээдүйг томилсон ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна.

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд зөв дүгнэлт хийсэн атлаа “урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/10 дугаар тушаалаар Ашигт малтмал, Газрын тосны газрын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталсаны дагуу Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн а/01 дүгээр тушаалаар Ашигт малтмал, Газрын тосны газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон байх ба 34 орон тоотой ажиллаж байсан Геологийн албыг 26 орон тоотой Геологи, хайгуулын хэлтэс болгон өөрчилсөн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Х.Ганхуягийг “Геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримталсан байх ба хуулийн эдгээр зохицуулалтад заасан ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзнэ. Тодруулбал,  

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, орон тоо нь цөөрсөн бол эрх бүхий албан тушаалтан албан хаагчийг шалгаруулж авахаар зохицуулсан зохицуулалт гэж ойлгох бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг төрийн албан хаагчийн орон тоо нь хасагдсан буюу огт байхгүй болсон тохиолдолд өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, дахин мэргэшүүлэх, нэг удаагийн тэтгэлэг олгох зэргээр төрийн албан хаагчид эдлүүлэх баталгааг олгосон зохицуулалт гэж ойлгоно.

Хариуцагч нь дээрх хуулийн зохицуулалтуудыг маргаан бүхий актад давхар баримталсан нь ойлгомжгүй байгаагийн зэрэгцээ нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгаруулалтыг явуулсан байгаа нь хариуцагч “орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан нь нотлогдож байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Ганхуягийн урьд ажиллаж байсан Геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэнээр өөр хүн ажиллаж байгаагүй тул орон тоог цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь шинээр бий болсон гэх Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй агуулгын хувьд ижил байх тул чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзнэ.

Гэтэл шинээр бий болсон гэх Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт үг үсгийн өөрчлөлт оруулж, геологи, эрдэс баялгийн менежментийн мэргэжилтэй байх шаардлага тавьсанаар Х.Ганхуягийн урьд ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болж чадахгүй юм.

Ийнхүү чиг үүрэг нь агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн, геологийн инженер мэргэжилтэй байх шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ хариуцагч зөрчсөн төдийгүй огт өөр чиг үүрэг бүхий Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан этгээдтэй харьцуулан шалгаруулалт явуулж, түүнээс бага оноо авсан үндэслэлээр Х.Ганхуягийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчмуудтай нийцэхгүй, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн албан хаагчид хуулиар олгосон баталгааг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

          Иймд нэхэмжлэгчийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байх ба анхан шатны шүүх “урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр бодит байдалд хэрхэн хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгааг зөвтгөж шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч анхнаасаа өөрчлөн байгуулагдсан Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан, уг нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй байх тул хариуцагчийн “нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагатай танилцах, түүнд хариу тайлбар гаргах боломж олгохгүйгээр шүүх хуралдааныг явуулж, уг өөрчлөгдсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгон, Х.Ганхуягийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                       Ц.САЙХАНТУЯА

                                 ШҮҮГЧ                                            О.НОМУУЛИН