Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00452

 

 

 

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00452

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын **** дугаар баг ******** оршин суух, М.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 155/2024/01229/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Ц  нь Хөвсгөл аймгийн **** хотын Оёдлын үйлдвэр, Хөх сувд ББХК-д 1991 оноос 1996 он хүртэл оёдолчноор ажиллаж байсан. Тус байгууллага маань үйл ажиллагаа явуулах боломжгүй болж тарсан. Тэгээд нөхөр Б.Б хамт хөдөө гарч, Харгана-д мал маллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл малаа маллаж байна. Би нөхөр Б.Б тэй 1993 онд гэр бүл болж, бидний дундаас 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Батаа төрсөн. Манайх малаа сайн малласан гэж 5 жилийн үзүүлэлтээр 2002 онд Хатгал тосгоны сайн малчин болж байсан. Мөн 2011 онд Хатгал тосгоны анхны мянгат малчин болж байсан. Мөн 1994 оноос эхлэн одоог хүртэл хурдан морь уяж, сум, аймгийн наадамд уралдуулан, олон удаа айраг, түрүү авч байсан. Миний бие малчин хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт орох нас минь болсон. Гэтэл манай тосгоны Захирагчийн ажлын албаны байр шатсаны улмаас малын А данс устсан тул малчин хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй боллоо.

Энэ талаар Хатгал тосгоны нийгмийн даатгалын байцаагчтай уулзахад манайд байгуулсан орон тооны бус байнгын зөвлөл татан буугдсан тул аймгийн Нийгмийн даатгалын газарт өргөдлөө өгөх шаардлагатай гэсний дагуу Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд өргөдөл гаргасан. Гэтэл Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлөөс малчин байдал нотлогдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай гэсэн. Би өөрт байгаа мал маллаж байснаа нотлох баримтыг хүсэлтэд хавсаргасан.

Иймд намайг Хөвсгөл аймгийн **** сумын *** тосгонд 1997 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний едрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Ц  шүүхэд гаргасан тайлбартаа: М.Ц  миний бие тус шүүхэд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие 55 насандаа тэтгэвэрт гарах болсон тул тус шүүхэд гаргасан мал маллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагаггүй болсон тул нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Иймд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж миний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буй хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ц  нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ц  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ 55 насандаа тэтгэвэрт гарах болсон гэх үндэслэлээр сайн дураараа татгалзсан тайлбарыг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Ц гийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ц гийн нэхэмжлэлтэй, мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Ц  нь 55 насандаа тэтгэвэрт гарах болсон гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ