Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00455

 

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00455

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **** сумын ***тоотод оршин суух, Ж.Д

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/00448/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ж.Д  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж 1987 онд 8 дугаар анги, 1989 онд 10 дугаар анги төгссөн. Хөвсгөл аймгийн *******гийн сангийн аж ахуйн Монгол цагаан идээний үйлдвэрт нормчин, чанагчаар 1991 он хүртэл ажилласан. 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа. Миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, ажилд орсон тушаал байхгүй учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан.

Иймд миний Хөвсгөл аймгийн *******гийн сангийн аж ахуйн Монгол цагаан идээний үйлдвэрт 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал чанагч, ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Би оройн эчнээгээр суралцаж 1989 онд 10 дугаар анги төгссөн. Би 1987 онд 8 дугаар анги төгсөөд ээжийгээ асарч байсан. Ээж маань бурхан болоод ганцаараа үлдсэн. Тэгээд 1988 оноос Цагаан идээний үйлдвэрт ажиллаж эхэлсэн....гэв.

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай албан бичиг, ******* сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, ******* сангийн аж ахуйн даргын 1991 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* сангийн аж ахуйн боловсон хүчинээс 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 455345 дугаартай нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 4-10, 44 дүгээр тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Б гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн байна. (хх-ийн 45-46 дугаар тал)

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 18-20 дугаар тал),

Хөвсгөл аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн **** дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* сангийн аж ахуйн Монгол цагаан идээний үйлдвэрт ажиллаж байсан Ж.Д цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 31-43 дугаар тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ж.Д  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, ажилд орсон тушаал байхгүй учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан.

Иймд Хөвсгөл аймгийн *******гийн сангийн аж ахуйн Монгол цагаан идээний үйлдвэрт 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал чанагч, ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Д  өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ж.Д  нь Хөвсгөл аймгийн *******гийн сангийн аж ахуйн Монгол цагаан идээний үйлдвэрт 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал чанагч, ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* сангийн аж ахуйн Монгол цагаан идээний үйлдвэрт ажиллаж байсан Ж.Д  1988 оны 6, 7, 9, 10 сар, 1989 оны 3, 5, 9 сар, 1990 оны 3, 7, 8, 11 сар, 1991 оны 2, 3 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд (хх-ийн 31-43 дугаар тал),

******* сангийн аж ахуйн боловсон хүчнээс 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 455345 дугаартай Ж.Д ад нээж олгосон 01. 1988 оны 5 сарын 01. Ажилд орохыг хүссэн тул МЦИҮ-т нормчиноор томилов. Хөвсгөл ******* САА-н даргын 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нөхөн гаргасан 326 тоот тушаал, 02. 1991 оны 4 сарын 20. МЦИҮ нь хувийн үйлдвэрт шилжиж байгаа тул хөдөлмөрийн гэрээг нь цуцалж сумын АДХЗ-ны мэдэлд шилжүүлэв. Хөвсгөл ******* САА-н даргын 1991 оны 5 сарын 13-ны өдрийн 196 тоот тушаал, 03. 1991 оны 4 сарын 20. МЦИҮ-ийн ажилчнаар томилон ажиллуулав. МЦИҮ-ийн даргын 1991 оны 4 сарын 21-ний 02 дугаар тушаал, 04. 1991 оны 4 сарын 25. Өвчний учир группэд орсон тул ажилчнаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлав. МЦИҮ-ийн даргын 1991 оны 12 сарын 25-ны өдрийн 45 дугаар тушаал гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 дугаар тал),

******* сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ...Тушаах нь 1.Нэр бүхий ....ажиллагсдад 1989 оны ээлжийн амралтыг нь хавсралтаар олгосугай... гэх бичилттэй 187 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 24 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт Ж.Д , албан тушаал гэх хэсэгт ажилчин, үндсэн амралт гэх хэсэгт 15, А.Т нэмэгдэл гэх хэсэгт 3, бүгд хоног гэх хэсэгт 9, эхлэх хугацаа гэх хэсэгт I/XII гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 5-6 дугаар тал),

******* сангийн аж ахуйн даргын 1991 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ....Тушаах нь: 1.МЦИҮ САА-н мэдлээс гарч биеэ даасан үйлдвэр болсон тул МЦИҮ-ийн нэр бүхий 73 ажилчин, ажилчидтай 1991.04.20-ноос эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгууллагаар нь сумын ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилттэй 196 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хавсралтын 59 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт Жамбалшарав, нэр гэх хэсэгт *****, албан тушаал гэх хэсэгт ажилчин гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 7-8 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Ж.Д ын Ажилладаг гэх хэсэгт Сангийн аж ахуй, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт Чанагч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт *******, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт ***, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.19... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 18-20 дугаар тал),

Гэрч Ш.Б  ...Би Хөвсгөл аймгийн ******* сангийн аж ахуйн Монгол Цагаан идээний үйлдвэрт 1982 онд анх ажилд орж байсан Ж.Д  нь намайг ажилд орсоноос хойш 6 жилийн дараа буюу 1988 онд тус үйлдвэрт ажилд орж байсан юм. Тухайн үед Монгол цагаан идээний үйлдвэр нь олон төрлийн цехтэй ажилладаг байсан. Ж.Д  нь чанах цехэд, харин миний бие урд нэрэх цехэд ажиллаж байсан юм. Хөвсгөл аймгийн ******* сангийн аж ахуйн Монгол цагаан идээний үйлдвэр нь1992 оны хавар ажиллахаа больж тарсан юм. Тэр үед Ж.Д  нь байхгүй байсан. Харин 1991 онд ажиллаж байсныг бол санаж байсан. Тухайн үед бид дамжлагаар ажилладаг байсан мөн үдийн цай хоолонд хамт ордог байсан учир 1991 онд бол Ж.Д ын ажиллаж байсныг сайн санаж байна. Тус монгол цагаан идээний үйлдвэрт нь Д гэж нэртэй нэг л хүн байсан бөгөөд тэрээр Ж.Д  байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 45-46 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Ж.Д ын Хөвсгөл аймгийн *******гийн сангийн аж ахуйн Монгол цагаан идээний үйлдвэрт 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал чанагч, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Д  нь 1991 он, 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх ******* дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 16 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Д  ын Хөвсгөл аймгийн *******гийн сангийн аж ахуйн Монгол цагаан идээний үйлдвэрт 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал чанагч, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ