| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0103/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 17.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Э.Халиун;
шүүгдэгч: М.Н, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мягмарын Нт холбогдох эрүүгийн 1709006150344 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Веригүүд стоун” ХХК-д талбайн нярав ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 66 дугаар байрны 18 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, АЕ98050917 регистерийн дугаартай, Өөлд овогт Мягмарын Н.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч М.Н нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчим хохирогч Д.Эрдэнэчимэгийн нүцгэн зургийг фэйсбүүк мессенжрээр өөрт нь явуулан интернет орчинд тавина хэмээн сүрдүүлж 500.000 төгрөг өгөхийг шаардсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ: Энэ хэргийг хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд фэйсбүүк мессежний хуулбар /хх-ийн 6-11, 13-31/, хохирогч Д.Эрдэнэчимэг /хх-ийн 42-44/, гэрч Д.Дуламсүрэнг /хх-ийн 49/, Б.Анхцэцэгийн /хх-ийн 50/, Б.Дашдондов /хх-ийн 51/, Д.Баяраа /хх-ийн 52/ М.Нын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 56/ нарын мэдүүлэг, М.Нын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 57-61, 67-77/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Нарангэрэл нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Д.Эрдэнэчимэгийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот гэртээ байхад нь фэйсбүүк мессенжерээр түүний нүцгэн авахуулсан зургийг явуулан 500.000 төгрөг өгөхийг шаардаж, хэрэв мөнгө өгөхгүй бол “нүцгэн зургийг чинь интернет орчинд тавина” хэмээн сүрдүүлсэн болох нь:
хохирогч Д.Эрдэнэчимэгийн /хх-ийн 42-44/: “... 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Батбаяр Билгүүн” гэсэн фэйсбүүк хаягнаас надад найзын хүсэлт ирсэн байсан. Танихгүй хүн байсан учир би найздаа бүртгэж аваагүй юм. Үдээс хойш 16 цагийн үед миний фэйсбүүк мессенжерт мессеж ирсэн байсан. Миний гэрийн халадтай авахуулсан хагас нүцгэн зургийг “интернетед тавина эсхүл надад мөнгө төл” гэсэн мессеж явуулсан байсан. Мөн “би чиний талаарх бүх мэдээллийг мэднэ, цагдаад өгөх хэрэггүй” гэж бичсэн байсан. Би тухайн зургийг 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аваад нөхрийнхөө Ууганбат Уртнасан фэйсбүүк хаягаар нөхөр рүүгээ явуулсан байсан юм. Тэр зураг миний өмнө барьж байсан “Ай фоне 4” маркийн утсанд суулгасан байсан мессенжер дээр үлдсэн байсан юм. Гэтэл тэр утсыг Мягмарын бага охин Наранмандах барьж байхад нь Н үзэж байгаад ийм ажил сэдсэн юм шиг байна лээ…” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Дуламсүрэнгийн /хх-ийн 49/: “... 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед эгч над руу залгаад “битгий мессенжер руу юм бичээрэй, миний фэйсбүүкт хүн орчихсон уншаад байна” гэсэн. Орой 20 цагийн үед эгч дахиад залгаад надад хэлэхдээ “чи бид хоёрын яриаг сонсоод байна” гэхээр нь “чатаар над руу явуулчих, би харъя” гэсэн чинь “уулзаж байгаад үз” гэсэн. Тэгээд уулзаад харсан чинь мессеж ирсэн байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Анхцэцэгийн /хх-ийн 50/: “... Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Фейсбүүкийн найз Н гэх хүүхэд над руу чат бичээд “дансны дугаараа өгөөч мөнгө хийгээд авах гэсэн юм” гэсэн. Тэгээд би өөрийн “ХААН” банкны 5136193539 дугаартай дансыг өгсөн боловч мөнгө нь орж ирээгүй. Би Нтай фэйсбүүкийн танил, өөрөөр ямар нэг харьцаа холбоо байхгүй. “ХААН” банкны 5136193539 дугаарын дансыг 2017 оны 05 дугаар сараас хойш эзэмшиж байгаа ...” гэх мэдүүлгээр,
М.Нын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 56/: “... Би гэртээ байж байгаад дүү Наранмандахын барьж байсан утсыг аваад фэйсбүүк орсон. Тэгээд месенжерийг нь үзэхэд нүцгэн зураг байсан. Би эхэндээ тоогоогүй. 2-3 хоногийн дараа гэнэт толгойд “мөнгө олъё” гэсэн бодол орж ирээд тухайн нүцгэн байсан зургийг нь Эрдэнэчимэгийн фэйсбүүк рүү нь явуулсан. Тэгээд “ийм зурагнууд байна, надад мөнгө өг” гэж хэлсэн. Тэгээд “хэдэн төгрөг юм” гэхээр нь “би эхний ээлжинд 500.000 төгрөг өг” гэхэд “тийм мөнгө өгөх боломж байхгүй” гээд “300.000 төгрөг өгье” гэсэн. Би зөвшөөрсөн. Тэгээд “хэд хоногийн дараа өгье” гэсэн. Тэр хугацаанд нь холбогдохгүй байж байгаад хэлсэн хугацаа нь болоход “мөнгө яасан” гэж асуудаг байсан. Хэзээг нь мэдэхгүй байна сургуулиас дуудаж хээрийн бэлтгэл хийнэ гээд байж байх үед над руу чат бичээд “банкин дээр байна, дансныхаа дугаарыг өг” гэхээр нь би өөрийнхөө дансны дугаарыг өгөх гэж байгаад болиод фэйсбүүкд онлайнаар таньдаг байсан Анхцэцэг гэх охины дансыг нь гуйсан. Анхцэцэгийг би фэйсбүүкээр л таньдаг. Тэгээд дансыг нь аваад Эрдэнэчимэг эгч рүү явуулсан. Би гэрээсээ гараад сургууль руугаа явах гэж байгаад цагдаа нарт баригдсан …” гэх мэдүүлгээр зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хэрхэн хохирогчийн нүцгэн зургийг олж авсныг, шүүгдэгч нь хохирогчийн нүцгэн зургийг “интернет орчинд тавьж бусдад үзүүлнэ” хэмээн сүрдүүлж, 500.000 төгрөг өгөхийг шаардсан” зэрэг үйл баримтуудыг нотлож байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Хохирогчоос 500.000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж, мөнгө өгөхгүй бол “нүцгэн авахуулсан зургийг чинь интернетэд тавьж, олон нийтэд тараана” хэмээн хүний нэр төр, алдар хүндэд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлсэн М.Нын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч М.Нын “Бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Эрдэнэчимэгийн “…ямар нэгэн гомдол саналгүй, М.Нтай эвлэрсэн тул баталгаа гаргаж байна…” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан нь шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх М.Нын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Өөлд овогт Мягмарын Ныг бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ныг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ