Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/128

 

 

 

 

 

    2024            01             23                                          2024/ДШМ/128

 

Ц.Мод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Батдулам,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/2023 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Ц.Мод холбогдох 2310000001207 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Мижид овгийн Ц.М, 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Монголын Үндэсний олон нийтийн Радио телевизийн техникийн албанд инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 1 дүгээр гудамжны 11 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЛЖ86012710/,

Ц.М нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо нутаг дэвсгэр байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Монгол Сурын харвааны асар орчим хохирогч Г.Гтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд хатгагдсан шарх, хүзүүнд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд хохирогч Д.Ганхуягийн өмсөж байсан дээлийг шүүгдэгч урж гэмтээсэн гэх шалтгаанаар 850.000 төгрөгөөр үнэлж мэдүүлснийг шүүгдэгч Ц.М төлсөн байгаагаас үзэхэд хохирогчийг зодох явцдаа хувцсыг нь урж гэмтээсэн үйл баримт байхад өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган, тогтоох ажиллагааг явуулаагүй байна гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуульд заасан субъект биелүүлэх үүрэгтэй бөгөөд шийдвэр биелэгдээгүй гэж үзэхээр байна.

Хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж, шүүгдэгчийн гэмт хэрэг гарах үед урж гэмтээсэн гэх дээлийн зах зээлийг үнэлгээг тогтоолгох шаардлагатай.

Улсын яллагч хохирогчийн дээлийг урсан шүүгдэгчийн үйлдэл нь эд хөрөнгө устгах гэмтээх субьектив шинж байгаагүй гэж тайлбар гаргаж буй нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тиймээс бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч нэг мөр гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй.

Шүүхээс яллагдагч Ц.Мод холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан шалгавал зохих нөхцөл байдал тогтоогдоогүй үндэслэлээр урьд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байхад дахин хялбаршуулсан журмаар шүүхэд ирүүлж хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн үзэл санаа, агуулга, зарчмыг алдагдуулж зөрчсөн гэж үзнэ.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэргийг хоёр удаа ирүүлж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй гэж мэтгэлцэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. ...” гэж заасан байгаа нь шүүхийн шатанд ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоох, эсхүл буцаах зохицуулалт юм.

Тиймээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдаагүй байхад хэргийг дахин хялбаршуулсан журмаар шүүхэд ирүүлж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Нөгөө талаас шүүхэд хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоож шийдвэрлэх эрх хэмжээ олгогдсон хэдий боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх нөхцөл байдал хангадаагүй байхад ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоох үндэслэлгүй ба хуульд зааснаар нотолбол зохих ажиллагааг мөрдөгч, прокурорт тогтоох үүрэгтэй, тус заалтын шаардлагыг хангаагүй байна.

            Түүнчлэн эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой юм. Нөгөө талаар гэмт хэрэг тус бүр нийгэмд аюултай гэм хор, эсхүл гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлдэг ба тэдгээр нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг тодорхойлдог. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нь хэргийн зүйлчлэлд шууд хамааралтай болно.

            Иймд дээрх зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг зөв бүрэн тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд
хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба хэргийг
прокурорт очтол шүүгдэгч Ц.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах
таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор З.Бат-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас Г.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба яллагдагчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргахдаа хохирогчийн зодолдох явцад урагдсан гэх дээлний үнэ 850.000 төгрөгийг төлсөн нь өөр гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулж байна гэж үзэж байна.

Түүнчлэн хэргийг өмнө нь буюу тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1462 дугаар захирамжаар прокурорт буцаасан байх бөгөөд үүнтэй холбогдуулан захирамжид заагдсан өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар тодруулах зорилгоор хохирогч Д.Ганхуяг, яллагдагч Ц.М нараас дахин мэдүүлэг авахад хохирогч Д.Ганхуяг нь дахин өгсөн мэдүүлэгтээ “...Тэгсэн тэр залуу миний дээлнээс заамдаж аваад тонгойлгож байгаад толгой руу нүдсэн. Толгойг хагалж дээлийг минь урсан байсан. ...Тэгтэл тог цахилгааны маргаанаас болоод намайг цохиж зодож байхад миний өмсөж байсан дээлнээс татаж чангаагаад энгэр хэсгийг маань урсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Э.Нацагдоржийн “...Бид нар юу болоод хаана тог тасрав гээд сурын харвааны тогны шийдний өрөөнд ороод Ц.Мын хамтаар хараад зогсож байсан чинь хохирогч гээд байгаа залуу наанаас чинь тог өгөхгүй, зайл гээд хөөхөөр нь тухайн шийдний өрөөнөөс гарах гэж байсан чинь Мөнхтогтохыг түлхсэн юм шиг байгаа юм. Би эргээд харсан чинь Мөнхтогтох тухайн залуутай барьцалдаж аваад зогсож байсан. Салгахын завдалгүй бие биеийгээ цохилцоод эхэлсэн чинь тухайн залуугийн толгойноос цус гараад би дундуур нь ороод салгасан. ...” гэх мэдүүлэг зэргээр Ц.М нь хохирогч Г.Гтай маргалдаж улмаар биед нь халдаж, заамдаж хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэсэн үйлдлээ хэрэгжүүлэх явцад дээл урагдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хохирогчийн эд хөрөнгө рүү чиглэсэн шууд санаатай үйлдэл тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн. ...” гэх үйл баримт авагдаагүй тул Ц.Мод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилтод нийцүүлсэн зохицуулалт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас уруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахаар заасан яллагдагчид олгосон боломж, эрх гэж ойлгоно.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана. ...” гэж хуульчилсан байгаагаас үзэхэд өмнө нь тухайн хэрэг шүүхээс буцаж байсан эсэх нь яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргах, уг хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэх эрхийг хязгаарлахгүй юм.

Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх нь яллагдагчид хуулиар олгож байгаа боломж буюу яллагдагчийн эрх, мөн хохирогчийн зөрчигдсөн эрхийг түргэн шуурхай сэргээх ажиллагаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаас хүсэлт гаргасан тохиолдол бүрд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/2023 дугаартай захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “...Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй. ..." заалтыг орхигдуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хязгаарлан, эрүүгийн хэрэг хянак шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.   

Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Д.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцэлтэй санал нэг байна. Анхан шатны шүүхээс хэргийг буцаахдаа он, сарыг зөрүүтэй бичсэн ба мөн бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгуулахаар буцаасан. Хэрэг буцаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирогчоос мэдүүлэг авсан. Шүүгдэгч нь хохирогчтой харилцан маргалдах явцдаа хохирогчийн дээл урагдсан гэдгийг мэдсэн атлаа уг хор уршгийг зориуд хүргэсэн гэх үйл баримтууд тогтоогтоогүй байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хувьд тооцохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ бүхий байдал үүссэн тохиолдолд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэхээр заасан. Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ... “ гэв.

Шүүгдэгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчтэйгөө ижил байр суурьтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгчийн захирамжид “...шүүгдэгч Ц.М нь хохирогч Д.Ганхуягийн өмсөж байсан дээлийг урж гэмтээсэн гэх шалтгаанаар 850.000 төгрөгөөр үнэлж мэдүүлснийг шүүгдэгч Ц.М төлсөн байгаагаас үзэхэд хохирогчийг зодох явцдаа хувцсыг нь урж гэмтээсэн үйл баримт байхад өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган, тогтоох ажиллагааг явуулаагүй байна. ...” гэж заасан нь үндэслэлгүй байна.

Прокурор эсэргүүцэлдээ “...Ц.М нь хохирогч Г.Гтай маргалдаж улмаар биед нь халдаж, заамдаж эрүүл мэндэд хүч хэрэглэсэн үйлдлээ хэрэгжүүлэх явцад дээл урагдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хохирогчийн эд хөрөнгө рүү чиглэсэн шууд санаатай үйлдэл тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн. ...” гэх үйл баримт авагдаагүй тул Ц.Мод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн. ...” гэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол. ...” гэж хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн буюу хууль бус шинжтэй болохыг ухамсарлан шууд санаатайгаар хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хуулийн заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд анхан шатны шүүх нь яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Иймд прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/2023 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ц.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/2023 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

 

                         ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                         ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ