Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 201/МА2021/00015

 

Ө.Мийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 138/ШШ2021/00210 дугаар шийдвэртэй, Ө.Мийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, Э.Жгаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ө.Мийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 04 сарын 22ы өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Э.Ж, түүний өмгөөлөгч В.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нягтлан бодогч мэргэжилтэй улсад 26 жил ажилласан ба тус байгууллагад 2012 оны 04 сарын 17-ноос эхлэн нягтлан бодогчоор ажилд орж ажиллаж байсан. 2020 оны 12 сарын 01-ний өдрийн Б/31 тоот даргын тушаалаар намайг үүрэгт ажлаас маань чөлөөлсөн. Би энэхүү тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Уг тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2, 40-р зүйлийн 40.1.4, 40.1.5, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тухай 2020.11.10-ны өдрийн 25-03-05 дугаарт танилцуулгын 5 дугаар хэсэг, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар актууд, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.8, Байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлын 2020.11.12-ны өдрийн 05-р хурлын шийдвэрийг тус тус үндэслэн нягтлан бодогч Ө.М нь Хөдөлмөрийн гэрээний 5.4 б-д заасныг зөрчиж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын 5 өдөр /2020.11-02, 03, 04, 05, 09-ний өдрүүдэд/, хуанлийн 1 сарын дотор 40 цагийн ажил тасалсан, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тухай 2020.11.10-ны өдрийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар актуудаар тус тус тогтоогдсон тул 2020.12.01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэсэн байдаг. Э.Ж дарга нь 2017 оны 07-р сард манай байгууллагын даргаар ажилд орсон. 2019 оноос байгууллагын дарга маань надтай ямар нэгэн шалтгаанаар зөрчилдөж эхэлсэн. ...Ер нь өөрөө 1-р гарын үсэг зурдаг, санхүүгийн баримт алдаатай, буруу болбол хариуцлага хүлээнэ гэдгээ мэддэггүй юм уу эсвэл мэдээд мөнгөний төлөө яахаас ч буцахгүй болсон байдаг юм уу, баримтгүй, шаардлагагүй, төсвөөс санхүүжүүлж болохгүй мөнгийг шилжүүлэх, санхүүжүүлэх гээд дарамтлах болсон. Шилжүүлж чадахгүй бол зайлаад өг, гар гэж хөөдөг. ...Гэхдээ хоёулаа гарын үсэг зурж мөнгө шилжүүлээд ганц миний буруу болгоод намайг буруутгаад байгааг зөвшөөрөхгүй. Байнга л өөрийн эхнэрийн нэр дээрх хувийн ТВ-н байгууллагаа байгууллагын мөнгөөр санхүүжүүлнэ. Энэ талаар 2 удаа дээд газраас хяналт шалгалт хийгээд даргад зөвлөмж, арга хэмжээ авсан. ...Намайг сахилгын ноцтой зөрчил гарган 40 цаг ажил тасалсан гэдгийг зөвшөөрөхгүй. ...11 сарын 02, 03, 04-ний өдрүүдэд Дээд шатны газарт хандан 3 өдөрт ажилласан. Тэгээд 05-нд хотоос наашилж замд явж байсан. 11-р сарын 06-ны өдөр ажилдаа очсон. Миний нагац эмээ маань Матад суманд байдаг ба нас барсан учраас ажил төрөлд нь оролцохоор байгууллагын даргаас чөлөө хүссэн өргөдөл 11-р сарын 07-ны өдөр бичээд явсан. Дарга миний өргөдлийг цохоогүй. ...Санхүүгийн аудитын дүгнэлтийг дарга өөрөө Санхүү аудитын албанд намайг зориуд шалгуулсан. Дарга 1-р гарын үсэг зурсан. Адилхан л төсвийн мөнгийг захиран зарцуулчихаад намайг буруутгасан байдлаар захиалгаар шалгуулж акт гаргаад танилцуулгаар халсныг зөвшөөрөхгүй. ...Миний сарын үндсэн цалин 767000 төгрөг, төрийн албаны ажилчдын нэмэгдэл зэрэг нь тооцогдоод 957211 төгрөгийн цалин авдаг. Цалингийн зээлтэй. Надад ажлаас чөлөөлөх тухай тушаал гарган арга хэмжээ авахдаа намайг байгууллагын удирдлагын зөвлөлийн 2020.11.12-ны өдрийн хурлаар оруулаагүй. Энэ талаар мэдээгүй. Би өөрөө удирдлагын зөвлөлийн гишүүн хүн. Тушаал гаргаад шууд өгөхөд өөрийгөө ажлаас халагдаж байгаа болохыг мэдсэн. Иймд би ГБХЗХГ-ын дарга Э.Жгийн гаргасан 2020.12.01-ний өдрийн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тушаалын үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт гарган гэм буруугүй намайг ажилд эгүүлэн тогтоож Э.Жгаас ажилгүй байсан хугацааны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингаа нэхэмжилж байна. Цалинд хуульд зааснаар суутган тооцоог хийлгүүлж холбогдох газарт шилжүүлж өгнө үү.

Ж даргын хувьд намайг байнга загнаж зандардаг. Ер нь өш хонзонгийн асуудалтай байдаг. Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот руу очоод 3 хоногийн турш Энх-Амгалан даргатай уулзсан. Ингээд 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэж ирсэн. Би зориуд санаатай ажил тасалсан зүйл байхгүй. Ж дарга нь намайг өдөр бүр дарамталж ажлаа өгөхийг шаарддаг байсан. Чөлөө хүсэхэд өгдөггүй. Намайг өвчтэй хэвтэж байхад хүртэл янз бүрээр дарамталдаг. Ж дарга 1 дүгээр гарын үсэг зурдаг хүн. Хариуцлагыг хамт хүлээх ёстой гэж үзэж байна. Өөрөө хийж байгаа ажлаа хянах ёстой байсан гэж үзэж байна. Би надад холбогдуулж гаргасан актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Танил талаа ашиглан санаатай үйлдэл гаргасан гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны нийт цалин маань нийлээд 3 099 540 төгрөг болж байна. Энэ мөнгийг гаргуулж ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, тус газрыг төлөөлж дарга Э.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсанчлан, нягтлан бодогч Ө.Мтэй ямар нэг шалтгаанаар зөрчилдөж, оронд нь өөр хүн авах гэж өө шалтаг, хэрүүл маргаан үүсгэхээр оролддог байсан зэрэг нь огт үндэслэлгүй юм. Ө.М нь өөрийн албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, ажилдаа хариуцлагагүй хандан удаа дараа ажил тасалдаг, албан хаагчдын цалин хөлсийг буруу боддог, ажилтнуудад хохирол учруулдаг, харилцагч байгууллагуудтай үл ойлголцол үүсгэдэг зэрэг зөрчлүүдийг гаргадаг байсан тул ажил олгогчийн зүгээс болон албан хаагчдын зүгээс зөрчлийг арилгах тодорхой арга хэмжээг тухай бүрт авч ажиллаж байсан. Үүнд: Байгууллагын даргын 2019.04.26-ны өдрийн Ө.Мт арга хэмжээ авах тухай Б/09 дүгээр тушаалаар арга хэмжээ авахаас гадна 2020 онд байгууллагын 2020.01.10-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн 01 дүгээр хурал, 2020.03.04-ний 03 дугаар хурал, 2020.03.23-ны 04 дүгээр хурал, 2020.11.12-ны өдрийн 05 дугаар хурлаар тус тус хэлэлцэж, зөрчил арилгах арга хэмжээг авч, тухай бүрт өөрт нь танилцуулж байсан бөгөөд байгууллагын даргын 2020.10.29-ний өдрийн Ө.Мт арга хэмжээ авах тухай Б/28 дугаар тушаалаар арга хэмжээнүүдийг авч ирсэн ч ахиц, өөрчлөлт гаргахгүй, харин ч хариуцсан албан тушаалдаа улам хариуцлагагүй хандсаар төрийн албан хаагчийн удирдах, удирдуулах ёсыг үл хүндэтгэсээр байхаас гадна албан хаагчид сар бүр цалингаа тогтмол хугацаанд авч чадахгүй сар дамжин хохирсоор, зөрчил даамжирсаар байсан тул шаардлагатай эцсийн арга хэмжээг авч, Ө.Мийг ажлаас чөлөөлсөн. 2020.12.01-ний өдрийн тушаалын тухайд: Ө.М нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.4 б-д заасныг зөрчиж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын 5 өдөр, хуанлийн 1 сарын дотор 40 цагийн ажил тасалсан зөрчил гаргасан. ...Мөн тушаал гаргах болсон нэг үндэслэл нь мөнгөн гүйлгээ хариуцсан нягтлан бодогч хүний хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тухай 2020.11.10-ны өдрийн 25-03-05 дугаар танилцуулгын 5 дахь хэсэг /Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын 6 дахь хэсэг/ болон Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар актуудаар тус тус тогтоогдсон юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүд хангалттай тогтоогдож байх тул Ө.Мийг ажлаас чөлөөлөх тухай дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Өөрийн эрх хэмжээний дагуу ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би ямар нэг байдлаар санаатайгаар ажлаас чөлөөлөх гэж ажлаар дарж, орж хэрүүл хийсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Тийм зүйл байхгүй. Харин Мийн хувьд ажлаа тасалдаг, ажлаа дутуу хийдэг, цалинг буруу боддог, ажлын байран дээр архи хэрэглэдэг, согтуу ирдэг, согтуурсан үедээ хэрүүл маргаан хийдэг хүн юм. Энэ асуудал гарах бүрт нь би зохих арга хэмжээ авч уулздаг байсан. Урьд нь гаргаж байсан тушаал шийдвэрийг шүүхэд өгсөн байгаа. Нягтлан бодогч Ө.М нь Хөдөлмөрийн гэрээнд заасан нийт 40 цагийн ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан. Ер нь удаа дараа ажил тасалдаг. Ингэснээс болж цалин бодогдох хугацаа удааширдаг. Цалин хугацаа хэтэрснээс болж асуудал их үүсдэг. Албаны тог, ус болон ажилчдын банкны зээлийн төлөлт зэрэг нь тогтмол хоцорч байсан. Санхүүгийн аудитын акттай М бүрэн танилцсан. Тус албанаас мөн амаар маш ноцтой зүйлсийг хэлж мэдэгдсэн. Зөрчилтэй холбоотой зүйлс Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 138/ШШ2021/00210 дугаар шийдвэрээр:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Мийн хариуцагч Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгож, Э.Жгаас ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3 099 540 төгрөг гаргуулах, цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.М давж заалдах гомдолдоо: “ Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Би энэ байгууллагад олон жил ажилласан, хоёр даргын нүүр үзсэн хүн. Ж даргатай ажилласан үеэс хойш 1 жил болоод надтай зөрчил үүсгэх болсон. Энэ тухай би нэхэмжлэлдээ дурдсан, шүүхэд ч тайлбарласан байгаа. Ажлаас халах үндэслэлийг энэ зөрчилтэй салшгүй холбоотой гэж үзэж байгаа юм. Тийм ч учраас шүүхээс хэргийн бодит байдал, шалтгаант холбоог зөв дүгнээгүй гэж үзэж гомдож байна.

1. Намайг хуанлийн 1 сарын дотор ажлын 5 өдөр буюу 40 цагийн ажил тасалсан гэсэн ба үүнийг шүүхээс нотлогдож байна гэж дүгнэсэн. Харин би шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзэж байна. Дарга бид хоёрын зөрчил 2020.10.30-ны өдөр ажлын байран дээр маргалдсан. Үүний шалтгаан 2020.10.25-ны өдрөөр тасалбар болгон төрийн албаны нэгдсэн системд байгууллагын цалин хөлсийг бодож шивсэний дараа 2020.10.28-ны өдөр миний цалингийн 50-с дээш хувийн суутгал хийсэн тушаал гарахад нь би хүлээн аваагүй. 1-рт цалин хөлсөө бодож шивсэн, 2-рт цалингийн 50 хувиас дээш суутгал хийсэн нь хууль зөрчсөн байна гэж хэлээд хүлээн аваагүйгээс маргаан үүссэн. Энэ маргаан нь 2020.10.30-ны өдөр даамжран миний өрөөнд орж ирэн жирийн нэгэн ажилтан намайг дарамтлан, хэл амаар доромжлон, чи энд ажиллах эрхгүй, гар гэж хөөсөн. Бичиг баримтыг маань над руу шидсэн. Ажлын компьютер унтраасан. Гэрчээр нотлуулсан. Ж дарга ч маргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ үйлдэлд би гомдож Улаанбаатар хотод байх дээд газрын удирдлагатай уулзахаар биечлэн явсан. Энэ ажлаар би 3 хоног Улаанбаатарт байсан. Хэдийгээр би ажлын томилолтоор яваагүй боловч Ж даргын энэ үйлдлийг дээд удирдлагад мэдэгдэн гомдол гаргахаар явсан нь буруу биш. Энэ үйл явдал тогтоогдсон. Мэдээж намайг Улаанбаатар хот руу өөрт нь гомдол гаргахаар явна гэхэд удирдлага чөлөө өгөхгүй. Би өрх толгойлсон эмэгтэй.

Хэрвээ дарга өөрөө ажлаа мэдэж байгаа бол цалин хөлс бодохоос өмнө цалинтай холбоотой тушаалыг зөв гаргаад өгсөн бол асуудалгүй. Гэтэл бодсоны дараа тушаал гаргаад тэгэхээс тэгэх гэсэн юм шиг маргаан үүсгэж байгаа нь ганцхан миний буруу биш. Гол нь миний Улаанбаатар хот очсон асуудал ажлын байрны дарамттай холбоотой өөрийн эрхээ хамгаалуулахаар явсан. 2020.11.09-ний өдрийн чөлөө нь ганцхан өдөр оршуулгын ажилд оролцох тухай өргөдөл байсан. Би амралтын өдөр байгууллагын жижүүрт орхиод явсан. Энэ өргөдөл маань бичиг хэргээр дамжин даргад ирсэн боловч өргөдлийг байгууллагын дотоод журмын дагуу өгч, чөлөөгөө албан ёсоор аваагүй гэж дүгнэсэн. Би үүнийг ойлгохгүй байна. Яагаад М гэдэг хүн даргадаа ар гэрийн гачигдлаар чөлөө хүсэх болоход хурлаар орох албан ёсны болгох дүрэм нь үйлчлээд байгаа юм.

Манай байгууллага ар гэрийн гачигдлаар чөлөө хүсэж хурлаар орж байгааг би лав мэдэхгүй. Хэн нэгэн ойр дотны хүн нь нас барахаар мэдэгдээд л явдаг. Гэтэл миний хувьд өргөдлөө өгч бичгээр мэдэгдээд байхад түүнийг зориуд хүлээн авахгүйгээр, бүртгэл хөтлөхгүйгээр ажил тасалсанд тооцож, энэ нь ажил тасалсан зөрчил гэж үзээд байгаа нь ялгаварлан гадуурхал байна. Дээрх миний ажилдаа ирээгүй цаг хугацаа маань хүндэтгэн үзэх шалтгаан буюу ажилдаа ирээгүй тасалсан гэж үзэх үндэслэл болохгүй нөхцөл байдал буюу үйл явдал болох юм. Энэ талаар намайг ажилдаа эргэж ороход байгууллагын зүгээс ажил тасалсан гэх ямар ч асуудал гараагүй. Үнэхээр ажил тасалсан ноцтой зөрчил болвол яагаад намайг ажилд ирэхэд маань хэлээгүй юм. Намайг зөрчил гаргасан бол ажил тасалсан тухай миний тайлбар мэдүүлгийг авч удирдлагын зөвлөлийн хурлаар оруулаагүй юм. Хуралд оруулах шаардлагагүй гэж дарга хэлээд бусад нь аялдан дагалдаж намайг баахан шүүмжилсэн болохыг хурлын тэмдэглэлээс олж уншлаа. Тэр цаг хугацаанд би ажил дээрээ байсан болохыг цагийн бүртгэл дээр тэмдэглэгдсэн баримтаар тогтоож болно. Надад мэдэгдээгүй, миний асуудлыг хурлаар шийдвэрлэсэн. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Харин шүүхээс үйл явдлыг зөв үнэлж дүгнэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.

2. Дорнод аймгийн Санхүүгийн хяналтын албаны санхүүгийн хяналт шалгалт дотоод аудитын тухай 2020.11.10-ны өдрийн 25-03-05 дугаартай танилцуулга болон улсын байцаагчийн актыг үнэлсэн байдаг. Энэ хяналт шалгалт бол даргын намайг ажлаас халах шалтаг болгосон хувийн захиалгаар хийлгэж буй шалгалт юм. Би 2-р гарын үсэг зурдаг, дарга 1-р гарын үсэг зурдаг. Даргын хувийн телевизээ санхүүжүүлэх зөрчилтэй холбоотой түүний үгэнд ордоггүй, нягтлан бодохоо зайлуулахын тулд зориуд хийж буй үйлдэл. Энэ шалгалтыг зөвхөн надад л зориулж хийсэн. Харин бүх шийдвэрийг дарга гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Энэ шийдвэрт надад гомдол гаргах эрх байхгүйгээр шууд шийдвэр гаргасан. Танилцаад бүрэн ойлгоогүй байхад 1 хоногийн дараа байгууллагын удирдлагын зөвлөл намайг ажлаас чөлөөлсөн. Санхүүгийн үйл ажиллагаа эргэлзээтэй л байгаа. Цагдаагийн байгууллагын эдийн засгийн албанд шилжүүлсэн гэсэн боловч шийдвэр гараагүй, шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоно. Хэн гэм буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдоно. Миний гаргасан алдаа тооцоо бүртгэлийн алдаа юу, завшиж идсэн хэрэг үү гэдгээ шийдүүлээгүй. Тэгэхээр санхүүгийн хяналт шалгалтаар байгууллагын удирдлагын итгэл эвдсэн үйлдэл гаргасан гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Бензиний зардал яагаад ингэж их мөнгө зарцуулсан байгааг би харин цагдаагаар шалгуулахад зарцуулсан эзэн нь олдох байх гэж итгэж хүлээж байна. Бензин өөрөө төсөвтэй ингэж зарлагадсан гэхэд би эргэлзэж байна.

Ер нь ажил олгогч буюу түүний санаачлагаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа Монгол Улсын хууль, Захиргааны ерөнхий хуульд зааснаар тодорхой төрлийн бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа түүнд мэдэгдэх, тайлбар гаргах эрхийг хуульчлан өгсөн байдаг ба энэ талаар эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон байгаа нь 1-рт хуулийг дээдлэх, хуульд захирагдах, 2-рт хүний эрхийг хангах, дээдлэх, 3-рт нэг талын давуу эрхийг хязгаарласан эрх зүйн зохицуулалт гэж үзэж байгаа ба шүүх ч энэ үүднээс үйл явдал фактыг үнэлж тогтоох нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн тогтоох, үйл явдал, хүсэл зориг, гэм буруутай үйлдэл, цугларсан нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргахад ач холбогдолтой юм. Гэтэл үүнийг буюу үйл явдал, нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй нь хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон. Хариуцагч талаас гаргаж өгсөн даргын тушаал нь миний мэдэхгүй олон тушаал байдаг болохыг мэдлээ. Надад мэдэгдэхгүйгээр юунд яагаад арга хэмжээ авч, ямар хурлаар хэлэлцээд байсан юм бэ гэдгийг гайхаж л байна. Хамгийн гол нь би даргын үгээр, түүний хүссэн шилжүүлэг хийхэд дандаа саад тотгор болж хэрүүл маргаантай, ажлын байрны дарамт болдог нь өнөөдөр миний амьдралыг, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хөндөж байна. Санхүүгийн акттай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж дуусахаас өмнө намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх нь үндэслэлтэй юу гэдгийг шүүхээс анхаарч үзнэ үү. Гомдол гаргах эрхгүй, ажлаас чөлөөлөгдсөн би тэр актыг зөвшөөрч гомдол гаргаагүй гэж үзэх үндэслэл болох уу. Би шүүхээс үйл явдлыг хэт нэг талыг баримтлан ажил олгогчийн давуу эрхийг хамгаалан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ө.М нь хариуцагч Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгож, Э.Жгаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар /3099 540 төгрөг/ гаргуулах, цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2, 16-17 дахь тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Ажил олгогч  Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга  2020 оны 12 сарын 01-ний өдөр Б/31 дугаар тушаал гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.7, 5.4 “б” дэх хэсэг, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны “Санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудитын тухай” 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 25-03-05 дугаар танилцуулгын 5 дугаар хэсэг /цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын 6 дахь хэсэг/, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар актууд, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэг, байгууллагын удирдлагын зөвлөлийн 2020 оны 11 сарын 12-ны өдрийн 05 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн тус газрын нягтлан бодогч Ө.Мийг ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.4 “б”-д заасныг зөрчиж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын 5 өдөр /2020 оны 11 сарын 02, 03, 04, 05, 09-ний өдрүүд/, хуанлийн 1 сарын дотор 40 цагийн ажил тасалсан, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны “Санхүүгийн хяналт, шалгалтын дотоод аудитын дүнгийн тухай” 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 25-03-05 дугаар танилцуулгын 5 дугаар хэсэг хэсэг /цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын 6 дахь хэсэг/ болон Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар актуудаар тус тус тогтоогдсон гэж үзэж, 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 5 дахь тал/

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд ажилтан сахилгын зөрчлийг  давтан эсхүл ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх, ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан тохиролцсон байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах урьдчилсан нөхцөл болно.

Ажил олгогч болон ажилтан Ө.М нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.4 “б”-д “Ажлын 1 ба түүнээс дээш өдөр даргын зөвшөөрөлгүйгээр болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 12 цагтай тэнцэж байвал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ноцтой зөрчил” гэдэгт тооцохоор заасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ажилтан Ө.М нь ажил олгогч байгууллагын даргатайгаа муудалцсаны улмаас 2020 оны 11 сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод очиж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өргөдөл гаргасан үйл баримт болсон нь тогтоогдсон байна. /хх-ийн 57, 137-142 дахь тал/

Хэдийгээр ажилтан Ө.М нь өөрийн эрхийн дагуу аль ч байгууллагад гомдол гаргах эрхтэй боловч ийнхүү өөрийнхөө эрх ашгийн төлөө ажил олгогч байгууллагын дотоод журам /2.9 дүгээр зүйлийн 1/ болон хөдөлмөрийн гэрээнд заасан заалтыг /5.4”б”/ зөрчих ёсгүй бөгөөд ийнхүү зөрчсөн явдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэв. Нөгөө талаар ажилтан Ө.М нь ажлын байрыг орхиж, ажил таслахгүйгээр өөрийн гомдлыг холбогдох байгууллага, газар болон албан тушаалтанд ямар ч хэлбэрээр /шуудангаар, утсаар, факсаар/ явуулах боломжтой байсан байна.

Мөн ажилтан Ө.М нь 2020 оны 11 сарын 07-ны өдөр хариуцагч байгууллагын даргад чөлөө хүссэн өргөдөл гаргасан гэж тайлбарлан өргөдлөө нотлох баримтаар /хх-ийн 105 тал/ шүүхэд гаргаж өгсөн боловч  хариуцагч байгууллага энэхүү хүсэлт нь /өргөдөл/ байгууллагын бүртгэлд бүртгэгдээгүй, хэнд өгсөн нь тодорхойгүй, би хүлээн авч танилцаагүй гэсэн хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал баримтаар няцаагаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул ажил олгогч, хариуцагч байгууллага ажилтан Ө.Мийг 2020 оны 11 сарын 09-ний өдрийг ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Түүнчлэн ажил олгогч нь ажилтан Ө.Мийг ажлаас чөлөөлсөн 2 дахь үндэслэлээ “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны “Санхүүгийн хяналт, шалгалтын дотоод аудитын дүнгийн тухай” 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 25-03-05 дугаар танилцуулгын 5 дугаар хэсэг хэсэг /цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын 6 дахь хэсэг/ болон Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар акт”-уудаар тогтоогдсон гэж үзсэн нь мөн үндэслэлтэй байна гэж үзэв.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар ажилтан Ө.М нь энэхүү актуудыг хүлээн зөвшөөрөхгүй бол “гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргах, эрх баригчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.” байхад дээрх актуудад гомдол гаргасан эсэх тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 26-56 дахь тал/

Иймд нэхэмжлэгч Ө.Мийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ө.Мийн гаргасан давж заалдах гомдол хангагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 134 743 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн нэрийг зөв бичээгүй /Монгол Улсын гэж бичсэн/ байгааг анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 138/ШШ2021/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Мийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 134 743 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.НАРАНБАЯР

              ШҮҮГЧИД                                                   Ж.ДОЛГОРМАА

                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ