Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/129

 

 

 

 

           2024           01            23                                          2024/ДШМ/129

 

Х.Хэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шийн өмгөөлөгч О.А, Х.Б,

шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Я.Б,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1440 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шийн өмгөөлөгч О.А, Х.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Х.Хэд холбогдох 2303002940480 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ааяа овгийн Х.Х, 1997 оны 3 дугаар сарын 4-ний өдөр, Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Telmen UB” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2146-85 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЛЖ97030417/,

Х.Х нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны хөтлийн замд, Шунхлай ШТС-ын хойд замд 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 45 минутын үед “Мersedes Benz” загварын 21-35 СҮЭ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ... -с хэтрүүлэхийг хориглоно”,

 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас шөнийн цагаар гарцгүй газраар зам гарч явсан явган зорчигч Э.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлэгдэж байгаад 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ааяа овогт Х.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Хийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Х.Хэд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 27.581.100 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 7.144.000 төгрөгийг Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Хэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхгүй, харин амь хохирогч Б.Энхбатын насанд хүрээгүй хүүхдүүдийн тэтгэврийн асуудлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шийн өмгөөлөгч О.А, Х.Б нар хамтран гаргасан  давж заалдах гомдол болон өмгөөлөгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд сэтгэл санааны хохирол гаргуулах эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай шүүх хуралдаанд оролцсон боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “... хохирогчиин хууль ёсны төлөөлөгч Ч.Ш иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхгүй. ...” хэмээн дүгнэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно хэмээн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас мэдэрч байгаа зовуурь, шаналал, амьдралын баяр баясалгүй болох, зан байдал нь сөргөөр өөрчлөгдөж байгаа сэтгэцэд учирсан хор уршгийг эмнэлэгт эмчлүүлээд, эсвэл эмчийн бичиж өгсөн эмийг ууснаар өргөс авсан мэтээр шууд арилах боломжгүй, хохирогчийн сэтгэлд насан туршид нь хадгалагдан явах зовуурь шаналал, сэтгэцийн өвдөлт билээ.

Энэ ч агуулгаараа Иргэний хуульд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлтээр орсон хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх талаарх зохицуулалтыг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхдөө энэ өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх зохицуулалтыг хамааруулахаар хуульчлан тогтоосон зохицуулалт юм.

Шүүгдэгч Х.Хэд холбогдох гэмт хэрэг 2023 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө гарсан хэдий ч 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шалгагдаж байсан ба 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх үед шүүгдэгч Х.Хэд холбогдох эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхтэй. ...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шийн өмгөөлөгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэмт хэрэг 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарсан ба Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Дээрх хууль мөрдөгдөж эхлэх үед уг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд явж байсан. Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сард нэмэлт өөрчлөлт орсон. Хэрэг шалгагдаж эхэлж байхад хууль үйлчилж эхэлсэн. Иймд сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.Хийн өмгөөлөгч Я.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь уг хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэх журам нь 2023 оны 7 дугаар сард батлагдсан бөгөөд уг журам нь батлагдсан өдрөөсөө үйлчлэх ба дотоод журмыг өөрчлөх бүрэн эрх байхгүй ...” гэв.   

Шүүгдэгч Х.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Уг журмын 2.1 дэх заалтад “...Эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн шүүх шинжилгээний байгууллагын сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг хийнэ. ...” гэж заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан хохирлыг Шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгож, үүнийхээ дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй. Үүний дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шийн өмгөөлөгч О.А, Х.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Х.Х нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны хөтлийн замд, Шунхлай ШТС-ын хойд замд 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 45 минутын үед “Мersedes Benz” загварын 21-35 СҮЭ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ... -с хэтрүүлэхийг хориглоно”,

 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас шөнийн цагаар гарцгүй газраар зам гарч явсан явган зорчигч Э.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлэгдэж байгаад 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шийн “...Манай нөхөр Э.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрээсээ гараад дэлгүүр орчихоод буцаад гэр рүүгээ орох замдаа машинд мөргүүлсэн байсан. Тухайн уед манай нөхрийн 2 найз ирээд нэг шил 0,75 литрийн архийг хувааж уусан. Манай нөхөр их уугаагүй би хорьж байсан юм. Учир нь ходоодоо авхуулсан болохоор бие нь муудчих байх гэж бодоод их өгөхгүй байсан. Би гомдолтой байна, оршуулгын зардлын зарим хэсэг болон эмчилгээний зардалд 20 орчим сая төгрөг авсан. Одоо оршуулгын зардалд зарцуулсан зарим зардал болох баримтаар нэхэмжилж буй 7.581.817 төгрөгийг нэхэмжилж байна. 2 хүүхдийн тэтгэмж, сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...” /1хх 35/,

иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Хохирогч нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 7.144.000 төгрөг гаргасныг Х.Хээс гаргуулж өгнө үү. ...” /1хх 38/,

иргэний хариуцагч Э.Оюун-Эрдэнийн “...Уг тээврийн хэрэгсэл нь манай Ард даатгалд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгэсэн байсан. Би тухайн асуудлыг шийдвэрлэх эрх байхгүй. 3.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй нөхөн төлбөрийг нөхөн төлбөрийн хорооны хурлаар шийдвэрлэдэг. . ...” /1хх 41/,

иргэний хариуцагч Х.Чинбатын “...Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин. 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байтал манай дүү Хүрэлсүх залгаад “Баянхошууны хөтөлийн зам дагуу хүн мөргөчихлөө” гэж хэлэхээр нь ослын газарт очсон. Би хохирол төлж барагдуулна. ...” /1хх 44/,

гэрч О.Оргилын “...Зүүн талаас нэг машин хол зайтай ирж байхаар нь амжаад зам хөндлөн гарья гээд бид 2 зэрэгцээд явж байгаад зүүн тийш явах чиглэлд иртэл тухайн машин ойртоод ирэхээр нь би хараад гүйгээд гартал миний ард манай найз Энхбат уг машинд мөргүүлээд газар шидэгдэж унасан. Бид 2 явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан. ...” /1хх 50/,

Х.Хийн яллагдагчаар өгсөн “...Уг осол санамсар болгоомжгүй байдлаас болж гарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баримтын дагуу хохирлыг бүрэн төлж барагдуулна. Цаашид гарах хохирлыг ч төлж барагдуулна. ...” /2хх 125-160/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2062 дугаартай /1хх 75-76/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Э.Эын биед тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр талын хажуугийн ховдлын арын эвэр, З дугаар ховдлын цус харвалт, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан доорх бага хэмжээний цус хуралт, бүдүүн гэдэс, чацархай, баруун талын гялтангийн ар хананы цус хуралт, бүдүүн гэдэс, чацархай, баруун талын гялтангийн ар хананы цус хуралт, няцрал, цөсний хүүдийн хуулрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /500.0 мл/, баруун бөөр, судасны багцын урагдал /баруун бөөр авах мэс ажилбар/, баруун талын гялтангийн арын зайн цусан хураа /300,0 мл/, баруун шилбэний ясны дунд 1/3-ийн ил хугарал, баруун шуу ясны далд хугарал, дух, хамар, баруун шанаа, нүдний доод зовхи, хоёр хацар, уруул, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын З. 1.3, 3.1.12, 3.1.20 зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтлийн улмаас нэг бөөр авах нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 60% алдагдуулна. ...” гэсэн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5764 дугаартай /1хх 82-85/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр аалзан хальсан доорх цус харвалт, их тархины баруун зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн эдийн гүн дэх цусан хураа, баруун бөөр авхуулах мэс заслын дараах, баруун шуу ясны хугарлыг засах мэс заслын дараах, ходоодны хавдар авхуулах мэс заслын дараах, трахестоми гуурс тавих мэс заслын дараах байдал. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлүүд байна. Талийгаач шууд үхэлд хүргэх арха хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач уушгины цочмог хатгаа өвчнөөр нас барсан байна. ...” гэсэн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1707 дугаартай /1хх 88-96/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Талийгаач Э.Эад тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хэвлийн битүү гэмтэл, баруун бөөрний урагдал, задрал, хэвлийн баруун талын арын гялтангийн няцрал, бүдүүн гэдэсний чацархайн цус хуралт, цөсний хүүдийн хуулрал, хэвлийн хөндийн цусан хураа 800 мл, баруун хөлийн шилбэний ясны ил хугарал, баруун хөлийн шилбэнд шарх, баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, баруун болон зуун тальн 12-р хавирганы хугарал, бүсэлхийн З-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, толгой, нүүрний шарх, зулгаралт, бүхий гэмтлүүд учирчээ. Талийгаач нь дээрх хавсарсан гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хүнд гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж хоёр талын уушгины хатгаа өвчнөөр хүндэрч амьсгалын дутагдлаар нас баржээ. Уушгины хатгаа нь удаан хугацаагаар хэвтэрт байх үед үүсэх боломжтой. ...” гэсэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 771 дугаартай /1хх 118-126/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. “Хөтөл Шунхлай 2.asf” гэсэн нэртэй дүрс бичлэг, харьцуулах загварт ирүүлсэн дүрс бичлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвчийг ашиглаж тогтоолд дурдсан автомашины хурдыг тогтоох боломжтой. “Хөтөл Шунхлай 2.asf” нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн, тогтоолд дурдсан “Mersedes benz” загварын 21-35 СУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тэмдэглэлд дурдсан 29.7 метр зайг ойролцоогоор 64.15 км/цаг дундаж хурдтайгаар туулж өнгөрсөн байна. ...” гэсэн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2201 дугаартай /1хх 136-145/  дүгнэлтүүд,

дуудлага лавлагааны хуудас /1хх 12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 13-14, 17-21, 128-129, 132/,  зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх 15-16, 130-131/ цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 23-27/, техникийн тодорхойлолт /1хх 64/, хөрөнгө үнэлгээний тайлан /1хх 113-114/, мөрдөгчийн магадлагаа /1хх 159-160/, эд мөрийн баримт /1хх 167/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 169-177/, өвчтөний түүх /1хх 185-250, 2хх 1-30/, эмчилгээнд зарцуулсан баримтууд /2хх 55-73/, хохирлын баримтууд /2хх 74-116/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Х.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Хийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхйй ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.  

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шийн өмгөөлөгч О.А, Х.Б нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “...Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй. ...” гэж, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “...төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. ...” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх. ...” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хууль тогтоогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар хуульчилж, Шүүх шинжилгээний тухай хуулийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шийн өмгөөлөгч О.А, Х.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхгүй, харин амь хохирогч Б.Энхбатын насанд хүрээгүй хүүхдүүдийн тэтгэврийн асуудлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1440 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхгүй, харин амь хохирогч Б.Энхбатын насанд хүрээгүй хүүхдүүдийн тэтгэврийн асуудлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэснийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар сэтгэл санааны болон хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулж оруулсугай.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шийн өмгөөлөгч О.А, Х.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ