| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0105/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2018-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;
улсын яллагч: Л.Мажигсүрэн;
өсвөр насны шүүгдэгч: Б.О, Ч.М, тэдний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасанпүрэвийн О, Чинбатын М нарт холбогдох эрүүгийн 201725021273 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1.Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УИ99092652 регистерийн дугаартай, Боржигин овогт Чинбатын М;
2.Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 513 дугаар байрны 13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УХ99110211 регистерийн дугаартай, Бэсүд овогт Баасанпүрэвийн О;
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Насанд хүрээгүй яллагдагч Ч.М нь Б.Отай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 23-нд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 16 дугаар сургууль дотор Х.Цэндээг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
насанд хүрээгүй яллагдагч Б.О нь Ч.Мтай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 23-нд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 16 дугаар сургууль дотор Х.Цэндээг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг ярьсан тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг ярьсан тул нэмж ярих зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны хохирогч Х.Цэндээ /хх-ийн 23/, гэрч Э.Наранхүү /хх-ийн25/ нарын мэдүүлэг, өсвөр насны яллагдагч Ч.М /хх-ийн 8-9/, өсвөр насны яллагдагч Б.О /хх-ийн 4-5/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6834 тоот дүгнэлт /хх-ийн 36/, нас тоолсон тэмдэглэл, Б.О, Ч.М нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 44-82/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Б.О, Ч.М нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 23-нд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 16 дугаар сургууль дотор Х.Цэндээг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
өсвөр насны хохирогч Х.Цэндээгийн /хх-ийн 23/: “...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүх 11 дүгээр ангийн хүүхдүүдээс англи хэлний шалгалт авсан. Би шалгалтаа өгчихөөд ангидаа ангийнхантайгаа ороод буцаж гарч биеийн тамирын заалнаас ангийнхаа ширээ сандлыг оруулж ирэх гэж байхад 12в ангийн зүс таних хөвгүүд манай ангийн үүдэн дээр ирчихээд манай ангийн үүдээр шагайгаад манай ангийн Дөлгөөнийг “дуудчих” гэхээр нь манай ангийн охидууд Дөлгөөнийг гаргаагүй. 12в ангийн хөвгүүд манай ангид орж ирээд манай ангийн Дөлгөөн руу дайраад байсан, нэг мэдсэн чинь манай ангийн Дөлгөөн, 12в ангийн Наранхүү 2 хоорондоо зодолдож байсан. Бусад хүүхдүүд нь тэр хоёрыг тойроод зогсож байсан. Манай ангийнхан тэр хоёрыг салгах гэхэд 12в ангийнхан бид нарыг ойртуулахгүй байсан. Манай ангийн охидууд уурлаад Дөлгөөн, Наранхүү хоёрыг салгах гээд дайраад байсан. Би бас очоод тэр хоёрыг салгах гээд тонгойсон чинь 12в ангийн О миний формноос татаад урсан, миний толгой руу өвдөглөсөн, хэдэн удаа өвдөглөснийг нь мэдэхгүй байна. Манай ангийн охидууд намайг Оаас салгасан. Гэтэл М ирээд миний шүд рүү гараараа 1 удаа цохьчихоод бүгдээрээ гараад явчихсан. 12в ангийнханыг гарсны дараа газар зүйн багш Ганхүү, дараа нь манай ангийн багш Уламбаяр нар орж ирсэн. Дараа нь сургуулийн менежер орж ирээд 12в ангийн эрэгтэй хүүхдүүдийг манай ангийн бүх хүүхдийг захирал руу дагуулж орох гэж байхад цагдаа нар ирээд манай ангийн охидуудыг үлдээгээд манай ангийн Дөлгөөн, Өсөхбаяр, Өсөхжаргал бид нарыг, 12в ангиас зодоонд оролцсон бүх хүүхдүүдийг дагуулж хорооны байр руу дагуулж явсан. Хорооны байранд байхад манай ээж, ангийн багш нар ирээд өргөдөл бичсэн. Дараа нь цагдаа “хэн цохисон” талаар асуухад О, М нар “цохисон талаараа хэлсэн” …” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Наранхүүгийн /хх-ийн25/: ”…2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байх 16 дугаар сургуулийн гадаа хичээлээ тараад ангийн хүүхдүүдтэйгээ гараад явж байхад доод ангийн Дөлгөөнтэй таараад “чи сургууль дээр өөрөөсөө ах найз нараа битгий дагуулж ирээд байгаач” гэж хэлэхэд Дөлгөөн “та нарт хамаагүй” гээд бид нарыг янз бүрийн үгээр доромжлохоор нь би Дөлгөөний хувцаснаас нь зуурсан. Энэ үед биеийн тамирын багш гарч ирээд “боль” гээд тараасан. Маргааш өглөө манай ангийн залуучууд бүгд ангийнх нь үүдэнд очоод Дөлгөөнийг дуудсан чинь ангийнх нь хөвгүүд гарч ирээд бид нартай зодолдсон…” гэх мэдүүлгээр,
өсвөр насны яллагдагч Ч.Мын /хх-ийн 8-9/: “... Тэр өдөр доод ангийн Дөлгөөн, манай ангийн Наранхүү нар өмнөх өдөр нь маргалдсанаас болж зодоон үүссэн. Тэгээд О нь Наранхүү, Дөлгөөн нарыг салгаж байхад Цэндээ Оыг цохиж байхаар нь би Цэндээг очиж салгаад гараараа нүүр хэсэгт нь цохисон…” гэх мэдүүлгээр,
өсвөр насны яллагдагч Б.Оын /хх-ийн 4-5/: “...2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай ангийн хүүхэд Наранхүү доод ангийн Дөлгөөнтэй маргалдсан байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай хэдэн банди нар 11в анги руу явсан. Би араас нь ганцаараа очсон чинь манай ангийн Наранхүү, Делгөөн нар хоорондоо зодолдож байхаар нь очоод салгаад Дөлгөөнийг түлхсэн чинь Цэндээ миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би Цэндээгийн толгой руу нь хальт цохисон. Тэгээд М араас орж ирээд Цэндээг цохисон байх. Би хараагүй, намайг манай ангийн хөвгүүд, охидууд татаад ангиас гаргасан...Наранхүү Дөлгөөн нар хоорондоо маргалдсан, тэрнээс болж би ангийнхаа бандийг өмөөрч л зодолдсон. Өөр маргалдах шалтгаан байгаагүй…” гэх мэдүүлгээр,
Б.О, Ч.М нарын буруутай үйлдлийн улмаас Х.Цэндээгийн биед “зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6834 тоот дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь хохирогчийг бүлэглэн зодсоныг өөрсдөө хүлээсэн, хохирогч, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгч нарт зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Өмгөөлөгч Д.Оюунбаатар нь “Б.О, Ч.М нар бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй, тэдний үйлдэл тус бүртээ бие даасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” хэмээн өмгөөлсөн боловч Б.О нь зодоон салгах явцдаа “өөрийг нь цохисон” хэмээн хохирогчийг буруутган зодсон, Ч.М энэ үед хамт байж гэмт үйлдлийн зорилго, үйлдлийн учир холбогдлыг сайтар мэдэж “Б.Оыг цохилоо” хэмээн хохирогчийг буруутган зодож уг гэмт хэрэгт санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж оролцсон нь шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ. Иймээс өмгөөлөгч Д.Оюунбаатарын саналыг хүлээн авах боломжгүй.
Өсвөр насны шүүгдэгч Б.О, Ч.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.
Гэвч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.
Прокуророос Б.О, Ч.М нарын гэм буруутай үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргээр зүйлчилсэн нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж, оногдуулах ял хөнгөрсөн байна.
Харин прокурор яллах дүгнэлтдээ Б.О, Ч.М нарт 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг давхардуулан журамласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “бүлэглэн” үйлдсэн шинжийг уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “гэмт хэрэгт хамтран оролцох” шинжийг давхардуулан журамлах шаардлагагүй юм. Иймд уг асуудлыг шүүх хуралдаанаар зөвтгөж, нөхөн гүйцэтгэн залруулсан болно.
Дээрх байдлаар зөвтгөн залруулсан нь өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, тэдний эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.
Б.О, Ч.М нар хохирогчийг бүлэглэн зодож буюу тодруулбал Б.О нь бусдын хоорондоо зодолдсон зодооныг салгах явцдаа “өөрийг нь цохисон” хэмээн, Ч.М энэ үед хамт байж “Б.Оыг цохилоо” хэмээн Х.Цэндээг тус тус буруутган бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч нарын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.О, Ч.М нарын “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Өсвөр насны хохирогч Х.Цэндээ болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Хоролсүрэн нараас “…хохиролд нийт 1.500.000 төгрөг авсан тул гомдолгүй болсон” гэсэн хүсэлтийг хэрэгт хавсарган өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Б.О, Ч.М нар гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Өсвөр насны шүүгдэгч нат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд өсвөр насны шүүгдэгч нарыг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний доторх ял оногдуулахгүйгээр тэнсэж шүүгдэгч тус бүрт 1 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч нарыг хянан хүмүүжүүлэхдээ хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Б.О, Ч.М нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэмээн зөвтгөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигин овогт Чинбатын М, Бэсүд овогт Баасанпүрэвийн О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Өсвөр насны шүүгдэгч Ч.М, Б.О нарт 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж өсвөр насны шүүгдэгч Ч.М, Б.О нарыг тус бүрийг нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.М, Б.О нарыг тус бүрийг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.М, Б.О нарт хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурдсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ч.М, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ