Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/130

 

 

 

 

 

   2024           01            23                                         2024/ДШМ/130                     

 

Б.Б, Г.Т, Х.Т, О.Т,

Э.Д, Э.Д, Г.А нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

яллагдагч Б.Бийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

яллагдагч Г.Тгийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

яллагдагч Э.Ды өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/3197 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Б, Г.Т, Х.Т, О.Т, Э.Д, Э.Д, Г.А нарт холбогдох 2206008871214 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Боржигон овгийн Б.Б, 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмэг эх, нагац ах, бэр эгч, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 50-316а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УК03281432/,

2. Боржигон овгийн Г.Т, 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 486-34 тоотод оршин суудаг, /РД:УЦ01282816/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

3. Бүргэд овгийн Х.Т, 2000 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/2-202 тоотод оршин суудаг, /РД:УК00232415/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгор ял оногдуулсан, 

4. Бичээч овгийн О.Т, 2002 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, хүргэн ах, эгчийн 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3-48 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЕУ02322715/,

5. Боржигин овгийн Э.Д, 2003 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48а-80 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УК03322855/,

6. Боржигон овгийн Э.Д, 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт, Баянзүрх дүүргийн 16 “Скай рэсэдэнс” 1 дүгээр байрны 13 давхар, 116 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УК04252457/,

7. Тахь-Шарга овгийн Г.А, 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, эмэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52/6-85 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:НЭ04302922/, 

Яллагдагч Б.Б, Г.А, Х.Т, Г.Т, О.Т, Э.Д, Э.Д нар нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хооронд нэр бүхий иргэдээс фейсбүүк нууц үгийг хууль бусаар авч, улмаар нэвтрэх нэр, нууц үг зэргийг өөрчилж, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан,

Улмаар уг цахим хэрэгслийг ашиглаж, дээрх хугацааны хооронд хохирогч нарын нэрийг ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, мөнгө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б, Г.Т, Х.Т, О.Т, Э.Д, Э.Д, Г.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ялпагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж заасан.

Яллагдагч Б.Бийн “...яллагдагчаар татагдсан 2 үйлдэл байгаа, “Баттулга Дэмчиг” гэх фэйсбүүк хаягаар залилан хийхдээ ганцаараа биш Э.Дтой хамтарсан. ...”, яллагдагч Э.Ды “...Мөрдөгч Пүрэвт Iphone 7 загварын гар утсаа хураалгасан ба үүн дээр миний бүх үйлдэл байгаа. Тухайн утсанд үзлэг хийлгэж, үйлдлүүдээ нэмж нэгтгүүлмээр байна. Ойролцоогоор 10-аад үйлдэл дутуу байгаа. Энхболд, Тэмүүлэн мөрдөгч нар дээр тус бүр нэг үйлдэл байгаа ба сэжигтнээр мэдүүлэг өгч, хэргээ хүлээсэн. Б.Бийн яриад байгаа хамтарсан гэх үйлдэл нь зөв. ...”, яллагдагч Г.Тгийн “...Отгонмөнх, Ариука гэх мөрдөгч нар дээр тус бүр нэг үйлдэл байгаа. ...”, яллагдагч Э.Дийн “...Энхболд мөрдөгч дээр миний хоёр үйлдэл байгаа ба үүндээ мэдүүлгээ өгсөн. ...” гэж тус тус тайлбарлаж байх бөгөөд яллагдагч нарын дурдаж буй ийм үйлдлүүд байгаа эсэх, эдгээрт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ямар ажиллагаа явуулсан эсэх, тодорхой үйлдлийг яллагдагч ганцаараа бус бусад яллагдагчтай хамтарч үйлдсэн эсэх, мөн мөрдөгч Пүрэвээс яллагдагч Э.Ды ашиглаж байсан гар утаснуудыг /тухайлбал, Iphone 7 зэрэг/ хураан авч, тухайн гар утсанд буй мэдээллийн тусламжтайгаар тодорхой үйлдлүүдийг тогтоож, гар утаснуудыг эд мөрийн баримтаар тооцсон зэрэг үйл баримтыг тус тус тогтоох нь тодорхой яллагдагч нарын үйлдсэн гэх гэмт хэргүүдийг нэг мөр илрүүлэх, цаашлаад яллагдагч нарын эрх зүйн байдал, тодорхой үйлдэл тогтоогдсон тохиолдолд тэдгээр хохирогч нарын эрх ашигт ач холбогдолтой мөрдөн шалгах ажиллагаа болох тул яллагдагч Б.Б, Э.Д, Г.Т, Э.Д нарын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдаж буй хуулбар баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулж байх нь тэдгээрийг шүүх үнэлэх, шийдвэрийн үндэслэл болгоход нотолгооны ач холбогдолтойг тэмдэглэж байна.  Иймд дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч Б.Б, Э.Д, О.Т, Г.Т, Э.Д нарт урьд авсан цагдан хорих, Х.Т, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сайнхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс яллагдагч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг буцаасан нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. ...” гэж заасан бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээлгээгүй байна. Түүнчлэн аливаа мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтаас дүгнэхэд яллагдагч нар нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй, хууль сануулаагүй байх тул ямар мэдүүлгийг өгөх боломжтой байна. Яллагдагчийн өөр гэмт хэрэг байгаа гэж байгаа боловч энэ нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, ялагдагч нарт холбоотой хэрэг шалгагдаж байгаа гэх баримт хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй, харин шалгагдаж байгаагүй гэх албан бичгүүд хэрэгт авагдсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэг авагдаагүй нотлох баримтыг үндэслэж хэргийг прокурорт буцаасан байх тул хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.       

Яллагдагч Э.Ды өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурорын яллах дүгнэлт үйлдэх үеийн цаг хугацааг анхаарч үзнэ үү. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч болон бусад оролцогчийн зүгээс гэмт хэргийн талаар тодорхой мэдүүлсэн. Хэрэгт шалгагдаж байгаа талаар мөрдөн байцаагчид нэр дурьдаж хэлээд байхад энэ талаар нотлох ажиллагаа буюу шүүгчийн захирамжид дурьдсан нотлох баримтыг цуглуулах, яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн эрүүгийн албанаас гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг шалгах явцдаа миний үйлчлүүлэгчийг 2 утсыг хураан авч, үзлэг хийсэн. Ингэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн. Үүний талаар миний зүгээс хүсэлт гаргасан ба гар утсаа буцааж авах хүсэлттэй байсан. Мөрдөгч харин “хэрэг ирэхдээ гар утас нь ирээгүй” гэдэг. Утсыг хураан авсан шалтгаан нь өөр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй буюу бусад хохирогчийг илрүүлэх зорилгоор хураан авсан. Ингэхдээ өмгөөлөгчгүй дээрх ажиллагааг хийсэн. Иймд хэд хэдэн хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд зааснаар эрх зүйн байдлаа дээрдүүлэх үндэслэл байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Г.Тгийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй, прокурор бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Миний үйлчлүүлэгч “2 мөрдөгч надаас мэдүүлэг авсан, дүрс бичлэгт миний зураг байсан. Би үүнийг шалгуулах хүсэлттэй байна, нэмж нэгтгүүлнэ” гэх асуудлыг ярьсан. Энэ хүсэлтийн дагуу мөрдөгчөөс асуутал “хавтаст хэрэгт сэжиглэж байгаа тохиолдол байгаа, харин нэмж шалгасан асуудал байхгүй” гэж хэлсэн. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй. Мөн миний үйчлүүлэгчийн цагдан хорионы асуудлыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Бийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Учир нь  миний үйлчлүүлэгч анх урьдчилсан хэлэлцүүлэх явуулах тухай санал гаргасан бөгөөд 2 хэрэгт давхар шалгагдаж байгаагаа хэлсэн. Тухай хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч яллагдагчаар татсан асуудал байхгүй байсан. Цаашид яаж шийдэгдэх нь тодорхойгүй байгаа ба үйлдэл нэмэгдэх тусам миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордох гээд байгаа. Мөн Б.Б 1 жил 2 сарын хугацаанд цагдан хоригдоод байгаа бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Б.Б, Г.Т, Х.Т, О.Т, Э.Д, Э.Д, Г.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжид заасан “...Яллагдагч Б.Бийн “...яллагдагчаар татагдсан 2 үйлдэл байгаа, “Баттулга Дэмчиг” гэх фэйсбүүк хаягаар залилан хийхдээ ганцаараа биш Э.Дтой хамтарсан. ...”, яллагдагч Э.Ды “...Мөрдөгч Пүрэвт Iphone 7 загварын гар утсаа хураалгасан ба үүн дээр миний бүх үйлдэл байгаа. Тухайн утсанд үзлэг хийлгэж, үйлдлүүдээ нэмж нэгтгүүлмээр байна. Яллагдагч Г.Тгийн “...Отгонмөнх, Ариука гэх мөрдөгч нар дээр тус бүр нэг үйлдэл байгаа. ...”, яллагдагч Э.Дийн “...Энхболд мөрдөгч дээр миний хоёр үйлдэл байгаа ба үүндээ мэдүүлгээ өгсөн. ...” гэж тус тус тайлбарласан бөгөөд яллагдагч нарын дурдаж буй ийм үйлдлүүд байгаа эсэх, эдгээрт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ямар ажиллагаа явуулсан эсэх, тодорхой үйлдлийг яллагдагч ганцаараа бус бусад яллагдагчтай хамтарч үйлдсэн эсэх, тодорхой яллагдагч нарын үйлдсэн гэх гэмт хэргүүдийг нэг мөр илрүүлэх. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана. 

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/. ...” гэж хуульчилсан бөгөөд яллагдагч Э.Д нь Г.Хишигжаргалын цахим хаягт хууль бусаар халдаж, нэвтрэх нэр, нууц үгийг сольж, ашиглах боломжгүй болгож, хууль бусаар халдсан, мөн түүний цахим хэрэгслийг ашиглан Л.Ууганбаяраас 390.000 төгрөг залилж авсан бөгөөд хохирогч Л.Ууганбаяраас мэдүүлэг авсан боловч Г.Хишигжаргалыг хохирогчоор тогтоогоогүй байна.

 Мөн яллагдагч Э.Дагвадорж нь Г.Отгончимэгийн цахим хаягт хууль бусаар хууль бусаар халдаж, нэвтрэх нэр, нууц үгийг сольж, ашиглах боломжгүй болгож, хууль бусаар халдсан, мөн түүний цахим хэрэгслийг ашиглан хохирогч Б.Бямбацэцэгээс 200.000 төгрөгийг авч залилсан ба Б.Бямбацэцэгийг хохирогчоор тогтоож, Г.Отгончимэгийг гэрчээр тогтоосон боловч хохирогчоор тогтоогоогүй, зарим цахим хаяг хэрэглэгчдийг хохирогчоор тогтоосон атлаа зарим цахим хаяг хэрэглэгчдийг хохирогчоор тогтоолгүйгээр орхигдуулж, гэрчээр тогтоосон нөхцөл байдлууд байна.

Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан хэргийн материалаас дүгнэхэд нэр бүхий гэрч нар болох Н.Баярсайхан, Дэмчиг, Сайнбаяр, Б.Сугир, Пүрэвсүрэн, М.Ариунаа, Нямбаяр, Готов, Баярмаа, Д.Баттулга, Мөнхмандах, Э.Батхуяг, Ч.Батсуурь, Ц.Оюунчимэг, Даваадорж, Д.Лхагвасүрэн, Ц.Ундармаа, Батзаяа, Гангармаа, Б.Баярцэцэг, Эрдэнэсүрэн, Н.Анхбаяр, Ш.Нямхүү, Г.Хишигжаргал, Б.Болорцэцэг, Цэндхорол, П.Болор-Эрдэнэ, Ж.Удвалцэцэг, Д.Туяа, Г.Анх-Учрал, Жаргалмаа, Ц.Баярдаваа, Б.Мөнхзул, Б.Ариунтунгалаг, Г.Отгончимэг, М.Баттуул, Д.Бат-Өлзий, Я.Билэгмаа нарыг хохирогчоор тогтоож хэргийг нэг мөр шалгаж ирүүлэх нь зүйтэй.

Мөн хохирогч Ган-Эрдэнийн “...3 хүнээс 690.000 төгрөг авсан. ...”, хохирогч Хосбаярын “...3 хүнээс мөнгө авсан. ...”, хохирогч Анхтуяагийн “...7 хүнээс авсан. ...”, хохирогч Пүрэвсүрэнгийн “...4 хүнээс мөнгө авсан. ...” гэж тус тус мэдүүлсэн боловч тухайн хүмүүсийг хохирогчоор тогтоогоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ. ...” гэж хуульчилсан бөгөөд прокурор яллах дүгнэлтийн хавсралтын 6-д “...хохирлын тооцоог тусад нь гаргаж хэргийн хамт хүргүүлэв. ....” гэсэн атлаа хохирлын тооцоог хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байна.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл. ...” гэж мөн хуулийн 1.3 дахь заалтад “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр. ...” гэж тус тус хуулчильсан байх бөгөөд хавтаст хэрэгт Г.Т, Х.Т нарын урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолуудыг хавсаргаж ирүүлэх, мөн яллах дүгнэлтийн 103 дугаар талд “...хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоодоогүй. ...” гэсэн байх ба үүнийг нарийвчлан шалгаж тогтоож, хэргийг зөв зүйлчлэн хэргийг нэг мөр болгон ирүүлэх нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/3197 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/3197 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ