| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2023/0013/З |
| Дугаар | 125/ШШ2025/0023 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 125/ШШ2025/0023
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр даргалж, тус шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдох, Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 1.1. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолт, олголтын байдалд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах ажлын удирдамжаар ...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд шинээр тогтоогдсон болон нас барсан, зогсоосон тэтгэврийн хувийг хэрэг...-т хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ. 1.2. Хяналт шалгалтаар нэхэмжлэгч *******ийн 1990 оноос 1992 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуульд сурсан хугацааг нөхөн даатгалд хамруулж нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцсон зөрчил илрүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан болзол шаардлагыг хангаагүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан гэж үзэж 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл илүү олгосон 5690322 /таван сая зургаан зуун ерөн мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16-07/31 дугаартай акт тогтоосон. 1.3. Нэхэмжлэгчээс 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16-07/31 дугаартай актыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргаж, актыг хүчингүй болгох үндэслэлгүй болох талаар хариуг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар албан бичгээр хүлээн авснаар шүүхэд ханджээ.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарын үндэслэл: 2.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1990 оноос 2000 он дуустал нөхөн даатгалд хамрагдсан ба тухайн үед Ховд сумын байцаагчид 78120 төгрөг тушаагаарай гэсэн. Өөр ямар нэгэн материал аваагүй. Ингээд 2017 оны 9 сард нөхөн даатгалд хамрагдаж, баталгаажилтын хуудас авсан. Дараа нь 2019 оны 1 сард Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч *******тай уулзаж хөдөлмөрийн дэвтрээ үзүүлж өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой эсэхээ асуухад нөхөн даатгалд хамрагдсан 11 жилээс Говь-Алтай аймаг дахь Анагаахын дунд сургуульд сурсан 2 жил 6 сар хасагдах тул 2 жил 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөөрэй гэж хэлсэн. Дараа нь 2020 оны 5 сард Нийгмийн даатгалын хэлтэс дээр төрөл садангийн дүүтэйгээ таарсан. Тэр дүү маань та ямар ажлаар явна вэ гэхэд би тэтгэвэрт гарахаар явж байна гэж хэлсэн. Та бичиг баримтаа бүрдүүлсэн үү гэхээр нь би ийм ийм баримт бүрдүүлээд ир гэж хэллээ гээд хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, 1990-2000 оны нөхөн даатгалын 11 жилийн баталгаажилтын хуудас, 1 жил 8 сар малчнаар ажилласан талаар нөхөн даатгалын хуудас зэргийг өгсөн. Тэгэхээр манай дүү таны бичиг баримт бүрдсэн гэнээ та өргөдлөө бичээд өгөх үү би таны өргөдөл бичээд өгөх үү гээд миний өмнөөс өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл бичиж өгсөн. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоосон. Миний бие 1987 онд Говь-Алтай аймаг дахь Анагаахын дунд сургуульд сурч байх үед манай аав даралт харавсан. Тэгээд би 1990-1992 оны 01 сар хүртэл 1 жил 6 сарын жилийн чөлөө авч байсан. Энэ хугацаандаа би 8 сар буюу 1991 оны 2 сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 сарын 25-ны өдөр хүртэл Ховд сумын Баянбулаг багийн хүний бага эмчээр ажилласан. Мөн би тэтгэвэрт гарсны дараа ч гэсэн ******* гэх аж ахуйн нэгжээрээ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. 2021 оны 4 сард байх Нийгмийн даатгалын байцаагч дуудаад таны ажилласан хугацаа чинь хүрэхгүй байна нэг бол нийгмийн даатгалаа төл, эсвэл үрчилж авсан хүүхэд тань 6 нас хүрэхээр 1 жил 6 сар нэмэгдэнэ гэсэн. Би тэтгэвэрт гарсны дараа аж ахуйн нэгжээрээ 1 жил 4 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, өргөж авсан хүүхэд 6 нас хүрч 1 жил 6 сар нэмэгдсэн. Энэ хоёр нэмэгдэхээрээ 3 жил болж байгаа. Нийгмийн даатгалын байцаагч нар намайг 2021 онд тэтгэвэр гарах боломжтой гэж хэлсэн бол би тэр үед тэтгэвэр гарах байсан. Өөрсдийнхөө буруугаас болоод тэтгэвэр тогтоочихоод одоо болохоор тэтгэвэрт гарах болзол хангаагүй гэж үзэж акт тогтоосон нь буруу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.
2.2. Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсы байцаагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч *******д анх 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоосон ба ингэхдээ 11 жил нөхөн даатгалд хамрагдсан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д зааснаар 1 хүүхдийн 1 жил 6 сар, нийт 5 хүүхдийн 7 жил 6 сар, мөн малчнаар ажилласанд тооцсон 1 жил 7 сар, нийт 20 жил 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэж өндөр насны тэтгэвэр тогтоосон байдаг. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн олголтод хяналт, шалгалт хийгдсэн. Уг шалгалтаар нэхэмжлэгч *******тэй холбоотой зөрчил илэрсэн. Ямар зөрчил байсан бэ гэхээр 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар ******* нь Ховд аймгийн Ховд суманд нөхөн даатгалд хамрагдахдаа тус хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл уг хуулийн үйлчлэлд албан байгууллага нь татан буугдсаны улмаас ажилгүй болсон иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотгол орсон иргэд, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан иргэд, мэргэжил ур чадвар эрүүл мэнд нь тухайн ажил албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан зэрэг ийм 4 шалтгааны улмаас ажлаас халагдсан, ажилгүй байсан, ажил хийх боломжгүй байсан иргэд нөхөн даатгалд хамрагдаж байсан. Гэтэл нэхэмжлэгч ******* нь сурч байх хугацаагаа ажилласан жил, нөхөн даатгалд хамруулж нөхөн даатгал авсан байдаг. ******* нь 1987-1992 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг сурч төгссөн байсан. Ингэхдээ 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд сумын Баянбулаг багийн эмчээр ажилласан байсан. Түүний нөхөн даатгалд хамрагдсан 11 жилээс сургуульд сурсан хугацааг хасахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн... байх шаардлага хангахгүй байгаа. Тодруулбал, Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны дунд сургуульд сурч байх хугацаандаа чөлөө авсан гэж тайлбарладаг. Энэ хугацаа буюу 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг чөлөөтэй байсан гэж, мөн 1991 оны 02 сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд сумын Баянбулаг багийн эмчээр ажилласан байдаг ба энэ хугацааг буюу 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл улсад ажилласнаар тооцсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн сургуульд сурсан хугацаа буюу 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг нөхөн даатгалд хамруулсан ч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн... байх шаардлага хангахгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
2.3. Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******д акт тогтоохоос өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж тайлбар, баримтууд авсан. Уг тайлбартаа би сурсан нь үнэн, дунд нь 1 жилийн чөлөө авч ажилласан тул материалаа бүрдүүлж өгөх болно гэсэн. ******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1990-2000 онуудын нөхөн даатгалд хамрагдахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.1.1-д заасныг зөрчиж, сургуульд сурсан хугацааг нөхөн даатгалд хамруулсан байсан. Ингээд 2020 оны 5 сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож авсан байсан. Нийгмийн даатгалын байцаагч нь тухайн үед *******ийг сургуульд сурч байсан гэдгийг мэдэх боломжгүй, ******* нь сургуульд сурч байсантай холбоотой баримтаа өгөөгүй байсан.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 50 нас хүрч, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгох-оор хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан хүлээн авч Т.Айнагүлд өндөр насны тэтгэвэр тогтоосон ба2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай Илүү олгосон тэтгэвэр буцаах тухай акт тавьсан байдаг. Уг акт гаргах үндэслэлдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгож авсан гэдэг. Тухайн иргэнд тэтгэврийн эрх үүссэн эсэх асуудлыг Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэрт гарах гэж өргөдөл өгч байгаа иргэн мэдэх боломжгүй. Харин тухайн өргөдөл гаргаж байгаа иргэний тэтгэврийн эрх үүссэн байна уу, үгүй юу гэдгийг Нийгмийн даатгалын байгууллага шалгаж тогтоох үүрэгтэй. Анх 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн даатгалын байгууллагын байцаагч холбогдох материалыг шалгаж үзээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байна гэж үзээд тэтгэвэр тогтоосон байдаг. Төлбөрийн актын бас нэг үндэслэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэх үндэслэлийг хариуцагч байгууллага тухайн актад тусгасан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч *******ийн бүрдүүлж өгсөн баримт бичгүүд хуурамч байсан гэдэг нь тогтоогдоогүй. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол гэх үндэслэлүүдээр акт тогтоосон байдаг. Хариуцагч байгууллага нь *******ийг хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр авсан гэдэг үндэслэлээр акт тогтоож байгаа юм уу, эсхүл *******ийн тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр олгосон байна гэдэг үндэслэлээр акт тогтоогоод байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуульдхамрагдаж, нөхөн даатгал авахаар хүсэлт гаргаж байгаа иргэний хүсэлтийг Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан судалж, тухайн хүсэлт гаргагчийн өгч байгаа материалуудыг үндэслээд тодорхой хэмжээгээр нөхөн даатгалын хугацааг нь тооцож өгч байсан юм. Түүнээс биш хэн нэгэн иргэн 1990-2000 хүртэл ажилгүй байсан юм, 11 жил тооцуулъя гэхэд шууд олгоод байдаггүй. Гэтэл Нийгмийн даатгалын байцаагчийн буруутай үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ ажлыг хийх гэж, тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч байна уу үгүй юу, ажилласан жил тэтгэврийн даатгалын нөхөн тооцож олгож байгаа хугацаа нь хэдэн жил байх ёстой вэ гэдгийг хянах гэж ажлаа хийж байгаа хүмүүс. Өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааны улмаас тэтгэвэр олгочихоод манайх хариуцахгүй, энэ хүн хариуцах ёстой гэж байгаа нь хууль бус. Хэрэгт тухайн үед *******ийн тэтгэврийн материалыг хүлээн авч байсан Д.Дэлгэрмаа, Н.Мөнхгэрэл ******* нарыг гэрчээр асуусан байдаг. Гэрч ******* мэдүүлэхдээ *******ийн материалыг программ дээр хийж үзэхэд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байсан гэж үзээд тэтгэвэр тогтоож олгосон. Цааш нь лавшруулж шалгаагүй гэдэг.
Гэтэл *******ийг тэтгэврээ тогтоолгосны дараа буюу журамд өөрчлөлт орсны дараа өөрчлөгдсөн журмаар нэхэмжлэгчийг илүү тэтгэвэр авсан байна гэж үзэж байгаа нь хууль нийцэхгүй байна гэж үзэж байна гэв. ******* нь Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын дэвтэр, нөхөн төлсөн баталгаажуулалтын хуудас, хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбартай очиж байцаагч Д.Дэлгэрмаа гэх хүнээс зөвлөгөө авсан байдаг. Гэтэл Дэлгэрмаа гэх хүн *******ийн хөдөлмөрийн дэвтрийг хараад, та сурч байсан учраас сургуульд сурч байсан хугацааг нь хасаад 1 жил 6 сар дутуу байсан учир 1 жил 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөөд ир гэж *******ийг явуулсан байдаг. ******* уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг юм. Өнөөдөр хэн нэгэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж миний үйлчлүүлэгч өрөнд орох ёсгүй юм. Үүнийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд нийгмийн даатгалын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг тэтгэвэр авагч буруутай албан тушаалтан хариуцна гэж хуульчилж өгсөн байгаа юм. Гэтэл нийгмийн даатгалын ажилтан буруу үйл ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтоож өгчхөөд, эргээд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.
2.5. Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч зөв баримтуудаа өгсөн бол нийгмийн даатгалын байцаагч зөв тооцоолол гаргах байсан байна. Хариуцагч тал зөв акт гаргасан байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ: 1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 2. Нэхэмжлэгчээс ... Миний бие 1989 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэл сургуулиас чөлөө авч аавыгаа асарч, мөн Ховд сумын бага эмчээр ажиллаж байсан, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан иргэний материалыг Нийгмийн даатгалын байцаагч шалгаж, шийдвэрлэх ёстой, түүнээс биш иргэн хүн өөрөө нөхөн тооцох боломжгүй, Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэж тэтгэвэр тогтоосон хэрнээ тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй гэж акт тогтоосон нь хууль бус,Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т нийгмийн даатгалын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасан тул актын төлбөрийг төлөх үндэслэлгүй... гэх агуулгаар, 3. Хариуцагчаас ... нэхэмжлэгч анх 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтооход 20 жил 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэж өндөр насны тэтгэвэр тогтоосон, Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны дунд сургуульд сурсан 1990 оны 01 дүгээр сараас 1992 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг нөхөн даатгалд хамруулж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцож өндөр насны тэтгэвэр тогтоосон зөрчил илэрсэн, сургуульд сурсан хугацааны нөхөн даатгалын хасаж тооцвол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн... байх шаардлага хангахгүй байгаа..., нэхэмжлэгчийн сургуульд сурсан хугацаа буюу 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг нөхөн даатгалд хамруулсан ч дээрх хуульд заасан ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн... байх шаардлага хангахгүй байгаа... гэж тус тус тайлбарлан маргасан. 4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******ийн тэтгэврийн хувийн хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуустал хугацааны нийт 11 жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр тооцуулан нөхөн даатгалд хамрагдаж, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр баталгаажилтын хуудас авсан байна. 5. Мөн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд зааснаар 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар дуустал нийт 1 жил 7 сарын хугацаанд малчнаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, баталгаажилтын хуудас авчээ. 6. ******* нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан ба Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар 12 жил 7 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн, хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сар, нийт 7 жил 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцож, нийт 20 жил 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэж өндөр насны тэтгэвэр тогтоон олгож эхэлсэн байна. 7. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаалаар баталсан 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр удирдамжийн дагуу тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоолт, олголт, тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор хяналт шалгалт явуулж, нэхэмжлэгч *******ийн Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны дунд сургуульд сурсан хугацаа нь нөхөн даатгалд хамрагдсан хугацаатай давхцсан зөрчил илрүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн... байх шаардлага хангахгүй гэх үндэслэлээр 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. 8. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч *******ийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж өндөр насны тэтгэврийг шинээр тогтоон[1] олгож эхэлсэн байна. 9. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна; 4.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон; 4.1.2-д аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотголд орсон; 4.1.3-д өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан; 4.1.4-д мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан гэж тус тус заасан. 10. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл 1990-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, төлөгдөх боломжгүй буюу нөхөн даатгалд хамрагдах тохиолдлыг тодорхой нэрлэн заасан байх ба сургуульд сурсан хугацаа нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна. 11. Тодруулбал хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох" гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг хэлэхээр тодорхой дурдсан, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох нөхцөлд сургуульд сурсан хугацаа хамаарахгүй байна. 12. Хуулийн дээрх зохицуулалтыг маргаан бүхий энэ тохиолдолд холбогдуулан тайлбарлавал, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд ...миний бие 1989 оны 9 сард буюу 3 дугаар курст орох ёстой байсан боловч аав даралт харвасан тул 1 жил 6 сарын чөлөө авсан.. гэж тайлбарласан ба уг хугацааг тооцвол 1989 оны 9 дүгээр сараас 1991 оны 2 дугаар сар хүртэл чөлөөтэй байсан, хариуцагчаас энэхүү хугацааг буюу 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр тооцож байгаагаа шүүх хуралдааны явцад тайлбарласан. 13. Мөн Ховд сумын хүн эмнэлгийн даргын 1991 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тушаал[2]аар 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд сумын Баянбулаг бригадын хүний бага эмчээр томилсон, Ховд сумын Хүн эмнэлгийн 1991 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаар албан бичгээр[3] ******* нь 1991 оны 2 сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Баянбулаг бригадын хүний бага эмчээр ажилласан болохыг тодорхойлсон, хариуцагчаас дээрх хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохыг зөвшөөрч тайлбар ирүүлсэн байна. 14. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ийг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх сургуулиас чөлөөтэй байсан хугацааг нөхөн даатгалд хамрагдсанаар тооцохыг зөвшөөрч байгаа талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл Ховд сумын Баянбулаг багийн хүний бага эмчээр ажилласанд тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож байгаа талаар хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тус тус тайлбарласан. 15. Харин нэхэмжлэгч нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны дунд сургуульд сурч төгссөн нийт 6 сарын хугацаа нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуульд хамрагдахгүй, түүний 1990-2000 он дуустал нийт 11 жилийн нөхөн даатгалд хамрагдаж шимтгэл төлсөн хугацаанаас хасаж тооцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. 16. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. гэж заасан. 17. Нэхэмжлэгч *******ийн өндөр насны тэтгэврийг анх тогтоохдоо 20 жил 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож тэтгэвэр тогтоосон, үүнээс Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны дунд сургуульд сурч төгссөн[4] 5 сар 8 хоногийн хугацааг хасвал 19 жил 6 сар 22 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ба энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д заасан ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн... байх шаардлагыг хангахгүй тул уг үндэслэлээр төлбөрийн акт тогтоосон нь хуульд нийцсэн байна гэж үзлээ. 18. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно гэж заасан. 19. Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин г Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/344 дүгээр захирамжаар үрчилж авсан, охин нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 6 нас хүрснээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт 19 жил 6 сар 22 хоног дээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасан 1 жил 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл нэмж тооцогдсоноор мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн... байх шаардлага хангагдаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байна. 20. Мөн ******* ХХК-аас нэхэмжлэгч *******ийн 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сар дуустал нийт 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт 19 жил 6 сар 22 хоног дээр ******* ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 6 сар буюу 2021 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтэл төлөлтийг нэмж тооцвол 2021 оны 10 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч байна. 21. Өөрөө хэлбэл нэхэмжлэгч ******* нь үржилж авсан хүүхдэд олгосон 1 жил 6 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон ******* ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аль ч нөхцөлөөр бодсон ч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үүсч байна. 22. Нэхэмжлэгчээс ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т нийгмийн даатгалын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэжзаасан тул актын төлбөрийг төлөх үндэслэлгүй... гэж тайлбарлан маргасан. 23. Нэхэмжлэгч *******ийн ...Би 2019 оны 1 сард нийгмийн даатгалын байцаагч *******тай уулзаж хөдөлмөрийн дэвтрээ үзүүлж өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой эсэхээ асуухад нөхөн даатгалд хамрагдсан 11 жилээс Говь-Алтай аймаг дахь Анагаахын дунд сургуульд сурсан 2 жил 6 сар хасагдах тул 2 жил 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөөрэй гэж хэлсэн... гэх тайлбар, гэрч *******гийн ...******* бор өнгийн хөдөлмөрийн дэвтэртэй ирсэн, хөдөлмөрийн дэвтэр дээр 1992 оны 6 дугаар сар хүртэл Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны их сургуульд суралцсан талаар тэмдэглэсэн байсан, ...1990-2000 оны нөхөн даатгалын баталгаажилтын хуудас дээр 1990 оны 1 сараас 2000 оны 6 сар дуустал балаар зурж, 8 жил 6 сараар тооцох гэж бичсэн... гэх мэдүүлгээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч нь нөхөн даатгалд хамрагдсан 11 жилээс Говь-Алтай аймаг дахь Анагаахын дунд сургуульд сурсан 2 жил 6 сарыг хасаж тооцох буюу тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой гэдгээ мэдсэн, энэ талаар нийгмийн даатгалын байцаагч тайлбарласан байх тул зөвхөн нийгмийн даатгалын ажилтны буруутгах нь үндэслэлгүй. 24. Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн ба хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг зогсоогоогүй, нэхэмжлэгч нь тэтгэврээ бүрэн авч байсан болохыг дурдах нь зүйтэй байна. 25. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг хүчингүй болгуулах-ыг хүссэннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 26. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
| ||||
| | |