Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 125/ШШ2025/0024

 


 

 

2025 05 14 125/ШШ2025/0024

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгох, Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: *******ээс Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгох, Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэхийг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1 ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга *******тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан Жаргалант сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан.

2.2 Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар ... Ховд аймгийн Жаргалант сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Готовын Оюунчимэг нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг зөрчин өөртөө түлш, унааны хөнгөлөлтөд 1,814,000 төгрөг олгуулах тушаал гаргасан, өөрийн удирдан ажилладаг цэцэрлэгийн арга зүйч Б. д 2025 оны 01 дүгээр сард бүрэн ажиллаагүй байхад нь цалинг бүтэн гаргаж, ур чадварын нэмэгдлийг 2025 оны 1,2,3 дугаар сарын үндсэн цалингаас тооцон олгосон, иргэн А.ийн тоот дансанд 2 удаагийн үйлдлээр 864,000 төгрөгийг шилжүүлж өөрөө авсан зэргээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 35 дугаар дүгнэлтээр тогтоогдож ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэх үндэслэлээр *******ийг Ховд аймгийн Жаргалант сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн.

******* нь дээрх тушаалыг гардан авч тус шүүхэд 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уг тушаалыг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж ямар нэг сонсох ажиллагаа явуулаагүй, сахилгын шийтгэл ногдуулах мэдэгдэл урьдчилж өгөлгүйгээр надаас тайлбар, хариулт гаргуулалгүй шууд сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх ёстой атал хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлээгүй.

Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх хэсгийн 80.1.4, 80.1.5 дахь заалтыг давхар баримталсан нь надад ойлгомжгүй байх бөгөөд тушаалын утгыг харвал хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр чөлөөлсөн мэт боловч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн 2 өөр утгатай зөрүүтэй давхар үндэслэл тушаалдаа заасан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тодорхой байх, зөрчлүүд тус бүртээ тогтоогдож урьд сахилгын шийтгэл авагдсан байх зэрэг хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлон тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй.

2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4 дэх хэсэгт "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна." гэж заасан байх бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд заасан "...өөртөө түлш, унааны хөнгөлөлтөнд 1,814,000 төгрөг олгуулсан" гэх зөрчил нь 2023, 2024 онд хамаарч байна. Мөн түлээ, унааны хөнгөлөлтийг байгууллагын дотоод журам, хамтын гэрээнд заасан заалтыг үндэслэн нийт багш ажилтнууд авсан бөгөөд байгууллагын удирдлагад гэрээний заалтууд нэгэн адил хамаарна.

3. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 48.8 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах заалт байна.

4. Намайг ажлаас халах тушаалын үндэслэл болсон Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 35- 02/08 дугаартай хяналт шалгалтын ажлын танилцуулгын 9 дэх хэсэг дүгнэлт хэсэгт "Дотоод аудитын хороонд санал оруулсан байх бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нар нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай, төсвийн тухай хууль, нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байгаа тул хариуцлагын арга хэмжээ тооцуулах саналыг оруулж бна." гэсэн байх бөгөөд үүнд ямар төрлийн хариуцлагын арга хэмжээг ногдуулах талаар тодорхой тэмдэглэл байхгүй бөгөөд шууд ажлаас чөлөөл гэсэн санал алга байна. Тэгэхээр санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч тухайн цэцэрлэгийн эрхлэгчийг шууд чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар санал оруулах эрх олгосон хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд ийм шийдвэр акт, албан шаардлага албан ёсоор гараагүй байна. Мөн энэхүү акт, албан шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй билээ.

5. Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч *******ийг ажлаас халахдаа урьдчилж мэдэгдэж тайлбар аваагүй, сахилгын шийтгэлийг сонгож хэрэглээгүй, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг тодорхой дурьдаагүй, хөөн хэлэлцэх буюу сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн асуудлаар шийтгэл нөхөж ногдуулсан, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэг тал буюу ажил олгогч тал болох Жаргалант сумын Засаг дарга өөрчлөгдсөн, Ховд аймгийн Боловсролын газрын даргатай хөдөлмөрийн гэрээг зохих ёсоор шинэчилж батлаагүй байхад шууд цуцалж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.9, 80.3, 123 дугаар зүйлийн 123.3, 123.4 дэх хэсэг, Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийн 2.4, 2.8 дахь хэсгүүдтэй нийцэхгүй байна.

Иймд Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******гийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч *******ийг Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хуульд заасны дагуу гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

******* нь Ховд аймгийн Боловсролын газрын даргаар ажилд орсноос хойш 2-3 удаа надтай утсаар холбогдож цэцэрлэгийн халаалт муу байна. Хүйтэн байна гэдэг байдлаар ярьж. Нэлээн олон удаа манай цэцэрлэг дээр ирж үйл ажиллагаатай танилцсан.

Хариуцагч нь намайг 2-3 удаа дуудах үед би очоогүй. Гэтэл намайг ямар том толгойтой юм бэ, намайг дуудахаар ирсэнгүй гэдэг байдлаар хэлж байсан. Ингээд би цэцэрлэгийнхээ халаалт, дулаантай холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай албан бичиг явуулсан боловч ******* нь өөрөө ирж уулзсангүй, албан бичиг өглөө гэдэг байдлаар хэлсэн. Тухайн үед би албан ажлыг албан бичгээр хийх ёстой гэдэг байдлаар хэлсэн бөгөөд удаа дараа намайг ажлаа хийж чадахгүй байна. Ажлаа өг гэдэг байдлаар дарамт шахалт үзүүлсэн. Мөн ажлын бус цагаар ирж манай байгууллагын ажилтнуудыг архи уусан байна гэх шалтгаанаар цагдаа дуудаж үлээлгэж байсан. Миний хувьд тухайн үед би ажлаа өгөхгүй, алдаа дутагдал гаргаагүй. Манай цэцэрлэг улсын хэмжээнд шилдэг 20 цэцэрлэгийн нэгээр шалгарсан. Та хүний хийсэн ажлыг үнэлж хараагүй байж яагаад ганц цэцэрлэг хүйтэн байна гэх асуудлаар намайг ажлаа өг гээд дарамтлаад байгаа юм бэ, би ажлаа өгөх боломжгүй гэж хэлсэн. Гэтэл удалгүй Ховд аймгийн Засаг дарга руу бичиг явуулж 2023, 2024, 2025 онуудын 01 дүгээр саруудын санхүүгийн баримтад үзлэг шалгалт хийсэн. Уг үзлэгээр 7, 8 төрлийн акт тогтоож, зөвлөмж гарсан. Үүнтэй холбоотойгоор 3 зүйлийн үндэслэн авч намайг ажлаас чөлөөлсөн. Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаас харахад. Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3 дахь заалт буюу төрийн жинхэнэ албан хаагчийн зүйл заалтаар намайг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг гаргахдаа надад хамааралтай гэх бүх хуулийн зүйл заалтыг баримталсан.

Нэгдүгээрт: Өөртөө давуу байдал олгож 1,814,000 төгрөгийн тушаал гаргаж унаа, түлшний хөнгөлөлт олгосон гэх зүйлд тайлбар хэлэхэд: Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ гэдэг маань байгууллагын удирдлага, багш, ажилтан нарт нэгэн адил үйлчилнэ гэх заалт байдаг бөгөөд үүний дагуу сүүлийн 4, 5 жил манай цэцэрлэг болон нийт аймгийн сургууль, цэцэрлэгүүд бүгд түлээ түлш, унааны хөнгөлөлтийг аваад явж байгаа. Сүүлийн 20,30 жил ажиллахад Боловсролын газрын дарга болон Жаргалант сумын засаг дарга бид нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр түлээ, түлшний хөнгөлөлт, унааны хөнгөлөлт зэргийг гаргаж өгч байгаагүй учраас бид нар нэгэн адил дотоод журам, хамтын гэрээнийхээ заалтын дагуу түлш, унааны хөнгөлөлт аваад явдаг.

Хоёрдугаарт: ******* нь 09 дүгээр сард хувийн бизнес хийж байгаа учир ажлаасаа гарна гэдэг зүйлийг хэлж байсан. *******, бид хоёр өнгөрсөн жил амраагүй. Учир нь Ховд аймгийн 33 цэцэрлэгийн түүхийг хамруулсан түүхэн ном хийсэн. Мэдээж оюуны ажил хийсэн. Мөн цэцэрлэгийн ой гэж маш их ажлын ард гарсан. ******* чөлөө авна гэхэд нь цэцэрлэгийн 80 жилийн ой болж байсан учир чөлөө өгөөгүй, чи цэцэрлэгийнхээ ойг дуусгачхаад 01 сард амраарай гэдэг байдлаар хэлж байсан. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр буюу захирамж гарсан. Тухайн үед ханиад, томуу их байсан учир цэцэрлэгүүд карантилагдаж байсан. Нэгэнт цэцэрлэгүүд үйл ажиллагааг түр зогсоосон тул *******г цахимаар ажиллахыг би зөвшөөрсөн. Миний хувьд байгууллагын удирдлага учир *******д байгууллагын дотоод журмынхаа дагуу 10 хоногийн чөлөө өгсөн. ******* нь ажиллаж байх хугацаандаа өмнө нь амралт, чөлөө авч байгаагүй юм. Миний хувьд *******г ажлаас гарчихсан байхад ажиллуулаад өөр хүнийг цалингүй ажиллуулсан ажил албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. ******* нь ажилдаа эзэн болсон арга зүйч учир тухайн карантины үеийн цалинг өгөөд үргэлжлүүлэн 10 хоногийн цалинтай чөлөөг нь өгсөн. *******г ажлаас гарах гэж байгаатай холбогдуулан *******гийн оронд ******* гэх багшийг томилъё гэж ярьж байсан. Гэтэл гэх багш би олон жил ажилласан тул би болох ёстой гэдэг зүйлийг хэлсэн бөгөөд тухайн үед бага зэрэг маргаан үүссэн. Тэгээд тэдгээр хүмүүс маань ******* даргад гомдол, тэмцэл хэлсэн байх гэж бодож байна. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн арга зүйчээр томилж, гийн орон түр ажиллаж байсан ******* багшийг томилсон байгаа. Түүнээс биш би ямар нэгэн хууль бус зүйл хийж, худлаа үнэн цалин д өгөөгүй. нь цахимаар ажиллаж байх хугацаандаа цаг хугацаанд нь дээрээс ирсэн албан бичгийг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Энэ хугацааны ур чадварын нэмэгдэл гэх мөнгийг би 1 сарын цалин дээр бодож өгсөн. Харин 2025 оны 2, 3 дугаар сард ажиллаагүй тул ур чадварын нэмэгдэл өгөөгүй.

Гуравдугаарт: Аудитын хяналт шалгалтаар 814,000 төгрөг миний данс руу ороод, гарсан гэдэг зүйлийг хэлдэг. Уг мөнгийг би өөрийн давуу эрх олгож авсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Манай байгууллага 2023, 2024 онуудад аудитын хяналт шалгалтад орж байсан. Гэтэл ******* даргын гомдлоор дахин хяналт шалгалт оруулж байгаа юм. Хуульд зааснаар 1 жил өнгөрсөн тохиолдолд тухайн актын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан зүйл дээр дахин акт гаргаж, хүнийг яллаж, шийтгэх зорилгоор тушаал гаргасан учир би Төрийн албаны зөвлөл, яам зэрэг газруудад гомдол гаргасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс надад утсаар хариу мэдэгдсэн. Мэдэгдэхдээ та төрийн жинхэнэ албан хаагч биш учраас бид нар таны асуудлыг шийдэхгүй та шүүхээрээ асуудлаа шийдүүл гэдэг хариуг өгсөн.

Миний хувьд өнөөдрийг хүртэл төрийн байгууллагад 30 гаруй жил ажилласан. Өнөөдрийг хүртэл би ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж байсан. Өнөөдрийг хүртэл миний удирдаж байсан байгууллага үйл ажиллагаандаа үргэлж манлайлж байсан. Гэтэл хэн нэгэн хүний хувийн ашиг сонирхол болон улс төрийн өнцгөөс болж өнөөдрийг хүртэл ажилласан хөдөлмөрөө үнэгүйдүүлж ажлаас чөлөөлөгдсөндөө маш их гомдолтой байна гэв.

 

3.2 Хариуцагч *******гаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Ховд аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* миний бие нэхэмжлэгч *******ийг Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Төрийн албан тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, 48 дугаар зүйлийн 48.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, хөдөлмөрийн гэрээний 5.2.2 дахь заалт, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

******* төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албан тушаал буюу ТҮБД-5 шатлалын албан тушаал эрхэлдэг байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан бөгөөд 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. 123.5-д Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус зааж өгчээ.

Ховд аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хяналт, шалгалтын танилцуулгад Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023, 2024, 2025 оны 1 дүгээр сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт дараах зөрчлүүд илэрсэн.

1. 2024 оны 03 дугаар сарын 29-ний Б/14 дугаартай тушаалаар д сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд 2024 оны 12 дугаар сард 405,000 төгрөгийн үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалт,

Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 03 дугаар хавсралтын 2.7 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8 дахь заалтыг

2. Эрхлэгч ******* нь ажилчдын нэрсийн дунд өөрийн нэрийг оруулан тушаал гаргаж, эрх бүхий төсвийн захирагчаар тушаал шийдвэр гаргуулалгүй түлшний хөнгөлөлт, 2023 онд 500,000 төгрөг 2024 онд 750,000 төгрөг, унааны хөнгөлөлт 2023 онд 564,000 төгрөг, нийт 1,814,000 төгрөг авсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6.2 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13.6, 13.7 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болох хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг

3. 2024 оны 11 дүгээр сард нэр бүхий 14 багш, туслах багш нарт ур чадварын нэмэгдлийг 3 сайдын хамтарсан тушаалаас 5 хувь хэтрүүлэн 897,780 төгрөгийг олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. 13.6, 13.7 дахь заалт, Боловсрол шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн А/35А/10/9 тушаал, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8 дахь заалтыг

4. 2024 оны 11 дүгээр сард нэр бүхий 6 багш ажилтан гадаад явж, ажиллаагүй байхад ирцийн бүртгэлд ажилссанаар бүртгэж 2 хоногийн цалин 1,068,767 төгрөгийг бодсон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалт

5. Бүлгийн , , Н. нарт 2024 оны 11 сард олгосон түлшний хөнгөлөлт ажилсан сард ноогдуулж олголгүй 937,500 төгрөгийг илүү олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. 13.6, 13.7 дахь заалт

6. 2025 оны 1 дүгээр сарын 20-ноос *******д дотоод журмын дагуу чөлөө авч Улаанбаатар хот руу явсан боловч тушаал шийдвэр гаргуулаагүй байхад цалин бүтнээр тооцон, ур чадварын нэмэгдэл цалинг ажиллаагүй хүнд бодож 1,525,773 төгрөгийн цалин илүү олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтыг

7. //-ийн тоот данс руу 2 удаагийн 864,000 төгрөг ногооны үнэ хийгээд өөр хүнрүү шилжүүлэн авсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг тус тус зөрчсөн

2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний тавд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах үндэслэлийн 5.2-д ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасны дагуу "ноцтой зөрчил" гэх ойлголтод дараах зөрчлүүд хамаарна гээд 5.2.2-д мөнгө буюу бараа материал, техник хэрэгсэл, эд хөрөнгө хариуцаж байгаа ажилтан ажил олгогчийн итгэлийг алсдан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол ажлаас шууд чөлөөлөхөөр заасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчийн нэгдсэн бүртгэлийн 08-03 дугаартай өмгөөлөгч миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан эрх үүргийнхээ дагуу шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч Н.Оюунчимэгийн өмгөөлөгчөөр оролцож байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/31 дугаартай *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна.

Нэгдүгээрт: Уг тушаалыг гаргахдаа баримталсан хуулийн заалтууд *******т хамааралгүй. Өөрөөр хэлбэл Боловсролын тухай хуулийн 28.6, Төрийн албаны тухай хуулийн 39.1, 46.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 29.2, 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1, 80.1.4, 80.1.5 дахь заалтуудыг тус тус уг тушаалд баримталсан байдаг. Дээрх хуулийн заалтууд нь *******т хамааралгүй юм. Яагаад гэвэл ******* нь төрийн үйлчилгээний ажилтнаар цалинждаг бөгөөд хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа баримтлах ёсгүй заалтыг үндэслэлгүй баримталсан тул хариуцагчийн гаргасан нэгдүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтыг баримталсан байдаг. Уг заалтад тухайн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд уг заалтыг баримтлах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтыг яаж зөрчсөн эсэх нь тодорхойгүй байхад уг заалтыг маргаан бүхий тушаалд баримталсан нь үндэслэлгүй юм.

Гуравдугаарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д заалтыг баримталсан. Уг заалт нь Улсын дээд шүүхийн 2007 оны 33 дугаар тайлбар, тогтоолоор уг хуулийн заалт нь ажил олгогчийн итгэлийг алдах, мөнгө санхүүтэй холбоотой ажлыг эрхэлж байгаа эрх бүхий албан тушаалтай хамаарна. Өөрөөр хэлбэл бид нарын ойлголтоор тухайн байгууллагын нярав, нягтлан бодогч нарт хамаарах заалт. Гэтэл уг заалтыг Цэцэрлэгчийн эрхлэгчид хамааруулж, маргаан бүхий тушаалд баримталсан нь үндэслэлгүй юм.

Дөрөвдүгээрт: Нэхэмжлэгч нь түлээ, унааны хөнгөлөлтийг авсан гэх асуудлын тухайд: Түлшний тухайд тухайн байгууллагын дотоод журмын 1.3, Хамтын гэрээний 8.4, Байгууллагын дотоод журмын 4.8.6 дахь заалтуудаар багш, ажилчид, эрхлэгч нарт хамаарах хуулийн заалт байдаг. Уг түлш, унааны хөнгөлөлт нь байгууллагын дотоод журамдаа нэрлэгдэн заагдсан байх тул нэгэн адил хамаарна гэж үзэж байгаа учир хариуцагч нь үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Дээрх аудитын акттай холбогдуулан Сангийн яамд нэхэмжлэгч гомдол гаргасан ба уг гомдлыг хянасан 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/2559 тоот албан бичгээр 564,000 төгрөгийг хасаж тооцсон нөхцөл байдал байдаг. Үлдсэн хэсэг буюу түлшний хөнгөлөлт нь байгууллагын дотоод журамд зааснаар олгогдох ёстой байсан. Энэ нь зөрчил биш гэж миний хувьд гэж үзэж байгаа. Уг байгууллагад 2023, 2024 оны санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан аудитын дүгнэлт орсон байсан. Нэгэнт өмнө нь шалгалт орчихсон байхад дахин шалгалт хийж байгаа нь үндэслэлгүй байсан гэдгийг хэлмээр байна. Хариуцагч нь тухайн ажилтанд алдаа дутагдал гаргах үед зөвлөх зорилгоор биш, нэхэмжлэгчийг тухайн ажил, албан тушаалаа өг гэдэг байдлаар хандаж, дарамт шахалт үзүүлж байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харагдаж байна.

Тавдугаарт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* 2025 оны 01 дүгээр сарын 02,03-нийн өдрүүдэд ажилдаа ирсэн нь тогтоогдож байх бөгөөд тухайн үед 1 дүгээр цэцэрлэгт шинээр ажилд орсон жижүүр манаач нь цагийн бүртгэл хөтлөөгүй байдаг. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийг дуустал Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн хязгаарлалт тогтоосон захирамж гарсан байсан тул ******* нь цахим хэлбэрээр ажилласан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байдаг. Мөн ******* нь 2024 оны байгууллагын аварга ажилтан болсон тул 2025 онд чөлөө авсан нөхцөл байдлууд. Мөн ******* нь 2025 оны 01 дүгээр сард ажиллаж байх хугацаандаа буюу ажилласан сарын ур чадварын нэмэгдлийг авсан байдаг бөгөөд тус оны 02, 03 дугаар саруудын ур чадварын нэмэгдэл олгогдоогүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад. Хариуцагчийн зүгээс *******д 2025 оны 01, 02, 03 дугаар саруудын ур чадварын нэмэгдэл олгосон байна гэх үндэслэлгүй дүгнэлт хийж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Зургаадугаарт: Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарладаг боловч, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон зүйл байдаггүй. Хариуцагч нь анхнаасаа нэхэмжлэгчийг ажлаа сайн дураараа өг, өгөхгүй бол хална гэдэг нөхцөл байдлаар явж ирсэн гэж үзэж байна. Түүнээс биш нэхэмжлэгч ийм зөрчил гаргасан байна. Энэ зөрчлийг ийм хугацаанд засаж, залруул гэдэг байдлаар хандаж байгаагүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас харж үзэхэд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5 дахь заалтуудыг зөрчсөн нь нотлогдоогүй байхад *******ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байгаа тул Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэгч *******ийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3.4 Хариуцагчийн өмгөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Ховд аймгийн Боловсролын газрын өмгөөлөгчөөр оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5-д заасны дагуу маргаан бүхий тушаалыг гаргасан. Хавтаст хэрэг шинжлэн судлахад хөдөлмөрийн гэрээний 5.2.2-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах-аар заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан. Ховд аймгийн бүх сургууль, цэцэрлэг нь Ховд аймгийн Боловсролын газарт хамаарч байгаа. Ажилтан хөдөлмөрийн гэрээг Ховд аймгийн Боловсролын газартай гэрээ байгуулах бөгөөд ажилтныг ажлаас чөлөөлөх, эрх хэмжээ нь Ховд аймгийн Боловсролын газрын даргад байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч *******ийг Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/31 дугаартай тушаал гаргаж *******ийг ажлаас чөлөөлөхдөө 3 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг.

Нэгдүгээрт: Түлш, унааны хөнгөлөлтөнд нийт 1,814,000 төгрөгийг зарцуулсан байдаг. Энэ талаар Сангийн сайд руу гомдол гаргасан. Уг гомдолд 2024 оны 11 дүгээр сард олгосон түлшний хөнгөлөлт 750,000 төгрөг хасагдаагүй. Харин унааны хөнгөлөлтөд акт тогтоосон үнийн дүн хасагдсан.

Хоёрдугаарт: н.Баяндалгай гэх ажилтан 2025 оны 01 оны дүгээр сард бүтэн ажиллаагүй байтал. Тухайн ажилтны ур чадварын нэмэгдлийг 2025 оны 01, 02, 03 дугаар сараас тооцож олгосон байдаг.

Гуравдугаарт: 864,000 төгрөгийг ийн данс руу шилжүүлсэн гэх үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгч дурдлаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. Гэж заасан хуулийн хугацаанд хамарч байгаа юм. Нэхэмжлэгч нь тухайн унааны хөнгөлөлтийг 2024 оны 11 дүгээр сард авсан. Мөн ******* гэх хүнд олгосон цалингийн тухайд 2025 оны 01 дүгээр сард олгосон байдаг. Мөн нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа манай байгууллага хөдөлмөрийн дотоод журмаа шинэчилсэн гэж тайлбарлалаа. Тус хөдөлмөрийн дотоод журмын 9.1-д ажилтанд түр чөлөө олгох тухай, мөн журмын 9.2-т ажилтанд урт хугацааны чөлөө олгох тухай тус тус заасан.

Нэхэмжлэгч нь *******д чөлөө олгохдоо цалинтай 10 хүртэл хоногийг чөлөө олгоно гэсэн боловч, уг журамд тушаал, шийдвэргүйгээр ажилтанд 10 хүртэл хоногийг чөлөө олгох талаар зохицуулалт байхгүй байна. Мөн *******гийн бичгээр гаргасан хүсэлт дээр Би байгууллагын аварга ажилтан болсон тул эдлээгүй үлдсэн хоногт чөлөө олгож өгнө үү гэдэг байдлаар хүсэлт бичсэн байдаг. Түүнээс биш байгууллагын дотоод журамд заасан зохицуулалтаар чөлөөний хүсэлт бичээгүй байна. Нэхэмжлэгч нь *******д чөлөө олгохдоо заавал тушаал гарах ёстой байсан гэдгийг хэлмээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******д холбогдуулан Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийгнөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын тайлбар зэргийг үнэлээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3.Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар[1] Жаргалан сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч ******* нь Төрийн албаны хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулиудыг зөрчин өөртөө түлш, унааны хөнгөлөлтөд 1814000 төгрөг олгуулах тушаал гаргасан, өөрийн удирдан ажилладаг цэцэрлэгийн арга зүйч *******д 2025 оны 01 дүгээр сард бүрэн ажиллаагүй байхад нь цалинг бүтэн гаргаж, ур чадварын нэмэгдлийг 2025 оны 1, 2, 3 дугаар сарын үндсэн цалингаас тооцон олгосон, иргэн А.ийн тоот дансанд 2 удаагийн үйлдлээр 864000 төгрөгийг шилжүүлж өөрөө авсан зэргээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 35 дугаар дүгнэлтээр тогтоогдож ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

4.Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын хяналт, шалгалтын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35-02-08 дугаар танилцуулгаар[2] зөрчил дутагдал илэрсэн 9 зөрчилд акт тогтоож,зөрчлийг арилгуулахаар 4 зөрчилд зөвлөмж өгсөн бөгөөд Дотоод аудитын хороонд дараах саналыг уламжлахаар шийдвэрлэсэн байна.

Дотоод аудитын хороонд санал уламжлах нь:

Тус цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бологч нар нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай, төсвийн тухай хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байгаа тул хариуцлагын арга хэмжээ тооцуулах саналыг оруулахаар шийдвэрлэсэн байна.

5.Ховд аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023, 2024, 2025 оны 1 дүгээр сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж шалгалтаар илэрсэн зөрчилд дараах улсын байцаагчийн актуудыг тогтоожээ. /маргаан бүхий актын үндэслэлд хамаарах актыг бичив./

- 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35-02-79 дугаар Тушаал шийдвэргүй олгосон унааны хөнгөлөлт, түлээ нүүрсний үнэ төлүүлэх тухай актаар *******ээр нүүрсний хөнгөлөлт 2023 онд 500.000 төгрөг, 2024 оны 750,000 төгрөг, унааны хөнгөлөлтөд 2023 онд 564,000 төгрөг,нийт 1,814,000 төгрөг төлүүлэх[3]

- 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35-02-85 дугаар Илүү олгосон ур чадвар, цалин төлүүлэх тухай актаар 1,525,773 төгрөгийг арга зүйч *******гаар төлүүлэх[4]

- 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35-02-86 дугаар Зориулалт бус зарцуулсан мөнгөн хөрөнгийг төлүүлэх тухай актаар 864,000 төгрөгийг *******ээр төлүүлэх[5]-ээр тус тус акт тогтоосон.

6.Нэхэмжлэгч ******* нь дээрх 35-02-79, 35-02-85 дугаар бүхий актуудыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасан ба Монгол улсын Сангийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/2559 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр[6] гомдолд дурьдсан улсын байцаагчийн актыг хянаад 35-02-79 дугаартай төлбөрийн актаас унааны хөнгөлөлт 564,000 төгрөгийн төлбөрийг хассан өөрчлөлт оруулж, 35-02-85 дугаартай төлбөрийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

7.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг бүрэн тогтоох, холбогдох нотлох баримтыг цуглуулж, баримтжуулах үүрэгтэй.

8.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүд бүрэн тогтоогдсон, улсын байцаагчийн актууд хүчин төгөлдөр болсон нөхцөлд хариуцагчийн зүгээс хуульд заасан арга хэмжээг ногдуулах ёстой.

9.Гэвч хариуцагч нь маргаан бүхий актын үндэслэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй Сангийн сайдад гомдол гаргасан байх хугацаанд нэхэмжлэгчийг дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь 35-02-79 актын хэвээр үлдээсэн хэсэг, 35-02-85 дугаар акттай нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй, уг актууд хүчин төгөлдөр болсон.

11.Мөн 35-02-86 дугаар Зориулалт бус зарцуулсан мөнгөн хөрөнгийг төлүүлэх тухай акттай холбогдуулан эрх бүхий байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж маргаагүй, уг акт хүчин төгөлдөр болсон байна.

12.Дээрх улсын байцаагчийн актууд нь нэгэнт хүчин төгөлдөр болсон тул шүүхээс актын үндэслэлд дүгнэлт өгөх үндэслэлгүй юм.

13.Харин 35-02-85 дугаар Илүү олгосон ур чадвар, цалин төлүүлэх тухай актаар 1,525,773 төгрөгийг арга зүйч *******гаар төлүүлэх актыг *******г 2025 оны 01 дүгээр сарын 20-ноос дотоод журмын дагуучөлөө авч Улаанбаатар хот руу явсан боловч тушаал шийдвэр гаргуулаагүй байхад цалинг бүтнээр тооцон, ур чадварын нэмэгдэл цалинг ажиллаагүй хүнд бодож олгосон гэх зөрчилд буюу 2025 оны 01 дүгээр сард гарсан санхүүгийн зөрчилд тогтоосон бөгөөд хариуцагч нь улсын байцаагчийн актын үндэслэлд хамааралгүй *******д 2025 оны 2, 3 дугаар улирлын ур чадварын нэмэгдлийг ажиллаагүй байхад бодож олгосон гэх зөрчил нь тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

14.Учир нь маргаан бүхий акт 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гарсан ба 2 дугаар сард ******* нь ажлаас 4 сарын хугацаагаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан[7], энэ дагуу цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар[8] 4 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон байх ба 2, 3 дугаар саруудад *******д ур чадварын нэмэгдэл олгогдоогүй болох нь*******н цалингийн карт[9], гэрч Д.Цогзолын ...*******д эрхлэгчийн тушаалаар 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж чөлөө олгосон. 2025 оны 02, 03 дугаар сард ******* нь ажиллаагүй тул ур чадварын нэмэгдэл олгоогүй... гэх мэдүүлэг[10], гэрч *******н ... 01 сард ур чадварын нэмэгдэл авсан, 2, 3 дугаар саруудад чөлөөтэй байсан тул ур чадварын нэмэгдэл аваагүй... гэх мэдүүлэг[11] зэргээр тогтоогдож байна.

15.Хэдийгээр нэхэмжлэгчийн зарим санхүүгийн зөрчил гаргасан болох нь улсын байцаагчийн актуудаар тогтоогдох боловч хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлахад хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой.

16.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

17.Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт зааснаар төсвийн шууд захирагч учраас энэхүү санхүүтэй холбоотой зөрчил гаргасан гэх маргааны үйл баримтад хэрэглэх нарийвчилсан зохицуулалттай хууль нь Төсвийн тухай хууль юм.

18.Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх нарийвчилсан хуваарь, төсвийн дэлгэрэнгүй хуваарилалт, төсвийн зарцуулалт болон бүрдүүлэлтэд тавих хяналтыг төсвийн сар, улирлын батлагдсан хуваарийн дагуу хэрэгжүүлнэ гэж зааснаар төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж, гүйцэтгэлийг шалгах, мэдээ тайлан гаргах тусдаа хугацаатай тул төсвийн зөрчилтэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр тооцохоор байна.

19.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна. Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр гаргах тохиолдолд цахим гарын үсэг хэрэглэж баталгаажуулна, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Төсвийн байгууллага нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайланг тайлагнаж, тушаана, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэхээр байна.

20.Дээрхээс үзвэл төсвийн зөрчилтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулж, гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцснаар санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэхээр заасан тул дараа оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцно.

21.Иймд нэхэмжлэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 25, 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд А.ийн данс руу 2 удаагийн 864,000 төгрөгийн ногооны үнэ хийгээд өөр хүн рүү шилжүүлэн авсан, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар 2 тонн нүүрсний хөнгөлөлт 500,000 төгрөголгохоор өөртөө тушаал гаргасан гэх зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр дуусч байх тул уг зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхгүй.

22.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаар тушаалын үндэслэл болсон зөрчлүүдээс ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 25, 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд А.ийн данс руу 2 удаагийн 864,000 төгрөгийн ногооны хийгээд өөр хүн рүү шилжүүлэн авсан, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар 2 тонн нүүрсний хөнгөлөлт 500,000 төгрөг олгохоор өөртөө тушаал гаргасан гэх гэх зөрчил нотлогдсон гэж үзэх ч уг зөрчил үйлдэгдсэн 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс тооцож үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, *******д 2, 3 дугаар сард ур чадварын нэмэгдэл олгосон гэх зөрчил тогтоогдоогүй, унааны хөнгөлөлт 564,000 төгрөгийг олгосон нь хууль зөрчөөгүй гэж Монгол Улсын Сангийн сайд актад тус төлбөрийг хасч өөрчлөлт оруулсан байх тул дээрх зөрчлүүдэд хариуцлага тооцох үндэслэлгүй байна.

23.Харин *******ийн 2024 онд өөрт тушаал гаргаж түлшний хөнгөлөлтөд 750,000 төгрөг авсныг *******ээр төлүүлэхээр, *******д 1 сарын 20-ны өдрөөс хойш ажиллаагүй байхад цалинг, ур чадварын нэмэгдлийн хамт олгосон гэх зөрчлийг 1525773 төгрөгийг *******гаар төлүүлэхээр акт тогтоогдсон зөрчлийг хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэн цуцлах нь үндэслэлгүй байна.

24.Маргаан бүхий энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэх ба хуулийн 80.1.5-д заасан ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл хамааралгүй, цэцэрлэгийн эрхлэгчийг мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

25.Ийнхүү маргаан бүхий тушаалд заасан зарим зөрчлүүд нотлогдоогүй, нотлогдсон зөрчил нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ноцтой зөрчил гэж үзэхээргүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох ба уг тушаалыг хүчингүй болгож *******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

26.Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа

-Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсэг болон Хөдөлмөрийн гэрээний 5.2.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулах ба хариуцагчаас санхүү, төсөвтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгчийг буруутгасан атлаа тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан Төсвийн тухай хуулийг хэрэглээгүй, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь маргаан бүхий тушаалын үндэслэлтэй нийцэхгүй байна.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих этгээд, 28.1.Энэ хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад дараах байгууллага хяналт тавина, 28.1.1.нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаарх Авлигатай тэмцэх газар, 28.1.2.энэ хуулийн 28.1.1-д зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар29.2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ, 29.2.4.энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах гэжээ.

27.Дээрхээс үзвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг Авлигатай тэмцэх газраас шалган тогтоох эрхтэй байх ба санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч болон хариуцагчийн зүгээс энэхүү хуульд заасан зөрчлийг шалган тогтоох эрхгүй, энэ талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон баримт байхгүй байна.

28.Цаг хугацааны хувьд маргаан бүхий акт гарсны дараа гарсан боловч Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоолоор[12] прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5/195 дугаар прокурорын тогтоолоор[13] ...өөрийн удирдан ажилладаг цэцэрлэгийн арга зүйч *******д 2025 оны 01 дүгээр сард бүрэн ажиллаагүй байхад нь цалинг бүтэн гаргаж, ур чадварын нэмэгдлийг 1,525,773 төгрөгийн илүү цалин олгосон, А.ийн тоот дансанд 2 удаагийн үйлдлээр 864000 төгрөгийг шилжүүлж өөр хүн рүү авсан ... гэх зөрчлийг ашиг сонирхлын шинжтэй байх магадлалтай гэж үзэн *******ийг Авилгатай тэмцэх газар болон Цагдаагийн газарт шалгуулахаар баталснаас харахад *******ийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн эсэхийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шийдвэрлэсэн, тухайн зөрчлийг гаргасан эсэхийг шалган тогтоох ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байгаа гэж үзэхээр байна.

29.Нэгэнт нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас Жаргалан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаас хууль бусаар чөлөөлөгдөж улмаар цалин, хөлс авах эрхээр хохирсон нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан  хугацаа 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

30.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 103.3.7 106.3.12, 107 дахь зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ийг Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчиддаалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] хх-125 дахь тал

[2] хх1-141-146 дахь тал

[3] хх-ийн 150 дахь тал

[4] хх-ийн 170 дахь тал

[5] хх-ийн 172 дахь тал

[6] хх-194-195 дахь тал

[7] хх1-ийн 70 дахь тал

[8] хх1-ийн 71 дэх тал

[9] хх2-ын 1 дэх тал

[10] хх2-ын 8 дахь тал

[11] хх2-ын 23 дахь тал

[12] хх1-ийн 203 дахь тал

[13] хх1-ийн 121-124 дэх тал