Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/132

 

 

 

 

      2024           01            24                                           2024/ДШМ/132

 

С.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч И.Ганбат, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/711 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Бд холбогдох 2310000000764 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Жаал овгийн С.Б, 2002 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн 402 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 40а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УВ02241411/,

С.Б нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт- Ухаагийн 23 дугаар гудамжны 2 тоотод 2023 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн орчим хамтран амьдрагч Э.Хг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдан зодож, “2 тал бөмбөлөгийн зулай, чамархай, дагз, дух, бага тархи хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, 2 талын хажуу болон 3, 4 дүгээр ховдолд цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж, түүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жаал овогт С.Быг Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар С.Бд 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар С.Бын цагдан хоригдсон нийт 154 /нэг зуун тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эдийн бус гэм хорын хохиролд тооцон С.Баас 151.250.000 /нэг зуун тавин нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 23/2 тоотод оршин суух, /РД:ШЕ79092006/, Их шавийнхан овгийн Т.Од олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн ашиглаж байсан /эвдэрсэн/ ай фоне 6 загварын гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, шүүгдэгчийн ашиглаж байсан самсунг галакси жей 4 плас гар утас 1 ширхэгийг шүүгдэгчид тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, энэ хэрэгт С.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэх үйлдлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “...Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. ...” гэж тодруулан хуульчилжээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргах учиртай.

Хавтас хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Цэрэнбат, цагдаагийн ахмад Г.Саранхүү, хошууч Ж.Чинзориг нар мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Оийг хохирогчоор /1 хх-ийн 39, 40, 43-44/, Р.Хүрэлбаатарыг /1 хх-ийн 56, 57/, Б.Гантуяаг /1 хх-ийн 60-61/, Б.Хоролмааг /1 хх-ийн 64-67/, П.Сарангэрэлийг /1 хх-ийн 69-70/, В.Сумхүүг /1 хх-ийн 72/, Э.Цогтбилэгийг /1 хх-ийн 79-80/, М.Мөнх-Эрдэнийг /1 хх-ийн 83-84/, Ө.Отгонбаярыг /1 хх-ийн 80/ тус тус гэрчээр байцаасан тэмдэглэл авагджээ.

Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нар нь шүүгдэгч С.Б болоод амь хохирогч Э.Х нарын гэр бүлийн гишүүд болон найз нөхдийн харилцаатай тэдний хувийн байдал болон хамт амьдарч байх хугацаанд ямар харилцаатай байсан талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж дүгнэвэл шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг үйлдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд гэрч Ж.Мөнхнамжилын “...талийгаач өмнө нь шүүгдэгчид зодуулж байсан талаараа надад хэлж байсан. ...” гэх мэдүүлэг мөрдөн шалгах ажиллгааны явцад өгдөг боловч энэ нь Эрүүгийн хуульд заасан байнга гэх шинжийг хангасан гэж үзэхээргүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх боловч түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, зүйлчлэл тохироогүй гэж үзнэ.

Учир нь, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг” нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодид нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах байдлаар байнгын шинжтэй идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт хууль бус үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг ойлгодог ба хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч Э.Х өмнө нь гэр бүлийн хүчирхийллээр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсан талаар болон байнгын шинжтэй гэр бүлийн аливаа хэлбэрийн хүчирхийлэд өртөж байсан нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Улсын Дээд шүүх 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаартай тогтоолоор "...гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцаа бегеед дээрх харилцааны явцад хүний амь насыг санаатай хөнөөсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилнэ. ...” гэж тайлбарлажээ.

Дээрх байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Бын нэг удаагийн зодох үйлдлийн улмаас хохирогч Э.Хг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Быг хүнийг санаатай алах гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулсан эрүүгийн харуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

2. Гэм хорын хохирол тооцож шийдвэрлэсэн талаар:

Анхан шатны шүүх “...талийгаач Э.Хгийн 3 настай хүү Б.Тэмүгэ нь амь хохирогчийн төрсөн эх буюу хууль ёсны төлөелөгч Т.Оийн асрамжид үлдсэн нөхцөл байдал хэргийн баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэл журмын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрх бүхий этгээд байна. ...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5-д зааснаар хохирогч Э.Хгийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 151.250.000 төгрөг гэж тооцож, уг нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Од нөхөн төлүүлэхээр ...” шийдвэрлэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь, Улсын Дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлд /Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлал/-ийн 3.2 /Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно./,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл /Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ/-ийн 40.1-т /Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арав дугаар бүлэг “Хүний амьд явах эрхийн эсрэг”/, ...,-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана./ гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...Шүүх шинжилгээний байгууллага эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ...болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор 

уршгийн зэрэглэлийг тогтооход энэ хууль үйлчилнэ. ...” гэж тухайн хуулийн үйлчлэх хүрээ хязгаарыг хууль тогтоочоос хуульчилсан.

Нөгөөтээгүүр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамын 2.1-д “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"- ээр (цаашид "хүснэгт" гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ:”,

2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах);

2.1.2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (Хулгайлах);

2.1.3.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл (Залилах);

2.1.4.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл (Мал хулгайлах);

2.1.5.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих).

2.2.Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмтхэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалт болон журмаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүний амьд явахын эсрэг” гэмт хэргийн хохирогч тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд хор уршиг учирсан байдлыг гагцхүү Шүүх шинжилгээний байгууллага нь тогтоохоор тусгажээ.

Гэтэл шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн 231000000764 дугаартай хэрэгт амь хохирогч Э.Хгийн хууль ёсны төлөөлегч Т.О болоод бусад гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт авагдаагүй байхад анхан шатны шүүх сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 151.250.000 төгрөг гэж тооцож, уг нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Од олгохоор шийдвэрлэсэн дээрх хуулийн заалт болон холбогдох салбарын сайд нарын тушаалыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Шүүх шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан Хүний амьд явахын эсрэг гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оийн сэтгэцэд хор уршиг учирсан байдлыг тогтоогоогүй байхад сэтгэцийн хор уршиг учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн Улсын Дээд шүүх “сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.”, “сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.” гэж тайлбарласан.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд дээрх байдлуудад давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлт хийж Хан-Уул дүүргийн Эрүүгиин хэргиин анхан шатны шүүхиин 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/711 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оийн өмгөөлөгч Б.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон амь хохирогч нар нь 2 жил гаруй хугацаанд хамт амьдарч байсан бөгөөд хоёр талын ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Амь хохирогчийн 3 настай хүүхэд шүүгдэгчийг “ааваа” гэж дууддаг байсан. Цааши хамт амьдрах нь хүртэл тодорхой байсан ба жирэмсэн болж, 2 ихэр хүүхэд тээж байгаад харамсалтай явдлаар хүүхдээ алдсан байдаг. Эдгээр нөхцөл байдлууд харгалзан үзнэ үү. Байнгын шинжтэй асуудлын хувьд хүний амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нөхөн олговор авах тухай болон хохирол төлбөр нэхэмжлэхээр мөрдөн шалгах ажиллагаа явц болон шүүхийн шатанд ч гаргаагүй. Харин шүүх хуульд заасны дагуу сэтгэл санааны хохирлын асуудлыг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд улсын яллагч 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар ялын санал гаргасан бөгөөд шүүх 16 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмчгөөлөгчтэйгөө санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Хэргийн зүйлчлэлийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь хэргийн оролцогч болон нотлох баримтуудаар тогтоогддог. Амь хохирогч болон шүүгдэгч нар 2022 оны зун танилцсан бөгөөд 9, 10 сараас эхлэн нэг гэрт хамт амьдарч эхэлсэн байдаг. Үүнийг эцэг, эх болон ар гэрийнхэн, найзууд нь нотолж мэдүүлсэн. Хамтарч амьдарч байх хугацаандаа шүүгдэгчийн өвөг эцгийнх нь байшинд амьдарч байгаад амь хохирогчийн эцэг, эхийн хажуу талын байшинд амьдарч байсан. Эхнэр, нөхрийн байр суурьнаас хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан. Хамтран амьдрагч гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1, 3.2-т тодорхой заасан байдаг. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэвэл С.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч болон амь хохирогч нар нь урьд нь таарамжгүй харилцаатай байсан гэдгээ амь хохирогч нь амьд байхдаа бусдад хэлсэн байдаг. Дотны найздаа “Билэгтжаргал намайг цохьсон” гээд гар утсан дээр авсан зургаа үзүүлсэн байдаг. Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бол нөхөж баршгүй хор уршиг юм. Энэ хор уршгийн үр дагавар буюу амь хохирогчийн ар гэрт учирсан хор уршгийн асуудал шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг гаргуулахаар заасан шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байх бөгөөд эмэгтэй хүний дундаж наслалтыг тогтоосон эрх зүйн баримт бичигт хүчинтэй үйлчилж байгаа ба амь хохирогч тухайн үед 21 настай байсан, дундаж наслалт тухайн ондоо 76 хувиар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

С.Б нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт- Ухаагийн 23 дугаар гудамжны 2 тоотод 2023 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн орчим хамтран амьдрагч Э.Хг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдан зодож, “2 тал бөмбөлөгийн зулай, чамархай, дагз, дух, бага тархи хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, 2 талын хажуу болон 3, 4 дүгээр ховдолд цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж, түүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оийн “...Билэгтжаргал Хулан хоёр 2022 оны зунаас танилцаж манайхаар ирж хонож өнждөг байсан. Би охиноо 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр харсан. Тухайн үед биед нь ямар нэгэн өөрчлөлт байхгүй байсан. ...” /1хх 39, 40, 43-44/,

гэрч Ж.Мөнхнамжилын “...Би талийгаачтай найзын харилцаатай, эхний мэдүүлэгт би цаг гаран унтаад өөрөө цоо эрүүл биш байсан. Цагдаад мэдүүлэг өгөхдөө цохисон талаар нь хэлээгүй байсан. Дараа нь болсон асуудлын талаар нухацтай бодоход Билэгтжаргал нь найзыг маань цохиод байсныг санасан. Анх цагдаагийн байгууллагад би дуудлага өгөхдөө манай найз эхнэрээ зодоод байна гэж өгсөн. Цаг харахад 03 цаг өнгөрч байсан. Бид гурав 1 шил 0.75 граммтай архи уусан. Дахиад пиво ууна гээд дэлгуур явж 2 том пиво авсан. Тухайн үед Хуланг Билэгтжаргал “хайраа сэрээрэй” гээд хиймэл амьсгаа хийгээд дээгүүр нь өмссөн байсан хар өнгийн цамцыг тайлсан боловч эргээд сэрээгүй. Тэгээд хажууд нь Билэгтжаргал унтаад өгсөн. Цагдаа гэрт нь ирээд ”хүзүүгээ яасан бэ” гэж асуухад нь толинд харахад шимсэн ул мөр байсан. Тухайн уед би нам унтсан байсан болохоор мэдээгүй, тэрнээс болж хоорондоо маргаан үүсгэсэн байх гэж бодсон. Тухайн өдөр Билэгтжаргал Хулантай харьцаж байгаа нь ширүүн байсан. Урьд нь Хуланг Билэгтжаргал “нүүрийг нь тэгширтэл зодсон” гэж Хулан ярьж байсан. Мөн Өнөрбаяр нь “Билэгтжаргал Хуланг сургууль дээр байхад нь элэг руу нь аймаар өшиглөсөн” гэж байсан. ...” /1хх 48, 49, 50-51, 52-53/,

 гэрч Р.Хүрэлбаатарын “...Миний анзаарч байхад хааяа нэг архи, согтууруулах ундааны зүйл хоёулаа хэрэглэсэн харгадаж байсан. Тэгээд хажуугийн байшин руу орох гэж байгаад нойл руу харахад нөгөө эмэгтэй нь нойл дотроо, Хулан өөдөөс нь явган суусан байдалтай юм яриад байж байсан. Тэгээд гэртээ ороод 23 цаг өнгөрөөгөөд унтсан. ...” /1хх 56-57/,

гэрч Д.Мөрөнгийн “...Билэгтжаргал Хуланг “хоол хийсэнгүй” гэх шалтгаанаар уурлаж 2023 оны 02 дугаар сарын дундуур юм арчдаг алчуураар толгой хэсэгт нь 2 удаа цохиод зүүн хөлөөрөө Хулангийн зүүн гуя хэсэгт 1 удаа өшиглөж байсан. Тэгээд хэрүүл хийгээд “чи муу зайлаараа” гэж хэлж байсан. ...” /1хх 86/,

гэрч Б.Гантуяагийн “...2023 оны 3 дугаар сарын үед Хулангийн нүд нь хөхөрсөн, бие нь гэмтсэн байсан ба асуухад “хуучин нөхрийнхөө найзуудтай ууж байгаа зодуулсан” гэж хэлсэн. Билэгтжаргалыг зодсон, гар хүрсэн гэж хэлсэн. Билэгтжаргал архи дааж чаддаггүй, жоохон уугаад ухаан мэдрэлээ алддаг юм байна. Хулан ч тэгэж хэлсэн. ...” /1хх 60-61/,

С.Бын яллагдагчаар өгсөн “...Хулан бид хоёр 2022 оны 09 дүгээр сараас Хулангийн гэрт хамтран амьдарч байсан. Харанхуй болсон байхад Мөнхнамжил 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи, чипс, ундаа, печень авч манай гэрт ирсэн. Менхнамжил манай гэрт хоол унд идээд, авч ирсэн архийг Хулан, Менхнамжил бид З хувааж ууж байхад гаднаас хадам аав Хурэлбаатар орж ирээд гэрт хоол идчихээд, бага хүүхдээ аваад гэртээ орсон. Тэгээд Хулан, Мөнхнамжил хоёр гарч яваад 2 ширхэг том 2.5 литрийн пиво авч ирсэн. Эхний нэг пивыг бид гурав хувааж уугаад дууссан юм. Тэгээд бид гурав нэлээд согтсон байсан бөгөөд Хулан, Мөнхжнамжил хоёр гадаа гарч бие засахаар гарсан. Тэр хоёрыг гарсан байхад би хүүхдийнхээ хажуугаар ороод том өрөөнд хэвтсэн. Нэг сэрээд харахад тэр хоёр гэрийн хаалгаар орж ирж байсан. Тэр хоёр хойд өреенд ороод Хулан уусан архины шил, пивоны сав хоёрыг аваад гадагшаа гарч байсан. Хуланг гарснаас хойш би буцаад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд Цагдаагийн байгууллагад сэрсэн. Би хүүхэд уйлж байсан талаар мэдэхгүй байна. Мөнхнамжил хойд өрөөнд буйдан дээр хар өнгийн биеийн тамирын хар өмд, будэг ягаан өнгийн цамцтай хэвтэж байсан санагдаж байна. Тухайн өдөр эрүүл, архи уугаагуй байхад миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагуй. Тэр өдөр үүссэн байх, өглөө намайг ухаан ороод сэрэхэд миний шилэн хүзүүний арьн хэсэг, уруул, баруун шанаа, баруун гарын булчингийн дотор хэсэг, баруун гарын ядам хурууны өндөг хэсэгт шарх үүссэн байсан. Бид хоёр бол маргалдаж байсан. Харин түүнийг цохиж, зодож байсан зүйл байгаагүй. Бид хоёрын маргалдах шалгаан нь Хулангийн хуучин нөхөр нь шөнө, орой утсаар яриад байдаг байсан бөгөөд тэрнээс болоод маргалддаг байсан. ...” /1хх 200-201, 204-205, 2хх 21/  гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын “...Амь хохирогч Э.Хгийн цогцост 2 тал бөмбөлгийн зулай, чамархай,дагз, дух, бага тархи хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, 2 талын хажуу болон 3,4-р ховдолд цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, өшиглөгдөх, боох, унах үед, гэмтэл авсан тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь амьд ахуйд үүссэн шинэ гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдоно, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Амь хохирогчид зүрхний булчингийн сорвижил, элэгний хөнгөн зэргийн өөхлөлт архаг өвчин тогтоогдлоо. Үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч нь 2023.05.28-ны өдрийн 06.50 цагийн байдлаар нас бараад 4-5 цаг болсон байжээ. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1494 дугаартай /1хх 101-109/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын “...Билэгтжаргалын биед доод уруул, баруун шанаа, баруун бугалганд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зэаснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7015 дугаартай /1хх 114-115/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын “...Ж.Мөнхнамжилийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ж.Мөнхнамжил нь шулуун гэдэсний амсар, үтрээний үүдэвч бэлэг эрхтэн, хярзанд гэмтлийн өөрчлөлтгүй байна. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 6995 дугаартай /1хх 120-121/,

Шүүх сэтгэц судлалын “...С.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай. С.Б нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай. Хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 530 дугаартай дүгнэлтүүд /1хх 120-121/,

дуудлага лавлагааны хуудас /1хх 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 2-8/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-11/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-19/, С.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-23/, Ж.Мөнхнамжилын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26-27/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 30-34/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 35/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 36/, хохирол төлсөн баримт /2х 93-95/, амь хохирогчийн хүүхдийн төрсний гэрчилгээ /2хх 96/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 16 /арван зургаа/ хугацаагаар хорих  ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Л.Батжаргал “...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, хамтран амьдрагч байгаагүй, Эрүүгийн хуульд заасан байнга гэх шинжийг хангаагүй, сэтгэцэд хор уршиг учирсан байдлыг тогтоогоогүй байхад сэтгэцийн хор уршиг учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд. ...” гэж , мөн хуулийн 3.2 дугаар зүйлд “...Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна. ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл амь хохирогч болон шүүгдэгч нар хамтран амьдарч байсан бөгөөд энэ талаар амь хохирогч, шүүгдэгч, гэрч нар тодорхой мэдүүлсэн байна.

Мөн шүүгдэгч С.Б нь амь хохирогч Э.Хг зодсон үйлдэл нь байнгын шинжийг хангаж байгаа бөгөөд энэ талаар амь хохирогч болон гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтуудтай тохирсон гэж үзэхээр байна.

            Түүнчлэн, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. ...” гэж хуульчилсаны дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Баас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Од гэм хорын хохиролд 151.250.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байх бөгөөд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах заалтад хамаарахгүйгээр хуульчилсан заалт учраас хуульд нийцсэн гэж үзэв.  

Хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хохирол, хор уршиг зэрэг түүнд оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нь тохирсон байх тул хорих ялыг хөнгөрүүлэх эсхүл зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх амь хохирогч Э.Хгийн насанд хүрээгүй хүүхэд болох Олгон овгийн Батжаргалын Тэмүгэ /РД:УН20251697/-д хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг оршин суугаа дүүргийн Засаг даргад даалгаагүй орхигдуулсан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ. ...” гэж хуульчилсаны дагуу шийтгэх тогтоолд дээр асуудлаар нэмэлт заалт оруулж, мөн шүүдэгч С.Б нь 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 156 хоног цагдан хоригдсон байтал анхан шатны түүний цагдан хоригдсон хоногийг “154 хоног” гэж ташаа бичсэнийг зөвтгөн дүгнэж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 85 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/711 дугаартай шийтгэх тогтоолд “...амь хохирогч Э.Хгийн насанд хүрээгүй хүүхэд болох Олгон овгийн Батжаргалын Тэмүгэ /РД:УН20251697/-д хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар С.Бын цагдан хоригдсон нийт 154 /нэг зуун тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар С.Бын цагдан хоригдсон нийт 156 /нэг зуун тавин зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 85 /наян тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ