Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 201/МА2021/00019

 

Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Б.Бд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 138/ШШ2021/00304 дүгээр шийдвэртэй, Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох байгаль орчинд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 06 сарын 07ы өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Алтай, хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нямдэлэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, Аялал жуучлалын газраас Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мардай гэх газраас 2000мэлс олборлож байгаль орчин, экологид хохирол учирсан байна. Дээрх гомдол мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас шалгаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, прокурорын хяналтанд ирүүлснийг орлогч прокурор Б.Арсланбаатар хянаж, иргэн Б.Б нь сумын Засаг даргын албан үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.2.4, 11.2.5 дахь хэсэгт заасныг зөрчин 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөлгүй Т СХХК-тай элс олборлох гэрээ байгуулж олборлосны улмаас байгаль орчин экологид 30 000 000 төгрөгийн хохирол учруулсан... Гэвч уг элс олборлолтын улмаас нийт 30 000 000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан байх тул дээрх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу Б.Б-нбуруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг хуулийн дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх арга хэмжээ авч туслалцаа үзүүлнэ үү гэх тухай хүсэлт ирүүлжээ.

Б.Б-нбуруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэг бүртгэлтийн 192100308 дугаартай хэргийг шалгасан материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ба дээрх нөхцөл байдлын улмаас Төрийн ашиг сонирхол зөрчигдөж байх тул тус аймгийн Прокурорын газраас хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

Б.Б-нхувьд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.2.4, 11.2.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь Т СХХК-тай гэрээ байгуулсан нь үнэн боловч Б.Б элс олборлоогүй, Т СХХК элс олборлосон. Энэ олборлосон үйлдэлдээ Т СХХК Зөрчлийн тухай хуулиар 2 000 000 төгрөгөөр торгуулсан. Байгаль орчны мэргэжилтэн Оюунтуул нь хэрэг бүртгэлтийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө Т СХХК нь Засаг даргад өргөдөл гаргасан, элс олборлох хүсэлтийн дагуу элс хайргыг олборлосон гэж ярьдаг. Нэхэмжлэлд хавсаргасан 192100308 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс дээрх байдал тогтоогддог. Үүнээс үзэхэд яагаад Т СХХК хариуцах байтал Б.Б хариуцаж байгаа юм бэ гэдэг. Хэрэгт хавсаргаж өгсөн гэрчийн мэдүүлэг, мөн хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Т СХХК-ийн захирлаас гэрчийн мэдүүлэг авсан. Энэ мэдүүлгээр хэрвээ Засаг дарга гэрээ байгуулаагүй байсан бол манай компани элс, хайрга олборлохгүй байсан гэж ярьдаг. Т СХХК нь тусгай зөвшөөрөл байхгүй, гэрээ байгуулъя гэсэн хүсэлтийн дагуу болно, бүтнэ 2 000 000 төгрөгийн төлбөрийг төлөөд л гэрээгээ байгуулна гээд байгуулсан. Тэгээд энэ гэрээний дагуу олборлох үйл ажиллагааг явуулсан гээд байдаг. Үүнээс улбаалаад байгаль орчинд учирсан хохирлыг Б.Б хариуцах ёстой. Засаг дарга гэрээ байгуулаагүй байсан бол тусгай зөвшөөрөлгүй компани байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учруулахгүй байх байсан юм.

Т СХХК Зөрчлийн тухай хуулиар 2 000 000 төгрөгөөр торгуулсан. Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар зөрчлийн хор хохирлыг арилгах ёстой. Мөн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас, шийтгэлийн төлбөрийг төлсөн гээд байгаа баримтууд дээр гаргасан зөрчилд нь улсын байцаагч хуульд заасан 2 000 000 төгрөгийн торгуулийг оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д учруулсан хор, хохирлыг гаргуулах талаар үндэслэлтэй заалтууд байна. Энэ заалтуудыг орхигдуулсан. Иймд прокуророос энэ хохирлыг, нөгөө талаас Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-тэй холбоотой хохирол, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үүссэн. Дээрх баримтуудыг үндэслээд гэм буруутай этгээд нь Баяртогтохын Б гэж үзэж байна. Иймд Баяртогтохын Бас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан байгаль орчинд учруулсан хохирол болох 30 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ба, 30 000 000 төгрөгийн хохирол нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байна гэдэг асуудлаар Б.Б болон бусад оролцогчдын зүгээс хэрэг бүртгэлтийн хэрэгт ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй, 2020 онд энэ хэрэг хаагдсан юм. Тийм учраас шинжээчийн дүгнэлт дээр маргахгүй байна гэж ойлгосон. Хариуцагчийн төлөөлөгч ч бас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ талаар хүсэлт гаргаагүй.

Иймд Б.Баттулгыг нь жинхэнэ хариуцагч мөн гэж үзэж байгаа учир Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-нбайгаль орчинд учруулсан гэм хорын хохирол болох 30 000 000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Б-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Прокурорын газраас гаргасан “Гэм хорын хохиролд 30 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад Баяртогтохын Б нь 2018 оны 7 сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөлгүй Т СХХК-тай элс олборлох гэрээ байгуулж олборлосны улмаас байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа. Шаардах эрхийн үндэслэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хэн хэндээ байж болох юм. Энэ хэм хэмжээ, урьдчилсан нөхцөл нь яг энэ хэрэг дээр авч үзвэл хууль бус үйлдэл, эс үйлдэхүй Б.Бд байна уу үгүй юу, мөн байгаль экологид ямар хохирол учирсан юм бэ гэдгийг тогтоох ёстой. Б.Б нь Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мардай гэх газраас 2000м3 хэмжээтэй элс олборлож, байгаль экологид хохирол учруулсан асуудал байхгүй. Тус газраас Т СХХК нь 2000м3 хэмжээтэй элс олборлосон гэдэг. Элс хайрга олборлож түүнээс 30 000 000 төгрөгийн хохирол учирсан гээд байдаг. Учирсан хохирол болон Б.Б-нямар нэгэн үйлдэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоо байх ёстой. Хууль бус үйлдэл нь юу юм бэ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэнчлэн Т СХХК элс, хайрга ухаж олборлон түүний улмаас 30 000 000 төгрөгийн хохирол учирсан гэсэн. Гэтэл Б.Б-нүйлдэл нь зөвхөн гэрээ баталсан үйлдэл юм. Ингээд гэрээг баталсан үйлдэл нь хууль бус юм уу гэдгийг Цагдаагийн байгууллага шалгасан. Шалгаад гэмт хэргийн шинжтэй зүйл байхгүй гэж шийдсэн. Харин Т СХХК тусгай зөвшөөрөлгүйгээр 2000 м3 элс олборлож, бусад этгээдэд худалдаж ашиг олсон асуудал байгаа юм. Үүнийг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, зөрчлийн хэрэг үүсгээд, зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн. Үүнд Т СХХК ямар нэгэн гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болоод хэрэгжээд явсан байдаг. Тэгээд гэрээ байгуулснаас шууд хохирол учраад байгаа юм уу, эсвэл элс олборлоод хохирол учраад байгаа юм уу гэдэг дээр дүгнэлт хийсэнгүй. Дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна. Б.Б-н үйлдлийг хууль бус гэж байгаль орчинд хохирол учруулсан гэдэг талаар эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг нээж шалгасан, шүүхээр гэм бурууг нь тогтоолгосон асуудал байхгүй. Харин элс олборлосон асуудал дээр Т СХХК нь зөрчлийн хуулийн дагуу гэм буруу нь тогтоогдож, хариуцлага хүлээсэн байгаа. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд нь Б.Б биш бөгөөд Б.Б-нбуруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 138/ШШ2021/00304 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Б.Бас байгаль орчинд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 30 000 000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Бас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох дараах үндэслэлтэй гэж үзэж байна.

1. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.

Дорнод аймгийн Прокурорын газраас Б.Бд холбогдуулан байгаль орчинд учруулсан гэм хорын хохирол болох 30 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж прокурор Д.Нямдэлэгийг томилсон.

Нэхэмжлэлдээ “ ...Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, Аялал жуучлалын газраас ... Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу Б.Б-нбуруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг хуулийн дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх арга хэмжээ авч туслалцаа үзүүлнэ үү гэх тухай хүсэлт ирүүлжээ.

Б.Б-нбуруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учирсан нь ... тогтоогдож байх ба дээрх нөхцөл байдлын улмаас Төрийн ашиг сонирхол зөрчигдөж байх тул тус аймгийн Прокурорын газраас хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.” гэжээ.

Дээрх хуулиудын хэм хэмжээнээс харахад прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчоор оролцох эрхийг заасан болохоос бус төрийн нэрийн өмнөөс ямар нэгэн нэхэмжлэл гаргах эрхийг шууд олгоогүй юм.

Байгаль орчинд хохирол учруулсан гэж үзвэл гэм буруутай этгээдээс төрийн нэрийн өмнөөс ямар этгээд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тодорхой зааж өгсөн. Тухайлбал тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гээд 17 дугаар зүйлийн 17.2.8-д “Байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах”, 17 дугаар зүйлийн 17.2.9-д “Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ нутгийн иргэдийн байгалийн нөөцийг зохистой ашиглах ухамсрыг төлөвшүүлэх, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх” гэж заажээ.

Иймд Дорнод аймгийн Дашбалбар сумын “Мардай” гэх газраас элс олборлосны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь Дорнод аймгийн Прокурорын газар болон Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг  Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хуулиар олгогдоогүй бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зөвхөн тухайн сумын Засаг даргад олгогдсон байна. Гэвч Дашбалбар сумын “Мардай” гэх газраас элс олборлосны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх талаар тус сумын Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.

2. Хариуцагч Б.Б нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдоогүй.

Маргааны агуулгаас харахад “______” ХХК-тай байгуулсан түгээмэл тархацтай ашигт малтмал /элс/ ашиглах тухай гэрээг баталсан үүний дагуу тус компани нь Дашбалбар сумын нутгаас элс олборлосноос байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учирсан тухай асуудал яригддаг. Энэ Б.Б-нүйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг” аливаа гэмт хэрэг эсхүл Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг” зөрчлийн хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон талаар эрх бүхий албан тушаалтан болон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гараагүй.Харин тус компанитай гэрээ байгуулсан нь Авилга, албан тушаалын эсрэг гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг Дорнод аймгийн Прокурорын газраас тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх юуг үндэслэж, хариуцагч Б.Баттулгыг байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад “______” ХХК нь Дашбалбар сумын нутаг “Мардай” гэх газраас ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр “элс” олборлосон нь тогтоогдсон. Тухайлбал, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч И.Энхтуяагийн 2019.03.11-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-т “______” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг зөрчсөн учир Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэйг мэдэгдэж, №0165737 тоот “Шийтгэлийн хуудас”-аар тус компанийг 2 000 000 төгрөгөөр торгосон байна. Тус шийтгэлийг “______” ХХК нь хүлээн зөвшөөрч 2,0 сая төгрөгийн торгуулийг төлсөн баримт байна.

Элс олборлож бусад байгууллагад худалдан, тодорхой хэмжээний ашиг, орлого олсон хуулийн этгээд нь хууль бусаар ашигт малтмал ашигласан гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хүлээн зөвшөөрч, маргалгүйгээр хариуцлагаа хүлээсэн байхад тус компанийн хууль бус үйлдлийн улмаас Байгаль орчинд учруулсан хохирлыг нэг хүрз ч элс авч ашиглаагүй Б.Бар төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

ГУРАВ: Хариуцагч Б.Б-нүйлдэл болон Байгаль орчинд учирсан 30 000 000 төгрөгийн хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хариуцагч нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдэд ашигт малтмал ашиглах гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус үйлдэл гэж үзэх ба дээрх гэрээний дагуу ашигт малтмалыг хууль бусаар олборлосноор байгалийн баялгийн нөөцийг хомсдуулах эрсдэлтэй болохыг хариуцагч ухамсарлах ерөнхий үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Тухайлбал сумын Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай гэрээг хуулийн этгээдтэй байгуулаагүй бол хуулийн этгээд байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглах боломжгүй бөгөөд энэ хэмжээгээр байгаль орчинд хохирол учрахгүй. Иймд хариуцагч Б.Б сумын Засаг даргын хувьд өөрт олгогдсон эрхийн хүрээнд байгаль орчинд гэм хор учруулахгүй байх ерөнхий үүргээ биелүүлээгүй үйлдэл нь байгаль орчинд хохирол учирсантай шалтгаант холбоотой гэж үзнэ...” хэмээн дүгнэсэн.

Байгаль орчинд учирсан хохирол гэж юу болох, тус хохирлыг учруулсан үйлдэлд ямар үйлдэл хамаарахыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тодорхой зааж өгсөн байна.

Тус хуулийн 3 дугаар зүйлийн 2.11-т Байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заажээ.

Дээрх хэм хэмжээнээс харахад байгалийн баялгийг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, олборлосон идэвхитэй үйлдлийн улмаас байгаль орчин бохирдсон, доройтсон, гэмтсэн, нөөц баялаг хомсдсон, экологийн тогтолцоо алдагдсан байхыг ойлгохоор байна. Гэтэл хариуцагч Б.Б-нүйлдэл нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай гэрээг баталж гарын үсэг зурсан.

Анхан шатны шүүх Байгаль орчинд учирсан хохирлыг “байгалийн баялгийн нөөц хомсдсон” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, 30 000 000 төгрөгөөр үнэлэгдэх элсээр хомсдсон гэж харагдаж байна. Гэтэл тэрхүү байгалийн баялгийг хомсдуулсан үйлдлийг сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Б бус олборлолт хийж бусдад худалдсан “______” ХХК байсан болох нь тодорхой тогтоогдсон.Ийм байхад анхан шатны шүүх Б.Б-нүйлдэл болон байгаль орчинд учирсан 30 000 000 төгрөгийн хохирлын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б.Бд холбогдуулан байгаль орчинд гэм хор учруулсны хохиролд 30 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн1-2, 4 дэх тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Б.Б нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 07 сарын 17-ний өдөр тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мардай гэх газраас “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах /элс олборлох/ тухай гэрээ”-г ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй “______” ХХК-тай байгуулсан, уг гэрээний дагуу тус компани нь гэрээнд заасан газраас 2000 м3 элс олборлож, байгаль орчинд 30 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдсон байна. Энэ талаар зохигчид маргаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын гаргасан  давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

1. Прокурор нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн гомдолд прокурорын гаргасан тайлбар үндэслэлтэй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 9-д сумын Засаг дарга “...учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах ...” эрхтэй байхаар заасан боловч  прокурор, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан эрхийнхээ дагуу төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд прокурорын эрхийг хаасан, хязгаарласан зохицуулалт байхгүй учраас прокурорын нэхэмжлэл гаргасныг буруу гэж үзэх боломжгүй.

2. Прокурорын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон анхан шатны шүүх  хуулийг буруу тайлбарлан хариуцагч Б.Бас  гэм хорын хохиролд 30 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж заасан. Хуулийн энэхүү заалтыг анхан шатны шүүх “зөвхөн бусад иргэн, хуулийн этгээдэд учруулсан  хохирлыг төр хариуцах зохицуулалт, харин төрд өөрт нь тухайн албан хаагч хохирол учруулбал энэ зохицуулалтанд хамаарахгүй.” гэж тайлбарласан нь хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу тайлбарласан гэж үзэв.

Энэ нь төрийн албан хаагч, албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан алдаа /хайхрамжгүй, хууль мэдэхгүйгээсээ гаргасан алдаа гм/ -ны улмаас бусдад болон төрд өөрт нь хохирол учруулбал түүнийг өөрийнхөө, хувийн эд хөрөнгөөр, бүрэн хариуцлага хүлээх эрсдэлээс хамгаалсан зохицуулалт юм.

Түүнчлэн төрийн, улс төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад төрд хохирол учруулбал өөрийн, хувийн хөрөнгөөр эд хөрөнгийн хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл Иргэний хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг хууль тогтоомжуудад тусгагдаагүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 167.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 138/ШШ2021/00304 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Прокурорын газрын хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан “Байгаль орчинд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.НАРАНБАЯР

       ШҮҮГЧИД                                           Ж.ДОЛГОРМАА

                                                                   З.ЭНХЦЭЦЭГ