Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: Л.Мажигсүрэн;

хохирогч: Б.Должинсүрэн (өөрийгөө өмгөөлж);

шүүгдэгч: Б.М (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батхуягийн Мт холбогдох эрүүгийн 1709005650436 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Их Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, ОСНААУГ-ын харъяа “Хүрд 5” ХҮТ-д байр хариуцсан засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Их Дарь-Эх 4 дүгээр гудамжны 214 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, РЖ91032614 регистерийн дугаартай, Дамдинсүрэн овогт Батхуягийн М.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний орой 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах 23 дугаар байрны гадна Б.Должинсүрэнтэй маргалдан улмаар түүнийг түлхэн унагааж, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Должинсүрэн мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мал гаргаад гэдэс чанаад байж байсан. Орой 23 цагийн орчим дэлгүүр рүү явж байхдаа М, Элбэгдорж нартай таарсан. Тэгээд “та мал гаргасан юм бол гэдэс оруулаад өгөхгүй яасан юм бэ” гэхээр нь би “идэх гэж байгаа бол өөрсдөө орж ид” гэж хэлсэн. Би гэртээ орж байж байгаад дахин дэлгүүр рүү орох замд Мын эхнэр сандал дээр согтуу сууж байсан. Тэгээд намайг “1 ширхэг тамхи аваад ир” гэхээр нь би дэлгүүрээс тамхи авчирж өгсөн. Тухайн үед М, Элбэгдорж нар орцноос гарч ирсэн. М миний нүүр рүү ямарч шалтгаангүй цохисон. Тэгээд би өөдөөс нь дайрахад найзууд нь бөөнөөрөө хамжиж зодсон. Тэгээд намайг машин руугаа чирч явсан. Тэр үед манай ихэр охины нэг нь ээжийг зодоод байна” гээд уйлсан. Тэгээд намайг машины цонх хагалсан гэсэн. Маргааш нь орцны үүдэн дээр машин нь байж байхаар нь харахад шил нь хагараагүй байсан. Би гомдолтой байна. Надаас уучлалт гуйгаагүй. Намайг 3 залуу, 2 эмэгтэй зодсон. Эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Должинсүрэн /хх-ийн 7-10/, гэрч Б.Отгонбат /хх-ийн 13-14/, С.Отгондулам /хх-ийн 15-16/, Г.Элбэгдорж /хх-ийн 17-19, 66-67/, Б.Наранцэцэг /хх-ийн 20-21/, М.Даваасүрэн /хх-ийн 22-23/ нарын мэдүүлэг, Б.Мын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 59-62/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9373 тоот дүгнэлт /хх-ийн 25, Б.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 38-47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах 23 дугаар байрны гадна “автомашины цонхны шил хагалсан” хэмээн хохирогч Б.Должинсүрэнтэй маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Должинсүрэнгийн /хх-ийн 7-10/: “... 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 23 дугаар байрны гадна явж байтал Б.Отгондулам согтуу сууж байсан. Би 19 дүгээр байрны ард байрлах ТҮЦ рүү очиж тамхи аваад Отгондуламд авч ирж өгөөд хажууд нь зогсож байтал М 23 дугаар байрны подвалаас гарч ирээд үгийн зөрөөгүй миний нүүр рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохьсон. Би өөдөөс нь “яагаад хүн зодож байгаа юм” гээд дайрсан. Биднийг Элбэгзаяа шинээр ажилд орсон слесарь залуугийн хамт салгасан. Тэгээд би гэррүүгээ ороод цагдаад дуудлага өгсөн. ... Би нуруугаараа унаж нүдээрээ шонгийн мод мөргөсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлгээр,

гэрч Б.Отгонбатын /хх-ийн 13-14/: “ … 2017 оны 08 дугаар сарын 01-ний  өдөр манай ажлын засварчин М ээлжийн амралтаа авсан тул бид Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 23 дугаар байрны подвальд урьд авсан байсан 0,75 граммын “Хар Чингис” архийг хувааж ууцгаасан. Тэгээд 21 цагийн үед хажуу байрны жижүүр Должинсүрэн эгч нилээн согтуу орж ирсэн. Бид тухайн газраасаа гарах гэж байсан тул бөөнөөрөө гарч Ганбаатар ахынд очхоор болсон. Тэгтэл М надад Ганбаатар ахын очих бол “ядаж хүүхдүүдэд нь чихэр боов авья” гээд бид хоёр дэлгүүр орсон. Буцаад ирэхэд Должинсүрэн эгч Мын машины урд салхины шилийг чулуугаар цохиод хагалчихсан байсан. Би Должинсүрэн эгчийг “та яаж байгаа юм бэ” гэхэд над руу газраас чулуу авч шидээд миний хөмсөгний дээд хэсэгт шалбалчихсан. Ганбаатар ах, түүний эхнэр хоёр надад “наад хүн чинь согтуу байна, хая” гэхээр нь би орхиод явсан. Должинсүрэн эгч бид нараас ер салахгүй хүн болгон руу дайраад байсан. М  тухайн газраас машинаа зайлуулж 36 дугаар байрны гадаа очиж зогссон. Тэгтэл Отгондулам “цүнхээ мартсан байна” гэхэд М ганцаараа цүнхийг нь авахаар явсан. Удаад байхаар нь араас нь очтол Должинсүрэн эгч Мын цамцнаас заамдаад зуурчихсан зогсож байсан. Би очиж “болиоч” гэх гарыг нь тавиулаад бид нар явж Ганбаатар ахынд очсон …” гэх мэдүүлгээр,

гэрч С.Отгондуламын /хх-ийн 15-16/: “… 2017 оны 08 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед манай ажилын засварчин Элбэгдоржийн төрсөн өдөр болж бид Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 23 дугаар байрны подвальд байрлах ажлын байрандаа 0,75 граммын 1 шил “Хар Чингис” нэртэй архи ууцгаасан. Тэгтэл байрны жижүүр Должинсүрэн эгч халамцуу орж ирсэн. Бид тэндээсээ гарч Ганбаатар ахынд очихоор болсон. … Би Должинсүрэн эгчид “явлаа, та орж амар” гэхэд надад уурласан юм уу бүү мэд над руу дайраад зууралдаад байсан. Манай нөхөр М гарч ирээд “Должоо эгч ээ та болиоч ээ” гэхэд Должоо эгч манай нөхрийг хойш нь түлхсэн. М өөдөөс нь буцаагаад түлхэхэд хойшоо унасан. Тэгээд салаад явахад Должоо эгч тэнд байсан бүх хүн рүү дайраад хашгираад байсан. Тэгээд 23 дугаар байрны хажууд тавьсан байсан миний 9104 УНБ дугаартай “Тоёота Приус-10” маркийн машины жолоочийн урд талын салхины шилийг цохиод халсан. Тэгээд бид нар руу дайраад салахгүй байхаар нь машинаа өөр байрны гадаа тавьсан. Тэгтэл би ажлын байрандаа цүнхээ мартсан байсан тул Мыг “цүнх аваад ир” гээд ганцааранг нь явуулсан.  Замдаа Должинсүрэнтэй таараад мөн Мыг заамдаж аваад үсчээд байсан. Би “болиоч” гээд тэднийг салгасан. Должинсүрэн эгчийг хэн цохисныг хараагүй…” гэх мэдүүлгээр,

гэрч Г.Элбэгдоржийн /хх-ийн 18-19, 66-67/: “… Бид явах гэтэл Отгондуламыг Должинсүрэн эгч явуулахгүй зуураад байсан. Би очоод салгаад “та согтчихсон байна, харьж амар” гэж хэлсэн. Должинсүрэн эгчийн 2 хүүхэд нь гарч ирээд “ээж ээ гэртээ орьё” гээд хажууд нь хүлээгээд зогсож байсан. Тэгтэл Должинсүрэн эгч газраас чулуу, шороо базаж аваад Мын машин руу шидэж урд салхины шилийг нь хагалсан. Тэгээд Мыг ирэхээр нь “Должинсүрэн эгч чулуу шидээд машины чинь шилийг хагалсан” гэж хэлэхэд М уурлаад машинаа холдуулахаар салаад явсан. Тэгтэл Отгондулам “цүнхээ ажил дээр мартсан байна” гээд М авч ирэхээр ганцаараа явсан. Ирэхгүй удаад байхаар нь Отгонбат бид хоёр Мын араас 23 дугаар байрны орцны урд очиход Должинсүрэн эгчтэй барьцалдаад зогсож байсан. Би Должинсүрэнг цохиж байхыг хараагүй. Харьж амар гэхэд нь зуураад салахгүй болохоор нь цээж рүү нь 2 түлхэхэд хойшоо хашаа руу насан гэж сүүлд М ах ярьж байсан…” гэх мэдүүлгээр,

гэрч М.Даваасүрэнгийн /хх-ийн 22-23/: “... 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр /яг цагийг нь мэдэхгүй байна. 21 цагаас хойш байх/ харанхуй болчихсон байхад уг байрны жижүүр Должинсүрэнгийн хоёр ихэр хүүхдийн бага эмэгтэй нь уйлаад чарласан. Тэгээд Должинсүрэнгийн дуу нь чангараад орилж хашгираад байхаар нь харсан чинь Должинсүрэн сантехникийн залууг өмсөж явсан хувцаснаас нь 2 гараараа заамдаад авчихсан, тэр залуу хоёр гараас нь татасхийгээд “та тавиач ээ” гэж хэлж байсан. Должинсүрэн тэр залууд хандан “намайг яагаад зодож байгаа юм” гэхэд нөгөө залуу “би таныг зодоогүй, харин та миний машины цонхыг хагалсан” гэсэн. Должинсүрэн “чи намайг зодсон биз дээ” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би очоод “одоо болио, жоохон хүүхэд орилоод байна” гэсэн. Хүүхэд нь “миний ээжийг битгий зодооч” гээд чарлаад байсан. Тэгээд би тэр хоёрын дундуур нь ороод салгах гэсэн чинь миний хүч хүрээгүй. Уг асуудал болохоос өмнө Должинсүрэн гэртээ ямар нэгэн хүн цуглуулж архи ууж байгааг нь тухайн өдөр анзаараагүй...” гэх мэдүүлгээр,

Б.Мын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 12, 61/: “... 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би ээлжийн амралтаа аваад ажил тараад хамт ажилладаг Элбэгдорж, Ганбаатар, Анхбаяр, эхнэр Отгондулам нарын хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 23 дугаар байрны подвальд байрлах ажилчдын өрөөнд урьд нь авчихсан байсан 0.75 граммын 2 шил Чингис архыг хувааж уусан. Тэгээд машинаа би барина гэж бодоод эхэндээ жаахан уухгүй байж байснаа дуудлагын жолооч дуудаад машинаа бариулаад явна гээд архи уусан. Тухайн үед 23 дугаар байрны жижүүр Должинсүрэн эгч орж ирсэн. Тэгээд бид нар ерөнхийдөө өндөрлөж байхад манай эхнэрийн хамт Должинсүрэн эгч гадаа гарсан. Должинсүрэн эгчид бид нар “одоо харилаа” гээд эхнэрийгээ цааш явуулаад эргээд хартал миний хүзүүний зүүн хэсэг рүү цохиод авахаар нь би уурлаад Должинсүрэн эгчийн цээжний дээд хэсэг рүү нь хүчтэй түлхсэн. Должинсүрэн эгч цаашаа төмөр хашаа мөргөөд унасан. Тэгтэл засварчин Элбэгдорж ирээд намайг “цаанаа байж бай” гээд явуулсан. Тухайн үед Элбэгдорж ирээд “та одоо орж амраач ээ” гэхэд Элбэгдоржийг барьж аваад хүзүү цээжийг нь ураад фудволкийг нь ураад хаячихаар нь би “та болиоч ээ” гээд энгэрээс нь зуурчихсан байгаа гарыг нь цохиод хажуу тийшээ зайлахад эрчиндээ Должинсүрэн эгч унаад явган хүний зам дээр байдаг гэрлийн шонг нүүрээрээ мөргөсөн. Удалгүй цагдаа ирсэн. Би тухайн үедээ “Должинсүрэн гэдэг хүн миний машины цонхыг хагалсан” гэж цагдаад хэлээгүй явуулчихсан юм. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Учир нь Должинсүрэн нь өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэй болохоор гомдол гаргаагүй. ... Должинсүрэн эгч өөрөө ирээд манай эхнэрийг татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь би “та гэр рүүгээ орж унтаж амар” гэдэг шаардлага тавьсан. Харин намайг түрүүлж цохихоор нь би түлхэж унагаасан ” гэх мэдүүлгээр,

 

Б.Мын буруутай үйлдлийн улмаас Б.Должинсүрэнгийн биед “зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, шуу, зүүн өвдөгний үений цус хуралт, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үений зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9898 тоот дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар шүүгдэгчийг хүн зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хохирогч Б.Должинсүрэн шүүх хуралдаанд “олон хүн бүлэглэж зодсон, Б.М ямарч шалтаг шалтгаангүйгээр түүнийг зодсон” гэх агуулга бүхий мэдүүлэг өгөв.

 

Гэвч хохирогчийн анх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээр түүнийг өөр бусад хүмүүс “бүлэглэн” зодсоныг, хохирогч өөрөө эхэлж Б.Мын автомашины цонхыг чулуугаар шидэж хагалсныг, шүүгдэгч “та яагаад миний машины цонхыг хагалчихваа” хэмээн хэлж хохирогчтой заамдалцан зогсож байсан гэх зэргээр гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг гэрч нар мэдүүлсэн нь “Б.М ямарч шалтаг шалтгаангүйгээр хохирогчийг зодсон” гэснийг тус тус үгүйсгэж байгааг тэмдэглэж байна.

Б.Мын “автомашины цонхны шил хагалсан” хэмээн маргаан тэмцэлдээн үүсгэн Б.Должинсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Мын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.       

 

Хохирогч Б.Должинсүрэн гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсарган өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй (хөнгөн гэмтсэнтэй) холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.             

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Б.Мын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.  

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дамдинсүрэн овогт Батхуягийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан  450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч Б.Должинсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ