Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 305/ШШ2025/00314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********** нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *******сумын Үнэн нэгдлийн Бүс-уул бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн *******сумын Бүс-Уул бригадад мал маллаж цалин авч байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрээ алга болгосон тул цалин авч байсан маягтыг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 339 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ********** цалингийн цэс

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Дорж нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ********** нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *******сумын Үнэн нэгдлийн Бүс-уул бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь шүүх  хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 339 дугаартай тус аймгийн *******сумын Үнэн нэгдлийн Бүс-Уул бригадад малчин байсан ********** нь 1986 онд 300 хоног 2139 төгрөг, 1987 онд 77,1 хоног 377,05 төгрөг, 1988 онд 329,8 хоног 3163,31 төгрөг, 1989 онд 742,4 хоног, 4712,63 төгрөг, 1990 онд 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлсон лавлагаа.

Говь-Алтай аймгийн *******сумын Үнэн нэгдлийн Бүс-Уул бригадад малчнаар ажиллаж байсан ********** 1986-1990 оны цалин хөлсний цэс зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүх дээрх цалин хөлсний лавлагаа болох бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биенээ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч **********-г 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *******сумын Үнэн нэгдлийн Бүс-уул бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч ********** ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **********-г 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *******сумын Үнэн нэгдлийн Бүс-уул бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР