| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2311014801204 |
| Дугаар | 2024/ДШМ/72 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/72
2024 01 11 2024/ДШМ/72
Э.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Д,
хохирогч Н.Н-ын өмгөөлөгч Б.Д,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч О.Б,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/744 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор Э.А-д холбогдох ............... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.А нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 19-нд шилжих шөнө ..... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... баарнаас иргэн Н.Н-ын цүнхтэй эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.А-ээс 2.452.000 /хоёр сая дөрвөн зуун тавин хоёр мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Нарансолонгод олгож, шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/744 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.А-д оногдуулсан 1 жилийн хугацааны хорих ялыг тэнсэн харгалзаж өөрчилж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаан байхгүй, харин эрүүгийн хариуцлага хүндэдсэн гэж үзэж байна. Шүүх шийтгэх тогтоолдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Манай талаас давж заалдах гомдол гаргахаас өмнө хохирогч талтай уулзаж хохирол төлбөрийг төлсөн. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолд дурдагдсан 2.452.000 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан гэх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдал болно. Мөн шүүгдэгч Э.А нь “О” ХХК-д мужаанаар ээлжийн ажил хийж гүйцэтгэдэг тул түүний эрх зүйн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирол төлөх завсарлага авсан ч ар гэр асуудалтай байсан учраас хохирлоо барагдуулж чадаагүй. Ар гэрийнхэндээ хэлээгүй нууцалсаар байсан ч 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай авга ах мэдээд хохирол төлбөрийг барагдуулсан. Иймд надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Н.Н-ын өмгөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хувийн байдлыг харгалзан үзнэ үү гэсэн байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хохирол төлбөрөө төлж барагдуулаад ажил хөдөлмөрөө эрхлэх талаар шүүгдэгчид хэлсэн хохирол барагдуулаагүй. Залуу хүн хийсэн үйлдлээ сайн бодож, дахин ийм үйлдэл гаргаж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэгт холбогдсон талаараа ар гэрийнхэндээ хэлээгүй гэдгийг нь мэдсэн. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг тэнсэхэд татгалзах зүйлгүй, тэнсэх үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор А.Д тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдолд дурдсанаар шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Аийн өмгөөлөгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.А нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 19-нд шилжих шөнө ...... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... баарнаас иргэн Н.Н-ын цүнхтэй эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Н-ын “...Би 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 19-нд шилжих шөнө ..... бааранд найз нөхөд, нөхрийн хамт орсон. Бид хэд ороод тэкний урд суугаад сандал дээрээ цүнхээ тавиад бүжиглэсэн. Тэгээд бараг 2 цаг гарам бүжиглэсэн. Дундуур нь ирж харахад миний цүнх байж байсан. Тэгээд гарах гэтэл миний цүнх байхгүй байсан. Миний цүнхэн дотор иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, бичиг баримт, гэрийн түлхүүр, байгууллагын түлхүүр, хар кейстэй гар утас, кейсний ар талд Хаан банкны карт зэрэг байсан. ...” /хх 6-8/,
гэрч Б.Ч-ын “...Э.А бид 2 ...... тойргийн хажууд байдаг ..... нэртэй бааранд орсон. Бид хоёр нэг, нэг пиво авч уугаад байж байтал баар хаах цаг болоод манай найз Э.А явах уу гээд түрүүлээд гарсан. Би ардаас гарсан чинь такси бариад суугаад явах гэж байхад нь би “чи намайг хаяад явах гэж байгаа юм уу”, гэтэл манай найз намайг суу гээд бид 2 миний машин үлдээсэн газар очоод би дуудлагын жолооч дуудаад бид хоёр гэр гэртээ харьсан. Ямарч байсан нэг цүнх үүрээд явлаа андаа гэсэн. ...” /хх 11-12/
яллагдагч Э.А-ийн “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн хүнд учирсан хохирлыг бүрэн барагдуулах болно. ...” гэх мэдүүлгүүд,
“...Самсунг ....” загварын гар утсыг 410.000 төгрөгөөр үнэлэгдсэн. ...” гэсэн Дамно ХХК-ийн ....... дугаар шинжээчийн дүгнэлт /хх 19-22/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27-30/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Э.А-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйл хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Б.Г “...шүүгдэгч Э.А-д оногдуулсан 1 жилийн хугацааны хорих ялыг тэнсэн харгалзаж өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2.452.000 төгрөгийн /хх 143-144/ хохирол төлбөрийг хохирогч Н.Н-д бүрэн төлж барагдуулсан, мөн хохирогч Н.Н “цаашид гомдол саналгүй, хохирол барагдсан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсныг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзэв. Мөн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.А-ийг “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, магадлалд дурдсан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/744 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, нэмэлт заалт болон зарим заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Э.А нь хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхад прокурор бага хэмжээний хохирол учруулсан гэж зөрчилтэй яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.А-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг магадлалд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2 дахь заалтын “Шүүгдэгч Э.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Э.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Шүүгдэгч Э.А-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж,
“Шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.” гэж,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн” бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Э.А-д мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
4. Шүүгдэгч Э.А нь хохирогч Н.Н-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2.452.000 /хоёр сая дөрвөн зуун тавин хоёр мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ