Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 124/ШШ2025/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: У аймаг, ......................... багт оршин суух, Б овогт П-ийн Б,

            Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд үүссэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас хууль бус огцруулсан гэх маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа, нэхэмжлэгч П.Б, хариуцагчийн төлөөлөгч Ц.Т нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч П.Б тус шүүхэд “Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/08 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

            1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/08, 03/10 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” гэж ихэсгэсэн.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн гуравдугаар хуралдааны 03/08 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтад заасныг үндэслэн итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн П.Б-г Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлж, тус хуралдааны 03/10 дугаар тогтоолоор Ц.Т-г Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгон баталжээ. (Хавтаст хэргийн 2, 25 дугаар хуудас)

            2.2. Улмаар, нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/08 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд: “...Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаанаар Б.Э төлөөлөгч “...миний биеийг нас хөгшин, хурд, чадвар муу байна, залуу хүн даргаар тавья” гээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл хүлээлгэх эсэх асуудал оруулж, хэлэлцүүлэн, огцруулж ИТХ-ын 03/08 тоот тогтоол гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуульд “...нас, хүйс, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчиж иргэний сонгох, сонгогдох эрхийг үгүйсгэж, хүний эрхэд халдсан явдал гэж үзэж байна. Миний бие ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлдээгүй. Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7 дахь заалтыг зөрчөөгүй. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тодорхой шалтгаан үндэслэлгүйгээр ИТХ-ын даргыг итгэл үзүүлэх эсэх асуудлаар огцруулах заалт байхгүй. Хурлаар хэлэлцүүлэх асуудлыг хурлаас 2 хоногийн өмнө төлөөлөгчдөд мэдэгддэг хуралдааны дэгийн заалтыг зөрчиж асуудлыг гэнэт оруулж ирсэн. Иймд миний нэхэмжлэлийн дагуу дээрх асуудлыг шалган шийдвэрлэж өгнө үү” гэж маргажээ.

            3.2. Хариуцагч Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд болон шүүх хуралдаанд: “...Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хуралдсан ба хуралдаанд 17 төлөөлөгч ирж, ирц 80.9 хувьтай байсан тул хуралдааныг ИТХ-ын дарга П.Б удирдан нээж хэлэлцэх асуудлуудыг танилцуулан хэлэлцэх асуудал дээр өөр асуудал нэмж оруулах буюу хасах саналтай төлөөлөгч байна уу гэж асуусан. Сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Э гар өргөн “...надад санал байна” гэснээр төлөөлөгчийн саналыг сонссон. Б.Э төлөөлөгч “...сумын ИТХ-ын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулъя” гэсэн санал, төлөөлөгч Ц.М “...бусад гэж оруулаад сумын Засаг даргын цаг үеийн мэдээлэл оруулъя” гэсэн санал гаргасан. Сумын ИТХ-ын дарга П.Б “...за өөр саналтай төлөөлөгч байхгүй бол энэ 2 асуудлыг хуралдааны хэлэлцэх асуудалд оруулах эсэх” талаар санал хураая. Уг асуудлыг хэлэлцье гэсэн төлөөлөгчид гараа өргөнө үү гэж санал хураалгасан ба “хэлэлцэх асуудалд оруулъя” гэж 12 төлөөлөгч буюу 70.5 хувь нь зөвшөөрснөөр хурлын хэлэлцэх асуудалд оруулахаар болж хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулж баталсан. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор уг асуудлыг хэлэлцэхэд санал гаргасан Б.Э төлөөлөгчийн яагаад ийм санал гаргасан талаар үгийг нь сонссон ба дараа нь ИТХ-ын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар саналыг нууцаар хураасан бөгөөд хуралдаанд оролцсон 17 төлөөлөгчөөс 13 буюу 76.4 хувь “итгэл үзүүлэхгүй буюу огцруулъя” гэсэн саналыг дэмжсэнээр П.Б-г сумын ИТХ-ын даргын үүрэгт ажлаас огцруулсугай гэсэн тогтоолыг төлөөлөгчид баталсан. Энэ асуудлыг авч хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд ИТХ-ын бүрэн эрхийн хүрээнд асуудлыг авч хэлэлцсэн гэж үзэж байна” гэж тайлбарлаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч П.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/08, 03/10 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон.

            3. Нэхэмжлэгч талаас “...Миний бие ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлдээгүй ба Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7 дахь заалтыг зөрчөөгүй. ...хуульд тодорхой шалтгаан үндэслэлгүйгээр ИТХ-ын даргыг итгэл үзүүлэх эсэх асуудлаар огцруулах заалт байхгүй. ...Хурлаар хэлэлцүүлэх асуудлыг хурлаас 2 хоногийн өмнө төлөөлөгчдөд мэдэгддэг хуралдааны дэгийн заалтыг зөрчиж асуудлыг гэнэт оруулж ирсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд “...нас, хүйс, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн...” гэж маргаж байна.

            4. Хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга “...Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх талаар санал гарч, төлөөлөгчид олонхын саналаар дэмжиж хэлэлцэх асуудлууд дээр нэмж оруулан хэлэлцэн шийдвэрлэгдсэн нь хууль зөрчөөгүй, ...хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах эрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон бүрэн эрх...” гэж тайлбарласан.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д “Хурлын дарга нь ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэл ажлыг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 52.1.4-т “эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” гэж зааснаар Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар ээлжит гуравдугаар хуралдаанаар 1. Сум хөгжүүлэх тэргүүлэх чиглэл батлах тухай, 2. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороог шинэчлэн батлах тухай, 3. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийг шинэчлэн батлах тухай, 4. Сумын татварын орлогын биелэлтийн талаар мэдээлэл сонсох, 5. Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, 6. 2025 оны орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх зарим төсөл арга хэмжээний зардлыг өөрчлөх тухай, 7. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх зэрэг нийт долоон асуудлуудыг хэлэлцэхээр баталсан болох нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байхаас гадна хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй.

6. 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаанд нийт 17 төлөөлөгч буюу 80.95 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах явцад төлөөлөгч Б.Э “...хурлын дарга итгэл үзүүлэх тухай” асуудлыг хэлэлцэх асуудалд оруулах тухай санал гаргасныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 12 буюу 70,5 хувийн саналаар дэмжиж ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулахаар шийдвэрлэсэн гэх үйл баримт гуравдугаар хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

7. Тус ээлжит гуравдугаар хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Бг “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээр огцруулсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар улс төрийн албан тушаалд хамаарч буй учир захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх буюу “огцруулсан” шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг “хэлбэр”-ийн талаас шалгах учиртай.

7.1. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд харин “ардчилсан зарчим”-ын дагуу олонхоор шийдвэрлэсэн, ялангуяа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлын хүрээнд “чиг үүргээ хэрэгжүүлж чадаж байсан” эсэх (улс төр)-ийн шийдвэрт шүүх эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй юм.

8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах”, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” зэрэг бүрэн эрхийг хурлын төлөөлөгч нь эдлэх боловч хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах асуудлыг хуулиар дараах байдлаар нарийвчлан зохицуулсан.

8.1. Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1-д “...Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус нарийвчлан хурлын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх процесс журмыг зохицуулж өгсөн байна.

8.2. Мөн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны байнгын дэгийг баталсан ба байнгын дэгийн 5.1-д “Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заажээ.

9. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

9.1. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх” асуудлыг оруулаагүй, энэ талаарх холбогдох баримтыг гаргаж танилцуулаагүй, мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлахдаа уг асуудлыг шууд оруулж нэхэмжлэгч П.Бг огцруулахаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

10. Хэдийгээр, хариуцагч “...хурлын даргыг огцруулах асуудал нь заавал холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хамт хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараахыг хангасан байх шаардлагагүй” гэж маргаж байх боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль болон хурлын дэгийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан шаардлага хангагдаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн хувьд боломжгүй тул хариуцагчийн энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

11. Ийнхүү шүүхээс Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах үндэслэл бүрдсэн эсэх, төлөөлөгчид энэ саналыг гаргах эрхтэй талаар дүгнэлт хийгээгүй ба харин “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаагүй, түүнийг огцруулах ажиллагааг зохих журмын дагуу явуулж, хуульд заасны дагуу шийдвэрлээгүй” байх тул маргаан бүхий Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...харилцааг зохицуулахад оршино”; 3 дугаар зүйлийн 3.1.3-т “…захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар…”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана.” гээд 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэл гаргаж буй этгээдийн зөвхөн эрх төдийгүй хууль ёсны ашиг сонирхол хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй.

13. Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийг хууль бусаар огцруулсан хариуцагч Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/08 дугаар тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэснээр тэрээр эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх эрх зүйн үр дагавар үүсэх тул маргаан бүхий акт болох Ц.Т-г Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/10 дугаартай тогтоол хууль бус болох тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

14. Хэдийгээр, нэхэмжлэгч П.Б нь шүүхэд хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан ажилгүй байсан хугацаа цалин хөлстэй тэнцэх олговор болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах нэхэмжлэлийг шаардлага гаргаагүй боловч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас хууль бусаар огцорч улмаар цалин, хөлс авах эрхээр хохирсон нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох буюу шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдох өдрийг хүртэл хугацаагаар тооцож урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэлээ.

14.1. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах”, 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус заасан.

14.1.1. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан төрийн албан хаагчийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор байх бөгөөд цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна.

15. Иймд нэгэнт нэхэмжлэгчийг огцруулсан 03/08 дугаар хууль бус тогтоолыг шүүх хүчингүй болгосон тул түүнийг үндэслэн гарсан 06/10 дүгээр тогтоолыг ч мөн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж П.Б-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны  цалин олговор гаргуулж, мөн хугацааны хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаснаар түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгох нь зүйтэй байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх тухай” 03/08 дугаартай тогтоол, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 03/10 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Б-г урьд эрхэлж байсан Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-н ажилгүй байсан хугацаа ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдох өдрийг хүртэл хугацаагаар тооцож урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БАТДОРЖ