Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2021/00020

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй, Г.Цт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 138/ШШ2021/00374 дүгээр шийдвэртэй, Ц.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Цд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Цын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 06 сарын 16ы өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц бид хоёр 1999 онд гэр бүл болж 20 жил амьдрахдаа 4 хүүхэд төрүүлсэн. Бидний дундаас 2001 оны 10 дугаар сарын 07-нд хүү Ц, 2004 оны 9 дүгээр сарын 14-нд охин Цэнгэлжаргал, 2009 оны 7 дугаар сарын 28-нд охин Ц, 2013 оны 12 дугаар сарын 28-нд охин Ц нар төрсөн. Ц архи дарс хэрэглэдэггүй бөгөөд хувиараа машин засаж, гагнуур хийдэг. Хоёр биедээ сайн болж, хүүгээ төрүүлсэн болохоор болно бүтнэ гэж энэ олон жил тэссэн. Нөхөр маань үг хэл хурц, ширүүн авир төрхтэй боловч учиргүй хүч хэрэглээд байхгүй гэж амлаж, гуйж аргаддагт нь хууртаж, сүүлдээ түүний эрхшээлд бүрэн орж гэрээс гарах, найз нөхөдтэй харьцах, эмнэлэгт үзүүлэх, ажил хийх бүх эрх хязгаарлагдмал болсон. Гэр орондоо хүүхдүүдээ хар, би тэжээж чадна гэж хэлдэг. Ажил сураглаж хайсан байвал уурлаж, тэр цалинг цалин гэдэг юм уу, би тэжээж чадахгүй байна уу, юу дутлаа гэж ажил хийх гээд байгаа юм гэж уурладаг. Муусайн юмнуудтай ангалзаж, банзалдах гэж л байгаа биз гээд хэлэхийн аргагүй муу муухай үг хэлдэг. Дандаа бүсэлхийнээс доош юм ярьж, намайг тэгж явсан юм шиг өөрөө үзэж харсан мэт доромжилдог. Хүүхдүүдийн дэргэд ичиж зовохгүй хамаагүй ярьж ямар ч үндэслэлгүй харддаг. Үзүүлсэн эмч, уулзсан эрэгтэй хүн бүртэй харддаг учраас ангийн нөхөд, танил эрэгтэй хүнтэй мэндэлж ч чаддаггүй. Намайг аймшигтай зоддог бөгөөд бүх биеийг минь эрээн болтол зодсоноос болоод би Сүхбаатар аймагт байдаг найз хүүхэн дээрээ очиж нуугдаж байсан. Намайг үсдэж чирнэ, толгой руу цохино, юм мөргүүлнэ, боож унагана, нуруу руу өшиглөнө гэх зэргээр аймшигтай зоддог. Би түүний аймшигтай зэрлэг араншинг үл тэвчин 2019 онд салахаар шийдээд эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. Тэр үед дахиж ингэхгүй гэсээр байгаад өргөдлөө авч байсан боловч хоёр сар болоод хэрүүл маргаан үргэлжилсэн. Би 2017 оноос хойш хувиараа комиссын дэлгүүр ажиллуулдаг болсон. Энэ цагаас хойш ааш зан нь бүр дордсон. 2018 оноос миний ээжийн бие муудаж эмнэлэг, бөөд үзүүлэх болсон. Тэгээд ээж минь бөөтэй болсон. Тэр бөөг нь хүртэл надтай холбож тэвчихийн аргагүй зан гаргадаг болсон. Хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр элдвээр доромжилж маргасан. Тэр өдөр найз хүүхний охинд хадаг тавьж би ажилд нь тусалсан бөгөөд ажил дууссаны дараа найз минь тусалсанд баярлалаа гээд надад архи хундагалаж өгсөн. Тэнд 2-3 хундага архи уусан. Гэтэл араас нөхөр орж ирээд толгойтой үснээс чирч гаргаад гэртээ оруулаад зодож намайг боож унагасан. Тэгээд л юу болсныг би мэдэхгүй сэтгэл мэдрэлийн эмнэлгийн сэхээнд ухаан орсон. Намайг эмнэлэгт ийм байдалтай ирсэнийг нөхөр маань манай гэрийнхэнд хэлээгүй байсан. Тэгээд би дүүтэйгээ Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод очоод ор хүлээж нилээд удаж байгаад эмнэлэгт 10 хоносон. Манай гэрийнхэн бүгд Цтай битгий нийл, амиа алдах нь байна гэж хэлсэн. Би ч энэ чигээрээ хоёр тийш болъё гэж бодсон. Түүнээс хойш гэртээ очоогүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Том хүү Ц насанд хүрсэн, гэр бүлтэй болоод тусдаа амьдарч байгаа. Том охин Ц надтай хамт амьдардаг. Дунд охин Ц аав руугаа ирж, очоод явдаг. Бага охин Ц надтай хамт амьдарч байгаад дулаан орсон болохоор аав дээрээ очсон. Би насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авах саналтай байна. Ц намайг боловсрол мэдлэггүй, хүүхдүүдээ авч явах чадваргүй гэсэн байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авахын тулд өөрийн олдог орлогоо нотлох зорилгоор дансны хуулгаа шүүхэд өгсөн. Эцэг Г.Цаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Бтэй 1999 онд гэр бүл болж 2000 онд гэрлэлтээ батлуулсан. Өдийг хүртэл 4 хүүхдийн эцэг эх болон сайхан л амьдарч байна. Харин Б нь 2019 оны 03 дугаар сараас Г.Эрдэнэхүү гэдэг Улаанбаатар хотод амьдарч бөөгийн түшээ хийдэг хүнтэй эр эмийн харилцаа холбоотой болсноос гэр бүлийн уур амьсгалыг хөндий болгосон. Одоо юм л бол надаас сална гэдэг болсон. Бид 4 хүүхдийнхээ төлөө амьдрах ёстой. Хүү маань эхнэр хүүхэдтэй бөгөөд бид эмээ өвөө болчихоод гэр бүлийн тогтворгүй муу жишээг үзүүлмээргүй байна. Би эхнэртээ хайртай учраас салахгүй. Бийн эх нь охиноо надаас салгах гэж охиндоо нөлөөлдөг. Яг үнэндээ Б нь мэргэжил, боловсрол байхгүй, ажилд орох шаардлага хангахгүй хүн учраас ажилтай байж хүүхдүүдээ тэжээж чадахгүй. Би гэр бүлээ тэжээн тэтгэж явдаг. Бийг юугаар ч дутаагаагүй. Би түүнийг ажилд орох гэхэд нь уурлаж байгаагүй. Харин хүүхдүүдийн сургууль цэцэрлэг хол учраас аятайхан боловсрол эзэмшүүлэхэд чи сургууль соёлд нь хүргэж, чиглүүлж өгч байх нь зөв гэдэг үгийг эцэг хүний хувьд зөвлөж байсан. Б нь бүх баяр, бүх төрсөн өдрийг алгасалгүй тэмдэглэдэг. Архи уудаг бөгөөд шөнө баар хааснаас хойш гэртээ ирдэг. Би архи уудаггүй, тамхи татдаггүй. Би ажил хийж гэр бүлээ л тэжээж яваа эр хүн, эцэг хүн. Б хэт согтолттой байхдаа өөрийнхөө эхтэй маргаж муудсанаас, мөн тэдний дарамтнаас болж амиа хорлох үйлдэл хийсэн. Тэр үед би гаднаас орж ирээд үхэх аюулаас аварсан. Гэтэл одоо энэ үйл явдалд намайг буруутгаж салах шалтаг болгож байна. Хүүхдийн асрамжийн хувьд Б хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх чадваргүй. Тиймээс хүүхдүүдээ Бийн асрамжид үлдээхийг зөвшөөрөхгүй. Харин ч Бийн ёс бус олон үйлдлийг холбогдох газарт нь гомдол гарган шалгуулна. Миний хувьд хүүхдүүдээ бодсон ч өөрийн босгосон амьдралыг алдмааргүй байгаа учраас гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Б нь түр зуурын зугаа, цэнгэлээс болж гэр бүлээ хөсөр хаяж, эцэс сүүлд нь миний гэсэн бүх юмыг надаас авч, салахыг оролдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 138/ШШ2021/00374 дугаар шийдвэрээр:  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Шарайд овогт Ганпүрэвийн Ц, Боржигон овогт Цэцэгийн Б нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.Ц, 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Ц, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Ц нарыг эх Ц.Бийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2зааснаар 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.Цэнгэлжаргал, 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Ц нарыг тус бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Цг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Цаас сар тутам тэтгэлэг гаргуулан эх Ц.Бт олгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар гэрлэгчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 909 төгрөгөөс илүү төлсөн 84 743 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгож, 252 166 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 252 166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлж, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Ц давж заалдах гомдолдоо: “... Миний хувьд хүүхдийн асрамж дээр маргаж байна. Учир нь миний эхнэр болох Ц.Б нь гэр бүлийн тогтворгүй, гэр бүлээс гадуур харилцаатай байснаас гэрлэлт цуцлуулах шаардлага гаргасан. Энэ асуудал манай гэр бүлийн гол маргаан байсан. Эхнэр Б нь түр зуурын зугаа цэнгэлд хууртагдан үр хүүхдээ бодохгүй ингэж шийдвэрлэсэн. Гэтэл байдлыг өөрт ашигтайгаар шүүхийг хууран мэдүүлэг гаргаж намайг хардаж зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг мэт ойлгуулснаас шүүхээс нухацтай шийдвэр гаргаагүй. Манай гэр бүлийн маргаан, тогтворгүй байдал өнөөдөр миний хүүхдүүдэд нөлөөлж хүүхдүүд хохирч байна. Гурван бага насны хүүхдийг шүүхээс эхийнх нь асрамжинд үлдээсэн. Ингэснээр хүүхдүүд маань эзэнгүй болж хаягдлаа. 16 настай охин Цхүртэл хүүхэдтэй үерхэн улмаар жирэмсэн болсон байгаа ба ээж нь хүүхдийг нь авахуулсан юм шиг байна. Б нь байнга архи ууж байна. охиныхоо асуудлыг ярих гээд би том хүүтэйгээ гэрт нь очиж уулзахад согтуу байсан ба надад чи тийм юм бол өөрөө аваад зайлахгүй юу гэж агсарсан. Байнга архи ууж байна. Хүүхдүүдийг гэрт нь хаячихаад гадуур шөнө дөл хүртэл архидан явж байна. Би ярилцах гэхээр хэрүүл болоод байна. Би хүүхдүүдийнхээ төлөө хямарч байна. Арванзургаахан настай охин маань нөхөртэй болж жирэмсэлж байна гэхэд эцэг эхийн хараа хяналт суларсан гэж ойлгохоос өөр юу гэхэв. Миний том хүү 2 удаа шөнө дөлөөр ээжийгээ 4 пиво аваад согтуу хүмүүстэй архи уугаад явж байхад таарсан. Таараагүй хичнээн ч үйлдэл байх билээ.

Ер нь хамт амьдрах хугацаанд гэр бүлийн эд хөрөнгийг бий болгоход оролцоогүй. Одоо би шүүхэд эд хөрөнгийн маргаан гаргаж шийдүүлэх бодолтой байна. Өөрт нь нээж өгсөн комиссын дэлгүүрийг сүүлийн үед ажиллуулснаар орлоготой гэж өөрийгөө тодорхойлсон боловч дагнаад ажил эрхлэх чадваргүй. Байнга миний дэмжлэг, ухаанаар явж байсан. Салхи шиг хөнгөн хийсвэр болохыг би нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл үүнийг үнэлээгүй. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, миний буруу үйлдлийг шүүх дүгнэж үзээд хүүхдүүдийн асрамжийг эхэд нь тогтоож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний хувьд өөрийн гэсэн бизнестэй, амьдралаа аваад явчих чадвартай үр хүүхдүүддээ хайртай тэднийхээ төлөө сэтгэл зовниж байгаа эцэг хүн байна.Одоо хүүхдүүдтэйгээ ярьж чадахгүй, ярих гэхээр хэрүүл болоод эцэс сүүлдээ би дарамтлуулж байна.

Ингээд шүүхээс миний төрсөн хүүхдүүдийн хувь заяаг шийдсэн шийдвэрийг эргэн харж үзээд миний гомдлыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. Би ядахдаа бага насны хүүхдүүдээ авья гэж туйлийн их хүсэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.Цт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-3 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин Ц.Цэнгэлжаргал, Ц.Ц, Ц.Ц нарыг эх Ц.Бийн асрамжинд үлдээж, хуульд заасан хувь хэмжээгээр сар тутам эцэг Г.Цаас тэтгэлэг гаргуулж, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдаж, гэрлэгчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Г.Ц нар нь 2000 оны 01 сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2001 оны 11 сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 148 дугаарт бүртгэсэн, тэдний дундаас 2004 оны 09 сарын 14-ний өдөр охин Ц.Цэнгэлжаргал, 2009 оны 07 сарын 28-ны өдөр охин Ц.Ц, 2013 оны 12 сарын 28-ны өдөр охин Ц.Ц нар төрсөн байна. /хх-ийн 9-10, 11, 14 дэх тал/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хүүхдүүдийн асрамжийг тогтоохдоо охин Ц.Цэнгэлжаргал, Ц.Ц, Ц.Ц нарын санал болон хариуцагч Г.Цын ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлддэг байдал зэргийг харгалзан эх Ц.Бийн асрамжинд үлдээснийг буруутгах боломжгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжинд үлдээх, ... тухайгаа тохиролцож болно.”, 14.6-д “...тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, ... шүүх шийдвэрлэнэ.”, 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Г.Цаас охин Ц.Цэнгэлжаргал, Ц.Ц, Ц.Ц нарыг тэжээн тэтгүүлэх тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцсэн, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд охин Ц.Цэнгэлжаргал, Ц.Ц, Ц.Ц нарыг өөрийн асрамжинд үлдээхийг хүссэн хариуцагч Г.Цын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.” гэж заасан тул хариуцагч Г.Цын давж заалдах шатны шүүхэд өгсөн баримтыг үнэлэх боломжгүй юм.

Хариуцагч Г.Цаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулйин 167 дугаар зүйлийн 167.1.1, 167.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 138/ШШ2021/00374 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Цын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Цаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР

      ШҮҮГЧИД                                             Ж.ДОЛГОРМАА

                                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ