| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00263/И |
| Дугаар | 103/ШШ2025/00411 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2025/00411
| 2025 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2025/00411 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух С.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороонд байрлах Багануур ХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 31-ний өдрийн Б/703 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Багануур ХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 31-ний өдрийн Б/703 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
С.******* миний бие Багануур ХК-нд Худалдаа Хангамж Хариуцсан Хэлтсийн төв агуулахын инженерээр ажилдаг бөгөөд Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.******* нь 2024.12.31-ний өдрийн Б/703 дугаар тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, зүй бус харьцсан гэх үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Миний бие ажил албан тушаал эрхэлж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, Багануур ХК-ний гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.*******ын гаргасан тушаал нь хууль бус юм. Энэ хууль бус тушаалыг хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах хороонд хандсан бөгөөд тус хороо 2025 оны 2 сарын 19-ний өдөр хуралдаж 01 тоот тэмдэглэл гаргасан. Энэ тэмдэглэлийг 2025 оны 3 сарын 06-ны өдөр гардаж аваад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 31-ний өдрийн Б/703 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн чөлөөг байгууллагын хэлтсийн даргаас авсан. Гэтэл тухайн өдөр ахлах мэргэжилтэн над руу залгаад та өрөөнийхөө түлхүүрийг үлдээхгүй яасан юм бэ?, би наряд өгөх гэсэн чинь түлхүүр чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэнэт ажил гараад даргаас чөлөө аваад хөдөө явсан гэж хэлэхэд за за гээд утсаа тасалсан. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу нилээн ууртай залгаад яг одоо түлхүүр авчирж өг гэж хэл амаар доромжилж уурлаад байхаар нь би утсыг нь тасалсан. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ очих үед ахлах инженер ******* чамд арга хэмжээ авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар шалтгаанаар арга хэмжээ авах гэж байгаа юм бэ? гэх үед надтай зүй бус харьцсан гэх шалтгаанаар авна гэж хэлсэн. Надад арга хэмжээ авах, эсэх талаар хэлэлцсэн хурал гэж ойлгоогүй, *******, ******* хоёр намайг зүгээр загнаж байгаад тарсан зүйл болсон. Тэгээд хурал тараад ажил дээрээ байхад ахлах инженер ******* утсаар залгаад хурлын протоколд ирж гарын үсэг зур гэж хэлсэн. Тэгээд би очоод танилцахад 3 сарын хугацаанд миний цалинг 20 хувиар хассан, дээр нь сахилгын шийтгэл оногдуулах заалттай протокол байхаар нь би гайхаад чи ийм зүйл хийж болохгүй, би чамд наряд өгдөггүй гэж хэлсэн болохоос биш чамайг хэл амаар доромжилсон зүйл байхгүй, чи л харин намайг хэл амаар доромжилж, хараасан, харин чи энэ залуучуудын өмнө надаас уучлалт гуй, би чамайг бодвол Багануур ХК-д удаан ажилласан, ахмад уурхайчин хэлсэн. Тэгээд би *******т хандаж чиний энэ шийдвэр үнэнд нийцэхгүй байна, чи энэ шийдвэрээ эргэж сайн хараарай би лав хүлээн зөвшөөрөхгүй, дээр нь манай эхнэр хүнд өвчтэй, хүүхэд оюунтан гэж үнэнээ хэлсэн. Иймээс Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/703 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн төв агуулахын инженер С.*******ид авсан арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/309 Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр хэсэг 11.4 дэх хэсэгт зааснаар Сахилгын зөрчлийг нэгжийн удирдлага судалж, зөрчил гаргасан ажилтнаас тайлбар авч, хэсгийн инженер техникийн ажилтнуудын хурлаар зөрчил гаргасан ажилтныг байлцуулан хэлэлцэж, сахилгын шийтгэл оногдуулах саналаа холбогдох баримт бичиг, нотлох баримтын хамт сахилгын зөрчил илрүүлсэнээс хойш 10 хоногийн дотор Захиргаа хүний нөөц удирдлагын хэлтэст хүргүүлэхээр заасан. Үүний дагуу С.*******ид арга хэмжээ авах талаар 2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутад худалдаа хангамж хариуцсан хэлтсийн үнэлгээний хурлын 505 өрөөнд хурлыг зохион байгуулсан бөгөөд уг хурлаар С.******* нь нярадаар өгсөн үүрэг даалгаварын биелэлт хаана байна, орлогод ороогүй сэлбэг материалын жагсаалт гаргаж танилцуулаарай гэсэн гэхэд С.******* гаргаж амжаагүй, Э.******* 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу өчигдөр таныг чөлөө авсан үед төв агуулахын ажилчдад АА-ны зааварчилгаа өгөхөөр агуулах дээр очсон боловч өрөөний түлхүүр, нарядын дэвтэрээ үлдээгүй байсан болохоор нь утасдаж хэлэхэд өөдөөс утсаар зүй бусаар харьцсан, гэхэд С.******* миний буруу, хувийн зүгээс уучлал хүсч байна гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзахаар заасан байдаг бөгөөд ажилтнаас тайлбар мэдүүлгийг авч танилцуулан гарын үсэг зуруулж арга хэмжээний саналыг захиргаа хүний нөөцийн хэлтэст 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүргүүлсэн байна. Хурлын тэмдэглэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/703 тоот тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, зүй бус харилцсан тул үндсэн цалинг 01 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Гэвч ******* нь уг тушаалыг үл зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 07-ны. Багануур ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан байдаг. Уг өргөдөлд Хэлтсийн нярад 7 хоног болгоны 2 дах өдөр болгон болдог Ахлах мэргэжилтэн Э.******* би ******* инженерт арга хэмжээ авна, өчигдөр намайг утсаар залгаад түлхүүрээ ирж өг гэхэд өөдөөс зүй бусаар харьцсан гэхэд, би хариуд нь миний буруу, хэлсэн үгийг минь уучлаарай, өөрөөс тань албан ёсоор уучлал гуйж байна гэж хэлсэн байна. Мөн өмнө нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хэлтсээс ажилчддаа нярадгүй ажиллуулсан, хариуцсан 2 хүн нь гараа хавчуулсан осол гаргаж 1 сарын 20 хувиар арга хэмжээ авахуулж талаар тайлбарыг хэлсэн байдаг. Уг хурлаар гомдол гаргагч, ажил олгогч эвлэрээгүй тул С.******* нь Багануур дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж хэлтсээрээ уг асуудлыг хуралдаж өөрөөс нь тайлбар авч, арга хэмжээ авах талаар өөрт мэдэгдэн хурлын протокол үйлдэж С.******* нь уг хурлын тэмдэглэлтэй танилцан гарын үсэг зурсан. Хурлын тэмдэглэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/703 тоот тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, зүй бус харилцсан тул үндсэн цалинг 01 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Багануур ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2025.01.23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Багануур дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025.02.19-ний өдрийн 01 дугаар тэмдэглэл/шийдвэр, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 31-ний өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/703 дугаар тушаал зэргийг ирүүлсэн.
5.Хариуцагчаас: 2025.03.28-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ХХХХ-ийн хурлын тэмдэглэл, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 03-ний өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/636 дугаар тушаал, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 31-ний өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/703 дугаар тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн журамд нэмэлт оруулах тухай А/309 дугаар тушаал, хавсралтын хамт, Багануур ХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, С.*******ийн Багануур ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл, ХХХХ-ийн ахлах мэргэжилтэн Э.*******ын тодорхойлолт, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний загвар батлах тухай А/118 дугаар тушаал, хавсралтын хамт, Багануур ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилох тухай 09 дүгээр тогтоол, Багануур ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн компанийн гүйцэтгэх захирлын гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлөх тухай 08 дугаар тогтоол, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн журмыг шинэчлэн батлах тухай А/120 дугаар тогтоол, Багануур ХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагааг зохион байгуулах ерөнхий журам зэргийн ирүүлсэн.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: Миний бие ажил албан тушаал эрхэлж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.12.31-ний өдрийн Б/703 тушаал нь хууль бус. Энэ хууль бус тушаалыг хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах хороонд хандсан бөгөөд тус хороо 2025 оны 2 сарын 19-ний өдөр хуралдаж 01 тоот тэмдэглэл гаргасан. Энэ тэмдэглэлийг 2025 оны 3 сарын 06-ны өдөр гардаж аваад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 31-ний өдрийн Б/703 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, С.*******оос тайлбар мэдүүлгийг 2024.12.24-ний өдөр авсан бөгөөд нэхэмжлэгч С.******* нь өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, орлогод ороогүй сэлбэг материалын жагсаалт тайлбар гаргаж танилцуулж амжаагүй, миний буруу, хувийн зүгээс уучлалт хүсэж арга хэмжээ авах саналыг дэмжиж, тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан байдаг. Шууд удирдлага *******тай зүй бус харьцсан нь тэмдэглэлд тусгагдсан. Иймд ажилтан С.*******ид дээр дурдсан үндэслэлүүдээс үүдэж "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.*******ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/703 тоот тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан гэж маргаж байна.
3. Багануур ХК С.*******той 2022 оны 01 сарын 03-ны өдөр агуулахын инженер албан тушаалд сарын 1.459.000 төгрөгийн цалинтай, хэвийн нөхцөлтэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
3.1. 2024 оны 12 сарын 31-ний өдрийн Б/703 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.3, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3.3, 11.5, 11.7, 11.18.7, 11.18.8, 11.19.1, 11.20.7, 11.26, Багануур ХК-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.2.3, 3.4.2.10 дахь заалтуудыг үндэслэн Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн төв агуулахын инженер Сандагдоржийн ******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, зүй бус харилцсан тул үндсэн цалинг 01 сарын хугацаатай 20 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
3.2. Ажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийг хөдөлмөрийн дотоод журмын 11.18.7, 11.18.8-д заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбар гаргасан,
Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.18.7-д үйлдвэрийн бүс, ажилтнуудын автобус, албан томилолтоор ажиллах, компаниас зохион байгуулж буй болон байгууллагын нэрийн өмнөөс олон нийтийн арга хэмжээнд оролцох үеэр бусдыг доромжлсон, маргалдсан
11.18.8-д ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулахаар тусгасан байна.
3.3. С.******* 2024 оны 12 сарын 23-ны өдөр ажлаас чөлөө авч хөдөө явж байхад ******* залгаж агуулахын түлхүүр, нарядын дэвтэрээс болж маргалдаж, зүй бус харилцсан гэх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй, энэ үйл явлаас улбаалж ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 11.18.7-д зааснаар бусдыг доромжилсон гэж үзэж байгаа талаар тайлбарлаж байгаа нь баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн дотоод журмын 11.18.7-д бусдыг доромжилсон, маргалдсан газрын байршилыг тодорхой тусгасан, С.******* нь үйлдвэрийн бүс, ажилтнуудын автобус, албан томилолтоор ажиллах, компаниас зохион байгуулж буй байгууллагын нэрийн өмнөөс олон нийтийн арга хэмжээнд оролцох аль байршилд хэнтэй, яаж маргалдсан гэх байдал баримтаар тогтоогдсонгүй.
3.4. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 11.18.8-д зааснаар ажилтанг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг дурдаж байх бөдөөд хөдөлмөрийн гэрээний 6.2.22-д заасан зөрчил гаргасан гэжээ.
2022.01.03-ны өдрийн Багануур ХК, С.******* нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.22-д ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч болон түүний төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь бүрэн биелүүлэх, мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Багануур ХК-ийн ажилтан Э.******* нь агуулахын инженер албан тушаалтай С.*******ийн шууд удирдлага мөн эсэх, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн гэж тайлбар гаргах боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй. Мөн Э.*******аас өгсөн ямар үүрэг даалгаварыг биелүүлээгүй болох нь тодорхойгүй байна.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж тус тус заасан.
Ажил олгогч нь дээрх хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын шийтгэлийг тухай бүрд нь шалгаж тогтоосон байх, ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийг гаргасан зөрчлийн үндэслэлд тохирох Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулах эрхтэй.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2-т ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуй нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэхээр, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заахаар зохицуулсан байна.
Багануур ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 11.4-т сахилгын зөрчлийг нэгжийн удирдлага судалж, зөрчил гаргасан ажилтнаас тайлбар авч, хэсгийн ИТА /инженер техникийн ажилтан/-ын хурлаар зөрчил гаргасан ажилтныг байлцуулан хэлэлцэж, сахилгын шийтгэл ногдуулах саналаа холбогдох баримт бичиг, нотлох баримтын хамт сахилгын зөрчил илрүүлснээс хойш 10 хоногийн дотор Захиргаа хүний нөөц удирдлагын хэлтэст хүргүүлнэ. 11.5-д Нэгжээс ирүүлсэн саналыг харгалзан Захиргаа хүний нөөц удирдлагын хэлтэс нь сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ журмын 11.3-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгон Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тусгасан.
Гэтэл 2024 оны 12 сарын 24-ний өдрийн ХХХХ /Худалдаа хангамж хариуцсан хэлтэс/-ийн хурлын тэмдэглэлд ХХХХ-н төв агуулахын инженер С.*******ид хөдөлмөрийн дотоод журмын 10.16.6, 10.16.7 заалтын дагуу үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах санал ЗЗ-д оруулах гэжээ. /хх-ийн 35 дугаар тал/
4.2. Худалдаа хангамж хариуцсан хэлтэс нь С.*******ид сахилгын шийтгэл ногдуулах саналаа холбогдох баримт бичиг, нотлох баримтын хамт Захиргаа хүний нөөц удирдлагын хэлтэст шилжүүлж, тухайн хэлтэс нь сахилгын шийтгэлийг сонгон захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх байхад Худалдаа хангамж хариуцсан хэлтэс сахилгын шийтгэлийг сонгон захирлын зөвлөлд шилжүүлсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.4, 11.5 дахь заалтуудыг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч С.*******ийн сахилгын зөрчлийг ажил олгогч шалган тогтоосон болох нь нотлогдохгүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 31-ний өдрийн Б/703 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/703 дугаар тушаалын 1 дэх заалт болон С.*******ид холбогдох бусад хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур ХК-иас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО