Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: Л.Мажигсүрэн;

шүүгдэгч: Э.Х (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Энхбатын Хт холбогдох эрүүгийн 1709017500377 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, химичийн зааварлагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 338 дугаар ангид мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймаг Баруун-Урт хот 1 дүгээр баг 24А байрны 1 дүгээр орцны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЛЮ92042912 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Зээрднүүд овогт Энхбатын Х.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Э.Х нь 1448 УНЯ дугаартай “Соната 5” маркийн автомашин жолоодон 2017 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө таксинд явж байхдаа үйлчлүүлсэн М.Эрдэнэ-Очиртой Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны харалдаа үерийн далангийн орчимд маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн М.Эрдэнэ-Очирын 1448 УНЯ дугаартай “Соната 5” маркийн автомашины дотор унагаасан “Самсунг Жи-7”, “Ай фоне-5” маркийн гар утсыг нь завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-12/, хохирогч М.Эрдэнэ-Очир /хх-ийн 16-21/, гэрч С.Амармэнд /хх-ийн 22-23/, Ц.Одцэцэг /хх-ийн 27-29/ нарын мэдүүлэг, Э.Хын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/, Э.Хын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-44, 47-48/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49/, Э.Хын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 54-70/, хохирогч М.Эрдэнэ-Очирын хүсэлт /хх-ийн 73/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Х нь 2017 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 1448 УНЯ дугаартай “Хьюндай Соната 5” маркийн автомашинаар хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны орчим М.Эрдэнэ-Очирыг “таксины мөнгөө өгсөнгүй, машинаас буусангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн  тухайн өдрөө 1448 УНЯ дугаартай “Хьюндай Соната 5” маркийн автомашин дотор М.Эрдэнэ-Очирын унагаж гээгдүүлсэн “Самсунг Жи 7”, “Ай фоне 5” загварын гар утсуудыг нь авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           

хохирогч М.Эрдэнэ-Очирын /хх-ийн 19-20/: “... Тухайн үед намайг сэрэхэд уг таксины жолооч нь намайг машинаасаа чирээд буулгаж байсан. Би өмднийхөө халаасыг үзэхэд миний 2 гар утас байхгүй байхаар нь уг таксины жолоочид хандан “чи миний гар утсыг авчихлаа” гэж хэлээд таксины жолоочыг барьж автал намайг түлхэж өөрөөсөө холдуулаад машинруугаа гүйж очоод машинаасаа бороохой мэт зүйл аваад, над руу хүрч ирээд миний толгой руу олон удаа цохихоор нь би толгойгоо гараараа хамгаалсан. Тэгээд би цаашаагаа төв зам хэсэг рүү зугтаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Одцэцэгийн /хх-ийн 27-29/: “... 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Х бид 2 хүүхдээ авахаар гэрээсээ 11 цагийн үед гараад машинд суухад жолоочын эсрэг талын суудлын шалавч дээр цагаан өнгийн гар утас байхаар нь авч үзэхэд ipone-5 маркийн гар утас байхаар нь нөхөр Хаас асуухад “уг гар утсыг мэдэхгүй, машинд үйлчлүүлээд явж байсан хүмүүс унагаасан байх” гэж надад хэлсэн. Х уг гар утсыг 10 гаран хоног хадгалж байгаад эзэн нь гарч ирэхгүй болохоор нь 140.000 төгрөгөөр зарсан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Амармэндийн /хх-ийн 22-24/: “... Эрдэнэ-Очиртой орой 18 цагийн үед уулзсан. Тэгээд найз Энхтамгын гэрт нь Офицеруудын ордоны зүүн талд “Хорго” хотхонд очсон. Тэнд Энхтамга, Эрдэнэ-Очир, Батцэцэг, 2 жаахан хүүхэд нь байсан. Бид хөзөр тоглож, юм ярьж 2 шил “Ээдэн” гэх архи уусан. Шөнө 2 цагийн үед Мөнхтамгын гэрээс гэр, гэртээ харихаар Эрдэнэ-Очир бид 2 хамт гарсан. Бид 2 Цайзаас урууддаг зам дээрээс 1448 УНЯ улсын дугаартай “Соната-5” маркийн машин зогсоогоод Чулуун-Овооны тойргоор тойроод Амгалан плазагийн ард талд 1-7 тоотод гэрийнхээ үүдэнд буугаад үлдсэн. Би таксинаас бууж үлдэхдээ гар утас дээрээ машины улсын дугаарыг тэмдэглэж аваад гэртээ орсон. Эрдэнэ-Очир нөгөө такситай цааш явж “ажлаар орчихоод гэртээ харина” гээд явсан. Тэгээд Эрдэнэ-Очир надруу өөр хүний утсаар залгаад “урьд шөнө намайг согтуу байсан болохоор далимдуулан “Сэлбэ” голын тэнд мэдэхгүй газар авч очоод толгой руу урт юмаар цохиод, гар утас дээрэмдчихлээ, чи намайг суулгаж явуулсан таксиныхаа номер, дугаарыг мэдэж байсан уу” гэсэн. Би “мэдэж байгаа, 1448 УНЯ гэсэн дугаартай “Сонатай 5” байсан, жолооч нь 28-30 орчим насны дунд зэргийн биетэй хүн байсан” гэж хэлсэн. Би Эрдэнэ-Очирын гар утасны маркийг мэдэхгүй байна. 2 гар утастай байсан. Нэг нь андройд байсан. Тухайн машин нь километрийн заалт тоолуур байхгүй, дээрээ симпоргүй байсан. Хувиараа халтуур хийдэг бололтой машин байсан. Машины номерыг нь утас дээрээ тэмдэглэсэн болохоор сайн мэдэж байна…” гэх мэдүүлгээр,

 

Э.Хын гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 25-26/: “... Би 2017 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө такси үйлчилгээнд 1448 УНЯ улсын дугаартай машинаараа явсан. Шөнө 02 цагийн үед Цайз захаас урууддаг зам дээрээс 2 согтуу эрэгтэй хүн гар өргөж суугаад Чулуун-Овооны тойргоор тойроод Амгалан плазагийн ар талд хүргүүлээд нэг эрэгтэй нь буусан. Үлдсэн залуу нь “гэртээ хүргүүлэнэ” гээд хөдөлсөн. Тэгээд тэр залуу нилээн согтсон байсан болохоор яг хаана очих газраа хэлээгүй. 100 айлын тийшээ гээд 100 айлын “Сэлбэ” голын гүүрнээс хойш явсан замруу заасан. Би тэр зүг рүү нь далан дагаад явсан. Хэсэг яваад “хаана буух вэ, 8 километр гарсан байна, 8000 төгрөг гарсан байна” гэсэн чинь хаана буухаа хэлэхгүй байхаар нь “тэгвэл энд буучих” гэсэн. Тэгтэл буухгүй байсан. Тэгээд би гараад машины гаднаас нөгөө залууг татаад машинаас буулгах гэсэн чинь “байж бай” гээд буухгүй байсан. Бид муудалцаад надтай зодолдох гээд байхаар нь би толгой руу нь машины эрэг боолт чангалдаг 17, 19-ийн түлхүүрээр 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь надаас холдоод цааш болохоор нь би машиндаа суугаад хөдөлсөн. Эргэж очоогүй. 2 гар утас байх нь байсан. Нэг нь ipone нөгөө нь ipone-оос арай том гар утас байсан. “Ipone-5” гар утсыг нь тэр өдрөөс хойш 8 хоногийн дараа “Теди” төв дээр очоод “гар утас авна” гэсэн танихгүй хүнд 140.000 төгрөгөөр зарсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна…” гэх мэдүүлгээр,

 

Э.Хын буруутай үйлдлийн улмаас М.Эрдэнэ-Очирын биед “зулай, дагзанд няцарсан шарх, сарвуунд зүсэгдсэн шарх, тохойд зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13283 тоот дүгнэлт /хх-ийн 31/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо болон түүний гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаныг өөрөө хүлээсэн, хохирогч бусдад зодуулсан, эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон, хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.Хын “таксины мөнгөө өгсөнгүй, машинаас буусангүй” гэх шалтгаанаар М.Эрдэнэ-Очирыг хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтээсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн бусдын “таксинд унагаж гээгдүүлсэн” “Самсунг Жи 7”, “Ай фоне 5” загварын гар утсуудыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө… завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү Э.Хын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Хохирогч М.Эрдэнэ-Очир “хохирлоо барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг хэрэгт хавсарган өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Ингэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 960 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

Шүүх шүүгдэгч Э.Хын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Энхбатын Хыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 460.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн Э.Хын нийт эдлэх ялын хэмжээг 960 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хын нийт эдлэх 960.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ