Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 113/ШШ2025/0002

 

2025       04            30                                        113/ШШ2025/0002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “БЧ” ХХК.

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн ...........................

Гомдлын шаардлага: Говьсүмбэр аймгийн .........................-ийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0099361 дугаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. “Б Ч” ХХ нь тус шүүхэд хандан Говьсүмбэр аймгийн ......................-ийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0099361 дугаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессийн түүхийн талаар:

2.1.              Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Монгол Улсын Засгийн газрын “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 2023 оны 42 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/21 дүгээр тушаалын хавсралтаар “БЧ” ХХК нь 2024 оны төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад орж Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтад хамруулсан байна.

2.2.              Уг шалгалтаар “БЧ” ХХК нь 37988 м/куб ус ашигласан /өмнө Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтад хамрагдах үед 025912 м/куб байсан/ гэх зөрчил илэрсэн ба Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.М зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0099361 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар зөвшөөрөлгүй ус ашигласан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 259.783.200 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагч Д.М-ийн нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0099361 дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 төгрөгөөр торгож, 259,783,200 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийтгэл оногдуулсан.

Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан. Гэвч "БЧ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн хэрэг маргаанаас үүдэлтэйгээр Говьсүмбэр аймгийн Баянтал ............ байрлалтай төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа 2014 оноос зогсонги хэвээр байгаа. Иймд "БЧ" ХХК-ийг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

...Зөрчлийн тухай хууль нь Монгол Улсын хэмжээнд аливаа иргэн, хуулийн этгээдэд ижил тэгш үйлчлэх ба тухайн зөрчлийг гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Нөхөн төлбөр тооцсон үнэлгээнд ашигласан томъёо, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх зарчмаас үзвэл ашиглалтын цооног дахь усны түвшинг яг ямар этгээдүүд хэдэн метрээр бууруулсан болохыг нарийн тогтоогоогүй шийтгэл ноогдуулсан нь үндэслэлгүй.

Усны газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1028 дугаар “Усны нөөцөд учруулсан тооцоог хүргүүлэх тухай” албан бичгийн хавсралтаар усны нөөцөд учирсан хохирлыг 259.783.200 төгрөг гэж тооцсон байна. Зөрчлийн хэрэгт манай компанийг зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан гэж үзэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдан 2020 оны А/59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын 7 дугаар зүйлийн 7.1-т “Ус ашиглах зөвшөөрөлд олгох эрх бүхий байгууллага нь гадаргын усны нөөцийн хэмжээ, газрын доорх усны ашиглах боломжит нөөцийн хүрээнд ус ашиглуулах дүгнэлт гаргана”, 7.2.1-т “Усны нөөцийг зөвшөөрөлгүй эсхүл хэтрүүлэн ашигласан, хомсдуулсан, зориудаар хуурайшуулснаас учирсан хохирол”-ыг

  https://legalinfo.mn/uploads/images/BOAJY-2020-a59-ha-1.PNG зориудаар хуурайшуулснаас томьёогоор тооцно гэснийг баримтлаагүй байна. Цаашлаад хохирлын нөхөн төлбөрийн хугацаа, Q коэффициентийн утга 37,980 м3/жил болохыг хэрхэн тооцсон зэрэг нь тодорхойгүй байна.

Шийтгэлийн хуудсыг шалгалтын хуудас, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтад үндэслэсэн гэжээ. Гэвч 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 246 дугаар албан бичигт “...дэд захирал БНХАУ-ын иргэн BC-г хэргийн материалтай танилцуулахаар удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй байх тул шийтгэлийн хуудсыг, усны нөөцөд учруулсан хохирлын тооцооны хамт хүргүүлж байна” гэсэн байна. Манай “БЧ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг 2018 оноос БНХАУ-ын иргэн ЧГУ гэж хүн гүйцэтгэж байгаа бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, Зөрчлийн тухай хуулийн 3.1.1-т “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж тус тус зааснаас үзвэл байцаагч нь холбогдогчид хуулиар олгосон эрх, ашиг сонирхлоо хамгаалах, ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, орчуулагч, хэлмэрч авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, хохирлын үнэлгээтэй танилцаж тайлбар, хохирлын үнэлгээтэй танилцах, үндэслэлгүй гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэх эрхийг олгоогүй хууль бус шийдвэр гаргасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн арга хэмжээ авсан. Гэвч “БЧ” ХХК нь яалт ч үгүй хувьцаа эзэмшигчдийн маргаанаас үүдэлтэйгээр 2014 оноос хойш үйл ажиллагаа бол явагдаагүй байгаа. Хариуцагч хэлэхдээ үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ зөвшөөрөлгүй ус ашигласан гэж байна. Манай байгуулсан гэрээ байдаггүй гэж байна. Гэрээ юмнууд нь танай дээр юм уу, суман дээр байх ёстой. Манайх өмнө нь гэрээтэй байсан. Тэгээд үйл ажиллагаа явуулахаа больсон учраас тухайн гэрээг ахиж байгуулаагүй байж магадгүй.

...Зөвхөн “БЧ” ХХК үйл ажиллагаа явуулаад энэ хэмжээний ус ашигласан гэдэг зүйл яриад байгаа нь өөрөө үндэслэлгүй. Яагаад гэхээр Ц, Н гэх хүмүүс тэдний өдөр ирлээ гэдэг зүйлийг прокурор руу ярьж байсан.  Прокурор руу 2022, 2024 онуудад тус тус бичиг өгсөн. Мөн 2024 оны 01 дүгээр сард Н нарын этгээдүүд ирсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Ер нь бол энэ асуудал зайлшгүй яригдана. Яагаад гэхээр энэ шийтгэлийн хуудас чинь зөвхөн шийтгэлийн хуудас биш бас нөхөн төлбөр яригдаж байгаа учраас нөхөн төлбөрийг тооцсон томъёо нь өөрөө аргачлалын дагуу буруу. Яагаад буруу вэ гэхээр ус зөвшөөрөлгүй ашиглачихсан хэсгийг 7.2.1-ээр тооцохоор байгаа. Тэгэхээр томъёолол нь өөр. Яаж тооцохыг нь би нарийн мэдэхгүй. Хоёрдугаар зүйл нь юу вэ гэхээр хариуцагч хариу тайлбартаа энэ үнэлгээг нэгт усны газар мэднэ. Бид нар мэдэхгүй. Гэхдээ цооногийн түвшин бууралтын метрыг тогтоогоогүй, тогтоох шаардлагагүй гэдгээ бүгдээрээ хэлчихсэн. Яагаад гэхээр хариуцагч газраас бол Усны газар тогтооно гээд байгаа. Усны газар нь юуг үндэслээд байгаа вэ гэхээр байгаль орчны тогтоосон тэр цооногийн уртад үндэслээд аргачлалын дагуу тооцохоор байгаа. Гэтэл цооногийнх нь тооцоолол усны метр их байсан юм уу, бага байдаг юм уу гэдэг мэдээлэл Усны газартаа очоогүй байхад тооцоолол хийгээд ирүүлчихсэн. Үүнийг нь үндэслээд бид нар нөхөн төлбөр гээд гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гуравдугаарт шийтгэлийн хуудсан дээр шалгалтын хуудас болон холбогдогчийн мэдүүлгийг нотлох баримтад үндэслэсэн гэсэн. Холбогдогчийн мэдүүлгийг өөрөө тухайн хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа Наранжаргал гэх этгээд авсан байдаг. Ингэхдээ М гэдэг хүн баталгаажуулсан нь хавтаст хэрэгт байдаг. Ингэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухайн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт юу гэж заасан бэ гэхээр зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан явуулна гэж заасан. Удирдах албан тушаалтан яах вэ гэхээр тухайн зөрчлийн хэргийг хэн  хариуцаад явах юм бэ, хэн энэ үүргийг хэрэгжүүлэх юм бэ гэдгийг тодорхойлж өгдөг.

...Зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөд байгаа нь өөрөө тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэг үндэслэл юм. Нөгөөтэйгүүр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүхэд хүндэтгэлгүй хандаж худал мэдүүлэг өгч, худал тайлбар гаргаж байна. Уг нь бид нар хуулиараа үнэн зөв мэдүүлэг, тайлбар гаргах үүрэгтэй.

Иймд Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагч Д.М-ийн "БЧ ХХК-д оногдуулсан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0099361 дугаартай шийтгэлийн хуудас хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Говьсүмбэр аймгийн Байгаль орчин аялал, жуучлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Монгол Улсын Засгийн газрын “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 2023 оны 42 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/21 дүгээр тушаалын хавсралтаар “БЧ” ХХК нь 2024 оны төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтад хамруулсан байдаг.

Шалгалтаар тус компани  дээр ажлын хэсэг ажиллах үеэр үйлдвэрийн тоног төхөөрөмж нь зогссон байсан боловч тухайн 2024 оны 4-6 дугаар сарын хооронд өөрсдийнх нь мэдүүлж байгаагаар 2000 тн орчим төмрийн хүдэр татан авчирч үйлдвэрлэлийн тоноглолооо турших байдлаар угаасан гэх ба угааж боловсруулсан төмрийн хүдрийн зарим хэсгийг борлуулж, үлдсэн хэсгийг үйлдвэрийн гадна талбайд нөөцөлсөн, байдалтай байсан нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тодорхой хугацаан явагдаж байсныг нотлож байна. Үйлдвэрийн хашаанд байрлах хүдэр угаасан усаа хуримтлуулах зориулалтын цөөрмийг усаар дүүрсэн байдалтай байсан нь шалгалтын тэмдэглэл, фото зургаар болон холбогдогч нарын мэдүүлэгт дурдсанаар үйл ажиллагаа явуулсан нь нотлогдож байна. Мөн үйлдвэрийн талбайн баруун урд тал байрлах тус компанийн эзэмшилд байх гүний худагтаа өөрсдөө дур мэдэн хуучин ашиглаж байгаад шалган баталгаажуулахаар салгасан байсан тоолуураа суурилуулж ажиллуулсан байх бөгөөд тоолуурын заалт нь өмнө мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтад хамрагдах үеийн 025912 м/куб заалтаас 37988 м/куб-ээр нэмэгдэж 63900 м/куб болсон зэрэг нь ус ашиглан үйл ажиллагаа явуулсныг шууд нотолж байхын зэрэгцээ хангагч байгууллагуудаас авсан цахилгаанм эрчим хүчний хэрэглээний төлбөрийн баримтаар давхар батлагдаж байгаа болно. Иймд “БЧ” ХХК нь 2014 оноос хойш зогсонги байдалтай байгаа энэ онд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

“БЧ” ХХК 2023, 2024 онуудад газрын гүний ус ашиглахтай холбоотой ус ашиглах дүгнэлт гаргуулж гэрээ байгуулсан эсэх, устай холбоотой харилцаа үүссэн талаар Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргаанд хүсэлт гаргаж, хариуг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 274 дугаартай албан бичгээр тус компани нь 2023, 2024 онуудад ус ашиглах зөвшөөрөл авч, гэрээ байгуулан ажиллаагүй талаар лавлагааг авсан. Энэ нь тус компанийг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан байдлын нотолгоо болж байх тул оногдуулсан шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна.

Хоёр. “Б” болон “БЧ” ХХК-тай холбоотой хөрөнгийн маргаан болон өмнө нь эзэмшиж байсан этгээдүүдийн учруулсан хохирлын асуудлууд нь эрүүгийн болон захиргааны шугамаар шалган шийдвэрлэгдсэн болон үргэлжилж байгаа тус тусдаа хэргүүд бөгөөд уг маргаж байгаа зөрчил шалган шийдвэрлэсэн асуудалтай шууд хамааралгүй болно.

Холбогдогч нарын мэдүүлэгт дурдсанаар үйл ажиллагаа явуулсан, тоолуурын заалтаар ашигласан ус нь “БЧ” ХХК-ийн дэд захирал БНХАУ-ын иргэн BC-н үйл ажиллагаа удирдан явуулж байх үед хамаарч байгаа нь нотлогдож байна.

Ашигласан усанд нөхөн төлбөр тооцсон нь “БЧ” ХХК нь “О” компанийн LXLG-80 загварын №............... хувийн дугаартай усны тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Стандарт хэмжил зүйн газраас авч баталгаажуулсан байна. Тоолуур баталгаажуулах үеийн заалт 025912 м/куб байсан нь “усны тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ”-ээр нотлогдож байх ба 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хяналт шалгалт хийх үеийн заалт 063900 м/куб болж өөрчлөгдсөн байгаа нь үйлдвэрийн үйл ажиллагаанд ус ашигласан нь нотлогдож байна.

...холбогдох дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүй ашигласан 37988 м/куб усны, газрын гүний усны нөөцөд учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Усны газар 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1028 дугаартай албан бичигт тооцоолон ирүүлсэн байна. Иймд ашигласан усны хэмжээ нь тоолуурын заалтаар тодорхой байх тул цооног дахь усны түвшин хэмжих шаардлагагүй болно.

Гурав. Усны тухай хуулийн 161.1, 161.3, 161.4.7-д тус тус зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хандаж хохирлын үнэлгээ, тооцоог хийлгэсэн болно...

Дөрөв. “БЧ” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн ЧГХ-ийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай захирлын тушаалаар БНХАУ-ын иргэн BC буюу Гадаадын иргэн харьяатын газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/245 дугаар албан бичигт тодорхойлсноор .........., ................. регистрийн дугаартай 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл F1 буюу Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэний оршин суух зөвшөөрөлтэй 7516 дугаартай оршин суух үнэмлэхтэй Б овогтой Ч-ыг дэд захирлаар томилсон байна.

Мөн “БЧ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай албан тоотоор БНХАУ-ын иргэн BC-д олгосон итгэмжлэлийн дагуу эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон дуудан ирүүлж нэг удаа тайлбар мэдүүлэг авсан болно. Түүнээс хойш асуудал буруу тийш эргэхийг мэдээд БНХАУ-ын иргэн BC нь эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчид Усны газраас  ирүүлсэн зөвшөөрөлгүй ашигласан усны нөхөн төлбөр тооцсон баримт, материалтай танилцах талаар утсаар, мэйлээр, шуудангаар удаа дараа дуудсан боловч холбогдогч БНХАУ-ын иргэн BC дахин хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн тул хэргийн материалыг уг үйл явцын талаар эхнээс нь мэдэх эрх бүхий этгээд түүнтэй хамт ажиллаж байгаа “БЧ” ХХК-ийн орон нутаг хариуцсан менежер Л.Л-д 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр танилцуулж тэмдэглэл үйлдсэн бөгөөд БНХАУ-ын иргэн BC-д шуудангаар илгээсэн байна.

...иймд Говьсүмбэр аймгийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.М-ийн “БЧ” ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 0099361 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 5 000 000 төгрөгийн мөнгөн торгууль, 259 783 200 төгрөгийн нөхөн төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж байна.

... Байгаль хамгаалах тухай хуулиараа хохирол нөхөн төлбөрийг 3 дахин үржүүлдэг. Холбогдох хуулийнхаа дагуу газрын гүний усны нөөцөд учруулсан хохирлоо гаргаад гуравт үржүүлдэг гэсэн үг. Үүнийг бид нар ямар нэгэн байдлаар багасгах боломж байхгүй. Зөвхөн мөнгөн торгууль нь 5 сая төгрөг, нөхөн төлбөр хохирол гээд байгаа нь 259 783 000 болж байгаа. Бид нарт үүнийг багасгах ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Бид нар багасгадаг хүмүүс нь ч биш. Бид нар хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс учраас энэ мөнгөн дээр ямар ч өөрчлөлт оруулах боломж байхгүй. Хуулийн дагуу л хохирол, нөхөн төлбөрийг тооцоолж байгаа. Ашигласан ус нь тодорхой гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Гомдол гаргагчаас ...усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаагүй, тус үйлдвэр лүү дайрч хууль бусаар эзэмшилдээ асван Б.Ц нарын бүлэг этгээдүүд гүний худгаас ус татаж үйлдвэрийн үйл ажиллагаа явуулахад зориулсан нууранд ус дүүргэх зэргээр хорлон сүйтгэсэн, ашиглалтын цооног дахь усны түвшинг яг ямар этгээдүүд хэдэн метрээр бууруулсан болохыг нарийн тогтоогоогүй шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-д заасан томьёогоор тооцно гэснийг баримтлаагүй, хохирлын нөхөн төлбөрийн хугацаа, коэффициентийн утга 37980 м3/жил болохыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчид хуулиар олгосон эрх, ашиг сонирхлоо хамгаалах... эрхийг олгоогүй хууль бус шийдвэр гаргасан гэх агуулгаар,

            5. Хариуцагчаас ...хуучин ашиглаж байгаад шалган баталгаажуулахаар салгасан байсан тоолуураа суурилуулж ажиллуулсан байх бөгөөд тоолуурын заалт нь өмнө мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтад хамрагдах үеийн 025912 м/куб заалтаас 37988 м/куб-ээр нэмэгдэж 63900 м/куб болсон зэрэг нь ус ашиглан үйл ажиллагаа явуулсныг шууд нотолж байгаа, Усны тухай хуулийн 161.1, 161.3, 161.4.7-д тус тус зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хандаж хохирлын үнэлгээ, тооцоог хийлгэсэн ба холбогдох дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүй ашигласан 37988 м/куб усны, газрын гүний усны нөөцөд учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Усны газар 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1028 дугаартай албан бичигт тооцоолон ирүүлсэн, “Бигом Чойр” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр БНХАУ-ын иргэн BC-д олгосон итгэмжлэлийн дагуу эрх бүхий албан тушаалтны 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон дуудан ирүүлж тайлбар мэдүүлэг авч...нөхөн төлбөр, шийтгэл оногдуулсан гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

            6. Хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Монгол Улсын Засгийн газрын “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 2023 оны 420 дугаар тогтоолыг үндслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/21 дүгээр тушаалын хавсралтаар “БЧ” ХХК нь 2024 оны төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдах аж ахуйн нэгжийн жагсаалтанд орсон тул тус аймгийн Байгаль орчны газраас 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамруулжээ.

            Уг шалгалтын үед үйлдвэрийн тоног төхөөрөмж нь зогссон байсан боловч 2024 оны 4-6 сарын хооронд 2000 тн орчим төмрийн хүдэр татан авчирч үйлдвэрлэлийн тоноглолоо турших байдлаар угааж, боловсруулсан төмрийн хүдрийн зарим хэсгийг үйлдвэрийн гадна талбайд овоолго босгосон байдалтай байсан /хх-65-р хуудас/, тус үйлдвэрийн хашаанд байрлах хүдэр угаасан усаа хуримтлуулах зориулалтын цөөрмийг усаар дүүргэсэн /хх-66-р хуудас/, мөн тус компанийн эзэмшилд байх гүний худгаас ус ашигласан бөгөөд тоолуурын заалт нь мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтад хамрагдах үеийн 025912м/куб заалтаас 37988 м/куб-аар нэмэгдэж 63900 м/куб болсон /хх-32, 33-р хуудас/  зэрэг нөхцөл байдал тогтоогджээ.

            7. Мөн Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр аймгийн салбарын 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01/588 дугаартай албан бичиг /хх-ийн 41-46/ болон “БЧ” ХХК-ийн сар бүрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хүргүүлсэн байх бөгөөд 2024 оны 4 сард 2.790.758 төгрөг, 5 сард 26.694.346 төгрөг, 6 сард 52.708.611 төгрөг, 7 сард 20.411.629 төгрөг, 8 сард 2.045.961 төгрөг тус тус төлсөн зэргээс үзвэл тухайн үед үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж байжээ гэж үзэхээр байна.

8. Гомдол гаргагчаас усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаагүй, тус үйлдвэр лүү дайрч хууль бусаар эзэмшилдээ асван Б.Ц нарын бүлэг этгээдүүд гүний худгаас ус татаж үйлдвэрийн үйл ажиллагаа явуулахад зориулсан нууранд ус дүүргэх зэргээр хорлон сүйтгэсэн гэх боловч, уг дурдаж байгаа үйл явдал нь 2022 онд болж байсан бөгөөд энэ талаар “БЧ” ХХК-иас Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

9.  “БЧ” ХХК-ийн захирал ЧГХ 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Б овогтой Ч /......... хх-61 хуудас/-ыг тус компанийн дэд захиралаар томилсон байх бөгөөд шалгалтын явцад 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ”Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэлд BC-д хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч мэдүүлэг авахад “...2023 оны 12 сарын 23-нд үйлдвэрийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газраас ажлын хэсэг томилон үйлдвэрийн байрыг албан ёсоор хүлээлгэн өгснөөс хойш тус үйлдвэрийн байранд эзэн болж суусан..., ...6 сард туршилтын үйл ажиллагаа явуулсан, ...туршилт явуулахад шаардлагатай түүхий эдийг Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байрших “6666666666” ХХК-ийн төмрийн уурхайгаас 700 тн түүхий хүдрийн баяжмал авсан, ... төмрийн хүдрийн хаягдлыг хамж цуглуулж үйл ажиллагаа явуулсан. Нийт 2000 тн орчим нойтон баяжмал туршилтын шугамаар гарган авсан...” гэсэн нь дээрх үйл баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Гомдол гаргагчаас “...уг мэдүүлгийг хариуцагч Д.М өөрөө аваагүй эмэгтэй хүн авсан гэж BC хэлсэн” гэх харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаан дээр “...уг мэдүүлгийг улсын ахлах байцаагч Д.М авч би компьютер дээр холбогдогчийн өгсөн мэдүүлгийг шивж өгсөн өөрөөр оролцоо байгаагүй” гэж мэдүүлсэн бөгөөд энэ үндэслэлээр улсын ахлах байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

10. Гомдол гаргагчаас “...усны нөөцийг зөвшөөрөлгүй, эсхүл хэтрүүлэн ашигласан, хомсдуулсан, зориудаар хуурайшуулснаас учирсан хохирлыг тооцох томьёог буруу ашигласан гэх маргааны тухайд, Усны тухай хуулийн 161 зүйлийн 161.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллана, 161.3. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон сум, дүүргийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагчийг усны талаарх мэргэжил , арга зүйн удирдлагаар хангана, 161.4.7.усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийх аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох; гэж тус тус заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хандаж хохирлын үнэлгээ, тооцоог хийлгүүлсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд тус газраас 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1028 дугаар “Усны нөөцөд учруулсан хохирлын тооцоог хүргүүлэх тухай” албан бичгийн хавсралтаар усны нөөцөд учирсан хохирлыг 259.783.200 төгрөг болохыг холбогдох томьёо /хх 58-р хуудас/-гоор тооцжээ. Улмаар гомдол гаргагч “...усны нөөц ашиглах гэрээг манай байгууллага хийсэн...” гэх боловч Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргааны 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 274 дүгээр албан бичгээр “...”БЧ” ХХК нь 2023, 2024 онуудад ус ашиглах зөвшөөрөл авч, гэрээ байгуулан ажиллаагүй болно” /хх хавсаргасан нотлох баримтын 56-р хуудас/ гэсэн байгаагаас үзвэл тус компани нь ус ашиглах зөвшөөрөлгүй байсан болох нь тогтоогджээ. Мөн ашигласан усны хэмжээ нь тоолуурын заалтаар тодорхойлогддог усны нөөц байх тул цооног /худаг/ дахь усны түвшин хэмжих гадаргын усны өөр томьёог ашиглах шаардлагагүй байна.

11. Дээрхээс үзвэл, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл. Усны тухай хууль зөрчих 2.Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 5000000 төгрөгөөр торгож, 259.783.200 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.

12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж тус тус заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 161 зүйлийн 161.1, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “БЧ” ХХК-ийн гаргасан Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын ахлах байцаагч Д.М-ийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0099361 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗУЛ