Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 303/ШШ2025/00284

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: **************************,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч **************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1970 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн сургуульд суралцаж байсан боловч төгсөөгүй 1986 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 16 нас хүрсэн 16 насандаа 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гээд баримтаа бүрдүүлсэн чинь нийгмийн даатгалын улсын байцаагч 1986 оноос 1989 онуудыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж зөвлөсөн тул тус аймгийн Архивын тасагт хандан лавлагаа авахад 1988-1989 онуудад цалин гарч 1986-1987 онуудад баримт гараагүй болно. Миний анх нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн хэзээ алга болсныг мэдэхгүй мөн Эрдэнэцогт сумын архив шатаж баримтууд устаж үгүй болсон байдаг тул малчнаар тэтгэвэрт гарахад шаардлагатай нотлох баримтууд шатаж устаж үгүй болсон байна. Надад байгаа баримт болохоор 1998 оны 6 дугаар 15-ны өдрийн Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ болон архивын баримт байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгана.

Иймд ***************** 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, зөвлөмжийн хуудас, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13/381 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ******************   ХААТР-1 маягт, гэрч ************************* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч ********************* 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.  

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******************** нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1988-1989 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******************нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч *****************1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 078 дугаар бүртгэлд: “овог, нэр- *****************, ажилладаг байгууллага- Батзам нэгдэл, эрхэлдэг ажил-үхэрчин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Эрдэнэцогт гэж тэмдэглэсэн байх тул хүсэлт гаргагч *********************** 1987 оноос эхлэн ажилласан байна гэж шүүх дүгнэв.

5. Харин хүсэлт гаргагч ************************* 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин, нотлох баримт гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иймд хүсэлт гаргагч ******************* 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Мөн гэрч **************** нь Эрдэнэцогт сумын архивын баримт 1985 оноос хойш шатаж байгаагүй талаар мэдүүлсэн болохыг дурдав.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******************** 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч******************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА