Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 303/ШШ2025/00285

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ***********************

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ****************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 онд Хүрээмарал суманд төрсөн. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1988 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл Хүрээмарал сумын Ерөнхий боловсролын сургуульд нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 295958 дугаартай дэвтрийн  хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан  хамгаалахын төв архивын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9393 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 253 дугаар лавлагаа, Хүрээмарал сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуулийн 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуулийн 1993 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаар тушаал, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13/380 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ******************* ХААТР-1 маягт, гэрч ******************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *******************1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуульд нярав, мужаанаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ****************** нь 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуульд нярав, мужаанаар ажиллаж байсан болох нь 1988-1993 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 253 дугаар лавлагаа, сургуулийн эд хөрөнгийг актлаж устгах комиссын гишүүнээр томилсон талаарх Хүрээмарал сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дүгээр тушаал, эд хогшил актлах тухай Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаар тушаал, амралтын өдөр ажилласан тул цалин олгосон талаарх Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуулийн 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тушаал, 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуулийн 1993 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаар тушаал, ажилд орсон болон чөлөөлсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 295958 дугаартай дэвтрийн  хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч *******************талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 176 дугаар бүртгэлд: “овог, нэр-*********************, ажилладаг байгууллага-бусад эх үүсвэр, эрхэлдэг ажил-ажилгүй, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Дэлгэрмөрөн” гэж тэмдэглэсэн нь няраваар ажилласан хугацаанд хамааралгүй баримт юм.

5. Хүсэлт гаргагч******************** хөдөлмөрийн 295958 дугаар дэвтрийг Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 8 жилийн дунд сургуулиас нээж, сургуулийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан,  хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, гэрэл зураг зэргээр нь ******************** дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.

6. Иймд хүсэлт гаргагч ********************1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуульд нярав, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ********************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************************ 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуульд нярав, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *********************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА