Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч: Ө.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өлзий-Очирын Бд холбогдох эрүүгийн 1709006620029 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Орхон Бэлх” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30-96 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ХБ78060612 регистерийн дугаартай, Номчомог овогт Өлзий-Очирын Б.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ө.Б нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Майхан толгойн зуслангийн автобусны буудал дээр хохирогч Л.Мандаахүүг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний биед “зүүн хацар яс духны сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн хацар ясны нум зөрөөтэй хугарал, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зулайн хуйх дээд уруулд шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Мандаахүү /хх-ийн 12, 24-25/, гэрч Ө.Б /хх-ийн 13/, Б.Наранчимэг /хх-ийн 14-15/ нарын мэдүүлэг, Ө.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24-25/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10288 тоот дүгнэлтүүд /хх-ийн 17/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Майхан толгой зуслангийн автобусны буудлын орчим Л.Мандаахүүтэй хэрэлдэж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Мандаахүүгийн /хх-ийн 12/: “... 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн багын найз болох Ө.Бтай 13 цагийн орчимд уулзаж 0,5 литрийн “Сархад” архийг манай гэрт хоёулаа хувааж уусан. Бид Бын танил Заараа гэх айл руу Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой руу явсан. Тэднийд очоод Б бид гурав 0,75 литрийн хэмжээтэй “Хараа” архи авч 3 хувааж уугаад тэднийхээс гарсан. Тэр айлд байх үед ямар нэгэн маргаан болоогүй. Би тухайн үедээ нилээн согтчихсон байсан. Айлаас гараад явж байгаад нэг мэдсэн Ө.Б бид хоёр барилцаад авчихсан байсан. Тэгээд болсон зүйлийг санахгүй байна. Тэгсэн би хамар ам нил цус болчихсон явган хүний зам дээр сууж байсан. Миний толгойг ямар ч байсан нэг удаа чулуугаар цохих шиг болсон. Би тэр хүнд огт гар хүрээгүй ээ. Би толгойдоо 5 оёо, урууландаа 3 оёдол тавиулсан. Урд үүдэн нэг шүд хөдөлсөн. Зүүн талын чих дүлийрч дүнгэнээд толгой эргэж өвдөж байна ...” гэх мэдүүлгээр,

 

Ө.Бын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 13, 24-25/: “... 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр найз Л.Мандаахүүгийн хамт гэртээ архи уусан. ... Бид хоёр архиа ууж дуусчихаад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойд амьдардаг таньдаг ахындаа очсон юм. Тэшээд уг айлд Л.Мандаахүү бид хоёр 0,75 литрийн 1 шил “Хараа” архи хувааж уучихаад 18 цаг өнгөрч байхад Заараа ахын гэрээс нь гараад автобусны буудал руу Мандаахүү бид 2 явсан. Явж байх замдаа би нилээн согтуу байсан учир тасарчихсан байсан. Нэг ухаан ороход Л.Мандаахүү бид хоёр хоорондоо зууралдчихсан зогсож байсан. Тэгээд Л.Мандаахүү нь миний цээж хэсэг рүү толгойгоороо түлхээд байхаар нь би зүүн гараараа Л.Мандаахүүгийн нүүр хэсэг рүү 1 удаа цохиод Л.Мандаахүү нь тонгойхоор нь нүүр хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би явж байгаад тасарчихсан. Орой 20 цагийн үед сэрэхэд би хашлага налчихсан унтаж байсан. … Л.Мандаахүүд тухайн гэмтлүүдийг би учруулсан ...” гэх мэдүүлгээр,

 

Ө.Бын буруутай үйлдлийн улмаас Л.Мандаахүүгийн биед “зүүн хацар яс духны сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн хацар ясны нум зөрөөтэй хугарал, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зулайн хуйх дээд уруулд шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10288 тоот дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь архи ууж согтуурсны улмаас хохирогчтой маргалдаж улмаар түүнийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 Хувийн сэдэлттэй хэрүүл маргааны улмаас Л.Мандаахүүг зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Ө.Бын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Ө.Бын “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Ө.Б гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Л.Мандаахүүд 2.900.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Ө.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Номчомог овогт Өлзий-Очирын Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ