| Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: “ШБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.М Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч З.С-т холбогдох төрийн хяналт шалгалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.М, түүний өмгөөлөгч Э.С хариуцагч З.С, гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1.Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч З.С-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0044044 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон. Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд: 2.1. Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч З.С нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0044044 дугаартай шийтгэлийн хуудсаар “ШБ” ХХК-ийн “..........” хүнсний дэлгүүрийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасан байна. Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 3.1.Нэхэмжлэгч “ШБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулдаг “.........” хүнсний дэлгүүр нь согтууруулах ундааны шошго тэмдэггүй архи хүнд худалдан борлуулах нөхцлөөр хангаж лангуун дээр байршуулсан. “ШБ” ХХК нь онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан болох нь хяналт шалгалтын зураг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд холбогдогч “ШБ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэжээ. ...хураан авсан 8 шил архинд онцгой албан татварын тэмдэг наагдсан тэмдэг нь хуурч унасан эсвэл огт тэмдэг наагдаж байгаагүй эсэх болон дээрх архины гарал үүсэл, онцгой албан татвар төлсөн байдал зэргийг шалгаж тогтоогоогүй атлаа “ШБ” ХХК нь онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан болох нь хяналт шалгалтын зураг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна. Онцгой албан татварын тэмдэггүй архи лангуун дээр өрөгдсөн нь тэмдэггүй архийг худалдан борлуулсан гэсэн үйлдэл биш, аливаа худалдан борлуулалт манай компаний дансанд зохих үнэ шилжсэнээр худалдан борлуулалт хийгдсэн гэж үзэж бид ашиг орлогоо тооцдогоос лангуун дээр өрөгдсөн барааг худалдагдан борлуулагдсан гэж үзэхгүй харин үлдэгдэл бараа гэж тооцно. ...аль нэг компаний хэн нэг хариуцлагагүй ажилтны буруугаас муу наагдсан онцгой албан татварын тэмдэг хуурч унаснаас 10 сая төгрөгийн шийтгэл оногдуулж байгаа нь хууль, шударга ёсонд нийцэхгүй юм. Шинэ бизнесийг зөвлөн туслаж, дэмжин бойжуулна гэсэн төрийн бодлого үгүйсгэгдэж зөрчил гаргаагүй байж буруутан болж агуулгын биш, хэлбэрийн зүйлээр Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээж байгаадаа гомдолтой байна. Иймд 0044044 дугаартай шийитгэлийн хуудас нь хууль бус захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн эдийн засгийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв. 3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хариуцагч тал яагаад шийтгэлийн хуудас оногдуулсан бэ гэхээр онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан гэсэн үндэслэлээр, үйлдлийг нь харахаар худалдан борлуулсан зүйл байхгүй. Худалдан борлуулж байхад нь ч юм уу, эсвэл худалдан борлуулаад худалдаад авчихсан хүн нь гомдол гаргасан ч юм уу гэвэл гаргаагүй байдаг. Лангуун дээр байсан гэдэг нь худалдан авагч нарт санал болгож байгаа нэг хэлбэр гэсэн үг. Манайх ийм, ийм бүтээгдэхүүн гээд санал болгосон хэлбэрээрээ лангуун дээр байсан архийг нь хурааж авсан, тэр архи нь онцгой албан татварын тэмдэггүй хэдэн архи байсан юм билээ. Түүнийг худалдан борлуулсан гэж үзэх нь хуульд нийцэхгүй байна гэж би хараад байгаа. Худалдан борлуулах гэдэг нь хэн нэгэн хүнд нөгөөдөхөө худалдаад хариу мөнгөн төлбөрөө авсан бол энэ худалдан борлуулах үйл ажиллагаа. Өөрөөр хэлвэл Иргэний хуулийн 241 дүгээр зүйл дээр худалдах, худалдан худалдах авах, мөн хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах болон арилжаа гэсэн үндэслэлүүдийг зохицуулаад худалдах худалдан авах гэдэг юу вэ гэдгийг тодорхой зохицуулчихсан, тэгэхээр нэг этгээд нөгөө этгээдэд бараа бүтээгдэхүүн худалдсан бол хариу төлбөрийг нь авснаар худалдах, худалдан авах ажиллагааны гэрээ байгуулагдана. Аман хэлэлцээр ч мөн ялгаагүй шүү дээ, бид нар дэлгүүрт ороод талх авлаа гэхэд мөнгийг нь төлөөд талхаа аваад явдаг. Гэтэл тэнд байгаа талхыг авахгүй бол барааны үлдэгдэл болоод лангуун дээр байж байдаг, тэрийг худалдан борлуулсан гэж үзэхгүй гэж бодож байна. Хоёрдугаарт лангуун дээр байсан гэж С хэлдэг, С-ын шийтгэлийн хуудас дээр ч лангуун дээрээ байршуулсан байсан гэдгээрээ буруутана гэхээр хуульд нийцэхгүй зүйлүүд харагдаад байгаа юм. Татварын ерөнхий хууль дээр нилээн эерэг юмнууд байдаг юм билээ, улсын байцаагч нь өөрөө яах ёстой, яаж харьцах ёстой, шинэ бизнесийг яаж бойжуулах ёстой, эсвэл ёс зүйн дүрмээрээ ямар байх талаар хуульчилчихсан юмнууд байдаг юм. Жишээлбэл Татварын ерөнхий хуулийн 76.7 дугаар зүйлд улсын байцаагч ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн тэдэнд итгэл үзүүлж ажиллана гээд нэг бус удаа итгэл үзүүлж ажиллах тухай хуульчилсан байдаг. Мөн хуулийн 78 дугаар зүйлд дагаж мөрдөх зөвлөмжийг гарган зөвлөн тусална, итгэл үзүүлнэ, мөн хуулийн 76.3 дугаар зүйлд татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн түүнд хэрэгжүүлэх боломжийг олгон итгэл үзүүлнэ гэсэн байдаг. “...............” дэлгүүрийн хувьд тийм зүйл байсан бол нэг удаа итгэл үзүүлээд танайх ийм, ийм байна шүү, яг худалдан борлуулсан зүйл өнөөдрийн байдлаар харагдахгүй байна гээд итгэл үзүүлээд орхих боломж байсан. Хууль тогтоомжоор ийм нөхцөлүүд олгогдсон байдаг юм байна. Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэнэ гэдэг ойлголт байхгүй шүү дээ, төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Лангуун дээр өрсөн юм чинь эднийх худалдсан л байж таараа гэдэг ч юм уу, ийм байдлаар ойлгож төсөөтэй хэрэглэхгүй гээд заачихсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтнууд юу хийх талаар дурдчихсан байдаг юм билээ. Эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ гээд, мөн хуулийн 6.8-д цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, 6.12-т нь татварын эрх бүхий албан тушаалтан гээд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийг шалган шийдвэрлэнэ гэсэн боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эд зүйл хураан авах ажиллагаанд цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд процессын бус алдаа гаргасан байдаг юм. Эд зүйлийг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8-д заасан албан тушаалтнууд хураагаад авчихсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа мөн үү, мөн шүү дээ. Тэгэхээр С өөрөө хурааж аваад энэ процессыг гүйцэтгэх байтал С гэдэг хүн хурааж авсан нь процессийн алдаатай зүйлүүд харагддаг. Зөрчлийг хэн нотлох ёстой вэ гэхээр эрх бүхий албан тушаалтан өөрөө л нотлох ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д эрх бүхий албан тушаалтан юу хийх ёстой вэ гэхээр зөрчил тогтоох албан тушаалтан шийтгэл, шийтгэл албадан гүйцэтгүүлэх үндэслэлийн дагуу нотлох үүрэгтэй. Зөрчил нотлох гээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд зааснаар шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргийг өөрөө хүлээнэ гэсэн зохицуулалт хуульд заачихсан байгаа болохоор танайх энэ архийг энэ хүнд зарчихсан, зарсан, худалдсан гэдгийг өөрөө л нотлох ёстой боловч танайх ийм зөрчил гаргасан гэдэг нь хуульд нийцэхгүй үйлдэл байна гэж харж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан, импортолсон, үйлчилгээ үзүүлсэн зүйл байхгүй гэж үзэж байгаа. Сүүлд манайхаас хүсэлт гаргаад шинжээчийн дүгнэлт гаргуулсан, Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль, Тэмдэг хэрэглэх тухай журам гээд байгаа, үүнээс харахад наах гэдэг бол хариуцлагатай ажил, анхнаасаа салахгүйгээр наана гээд хуульчилчихсан. Гэтэл нөгөөдөх нь бүгдээрээ салаад уначихсан, хоёрт наагдаагүй зүйл бас байгаа, экспортын коньяк байсан, энэ ч хуульд нийцэхгүй үйлдлүүд харагдаж байгаа, яагаад салж унасан юм, хаана салж унасан гэдгийг тогтоох ёстой юм шиг санагдсан. Яагаад гэхээр анхнаасаа салахгүй байх ёстой наалт яагаад салчихаад байгаа юм бэ, бусад газрууд ч шалгагдсан салсан зүйлүүд ч байсанд манай үйлчлүүлэгч гомдолтой байдаг юм, зарим газрыг зүгээр орхичихоод манайхыг 10 000 000 төгрөгөөр торгосон нь тэгш бус ажилласан гэж үзэж байгаа. Төр үйлчилгээ үзүүлэхдээ тэгш ажиллах ёстой, шийтгэл оногдуулсан ч тэгш байдлаар хандаагүй гэсэн гомдолтой байна. Татварын газар өөрөө нэгдүгээрт зөвлөн туслах, хоёрдугаарт итгэл үзүүлэх үндсэн дээр нөхөрсөг, найрсаг, хүнлэг харьцаанууд хуулиараа үүсэх ёстой. Хэд хэдэн байдлаар хууль тогтоомжид нийцэхгүй байгаа учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв. 3.3. Хариуцагч З.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.С нь “Хэтрүүлээд хэрэггүй” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүмбэр сумын ............. үйл ажиллагаа явуулдаг “ШБ” ХХК-нь онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчлийг илрүүлэн мэдээллийг ирүүлсэн. Үүний дагуу зөрчлийн хэрэг нээн энэ үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн шийтгэлийн хуудас бичиж 10.000.000 төгрөгөөр торгосон. Онцгой албан татварын тэмдэг наагдсан тэмдэг нь хуурч унасан эсвэл огт тэмдэг наагдаж байгаагүй, хуурамч болон дээрхи архины гарал үүсэл, нэр бүхий компаниас татан авалт хийсэн эсэхээс үл хамааран тухайн аж ахуйн нэгж нь дэлгүүрийнхээ согтууруулах ундаа худалдан борлуулах зориулалттай лангуу дээр онцгой албан татварын тэмдэггүй 8 ширхэг согтууруулах ундааг зарахаар байршуулахдаа бүрэн бүтэн байдлыг нь шалгаагүй, онцгой албан татварын тэмдэггүй тавьсан идэвхитэй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэн нь тодорхой байна. Дээрхээс үзвэл Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан... бол хуулийн этгээдийг 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан заалтыг бүрэн хангаж байна. ... би өөрөө хурааж аваад, өөрөө шалгаад гэх процессын алдаа яриад байна, цагдаагийн газартай яагаад хамтраад яваад байна гэвэл манайх эд зүйл хурааж авах эрхгүй, цагдаа хурааж аваад хэрэг бүртгэлийн хэрэг нээн бүртгэж, прокуророос цагдаагийн тасгийнх нь дарга А гэдэг хүн харьяаллын дагуу манай татварын газар луу шилжүүлсэн. Шилжүүлээд ирэнгүүт нь манай газрын дарга Э надад хуваарилсан гэсэн үг. Би өөр дээрээ хуваарилагдаж ирж байгаа албан газруудыг л шалгана уу гэхээс бусад газруудыг өөрөө хариуцаж хийхгүй, заавал эрх бүхий албан тушаалтны өгсөн үүргийн дагуу хуулийн хүрээнд шалгах үүрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолчихсон, эсхүл худалдсан гэсэн байна. Худалдсан гэдэг нь өөрөө бие даасан зөрчил болохыг хуульчлаад өгчихсөн гэж ойлгоод худалдсан гэдэг үндэслэлээр нь авсан. Борлуулсан гэдэг нь өөр болчихож байгаа юм, борлуулсан гэхээр худалдан авагч мөнгө шилжүүлэн мөнгө нь танайх руу орсон гэдэг зүйлийг хэлж байгаа юм. Худалдсан гэдэг зүйл заалтаар танайхыг бие даасан зөрчил гээд хуульчилчихсан учраас энэ хуулийн зүйл заалтын дагуу торгосон гэсэн үг. Худалдсан гэдэг нь худалдан борлуулагч дэлгүүр, хувь хүн, зарж байгаа үйлдлийг хэлнэ гээд заачихсан байгаа. Энэ үндэслэлээр торгосон. Эднийх Говьсүмбэр аймгийн “АПУ 2” ХХК гэрээт борлуулагчаас архи, согтууруулах ундаануудаа татдаг гэсэн. Согтууруулах ундааныхаа худалдаж авсан падаануудыг өгсөн байдаг, мэдүүлэг дээрээ бас он, сартай нь өгсөн байгаа. 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 0,75 хэмжээтэй Ерөөл 2 ширхэгийг, 2024 оны 07 сарын 17-ны өдөр, 9 дүгээр сарын 12, 10 дугаар сарын 15-ны өдөр, 11 дүгээр сарын 17-ны хүртэл тус тус татсан байгаа. 12 дугаар сарын 27-ны өдөр яагаад лангуун дээр тавьсан архинуудын акцын бүрэн бүтэн байдлыг хангаагүй тавьсан юм бэ, энэ үйлдэл чинь өөрөө худалдсан гэдэг зүйл заалт дээр ороод байгаа юм. Татварын акцыг наах үүрэг бид нарт байхгүй. Яагаад гэвэл бусад олон газар, олон согтууруулах ундааны акцтай байж болоод байна. Санамсаргүй байдлаар унасан байдлыг та хэд өөрсдөө шалгаад акцгүй бол буцаагаад таталт хийсэн газраасаа акцаа аваад наагаад эргүүлээд тавих үүрэгтэй. Бид нар акцгүй архийг та нарын далд байсан агуулахаас хураагаагүй. Танайхыг шалгаагүй бол хэн ч ороод татварын акцтай байна уу, үгүй байна уу гэдгийг шалгахгүй аваад л гардаг. 2024 оны 07 дугаар сараас хойш Ерөөл гэдэг архи хэд гарсан, акцгүй архи гарчихсан байх магадлал байгаа. Гэхдээ борлуулсан гэдэг үндэслэлээр танай дээр шийтгэлийн хуудас үйлдээгүй, зөвхөн худалдсан гээд таслал, таслал тавиад бие даасан зөрчил гээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэв. ҮНДЭСЛЭХ нь: Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 4. Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч З.С гомдол гаргагч “ШБ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа, ... эсхүл худалдсан, эсхүл борлуулсан; ... бол ... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулжээ. 5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “...худалдсан, борлуулсан...” гэж хуульд заасан байх бөгөөд дэлгүүрийн лангуун дээр тавигдсан байгаа нь “худалдсан, борлуулсан зүйл байхгүй “үлдэгдэл бараа” гэж тооцогдоно гэж маргаж байна. 6. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан нь согтууруулах ундаа, тамхийг онцгой албан татварын тэмдэггүй л бол бэлтгэн нийлүүлэх, экспортлох, худалдах, борлуулахыг бүх үе шат, дамжлагад ямар ч тохиолдолд хориглосон зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалт нь “бэлтгэж нийлүүлсэн”, “экспортлосон”, “худалдсан”, “борлуулсан” гэх бүртээ бие даасан зөрчил болохыг хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн зохицуулалт, үгийн шууд утга нь “төгссөн буюу үйлдэгдсэн” байхаар хуульчлагдсан, тиймээс худалдах, борлуулахаар дэлгүүрийн лангуунд тавьсныг бус зөвхөн худалдсан, эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлах нь хэт явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалтай нийцэхгүй. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. 2.Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заажээ. 7. Дээрх хуулийн заалтаас үзвэл худалдсан гэдэг нь худалдан борлуулагч дэлгүүрт зарах зорилгоор лангуун дээр байршуулсан идэвхитэй үйлдлийг, харин борлуулсан гэдэг нь худалдаж байгаа зүйл архи, тамхи нь борлогдож, худалдан авагчид шилжиж, худалдсан аливаа этгээдэд орлого орсон байх үйлдлийг ойлгохоор байна. 8. “ШБ” ХХК-д Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/306 дугаар захирамжийг үндэслэн “Сул болон өндөр” агууламжтай согтууруулах ундааг худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгосон ба тухайн тусгай зөвшөөрлөөр хуульд хориглоогүй бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах ёстой гэж тусгайлан зааж өгсөн байна. Хуульд хориглоогүй бараа, бүтээгдэхүүн гэдэгт Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “тэмдэггүй архи, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно” гэж зааснаас бусад буюу онцгой албан татварын тэмдэгтэй архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хуулиар зөвшөөрсөн байна. Харин онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундааны зүйлийг ямар ч тохиолдолд худалдах, борлуулахыг хоригложээ. 9. Мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна. Үүнээс үзэхэд онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахыг хориглосон ба худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байна. 10. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь хуулиар хориглосноос бусад үйл ажиллагааг тодорхой зөвшөөрлийн үндсэн дээр чөлөөтэй эрхлэх эрхтэй. 11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр татварын улсын байцаагч тухайн архийг хурааж аваагүй цагдаа хурааж авсан нь үйл ажиллагааны зөрчилтэй гэж маргаж байна. Татварын улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар байгууллага, албан тушаалтнаас шилжүүлэн ирүүлсэн зөрчлийн тухай гомдол мэдээллийг 6 дугаар зүйлийн 6.12-т заасан харьяаллын дагуу хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хуулийн үндэслэлтэй гэж үзлээ. 12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан бөгөөд уг заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг дээр дурдсан хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн материал бүрдүүлэх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч дээр дурдсан хуулийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэж, шийтгэлийн хуудас оногдуулсан байна. Мөн нэхэмжлэгчээс “...уг худалдан борлуулахаар тавьсан архи согтууруулах ундааг онцгой албан татварын тэмдэггүй гэж мэдээгүй, өдрөөр авч ажиллуулж байсан ажилчид мэдэлгүй лангуун дээр өрсөн...”, гэрч Б.Б-с “...би тус дэлгүүрт кассчинаар ажилладаг онцгой албан татварын тэмдэггүй архи зарагдаж байгаагүй..” гэж мэдүүлж байх боловч энэ нь тухайн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. 13. Иймд “ШБ” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч З.С-д холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0044044 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг баримтлан “ШБ” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч З.С-т холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч З.С-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0044044 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. | |