Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/1189

 

  2023           12            13                                          2023/ДШМ/1189

 

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бичинхүү,

хохирогч О.Б,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/813 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, хохирогч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Д-д холбогдох 1905 00468 0177 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Л овгийн Б-н Д, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, “Д г” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ...................... тоотод оршин суух, /РД: ............/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн 435 дугаартай захирамжаар суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг бүрэн эдэлсэн;

Шүүгдэгч Б.Д нь иргэн О.Б, Н.Х нартай танилцаж, тэдэнд “би хамар Г-той найз, наадах чинь Төмөрлөгийн үйлдвэрээс гарахдаа 150 тонн арматур аваад гарсан гэсэн, би чамд 1 тонн төмрийг нь 1.500.000 төгрөгөөр аваад өгөх үү” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бичиг баримт ашиглан хуурч, О.Б-с “Д г” ХХК-ийн Голомт банкны ..........дугаарын данс руу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 330.727.600 төгрөг шилжүүлснээс 200.727.600 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хохирогч О.Б-д 200.727.600 төгрөгийн,

-“Уул уурхайн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл гаргуулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд иргэн Х.Г-ны Хан-Уул дүүрэг дэх Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн 10.310.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450014142 дугаартай дансанд шилжүүлэн авч хохирогч Х.Г-д 10.310.000 төгрөгийн,

-“Стандартын дагуу бэлтгэсэн чанарын шаардлага хангасан 100 тонн адууны түүхий махыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу экспортолж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд иргэн Ч.Ц-н Ц.Я-р дамжуулан ............шилжүүлсэн нийт 96.520.000 төгрөгийг өөрийн “Д Г” ХХК-ийн Хаан банкны ............ дугаарын дансаар шилжүүлсэн авч Ч.Ц-д 96.520.000 төгрөгийн,

- 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Н г ф” ХХК-ийн захирал Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Б Д гэгчид “Монгол Улсын хилээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу 150 тонн адууны мах экспортолж өгнө” гэж итгэл үнэмшил төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, ............ тоотоос ажлын хөлсний урьдчилгаа 57.650.000 төгрөгийг “Д Г” ХХК-ийн 499260746 тоот дансаар шилжүүлэн авч 57.650.000 төгрөгийн,

- Дундговь аймгийн .......сумын харьяат иргэн Х.Д-г 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт оторлож явах үед нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мах экспортолж байгаа хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 498 тооны хонь, 200 тооны ямааг худалдан авах нэрийдлээр залилан мэхэлж улмаар 66.820.000 төгрөгийн,

-Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Д-г “Таван толгой түлш” ХХК-иас зарласан хүнс нийлүүлэх тендерт оролцуулна, тендерийн хорооны гишүүн” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийт 19.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

иргэн Ё.Б-с “Монгол Ардын намын шугамаар цахилгаан түгээх станцын салбарт удирдах албан тушаалтнаар томилуулж өгнө, намд хандив өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд өөрийн болон бусдын дансыг ашиглан 72.200.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан буюу бусдаас нийтдээ 523.727.600 төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-с нийт 486.504.810 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Б-д 210.974.810 төгрөгийг, хохирогч Х.Г-д 3.110.000 төгрөгийг, хохирогч Ч.Ц-д 66.250.000 төгрөгийг, хохирогч “Н Г Ф” ХХК-д 57.650.000 төгрөгийг, хохирогч Х.Д-д 56.820.000 төгрөгийг, Э.Д-т 19.500.000 төгрөгийг, хохирогч Ё.Б-т 72.200.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч О.Б гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цуцлахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолоор О.Б надад 210.974.810 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг гэмт хэргийн улмаас надад 461.993.749 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 223.477.600 төгрөгийг өгөөгүйн улмаас зээлийн хүүгийн өр, баригдаагүй барилгын татварын өр зэрэг бодит хохирол учирсан. Хэрвээ тухайн үед арматур төмрөө авч барилгаа барьж дууссан бол баригдаагүй барилгын татварын өр 63.000.000 төгрөгийн өрөнд орох ёсгүй байсан бөгөөд тухайн хохирлыг шүүх дутуу шийдвэрлэсэн.

Энэхүү хэргийн шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Б.Д нь нэг ч төгрөгийн хохирол огт төлөөгүй бөгөөд төлнө гэх худал санал гаргаж удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг шийдвэрлүүлэхгүй удааж байсан ба хохирол төлөх талаар нэг ч удаа анхаарал тавиагүй, хохирол төлөх санаа зорилгогүй байхад түүнийг хэрэгтээ гэмшсэн мэт дүгнэлт хийсэн нь буруу юм. Хэрэгтээ огт гэмшээгүй бөгөөд хохирогч намайг байнга буруутгасан үг хэллэгээр мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дайрч байсан ба олон иргэнийг их хэмжээний мөнгөөр хохироосон байхад ял хөнгөрүүлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Хийсэн гэмт хэрэгт ял хариуцлага нь огт тохироогүй билээ. Маш бэлэн цэцэн үгтэй, өөрийн үгээрээ анхан шатны шүүхэд нөлөөлж, хөнгөн ял авсан гэж би үзэж байна. Энэхүү хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж байхад хохирол төлбөрийг төлөх чадвартай гэж хэлэх боловч өчнөөн өртэй мэт ярих зэрэг нь огт авцалдаагүй. Хэлж, ярьж байгаа нь хэзээ ч хохирол төлөхгүй юм байна гэх ойлголтод хүргэсэн бөгөөд үнэн худал нь мэдэгдэхгүй, хохирогч намайг илтэд тохуурхан даажигнаж байгаа мэт харагдаж байсан тул маш их гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын О.Б-н хохирлын хэр хэмжээ болон ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн хэсгийг өөрчилж, хохирол 461.993.749 төгрөгийг гаргуулах, хэргийн нөхцөл байдалд тохируулж, зохих ял хариуцлагыг прокурорын анхан шатны шүүхэд гаргасан саналаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулсныг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсч, дараах гомдлыг гаргаж байна. Би иргэн Н.Х-тай “Цувимал бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах худалдан авах гэрээ”, иргэн Ч.Ц “Н Г Ф” ХХК-ийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох гэрээнүүдийг өөрийн эзэмшдэг “Д Г” ХХК-иар байгуулж хамтран ажиллаж байгаад хохирогчийн буруутай үйлдэл /зарим хүний эрх ашиг хонжоо харсан худал хов яриа/ цар тахал, төрийн эрх бүхий байгууллагын оновчгүй шийдвэр зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас болж гэрээний зарим үүргийг бүхэлд нь болон хэсэгчлэн биелүүлэх боломжгүй нөхцөлд орсноос иргэн Ё.Б-тай хөрөнгө оруулалт авах зорилгоор иргэн Э.Д-с зээлдүүлсэн мөнгөө буцаан авах, ашиг олох зорилгоор Н.Г-тай ашиг олох зорилгоор харилцан тохирч аман хэлцэл хийсэн байдаг. Гэвч дээр дурдсан нөхцөл байдлууд болон өөрийн санхүү, хөрөнгө мөнгийг зөв тооцоолж чадаагүй мөн 2 ч удаа хатуу хөл хорио тогтоож, хил хааж  ялангуяа махны экспорт бүрэн зогссон ба салбар яам тухайн үеийн салбарын сайдаас тухайн үед махны экспорт хийх эрх авсан аж ахуйн нэгжүүд түүхий махны нөөцөө зах зээлд эсвэл Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллах алба хаагчид, тусгаарлах байранд эмчлүүлж буй иргэдийн хоолны маханд зээлээр нийлүүлэх сонголт ирэхэд 206.000.000 төгрөгийн 320 тонн хонь, үхрийн махыг нийлүүлж /112.000.000 төгрөгийг улс төлсөн/ бүтээгдэхүүний нөөцгүй болж, Хаан банкнаас авсан бизнесийн 85.000.000 төгрөгийн зээлийн төлөлтийг хойшлуулж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 35.000.000 төгрөгийн татварын өр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлд 93.000.000 төгрөг хуримтлагдаж өр үүсэж санхүүгийн ихээхэн хямралд орж хүндрэл үүссэн. Мөн иргэн Н.Х-н ээж О.Б гэх хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсэж Баянгол дүүргийн прокурор Н.Мөнхцэцэгийн зөвшөөрлөөр 2021 оны 12 дугаар сард миний болон компанийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, банкууд дахь данснуудыг битүүмжилж, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хувьцааг бусдад шилжүүлэх, худалдан борлуулах боломжгүй болсон байдаг. Ингээд дээрх иргэд, аж ахуйн нэгжүүдтэй үл ойлголцол үүсэж, иргэний болон эрүүгийн хэргийн шүүхээр маргалдаж ял шийтгүүлээд байна. Миний бие холбогдсон хэргийн талаар дор дурдсан мэдүүлгийг бичгээр гаргаж байна.

1. Н.Х-тай “Цувимал бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах, худалдан авах тухай” гэрээний тухайд: 2018 оны 4 дүгээр сард миний танил нутгийн залуу Б.П нь надтай холбогдож “...өөрийнх нь танил Орхон аймагт барилга барих гэж байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс арматур авах гээд гарахгүй байна. Танай байгууллага Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс арматур авах гэрээтэй юм байна. Веб сайтаас харлаа” гэж надад хандсан. Би тэр гэрээний хугацаа дуусаж байгаа, манайх авах ёстой арматураа аваад дууссан тухайгаа хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа Б.П “Эрдэнэтээс ирсэн байна. Уулзах боломж байна уу” гэж дуудахад Нийслэлийн прокурорын газрын гадаа очиход нэг эмэгтэйтэй хамт байсан нь Н.Х байсан. Бид хоёрыг танилцуулсны дараа тэд арматурын яриа ярьж нөгөө эмэгтэй нь “би Орхон аймгийн барилга захиалагчийн албанд ажилладаг. Танай компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс арматур авдаг юм байна. Би Орхонд барилга барьж байгаа юм, үнэ багатай арматур татмаар байна туслаач” гэж гуйсан. Би тухайн үед хариу хэлэлгүй өнгөрсөн. Гэтэл 2 хоногийн дараа Б.П, Н.Х нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хороололд байрлах манай барилгын гадаа ирсэн байна гэж дуудсан. Гараад уулзтал нөгөө арматураа ярьсаар ирсэн. Би “за яах вэ Загдаа ахад тусалъя, эхлээд төмөрлөгийн үйлдвэрийн хүнтэй яриад үзье тэгээд хариу өгье” гээд явуулсан. Хэд хоногийн дараа би Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өөрийн харилцдаг тухайн үед тэр үйлдвэрийн дэд захиралтай ярилцаж тохироод нааштай хариу авч Б.П-д хэлээд хоёр талаасаа 2018 оны 6 дугаар сарын 13-нд Дархан хотод уулзахаар тохирч шөнө 23 цагийн үед Дархан хотын “Буудай” зочид буудалд буудаллаж Эрдэнэтээс Б.П, Н.Х, түүний ээж Б гэх настайвтар эмэгтэй хамт ирсэн. Би “Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс арматур авах боломж гарсан. Өнөөдөр манайхтай гэрээ хий. Маргааш би тус үйлдвэртэй гэрээ байгуулчихвал бидний энэ гэрээ хүчин төгөлдөр болно шүү” гэж хэлээд Б.П гэрээг гараар бичиж, би тамга дарж, компанийн улсын бүртгэлийн гэрээг хавсаргаж, Н.Хо-н иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргаж гэрээг баталгаажуулсан. “Нотариат оръё, өглөө гэрээг хийе” гэтэл Н.Х “бид яаруу буцна, ингэж бичээд баталгаажуулъя, манай тал асуудалгүй” гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Маргааш өглөө нь би “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК дээр ажиллах тухайн үйлдвэрээс үндсэн үнийн дүнгийн 3 хувь, захирлын мэдлийн 2.5 хувь, нийт 5.5 хувийн хөнгөлөлттэй үнээр захиалагч Н.Х-н гүйцэтгэгч компанийнхаа зураг төслийн дагуу гаргаж өгсөн размерын арматурыг авахаар гэрээ хийсэн. Гэрээг байгуулмагц зургийг нь дарж Б.П, Н.Х нарын нүүр номын чат руу явуулж гэрээг баталгаажуулах мөнгөө шилжүүлэхийг хүсэхэд манай компани Голомт банк дахь 1415117948 тоот дансанд Н.Х-н арматурын үнэ гэх утгатай 180.000.000 төгрөг 2 хуваагдаж шилжиж орсны дараа би 90.000.000 төгрөгийг тухайн үйлдвэрийн харилцан тохирсон хүнд өгч гэрээгээ баталгаажуулсан. Дарханы авто тээвэр дээрээс гэрээний нэг хувийг Б.П-н нэр дээр унаанд дайн явуулсан. Үүний дараа үлдэгдэл мөнгө шилжиж орсон. Үүнээс 9 хоногийн дараа 1 вагон буюу 64 тонн арматурыг Эрдэнэт хот руу явуулсан. Гэтэл дээрх вагоныг хүлээн авсныхаа дараа Н.Х над руу залгаж арматур дутуу ирсэн гэж хэлсэн. Би үүнийг нь сайн нягтлаагүй шууд Н.Х-д итгэж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн ТӨХК-ийн хангалтын ажилтан Д.Ц-д мэдэгдэхэд “манайхаас ажлын хэсэг гарахаар болсон та барилгын талбай дээрээ байгаа юу” гэхэд нь би Улаанбаатар хотоос очиж ажиллахгүй тул Б.П-д хэлж тооллогын комиссыг нь хүлээн авахыг хүссэн. Б.П яриад “тооллого дууссан, ямар нэгэн зөрүү гарсангүй. Н.Х-н гүйцэтгэгч компанийн инженер нь туршлагагүй залуу буруу тоолжээ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн ажлын хэсэг баталгаажуулаад буулаа” гэж хэлсэн. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” арматур ачуулахдаа УБТЗ шинжлэн тооцоог хийдэг тул зөрөх боломжгүй гэдгийг би дараа нь ойлгосон. Ингээд 14 хоногийн дараа 2 дахь вагон арматурыг ачуулах талаар төмөрлөгийн үйлдвэрийн холбогдох ажилтантай холбогдоход “манайх арматур өгөх боломжгүй. Гэрээг цуцлах болсон” талаар мэдэгдэж ирж уулзахыг хүссэн. Үүний дагуу бид төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагатай уулзахад “Танай барилгын талбай биш байна. Танайх манай арматурыг хөнгөлөлттэй үнээр авч цааш нь дамлаж байгаа юм байна. Мөн тэр барилгын жинхэнэ эзэн нь О.Б гэж эмэгтэй байдаг ба тэр эмэгтэй манай захиралд хүүтэй мөнгө зээлүүлээд илүү хүү нэхэж шүүхдэлцэж байгаа хүн учраас өмнө нь манай үйлдвэрээс арматур авах гэсэн хэд хэдэн хүсэлтийг хүлээж аваагүйг та компаниараа авч өгсөн байх тул дахин арматур өгөх боломжгүй” гэсэн. Үүнийг нь Н.Х, Б.П-д нарт хэлэхэд “ийм зүйл байхгүй” гэж үгүйсгэсэн.

Үүнээс хойш бидний дунд үл ойлголцол үүсч эхэлсэн ба О.Б гэх эмэгтэй надаас удаа дараа арматурын үлдэгдлээ нэхэж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэрээгээ цуцална, мөнгөө буцааж авъя” гэхээр “дам дамаа гуйж гэрээ хийсэн” гэж шалтаглаж НӨАТ шивж өгөхгүй эхний ачуулсан вагон арматурын үнэ 12.000.000 төгрөгийн үлдэгдэл, дараагийн вагоны үнэ 137.000.000 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй гэсэн. Эхний өгсөн арматурыг буцаан өгөөд гэрээ цуцалъя гэж мухардалд орсон. Дээр нь Б.П, О.Б нар залгаж хов жив ярьсаар хэлж яриагүй үгийг хэлсэн болгож, О.Б нь гэрт ирж ар гэрийнхэнд хүндрэл үүсгэсэн тул О.Б-тай уулзаж “тооцоо хийсэн акт үйлдэж үүссэн асуудлыг шийдэж, үлдэгдэл арматурын мөнгийг өгье” гэтэл Б.П “тэгж байна, ингэж байна” гэж хов ярьж мөн надаас илүү мөнгө нэхсэн тул 2018 оны 11 дүгээр сард манай тал Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Х, “Д Г” ХХК нарын хооронд хийсэн гэрээг хүчингүйд тооцуулж, өгсөн авснаа буцаахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 3 удаагийн шийдвэр гарч, иргэний хэрэг үүссэн. Н.Х-г хариуцагчаар татаж, барилгыг нь битүүмжилсэн. Гэтэл О.Б нь Б.П-г Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, мөн Цагдаагийн ерөнхий газрын тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтэст өгснөөр иргэний хэрэг түдгэлзэж, өдийг хүртэл 5 жил болж байхад би ял авснаар дуусч байна. Прокурорын газраас Б.П-г надтай хамт яллагдагчаар татсан боловч удалгүй чөлөөлсөн. Үүнд нь гомдол гаргасан хэдий ч хэрэгт авагдаагүй, дээрх гомдол ор сураггүй алга болсон. Мөн О.Б нь дээрх хэргийг шалгаж буй мөрдөгч, прокурорын дээд шатанд нь маш их гомдол бичиж ихээхэн цаг хугацаа авсан. Хэдий өөрийнх нь эрх боловч би яллагдагч учир тэр болгонд нь эрх зүйн байдал дордож, маш их хүндрэлтэй байсан. “Ширээний ард суугаад тооцоогоо дуусгая” гэж хэд хэдэн удаа хүссэн ч илүү мөнгө нэхэж, мөрдөгчийг надаас авлига аваад байна гэж хардаж байлаа. Яг үнэндээ би Н.Х-тай байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлж байтал хохирогчийн буруутай үйлдлээс болж гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болж, хариуцагчаас зугтаж охиныхоо хариуцагчийг өөрөө гомдол өгч чөлөөлүүлсэн. Иргэний шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлж өөрт ашигтайгаар эргүүлж зарим хохирогч гэх хүмүүсийг би цагдаад гомдол өгсөн гэж мэдээлж өөрт ашигтай байдал үүсгэсэн. Гэвч миний бие гэрээний үүргээ биелүүлж чадаагүй, Н.Х-д 198.000.000 төгрөг төлөх ёстойгоо компанийн сүүлийн 5 жилийн тайланд тусгаж, арматураар баталгаажуулж байсан бөгөөд түүнд төлөх хохирлын хэмжээг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүсч байлаа.

“Н Г Ф” ХХК, түүний захирал Б Д-тэй байгуулсан “Мах, махан бүтээгдэхүүн экспортлох” гэрээний тухайд, Монгол улс мах, сүү, улаан буудайг стратегийн хүнсний бүтээгдэхүүн хэмээн томьёолж, түүний экспортын гэрээ, орж буй төлбөр тооцоо, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг “Тагнуулын ерөнхий газар” “Статистикийн үндэсний хороо”, “Гаалийн ерөнхий газар”, салбар яам өөр өөрийн чиглэлээр хяналт шалгалт, мэдээллийг нэгтгэн ажиллаж байдаг. Мөн 3 аргаар мах, махан бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг.

  1. БНХАУ-ын хорио цээр, чанарын албанаас зөвшөөрсөн аж ахуйн нэгжүүдээр /ихэвчлэн хятадын хөрөнгө оруулалттай ХХК-иуд байдаг/
  2. Бодлогын гэрээгээр /экспортод гаргах махны 10 хувьтай тэнцэх махыг зах зээлд нийлүүлж манхны хомсдол, үнийн хөөрөгдлөөс хамгаалдаг/
  3. БНХАУ-ын хорио цээр, чанарын албанаас зөвшөөрсөн аж ахуйн нэгжүүдэд Монголын аж ахуйн нэгжүүд брокер хэлбэрээр /6 сарын хугацаанд хүчинтэй/

гэсэн 3 аргаар мах, махан бүтээгдэхүүн буюу хонь, ямаа, үхрийн махыг дулааны аргаар боловсруулж, адууны махыг түүхийгээр нь экспортолдог.

Үүний дагуу манай компанийн бодлогын гэрээгээр 3800 тонн мах экспортлох эрх авч үүний 10 хувийг цар тахлын үед 380 тонн махыг Улсын онцгой комиссын штабт нийлүүлсэн хэдий ч 200 тонн махыг хил рүү явуулснаас 100 тонн нь амжиж гарч, 100 тонн нь буцаж ирж өнөөдрийг хүртэл хөргүүртэй агуулахад хадгалагдаж, 3700 тонны эрх 6 сарын хугацаа нь дуусаж (2021 оны 2 сард) экспортын эрх дахин олгогдоогүй. Мөн манай компани БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “С ф Монголиа” ХХК-тай брокерийн хэлбэрээр хамтран 2018, 2019, 2020 онуудад 300 тонн ямааны мах экспортолсон байдаг. Дээрх мах экспортлох хэлбэрээр “Н Г Ф” ХХК манайхтай холбогдож тус компанийн захирал Б Д гэх хятад залуу орчуулагчийн хамт манай оффис дээр ирж 3 удаагийн уулзалт хийж, манай холбогдох бичиг баримтуудыг судлан шалгаж, үйлдвэр, агуулах, боловсруулсан махыг үзэж экспортлохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Манай компанийн Худалдаа  хөгжлийн банкин дахь 499260744 тоот дансанд М гэх данснаас мах экспортлох төлбөрийн урьдчилгаа гэх 57.678.000 төгрөг шилжиж орж ирснийг мах экспортлох ажилд зориулж улсад төлөх ёстой татварт төлсөн. ... Гэтэл урд хөршид “Ковид 19” цар тахал гарсан тул нэг өдөр бүх экспортыг хийж дуусгах тухай махны 100 гаруй аж ахуй нэгжүүдэд мэдэгдсэн. ... Үүний улмаас хил дээр ачиж ирсэн махнуудыг буцаан өгч, урд хөл хорио тогтоосон учир төлбөрөө авч чадахгүй дээрх урьдчилгаа мөнгийг буцаан төлж чадахгүй өнөөдрийг хүрч байна.

           Ц.Ц-тай байгуулсан мах экспортлох гэрээний тухайд, мөн “Н Г Ф” ХХК-тай ижил нөхцөлд гэрээ хийсэн, бүх зүйл ижил, нэг сар, нэг цаг хугацаанд болсон зүйл. Манай компанийн Хаан банк дахь .... тоот дансанд 13.000.000, 83.250.000 төгрөгөөр нийт 96.250.000 төгрөг махны экспортын урьдчилгаа гэж орсноос буцаан 30.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн. Ц.Ц нь ХХААХҮЯ-ны зарласан хурал дээр таарч манайхтай хамтарч мах экспортлохоор тохиролцож гэрээ байгуулсан. Дээрх компани, аж ахуйн нэгж, иргэний төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй, түүнийгээ биелүүлээгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

           Харин яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсан бодит байдлыг нуун дарагдуулсан, зохиомол байдлыг зориуд бий болгосон, залилах сэдэл, зорилго надад байгаагүй. Дээрх хүмүүстэй хамтран ажиллах гэрээг сайн дурын үндсэн дээр холбогдох бичиг баримтууд, шаардлагатай бүх бодит мэдээллийг гаргаж өгч байж гэрээ хийсэн. Гэтэл цагдаагийн мөрдөгч хэрэг шалгах үед манай компанийн экспортын эрх аль хэдийн дууссан, 6 сарын хугацаа дуусгавар болсон, дахин сунгагдаагүй байхад салбар яамнаас лавлагаа авч хэрэгт хавсаргасан байна. Мөн прокурор “Сайле фүүд Монголиа” ХХК-ийн БНХАУ-руу 2019 оны 12  дугаар сард дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах 300 тонн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 75 тонн, 2020 оны хонь, ямааны 2120 тонн, үхрийн мах 540 тонныг тус тус авсан байна гэхийг миний эсрэг ашиглаж ялласан. Уг нь манай компани дээрх компанитай гэрээтэй, мах экспортолж байсан нь үнэн гэдгийг нотолж байгаа юм. Мөн улсын яллагч салбар яам, тухайн үеийн салбарын сайдаас ирүүлсэн “экспорт хийхийг хориглож, дотоодын зах зээлд борлуул” гэх утгатай албан бичгийг үндэслэн ялласан. Гэвч дээрх бичиг нь экспорт хийх эрхгүй аж ахуйн нэгжүүдэд очихгүй байсан. Зөвхөн экспорт хийх эрхтэй, экспортод оролцдог аж ахуйн нэгжүүдэд ирсэн бичиг байсан. Энэ нь миний цагаатгах талын баримтыг эсрэг ашиглаж эрх зүйн байдлыг минь дордуулсан гэж үзэж байна. Мөн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд, “Д Г” ХХК-ийн 2019, 2020, 2021, 2022 оны аудитын дүгнэлтүүд, дансны хуулгуудыг цагаатгах нөхцөл байдлын үүднээс харгалзан үзэхийг хүсье. Мөн зарим гэрч нарын мэдүүлгийг миний эсрэг ашиглаад байгаа боловч дээрх гэрч нар нь бүгд манай компанийг мах экспортолдог гэдгийг мэддэг, экспорт хийх үед туслан цалин пүнлүү авдаг, мах, унаа зуучлан өгдөг хүмүүс юм. Дээрх хүмүүсийн мэдүүлгээр ч тэр экспорт хийдэг гэдгийг мэдэж , нотолж байхад мөрдөгч, прокурор нар эсрэгээр нь ашиглаад байгааг харгалзан үзэхийг хүсье. Дээрх мэдүүлгийг шинжлэн үзвэл намайг бодит байдлыг нуун дарагдуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгоогүй гэдэг нотлогдох болов уу гэж бодож байна.

           Ё.Б-с 70.200.000 төгрөг шилжүүлэн авсан тухайд, манай компани Дундговь аймгийн ...... суманд 10 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг эхлүүлж газар доорх дэд бүтэц, цэвэр, бохирын шугам, ус бетон, суурийн ажлыг холбогдох зураг төсөл зөвшөөрлийн хүрээнд эхэлсэн барилга бүтээцийн ажил явагдаж байхад “Ковид-19” цар тахал гарч экспорт зогсож, санхүүгийн эх үүсвэргүй болсон тул “Дундговь аймгийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер С.Э-р дамжуулан Говьсүмбэр аймгийн компанийн ерөнхий менежер Ё.Б-тай түүнийг Дундговь аймагт ажиллах үеэр нь танилцаж барилгын талбай хийгдсэн ажлыг танилцуулж 250.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт авч хариуд нь тус барилгаас үл хөдлөх хөрөнгийн талбай, орон сууц олгохоор тохирч дээрх мөнгийг компанийнхаа дансаар, компанийн данс битүүмжлэгдсэний дараа эхнэрийнхээ дансаар дамжуулан авсан. Гэтэл Ё.Б “танайх цагдаа дээр асуудалтай юм байна. Би хөрөнгө оруулалт хийхээ болилоо, өгсөн мөнгөө буцааж авна, танайх санхүүгийн асуудалтай энэ барилга чинь баригдахгүй юм байна, баригдсан ч удах юм байна. Би ахаасаа мөнгө зээлж өгсөн тул хурдан буцаахыг шаардаж байна” гэсэн. Удалгүй Ergelt.mn-ээс над руу залгаж “мэдээ гарсан талаар хэлж 100.000.000 төгрөг өгвөл мэдээг устгана” гэж хэлсэн ба би зөвшөөрөөгүй. Мөн удалгүй Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дуудаж Ё.Б-г гомдол гаргасан талаар мэдэгдсэн. Тухайн хэвлэлээр гарсан мэдээтэй утга нэг гомдол байсан. Ё.Б надад мөнгө өгсөн нь үнэн боловч яагаад огт болоогүй зүйлсийг хэвлэлээр цацаж тийм гомдол өгснийг мэдэхгүй. Түүний ах Ё.П-тай би огт уулзаж байгаагүй, таньж мэдэхгүй тул дүүг нь залилсан байна гэж гэрчийн мэдүүлэг өгсөн нь гайхмаар.

           Х.Г, Э.Д нь илт худал мэдүүлэг бүх шатанд өгсөн. Х.Г-д бүх мөнгийг өгч дууссан. Сүүлийн авсан 3.500.000 төгрөгөө миний ажил дээр ирээд аваад явсан хир нь түүнийгээ эхнэртээ хэлээгүйдээ бантаж над руу чихэж байгаа гэж үзэж байна. Э.Д нь таксины самбар нийлүүлэх гээд эвгүй хүнээс мөнгө зээлсэн тул дарамтлуулахад хэцүү байна мөнгө зээлээч гэж дундын танил Б.Ш-р дамжуулан тусламж гуйсан. Байх байхгүйн зовлонг биеэр туулж ажил хийхэд хэцүү байгааг мэдсэн тул туслахыг хичээсэн ч хариуд нь өөрөө гүтгүүлээд байж байна.

            Х.Д-с мал авсан нь үнэн. 63.000.0000 төгрөгийн үнэ бүхий малыг авч экспорт хийгдээгүй, санхүүгийн хямралд өртсөн тул хэд хэдэн аймгаас мал татаж мах боловсруулан бэлдсэн ганцхан тооцоо хийгдээгүй нь энэ малчных. 10.000.000 төгрөгийг хуваан өгсөн. Дээрх хохирлыг би заавал нөхөн төлнө. Дээрх бэлдсэн махыг экспортолж чадаагүй, 2020 онд эрх олгоогүй, цар тахлын нөлөө буруугүй тул боловсруулагдан хадгалагдаж байна. Хэдийгээр миний бие холбогдсон хэргийн гэм буруугийн зарим асуудлыг эргэлзээтэй нөхцөл байдал бий гэж үзэж буй ч өөрийн хариуцлагагүй, буруу тооцоолсноос бусдад төлөх их хэмжээний өр үүссэн асуудлыг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлж, өөрийн хөрөнгө, санхүүгийн чадамжийг дараах жагсаалтаар гарган тайлагнаж байна.

           Миний бие өмнө нь ял шийтгүүлж, төрийн хайр хишгийг хүртэж тэгшитгэлд хамрагдаж суллагдсанаас хойш хичээнгүйлэн ажиллаж өнөөдрийг хүрсэн. Хэдийгээр хичээж ажиллаж байсан ч зөвхөн ял шийтгүүлсэн гэдэг сэдлээр маш сайхан боломжуудаа алдаж, бусдын нүдэнд гэмт хэрэгтэн мэт адлагдаж, тэсэж тэвчиж, үнэнээр байхыг, бусдын итгэлийг алдахгүйг хичээж амьдарч ирсэн. Гэр бүлтэй болж, тэднийхээ төлөө ажиллаж ирсэн. Ийм авч болдоггүй, хаяж болдоггүй асуудалд холбогдож олон хүмүүст төвөг удаж байгаад үнэхээр харамсаж байна. Анхан шатны шүүх дээрх хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгч болох байсан ч эргэлзээтэй асуудлыг нягтлуулах мөн хохирлын хэмжээг зөрүүтэй мэдүүлж, илүү мөнгө нэхэж байсан зэргийг нэг талд нь гаргахыг хүсч байна. Мөн би цагдаагийн албан хаагчдад үнэхээр итгэдэггүй. Хувь хүний нууцыг хадгалах, хэргийн үнэн зөвийг олох тал дээр хариуцлагагүй ажиллаж, хүний мэдээллийг зардаг, хамгаалж чадаагүй гэж ойлгодог юм.

            Миний бие “Д Г” ХХК-ийн 100 хувь эзэмшдэг. “Д Г” ХХК  нь:

- “Ш б” ХХК 100 хувь /гэрээт харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөлтэй. Голомт банк ........... тоот данс үлдэгдэл 25.000.000 төгрөг/

- “Э Д Э В К” ХХК 100 хувь /барилга угсралтын 16 давхрын иж бүрэн зөвшөөрөл. Зах зээлийн үнэлгээ 40.000.000 сая төгрөг/

- “Д м” ХХК 35 хувь /автомашины засвар үйлчилгээ. Зах зээлийн үнэлгээ 5.000.000 сая төгрөг/

- “С” ХХК 49 хувь /Баянхонгор аймаг Баян-овоо сум Шандбулан алтны шороон орд/

- Автомашинууд: ............... гээд нийт 350.000.000 орчим,

- Тоног төхөөрөмж: Гар аргаар угсарсан алт угаадаг машин 120.000.000 төгрөг “Д Г” ХХК, барилгын молка 20.000.000 төгрөг, Суурин полгы 27метр өндөрт шахах, суурин миксер 13 метр куб зуурмаг зуурах “Э Д Э С к”, барилгын баланс хэрэгсэл 15.000.000 төгрөг, барилгын түр хашаа 28х17м=20.000.0000 төгрөг “Д Г” ХХК, гагнуурын аппарат, хэв хашмал, тулаас, мах хадгалах жигнүүр 100ш, махны ковнер, дэгээ 200ш, мах чанах тогоо 4ш, шулмаганы тоног төхөөрөмж 2ш, чанасан мах сойх сойлт 50л 2ш, вакум уут ам наах машин 2ш, шош голох машин 1ш, мах ангилах тавцан 3ш, ясны машин 3ш, 1 дүгээр хоолны тогоо 25л 1ш, 2 дугаар хоолны тогоо 150л 1ш, агуулах хөргөх төхөөрөмж 2ш 250м.кв 1ш, мах сэврээх жигнүүр 100 тонн, цаасан хайрцаг боогч 3ш, хяналтын камер 16ш,

- Газар: Дундговь аймгийн Сайнцагаан сумын С.Б-н өргөн чөлөө орон сууцны зориулалттай 900 м.кв газар Д Г ХХК, Завхан аймаг Улиастай сум

- Үл хөдлөх хөрөнгө: ....... дүүргийн 4 дүгээр хороо, “Т ц”-ийн 4 дүгээр давхар, 5 тоот өрөө 75 м.кв, 7 тоот өрөө 40 м.кв “Д Г” ХХК шилжилт хөдөлгөөн хязгаарласан мөн Хаан банкны барьцаанд, ... дүүргийн 32 дугаар хороо, ................ тоот мал нядалгааны цех, мах боловсруулах цех 380 м.кв “Д Г” ХХК шилжилт хөдөлгөөн хязгаарласан, мөн Хаан банкны барьцаанд, ...... дүүргийн 41 дүгээр хороо, “Ц” апартмент 106 м.кв 4 өрөө орон сууц улсын комисс хүлээж аваагүй, ордер гараагүй, ажлын хөлсөнд бартерт авсан, “Э Д Э С к” ХХК, ....... дүүргийн 21 дүгээр хороо, ......... тоот хашаа “Д Г” ХХК Хаан банкны барьцаанд, ..... дүүргийн 41 дүгээр хороо “Ц” апартмент 2 автомашины зогсоол улсын комисс хүлээж аваагүй, ордер гараагүй, “Э Д Э С к” ХХК,

- Бараа материал: 128 тонн дулааны аргаар боловсруулсан ямааны мах /4 дахь жилдээ хадгалагдаж байна/

- Авлага: БНХАУ-ын Бээжин Шинзхау Райлвай группийн “И” ХХК 2018 оны экспортолсон махны үнэ “Д Г” ХХК, улсын онцгой комисс шуурхай штаб 320 тонн мах 144.000.000 төгрөг “Д Г” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 25.000.000 төгрөг барилгын ажлын хөлс үлдэгдэл “Д Г” ХХК, Киргизстан улсын “Лидер М” ХХК өөх шилжүүлсэн төлбөр 80.000.000 төгрөг “Д Г” ХХК, иргэн Батжаргалаас махны үнэ 15.000.000 төгрөг, “С” ХХК-иас 437.000.000 төгрөг “Д Г” ХХК, БНХАУ-ын иргэн Ор Биноос арьс шир, нэхий өлөнгийн төлбөр 9.000.000 төгрөг, БНХАУ-ын иргэн Л Ю О-с махны үнэ 11.000.000 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай.

- Өр төлбөр: Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 35.000.000, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 98.000.000, Хаан банк 85.000.000, иргэн Я.Ө-д 67.000.000, Хаан банкны 5....... тоот дансанд 63.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй боловч эргэн төлөлттэй холбоотойгоор битүүмжилсэн.

Дээрх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан, Хаан банкны зээлийн барьцаанд байгаа мөн Баянгол дүүргийн прокурорын газраас хувийн болон компанийн данснуудыг хаасан байгаа ч ерөнхий эрх нь надад буй тул надад хорихоос өөр төрлийн ял оноож өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн хүсье. Миний бие 3 жилийн хорих ялыг эдлээд гарч ирэхэд дээрх хөрөнгө банк, татварын өрөнд хураагдаж, авлага хуучран замхарч дахин бүх зүйл сэргэхгүйгээр дампуурч хохирлоо төлж чадахгүй, насаараа шүүхийн шийдвэрийн хаалга манаж амьдрах болж магадгүй. Тиймээс байгаа боломжоороо хөрөнгөө хадгалж, авлагаа авч хохирлоо төлөх, цаашид хүн шиг амьдрах боломжоор хангаж өгөхийг хүсч байна. Би хорихоос өөр төрлийн ялыг биелүүлэхгүй байх, хохирлоо нөхөн төлөхөөс зайлсхийхгүй гэдгээ баталж байна. Дээрх бүх хохирлыг бүрэн төлж барагдуулах болно. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч О.Б-н гомдолд дурдсанаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нь эрүүгийн хэрэгт хамааралгүй бөгөөд анхан шатны шүүх гэм хорын асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Анхнаасаа өмгөөлөгчийн зүгээс П гэх хүний асуудлыг ярьж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ял завшуулахгүй байх нь Эрүүгийн хуулийн зорилт юм. Шүүгдэгч Б.Д-н хувьд “бид хоёрын дунд хоорондоо мөнгө зээлсэн асуудал л байсан, өөр зүйл байхгүй” гэх боловч хууль сануулж авсан гэрч Х-н болон хохирогч О.Б-н мэдүүлгүүдэд П гэх хүний оролцоо байсан талаар мэдүүлсэн. Гэрч Х-с “... Уул уурхайн дэд сайдаар томилогдох гэж байгаа Хүрэлсүхийн маш ойрын хүн чиний зүйлийг бүтээж өгнө гэх зэргээр надад итгэл үнэмшил төрүүлсэн. Мөн “Д нь төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ байгуулах гэж байна” гэж над руу залгаж байна. “Д Г” болон төмөрлөгийн үйлдвэр хоёрын дунд байгуулсан гэрээ надад байна гэж итгэл үнэмшлийг бий болгосон...” гэж мэдүүлдэг. Гэрчүүд болон хохирогч О.Б нар өөрт нь итгэл үнэмшил төрүүлж байсан хүний тухай хангалттай мэдүүлсэн. Эрүүгийн хуульд заасан бүлэглэн гүйцэтгэсэн үү, хамтран оролцсон уу, эсхүл үйлдлээрээ дэмжлэг үзүүлсэн үү гэдгийг нэг мөр шалгах нь зүйтэй. Иймд энэ гэмт хэрэгт П-н оролцоог шалгуулах хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдвол зохих нөхцөл байдал буюу хохирлын хэр хэмжээнд эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Шүүгдэгч Б.Д нь “төлөх ёстой хохирлыг төлнө, гэхдээ хохирлын хэмжээг зөв тогтоож өгнө үү” гэсэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч О.Б-д 210.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ялуудаас хорих ялыг сонгож оногдуулсныг буруутгах боломжгүй байна. Шүүгдэгч Б.Д-н гаргасан давж заалдах гомдолд хариу тайлбар хэлэхэд, хохирогч О.Б-с 300 гаруй сая төгрөг аваад зарим хэсгийг нь арматур төмрөөр тооцож өгсөн боловч үлдэгдэл 210 сая төгрөгийг өгөөгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. Шүүгдэгч Б.Д эхлээд 180 сая төгрөг авчихаад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 90 сая төгрөгийг нь өгсөн гэж ярьдаг боловч энэ талаар ямар нэгэн баримт байдаггүй. Хохирогч Х.Г-д өгөх ёстой мөнгөний зарим хэсгийг өгөөгүй болох нь тогтоогддог. Мах махан бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг шалгахад “Д Г” компани нь ямар нэгэн мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-руу гаргах албан ёсны зөвшөөрөлгүй байсан. Шүүгдэгчээс тухайн үеийн сайд, холбогдох албан тушаалтнуудаас албан бичиг ирүүлсэн гэдэг боловч залилах үйлдлүүд хийгдсэний хойно ирсэн бичгүүд байсан. Адууны мах гаргах зөвшөөрөлтэй байсан гэх асуудлыг ярьдаг боловч ямар ч нотлох баримт байхгүй. Д гэх хүнээс хонь, ямааг амьдаар нь авсан. Уг үйлдэл нь 2021 онд болсон. Холбогдох албан тушаалтнаас БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан махыг гаргахгүй байгаа гэдэг хариу өгсөн байхад хохирогч Д-с БНХАУ-руу мах гаргаж байгаа гэж хэлээд залилсан. ... Дээрх байдлуудаас үзэхэд шүүгдэгч нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хууран мэхэлж төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг өөртөө авч хохирол учруулсан болох нь нотлогдсон. Шүүгдэгч Б.Д-н хувийн байдлыг харахад урьд нь яг энэ төрлийн гэмт хэрэгт хоёр удаа холбогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгч Б.Д-с “хорихоос өөр төрлийн ял оногдуулбал хохирогч нарын хохирлыг төлнө” гэх агуулгаар ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д болон хохирогч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Д нь иргэн О.Б, Н.Х нартай танилцаж, тэдэнд “би хамар Г-той найз, наадах чинь Төмөрлөгийн үйлдвэрээс гарахдаа 150 тонн арматур аваад гарсан гэсэн, би чамд 1 тонн төмрийг нь 1.500.000 төгрөгөөр аваад өгөх үү” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бичиг баримт ашиглан хуурч, О.Б-с “Д Г” ХХК-ийн Голомт банкны ...... дугаарын данс руу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 330.727.600 төгрөг шилжүүлснээс 200.727.600 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хохирогч О.Б-д 200.727.600 төгрөгийн,

-“Уул уурхайн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл гаргуулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд иргэн Х.Г-ны Хан-Уул дүүрэг дэх Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн 10.310.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ........ дугаартай дансанд шилжүүлэн авч хохирогч Х.Г-д 10.310.000 төгрөгийн,

-“Стандартын дагуу бэлтгэсэн чанарын шаардлага хангасан 100 тонн адууны түүхий махыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу экспортолж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд иргэн Ч.Ц-н Ц.Я-р дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ..... тоотоос шилжүүлсэн нийт 96.520.000 төгрөгийг өөрийн “Д Г” ХХК-ийн Хаан банкны ....... дугаарын дансаар шилжүүлсэн авч Ч.Ц-д 96.520.000 төгрөгийн,

- 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Н Г Ф” ХХК-ийн захирал Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Б Д гэгчид “Монгол Улсын хилээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу 150 тонн адууны мах экспортолж өгнө” гэж итгэл үнэмшил төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ....... тоотоос ажлын хөлсний урьдчилгаа 57.650.000 төгрөгийг “Д Г” ХХК-ийн ......тоот дансаар шилжүүлэн авч 57.650.000 төгрөгийн,

- Дундговь аймгийн Э сумын харьяат иргэн Х.Д-г 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт оторлож явах үед нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мах экспортолж байгаа хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 498 тооны хонь, 200 тооны ямааг худалдан авах нэрийдлээр залилан мэхэлж улмаар 66.820.000 төгрөгийн,

-Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Д-г “Таван толгой түлш” ХХК-иас зарласан хүнс нийлүүлэх тендерт оролцуулна, тендерийн хорооны гишүүн” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийт 19.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- иргэн Ё.Б-с “Монгол Ардын намын шугамаар цахилгаан түгээх станцын салбарт удирдах албан тушаалтнаар томилуулж өгнө, намд хандив өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд өөрийн болон бусдын дансыг ашиглан 72.200.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан буюу бусдаас нийтдээ 523.727.600 төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Б-н “... Д нь “би П-г л бодож танд тусалъя” гэх зэргээр ярьж байгаад гэрээ хийхээр болсон. ... Орой нь би Орхон аймагт ирсэн. Тэгээд маргааш өглөөнөөс ....... дугаараасаа байн байн залгаж “урьдчилгаа 180.000.000 төгрөгөө шилжүүл” гээд, нөгөө П бас манай охин руу залгаад “мөнгөө шилжүүлээч” гээд байхаар нь 180.000.000 төгрөгийг “Д Г” ХХК-ийн Голомт банкны ......... дугаартай дансанд шилжүүлсэн. ... Ингээд “ахиад төмөр авах ёстой, дээрээс нь Улаанбаатараас ирэх төмөр юу болсон бэ, мөнгөө л шилжүүлсэн бол ороод ирнэ гэсэн яав” гэхэд бас л “ачигдах гэж байна, олдохгүй байна” гэж хэд хоносон бөгөөд нэг өдөр Д над руу ярьж “Дарханы мөнгө чинь дутуу болохоор ачигдаж болохгүй байна, бүх мөнгөө шилжүүл” гэхээр нь бас яаж бүх мөнгөө өгчих вэ гээд 30.000.000 төгрөгийг тээврийн зардал гэх 439.600 төгрөгийн хамт 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Д Г" ХХК-ийн ..... дугаарын данс руу шилжүүлэхдээ асуусан чинь “та манай данс руу махны мөнгө гээд шилжүүлээрэй” гэж байсан бөгөөд “яагаад” гэсэн чинь “зүгээрээ би НӨАТ-ыг нь авах гэсэн юм” гэж хэлсэн. Ер нь гэрээ байгуулаад л та мөнгө данс руу шилжүүлэхдээ махны мөнгө гэж шилжүүлээрэй гэж байсан бөгөөд яалаа гэж тэгж болох юм бэ, бид эргээд тайлан тооцоогоо юу гэж гаргах уу гээд төмрийн мөнгө гэж шилжүүлж байсан. Тэгтэл Х руу ярьсаар байгаад махны мөнгө гээд авчихсан байна лээ. Ингээд нийт 330.228.800 төгрөгийг Д рүү шилжүүлсэн. ...” /1 хх 39-43, 50/,

хохирогч Х.Г-ны “...Миний эхнэр Э.Э-н нэр дээр барилга, худалдааны үйл ажиллагаа явуулдаг “Х-Э к” ХХК бүртгэлтэй байдаг. ... найз Э.Г-н надтай уулзуулсан хүнийг Д гэж байсан. Д-тэй уулзаад мөн эхнэрийнхээ хөөцөлдөөд байгаа ажлыг хэлсэн чинь Д ярихдаа миний нэг эгч Уул уурхайн яаманд ажилладаг, мөн Байгаль орчны яаманд танил байгаа, эхлээд 5 сая төгрөг миний данс руу хийчих, тэгээд ерөнхийдөө төрийн санд тушаах зөвшөөрөл гаргахад ашиглагдах мөнгийг намайг ярихаар миний данс руу хийгээд байгаарай гэхээр нь түүний ярианд итгээд тэр өдөртөө Д гэж хүний дансанд 6.950.000 төгрөг хийсэн. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Д улсын тэмдэгтийн хураамж хэрэг болоод байна гээд 3.360.000 төгрөг нэмж авсан. Д-с зөвшөөрөл юу болж байна гэхээр удахгүй бүтнэ гэдэг. Сүүлдээ мөнгөө авъя гэхээр утсаа авахгүй алга болдог болсон. ... Одоо үлдэгдэл 2.210.000 төгрөгийг Д-с нэхэмжилнэ. ...” /3 хх 33-34, 4 хх 142, 144-145/,

хохирогч Ч.Ц-н “... Би хэлсэн хаягийн дагуу явж очоод “Д” гээд хаягтай өрөөнд ороход Б.Д гэдэг хүн байсан ба тэр хүн өөрийгөө би энэ компанийн захирал гэж танилцуулсан. Бид хоёр танилцаад махаа гаргах хугацаагаа ярилцаад гэрээтэйгээ танилцаад гэрээгээ байгуулсан. Тэр Д нэг контейнер мах буюу 96.520.000 төгрөгийг манай “Д” ХХК-ийн дансанд урьдчилан байршуулах ёстой, урьдчилгаа мөнгө байршуулахгүй бол гэрээ байгуулахгүй гэсэн юм. ...Гэрээн дээр заасан мах гаргах хугацаа болоод би залгасан чинь “арай л болоогүй байна, хэд хоног хүлээж байгаарай, эсвэл мэргэжлийн хяналтаар явж байна” гээд л янз бүрийн юм яриад байсан. ...” /3 хх 176/,

хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-н “... Хятад улс руу гаргахаар нөөцөлсөн байсан махнаасаа 150 тонныг гаргахаар болоод махны эрх квот байхгүй болохоор гаргах боломжгүй болоод махны квот хайж байх үед ... Б Д захирал “Д Г” ХХК-ийн захирал Д гэх хүнтэй 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уулзан 300 тонн махны квот гаргуулахаар харилцан тохироод урьдчилгаа 150 тонн махны квотны үнэ болох 57.650.000 төгрөгийг “Д Г” ХХК-ийн банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр үеэс хойш махны квот гаргаагүй, дээрээс нь одоог хүртэл урьдчилгаанд өгсөн 57.650.000 төгрөгөөс төлөлт ерөөсөө хийгдээгүй. ...” /5 хх 16-18/,

хохирогч Х.Д-н “... Улаанбаатар хотоос Д гэх хүн нь 4 том машин /шалаанз/ явуулаад манайхыг Дундговь аймгийн .... сумын нутаг дэвсгэрт байхад 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирээд хонь нь төлөг, эм хонь, эр хонь холилдоод нийт 498 тооны хонийг 1 ширхгийг нь 90.000 төгрөгөөр, ямаа нь шүдлэн эм ямаа, эр ямаа холигдоод нийт 200 тооны ямааг 1 ширхгийг нь 110.000 төгрөгөөр бодож өгсөн. Тухайн үед Э манай гэрт байж байгаад Д гэх хүнтэй ярьж мөнгийг нь яах талаар асуухад маргааш мөнгийг нь өгнө гэж хэллээ гэсэн. Би Э-д “наад хүн чинь мөнгөө өгөх юм байгаа биз дээ, найдвартай биз дээ” гэхэд Д найдвартай гэж хэлээд би малаа өгөөд явуулсан. Тэрнээс хойш Д гэх хүнтэй холбогдоогүй. ...” /6 хх 146/,

хохирогч Э.Д-н “... Д-тэй анх танилцаж байхад би өөрөө хүнс нийлүүлэх тендерийн хороонд байгаа, уг тендерийн ахлахаар нь танил эгч болох цагаан толгойт эгч хэн гэлээ Мөнхөө гэж билүү хүний нэр хэлээд утсыг нь өгөхгүй байсан. “Танай компанийн материал шаардлага хангаж байвал материалаа аваад ир, нийтдээ 347 сая төгрөгийн тендер байгаа үүнийг авъя” гэж хэлсэн. ... Д над руу утсаар яриад “тендерийн хорооныхонтой яриад тохирчихлоо, эхний ээлжинд 6.500.000 яаралтай цайны цагаар, өдөр аваад ир” гэсэн. Би тэр үед нь Д-д 10.000.000 төгрөгөөс илүү өгч чадахгүй гэдгээ хэлсэн... Ингээд би мөнгө хайж хэсэг явж байгаад хэд хоногийн дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 18-ны хавьцаа би найз Ү-н хамт очоод бэлнээр 9.000.000 төгрөгийг Д-д өгсөн. ... Д мөнгө авснаа “та 2 одоо материалаа хурдан бэлд, би нөгөө ярьсан хүмүүстэйгээ уулзаж мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Д над руу яриад “үлдэгдэл 1 сая төгрөгөө өг, яаралтай хийчих эсвэл данс руу хийчих” гэж ярьсан. Мөн Ш би наадах 1 сая төгрөгийг чинь авна гэж над руу яриад байхаар нь Д-н яриад байсан Баднаанямбуу гэх хүний Хаан банкны данс руу 1 сая төгрөгийг би хаана явж байснаа санахгүй байна, интернет банкаараа шилжүүлсэн. Би Ш-г яагаад тэгж яриад байгааг нь ойлгоогүй... Ингээд 10 сая төгрөг өгчихөөд байж байхад нилээн хэсэг хугацааны дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын эхээр байх Д над руу дахиж утсаар яриад 2.000.000 төгрөг хэрэгтэй байна, тендерийн ажлыг хийхэд чинь мөнгө хэрэг болчихоод байна гэхээр нь би өөрийнхөө автомашин дотор Д-д 2.000.000 төгрөгийг хүлээлгэж өгөхөд манай 2 дүү болох Ж, Г нар хамт явж байсан... Д “хүмүүс мөнгө нэхээд байна дахиж мөнгөний хэрэгцээ гарчихлаа 1 сая төгрөг өгчих” гээд байхаар нь би Наран молл дотор байдаг АТМ-ээс 1 сая төгрөг бэлнээр гаргуулж аваад Д-д бэлнээр өгсөн. Энэ үед найз Ундрахбаяр хамт явж байсан юм. Салаад явж байхад 1 цагийн дараа Д “уулзъя” гээд дуудаад байхаар нь Засгийн газрын ордны хойд талд байх арктай байрны дунд очиход “би бенз машинаа засуулж байна, ахиад мөнгө хэрэгтэй байна, би нөгөө хүмүүстэй чинь хоол унд иднэ, 1.500.000 төгрөг өг” гэхэд нь би уг мөнгийг машиндаа сууж байхдаа өөрийнхөө Голомт банкны ....... дугаартай данснаас Б гэх хүний данс руу шилжүүлсэн. ...” /7 хх 135-138/,

хохирогч Ё.Б-н “... Би Багануур зүүн өмнөд бүс цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарт нь 2003 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна... 99...... дугаарын утсаар “Д гэх хүн байна, танай салбарын дарга чинь шилжээд явсан орны хүн томилогдоогүй юм байна, чи их олон жил ажилласан учраас мэргэжил, туршлага, болж байна чамайг энэ албан тушаалд тавихад болж байна, тиймээс чи анкетаа өгөөрэй ... ” гэсэн... Тэгснээ “томилогдохоос өмнө намд хандив өгөх нь тодорхой байгаа, 20.000.000 төгрөг бэлд” гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 6-наас хойш Д миний гар утас руу хэд хэдэн удаа яриад “чамайг ерөнхийдөө судалж үзлээ. А даргын гарын үсэгтэй албан бичиг гарахад бэлэн болсон. Өнөөдөр хандиваа яаралтай өгвөл энэ долоо хоногт асуудал нь шийдэгдэнэ, тамга, гарын үсэг зураад явахад бэлэн болсон” гэсэн. ... төрсөн ах П руу яриад “би нэг хүнтэй яриад бизнес хийх гэж байгаа юм. 20 сая төгрөг зээлээч” гээд ...шууд Д-н хэлсэн Б гэх хүний данс руу 2 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн... “А даргатай хамт байна, замын дундаас буцах байсан бол яах гэж яриулсан юм бэ, чиний өмнөөс баахан хүнтэй уулзсан, энэ асуудлаа нэг мөсөн дуусга, одоо томилогдох албан тушаалд чинь дахиж нэмж мөнгө өгөх хэрэгтэй нийтдээ 100 гаруй сая төгрөг болох байх шүү”, ... “асуудал чинь шийдэгдсэн байхад одоо хандивыг нь хийхгүй бол наад албан тушаал дээр чинь ажилтай байх үгүйг би шийднэ шүү” гэсэн... Ингээд би нийтдээ 72.200.000 төгрөгийг Д-н явуулсан дээрх данснуудад шилжүүлж хийсэн...” /9 хх 36-38/,

гэрч Н.Х-н “... 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Д Г” ХХК-ийн банкны данс руу 180.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Мөнгөө шилжүүлснээс хойш 2 хоног өнгөрсөн хүлээсэн боловч ямар ч төмрийн сураг гарахгүй байхаар нь Д, П нартай ярьтал “одоохон болно, удахгүй очно” гээд байсан. ... Бас мөнгө хэрэг боллоо гээд байхаар нь 30.000.000 төгрөгийг “Д Г” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. ... Дарханы төмөрлөгийн үйлдвэр лүү залгахад “танай 65 тонн төмрийн мөнгө орж ирэнгүүт ачуулсан, тэр төмөр танайд буусан, дараагийн мөнгө орж ирээгүй тул ямар үндэслэлээр танайх руу төмөр явуулах юм бэ” гэсэн хариу өгсөн. ...” /1 хх 21-24/,

гэрч Ц.О-н “... 2018 оны 6 дугаар сард иргэн О.Б гэх хүнтэй гэрээ хийж Эрдэнэт хотын “Есөн Эрдэнэ” захын урд талд “Намсан” нэртэй оффис үйлчилгээний зориулалттай барилгын ажилд карказ угсралтын ажлыг хийхээр гэрээ байгуулж, ажлаа хүлээж аваад хийх гэсэн боловч арматур төмөр нь ирэхгүй, нилээд хэд хоног хүлээсэн. Тэгтэл 7 сарын эхээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс нэг вагон арматур төмөр ирсэн. ... ажлаа үргэлжлүүлэхэд ирсэн арматур төмөр нь размер нь таарахгүй байсан ахиад арматур төмөр хэрэг болсон учир захиалагч О.Б-с арматур төмрөө яаралтай нийлүүлэхийг шаардаж байсан. ...” /1 хх 65-66/,

гэрч Д.Ц-н “...Анх “Д Г” ХХК-иас манай “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д гэрээ байгуулан хамтран ажиллах талаар албан бичиг ирснээс хойш харилцаа холбоо тогтоон танилцсан. Тухайн үед Д өөрөө ирж, би “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг төлөөлж гэрээ хийсэн. ... Манайх “Д Г” ХХК-д 65 тн арматур нийлүүлсэн, Орхон аймаг руу вагон захиалж хүргүүлсэн... Хөнгөлөлттэй үнээр арматур худалдан авах гэрээний хугацаа дуусаад дахин хөнгөлөлттэй үнээр арматур авах санал гаргаж байсан, тэр үед нь манайх гэрээний хугацаа дууссан тул танайх манайхаас үндсэн үнээр авах боломжтой гэсэн хариу өгсөн. ...” /1 хх 85-86/,

гэрч М.О-н “...333.5 тн арматур нийлүүлэхээр гэрээ хийгдсэн. Төлбөр манай компанийн данс руу орсон тохиолдолд арматур төмөр ачуулах үндэслэл болдог. “Д Г” ХХК нь 65 тн /1 вагон/ арматур төмрийн үнэ манай данс руу шилжүүлсэн. Бид үүнийх нь дагуу 65 тн /1 вагон/ арматур төмөр нийлүүлсэн. Манай компани руу дахин мөнгө шилжүүлээгүй. ...” /1 хх 88/,

гэрч Л.А-н “...Би “Улаанбаатар менежмент” ХХК-д 2000 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн ажил, албан тушаалд Уламбаяр гэх хүн ажиллаж байгаагүй, мэдэхгүй байна. 2018 онд “Д Г” ХХК нь манай компанитай харилцаж худалдан авалт хийж байгаагүй байна. ...” /1 хх 72/,

гэрч Э.Э-н “... Уул уурхайн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийг авах зорилгоор Б.Д гэх хүний данс руу бага багаар мөнгө хийсээр байгаад нийт 10.310.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Хэсэг хугацаа өнгөрсний дараа Б.Д гэх хүнтэй холбоо барьж юу болж байгаа талаар асуутал одоо удахгүй, асуудал байхгүй гэдэг зүйлийг манай нөхөр Х.Г-д хэлдэг байсан. ...” /3 хх 68-69/,

гэрч Э.Г-н “... 2019 онд Төв аймгийн Зуунмод суманд Г, Д бид гурав уулзахад Г нь Д-д зардал гэж 10.000.000 төгрөг өгсөн ба 3.000.000 төгрөгийг нь төрийн сангийн дансанд шилжүүлсэн гэсэн. Үлдсэн 5.000.000 төгрөг нь урсгал зардалд зарцуулагдсан гэж хэлж байсан. ...”  /3 хх 71-73/,

гэрч С.Э-н “... Би Д гэх хүнийг танина. Яагаад тэр хүнээс мөнгө авсан бэ гэхээр, миний барилга барьж эхэлсэн газар бага хэмжээний хийсэн ажлын мөнгө гэж 45 сая төгрөг авсан. Би өөрөө хөрөнгө мөнгө байхгүй тул өгсөн. Байр ашиглалтад орохоор би 2 байр авахаар болсон. Одоо ямар нэгэн гэрээ хийж ажил эхлээгүй байгаа бөгөөд тэр үед нь гэрээ хийх бодолтой байгаа. Миний уг газар нь Дундговь аймаг Сайнцагаан сумын 7 дугаар багийн Залуус хороололд байсан. Уг газрын гэрчилгээг 2019 онд Д-н компани нэр дээр нь шилжүүлж өгсөн. Тэгэхгүй бол мөнгө өгөхгүй байсан юм. ...” /4 хх 79-80/,

гэрч Ц.Я-н “... 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай аав Ц над руу залгаад .......... дугаарын данс руу махны экспортын урьдчилгаа гээд 13.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би өөрийн Хаан банкны данснаас 13.000.000 төгрөгийг аавын надад өгсөн данс руу шилжүүлсэн. Хүлээн авагч нь “Д Г” гэсэн данс байсан. Мөн аавын хэлсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 83.250.000 төгрөгийг аавын надад өгсөн “Д Г”-ын дээрх данс руу утга дээр адууны мах экспортын урьдчилгаа төлбөр гэж бичээд шилжүүлсэн. Би нийт 96.250.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4 хх 135/,

гэрч Г.Э-н “... Тухайн үед “Д Г”-ын ерөнхий захирал Д, “Н Г Ф” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Б Д, зуучлагч Ө бид 4 аман хэлэлцээр хийгээд “Д Г” ХХК-д 600 тонн мах гаргах квот байна, 300 тонн махны квотыг танай “Н Г Ф” ХХК-д өгч болно гэж Д гэх хүн хэлсэн. Тэгсэн “Н Г Ф”-ийн захирал Б Д нэмээд нөгөө 300 тонн махны квотоо манайд өгчих гэж гуйсан. ... Тэгээд Д манай “Н Г Ф” ХХК-ийн үйлдвэрийг үзээд бид нарт итгэл үнэмшил төрүүлсэн. Тэгээд үйлдвэр дээр хамтран ажиллах гэрээг хоёр талын санал хүсэлтийг багтаан би гэрээг нь компьютер дээр шивж гүйцэтгэн хоёр талын захирлаар гарын үсэг зуруулаад тамга даруулсан. ...” /5 хх 84/,

гэрч С.Э-н “... Манай үеэл До “мал зарна, мал авах хүн байна уу” гэхээр нь би барилгын ажлаар танилцсан Д-с “мал авах уу” гэсэн чинь Д “авъя” гэж хэлээд 498 тооны хонь, 200 тооны ямаа өгсөн. Тэгээд мөнгөө өгөхгүй 1 жил болж байна. Д тухай үед “мал хилээр гаргах зөвшөөрөлтэй, Хятад руу гаргадаг” гэж хэлж байсан. Өмнө нь “Д Г” гэх ажлын байран дээр очиход надад Д өөрийнхөө ширээн дээр байсан тайлангаа харуулж байсан. Тэр тайлан дээр нэлээд хэдэн тэрбум төгрөг бичигдсэн байсан. Мах хилээр гаргадаг юм байна гэж бодсон. ... Д гэх хүнтэй ярих болгонд “манай компани Хятад улсаас авлага зөндөө байгаа, мөнгө ирэхгүй байна, орж ирэхээр нь өгнө” гэж хэлдэг байсан. ...” /6 хх 148/,

гэрч Ш.Н-н “... Д дахиад над руу утсаар яриад надад дахиад 7.000.000 төгрөгийн хэрэг болчихлоо “Таван толгой түлш” ХХК-иас тендер авах гэж байгаа юм гэхэд нь би 7.000.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. 7 хоногийн хугацаа өнгөрөөд би Д-с 15.000.000 төгрөгөө авах гэтэл “нөгөө ажил бүтээж өгнө гэсэн хүмүүс маань намайг хойшлуулаад байна, жоохон удах юм шиг байна, таны мөнгийг би сургуулийнхаа үдийн цайны мөнгөнөөс буцааж өгье” гэхэд нь бид хоёр маргалдсан...” /7 хх 147-148/,

гэрч Д.Ж-н “... 2021 оны 8 дугаар сараас манай төрсөн эгч Д нь “Таван толгой түлш” ХХК-иас хүнсний тендер нийлүүлэх ажил авч өгнө гэсэн гэх Д гэх хүнтэй утсаар яриад холбогдоод яваад байдаг байсан. Энэ Д гэх хүнийг би манай эгчийн машинд орж ирж суугаад буухад нь анх харж байсан. ... Дараа нь өдрийг нь сайн санахгүй байна, эгч Д 11 дүгээр хороололд хүнд мөнгө өгөх хэрэгтэй байгаа гээд яриад байсан ба эгчтэй хамт би машинд явж байхад 11 дүгээр хорооллын Хаан банкны харалдаа Д гэх хүн машинд орж ирж суугаад эгчээс мөнгө авч байсан. ... сар өдрийг нь сайн санахгүй байна ... Хүүхдийн 100-гийн Наран молл дэлгүүрийн кофе шоп руу эгч орсон. Би гадаа нь машинд сууж байсан. “Д-тэй уулзана, мөнгө өгөх ёстой” гэж хэлээд буусан. Эгчийг би Д-д хэдэн төгрөг өгснийг, өгөлцөж авч байсныг нь хараагүй. ...” /7 хх 150-151/,

гэрч Г.Ү-н “...Д намайг дуудаад “Модны 2”-т байрлах Д-н оффис дээр очно гээд хамт очсон. Тэгэхэд Д нь “Таван толгой түлш” ХХК-д ажил авч өгнө, материал бүрдүүлж өгнө гэж ярьж байсан. ... Д нь тендерт шалгарахын тулд надаас мөнгө зээлж авсан. Энэ өдөр 4.000.000 төгрөгийг надаас зээлсэн. Дараа нь буюу 2021 оны 9 дүгээр сарын сүүл хавьцаа Д нь надаас 4.000.000 төгрөгийг зээлж авсан. Нийт би Д-тэй холбоотой асуудал дээр Д-т 8.000.000 төгрөгийг зээлсэн. ...” /7 хх 170-171/,

гэрч Ё.П-н “... Би өөрийн дүү Б-н хэлсэн данснууд руу тухайн үед дандаа интернэт банк ашиглаж мөнгөө шилжүүлдэг байсан... 68.500.000 төгрөг авахдаа ажил хийж байгаа, мөнгө дутаад байна гээд байхаар нь би түүнийг бизнес эрхэлж байгаа юм байна гэж бодоод мөнгө өгөөд байсан юм. Тэгтэл манай дүү цаанаа өөр хүнд залилуулж байсан байна...” /9 хх 49-50/,

гэрч Л.А-н “...Б.Д надаас 5.000.000 төгрөг 2020 оны 11 дүгээр сард зээлсэн. Би мөнгө шилжүүлэхдээ Б.Д-н “Д” гэдэг компанийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансанд “А-с зээлэв” гэсэн утгатайгаар нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлж байсан. Дараа нь мөнгө буцааж төлөхгүй байж байгаад 2021 он гараад 3.500.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 1.500.000 төгрөгийг нь Б.Д нь ...... дугаарын данснаас миний эзэмшлийн 1........7 дугаартай дансанд шилжүүлж байсан. ...” /9 хх 57-58/,

гэрч О.Б-н “... Манай нөхөр Б.Д нь “Д Г”-ийн ерөнхий захирал ажилтай. Д Г нь барилга угсралт, махан бүтээгдэхүүн гадаадад гаргах болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг. Би Хаан банкны ........ гэсэн данс ашигладаг бөгөөд манай нөхөр заримдаа ажилдаа миний дансаар мөнгө оруулж гаргаж байдаг. ... Манай нөхөр Ё.Б гэх хүнээс мөнгө авсан гэж байсан...” /9 хх 60/,

гэрч Б.Г-н “...Д нь ...манай авто сэлбэгийн газраас өөрийн машиндаа 3.000.000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг зээлээр авсан юм. ... Д над руу залгаад “нөгөө мөнгөний чинь 1.000.000 төгрөгийг би хүнээр хийлгэчихлээ, одоо бага мөнгө үлдсэн юм чинь битгий байнга залгаад байгаарай” гэж хэлсэн. Сая гүйлгээний утгыг хартал ........ дугаарын данснаас орсон 500.000 төгрөг нь Ё.Б “хандив” гэсэн утгатай орсон байна...” /9 хх 123/,

“Улаанбаатар менежмент” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/02 дугаартай албан бичиг /1 хх 73/,

“Д Г” ХХК-ийн эзэмшдэг Голомт банкны ........... дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 90-91, 95-96/, уг дансанд Х-с мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримтын хуулбарууд /2 хх 4-5/,

“Д Г” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн хх-2018/47 дугаартай “Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /2 хх 1-3/,

“Д Г” ХХК-ийн нэр бүхий бланк дээр 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “О.Б, “Д Г” ХХК тооцоо нийлсэн” талаар баримтын хуулбар /2 хх 6/,

Төлбөр төлсөн баримтууд “Д Г” ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Арматурын буцаалт” гэх утгатай О.Б-н Худалдаа хөгжлийн банкны ........ дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн баримтын хуулбар /2 хх 10/,

“Д Г” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Арматурын үнэ” гэх утгатай “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хотын банкны ........ дугаарын данс руу 130.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримтын хуулбар /2 хх 11/,

Голомт банкны 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ГБ110/205 дугаартай “Дансны мэдээлэл хүргүүлэх” тухай албан бичиг /2 хх 143-147/,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 142/Ш32019/00578 дугаар, 2018 оны 142/Ш32018/05064 дугаар захирамжууд, мөн шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай тогтоолын хуулбарууд /1 хх 245-246, 2 хх 7-9, 28-29/,

Э.Э-н Хаан банкны ............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х.Г-с Б.Д-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 450014142 дугаартай данс руу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1.950.000 төгрөг шилжүүлсэн баримт, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерын хуулбар буюу хохирогч Х.Г-ас нийт 10.310.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /3 хх 26-28/,

Х.Г, Б.Д нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний хуулбар /3 хх 102-103/,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04/419 дугаартай, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 06/1556 дугаар албан бичгүүд /3 хх 116, 120/,

“Д Г” ХХК-ийн “Н Г Ф” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар /5 хх 45-46/, дээрх хоёр компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /5 хх 47-48/,

“Д Г” ХХК-ийн 499260746 тоот данс руу 57.675.000 төгрөг шилжүүлсэн баримт /5 хх 7/,

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 01/1012 дугаар албан бичиг, түүний хавсралт /5 хх 68-70/, 01/1284 дүгээр албан бичиг /5 хх 72/, 2020 оны 01/645, 1/1046 тоот албан бичгүүд /6 хх 167-168/, Гаалийн ерөнхий газрын 03-2/3047 дугаар албан бичиг, хавсралт /5 хх 141-144/

 Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /6 хх 203/,

“Таван толгой түлш” ХХК-иас 2021 онд зарлагдсан “Хоол хүнсний бусад бараа материал худалдан авах”-аар зарлагдсан ТТТХХК/202102005 дугаартай цахим тендерийн материал /6 хх 246-250, 7 хх 1-96/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Д-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Шүүгдэгч Б.Д-с “... анхан шатны шүүхээс надад 3 жилийн хорих ял оногдуулсныг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн ял шийтгэл оногдуулдаг.

Шүүгдэгч Б.Д нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэм буруугийн болон хэргийн үйл баримтын талаар маргаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлоо хэрхэн яаж төлөх эсэх нь тодорхойгүй, хохирлоо төлөх боломжит хугацаа байсаар атал энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй зэргээс үзэхэд түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Үүнээс гадна, уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд түүнд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хохирогч О.Б-с “... энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 461.993.749 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-с энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 210.974.810 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба хохирогч О.Б нь уг гэмт хэргийн улмаас өөр байдлаар хохирсон гэж үзвэл хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуульд нийцжээ.    

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Б, шүүгдэгч Б.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Д-н 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 120 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/813 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, хохирогч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 120 /нэг зуун хорь/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                    Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР