Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: П.Ганбаатар;

шүүгдэгч: Ц.С (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цэдэндамбын Сд холбогдох эрүүгийн 1809004700058 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамж 20-475  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, НЭ86091301 регистерийн дугаартай, Зогсоол овогт Цэдэндамбын С.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ц.С нь 2017 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өлзий” төвийн 2 дугаар давхарт байрлах караокед иргэн Г.Мөнхболдыг хэл амаар доромжиллоо гэх хувийн таармжгүй харьцааны улмаас маргалдан гүдэн тус газарт нь гараар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мөнхболд /хх-ийн 7-8/, гэрч Г.Хандармаа /хх-ийн 9/, гэрч Т.Хашчулуун /хх-ийн 10/ нарын мэдүүлэг, Ц.Сгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 26-27/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 843 тоот дүгнэлт /хх-ийн 16/, Ц.Сгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-32/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өлзий” төвийн караокед “хэл үгээр дайрч доромжилсон” хэмээн Г.Мөнхболдыг буруутган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Г.Мөнхболдын /хх-ийн 7-8/: “... 2017 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн үед “Өлзий” гэх нэртэй караокед орсон. Бие засах өрөө орсон, хоёр эмэгтэй хүн юм яриад явган сууж байхаар нь уг бие засах өрөөг эмэгтэй хүнийх юм байна гэж бодоод дахиад бие засах өрөөний хаалган дээр байсан тэмдэгийг хартал “бие засах өрөө” гэж бичсэн байсан ба эрэгтэй, эмэгтэй нь хамт гэдгийг мэдээд буцаж хаалгыг нь онгойлгоод тэр хоёр эмэгтэйд “би бие засах гэсэн юм, та хоёр гарч болох уу?” гэхэд тэр хоёр эмэгтэй “бид хоёр энд юм ярьж байна” гээд над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би нэг эмэгтэйд нь хандаж “та хоёр гарчих” гээд нуруунаас нь жоохон түлхсэн. Гэтэл өндөр, шар царайтай, парик зүүсэн эмэгтэй гараараа миний нүд рүү хоёр удаа цохисон. Миний нүдний шил газар унаж хагараад шилээ авах гээд хайж байх хооронд тэр хоёр эмэгтэй бие засах өрөөнөөс гараад явсан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Хандармаагийн /хх-ийн 9/: “... Би найз Соёлоогийн хамт бие засах өрөө ороод, би хаалгыг нь бариад зогсож байхад нэг залуу хаалга угз татаад ороод ирсэн ба орж ирээд хэл амаар доромжлоод “гичий минь хурдан шээ” гээд доромжилсон. Соёлоо суултуураас босоод угаалтуурын хажууд гараа савах үед тэр залуугийн зүүж явсан шил рүү цохиод шил нь бутраад уначихсан…” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Т.Хашчулууны /хх-ийн 10/: “... Намайг коридорт гарах үед нөхрийн маань гүүр нь нил цус болчихсон, нүдний шил нь хагарсан, хувцас нь цус болчихсон зогсож байсан…” гэх мэдүүлгээр,

 

Ц.Сгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 26-27/: “... 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой өөрийн найзуудтайгаа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Өлзий” төвийн караокед орсон. …Хандармаатай хамт ариун цэврийн өрөө ороод би бие засаад Хандармаа хаалгыг нь гаднаас дараад зогсож байсан. Эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө хамт бөгөөд хаалга нь түгжээгүй байсан учраас Хандармаа дарчихсан байсан. Гэтэл нэг залуу эхлээд нэг удаа хаалга татаж хаахаар нь би “одоохон түр хүлээж бай” гэдгээ хэлсэн. Нөгөө залуу дахиад хаалга угз татаж орж ирээд “би бие засмаар байна, 2 гичий минь” гээд хэл амаар доромжилхоор нь би өмдөө татаж босоод “та яагаад байгаа юм бэ” гээд баруун гараараа савахад санаандгүй миний бөгж тэр эрэгтэйгийн нүдний шил рүү нь цохиж хагараад тэр эрэгтэйгийн нүүрийг зүсээд цус гарсан…” гэх мэдүүлгээр,

 

Ц.Сгийн буруутай үйлдлийн улмаас Г.Мөнхболдын биед “баруун нүдний дээд зовхи, доод зовхи, хамарт шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 843 тоот дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж улмаар түүнийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 “Хэл үгээр дайрч доромжилсон” хэмээн Г.Мөнхболдыг буруутган зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ц.Сгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Ц.Сгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Ц.С гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Г.Мөнхболдод 500.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Ц.Сгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зогсоол овогт Цэдэндамбын Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ