Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 113/ШШ2025/0004

 

 

  2025       05            07                                        113/ШШ2025/0004

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.А (РД:..................),

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн ................дарга Ч.О нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, хариуцагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн ................ дарга Ч.О-д холбогдуулан ”Цалингийн шатлалыг илтэд буруу тогтоож байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, цалин хөлс, урамшуулал, нэмэгдэл, ээлжийн амралтын цалин зэргийн зөрүүг олгохыг ........... дарга Ч.О-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч А.А нь Говьсүмбэр аймгийн ............. Захиргаа, санхүүгийн албаны даргын сул орон тоонд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн ба  Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны дэс түшмэлийн удирдах албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 58 дугаартай тогтоолыг үндэслэн .............. даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ТЗ-7.1-р буюу 1,320,000 төгрөгөөр тогтоон цалинжуулж /хуучнаар/ томилсон байна.

2.2. А.А нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор Дэс түшмэлийн удирдах албан тушаалыг ТЗ-7 байсныг ТЗ-6 болгон өөрчилсөн тул томилогдсон цагаасаа Төрийн захиргааны албан хаагчийн ТЗ-6 шатлалаар цалинжих ёстой гэж үзэн ангилал, зэрэглэлийн талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/1656 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичгийг ирүүлжээ.

2.3. Улмаар нэхэмжлэгч А.А нь дээрх Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/1656 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичгийн дагуу .................. дарга Ч.О-д цалингийн шатлалаа нэмүүлэхээр хандсан.

2.4. Гэвч Говьсүмбэр аймгийн ..................... дарга Ч.О нь Захиргаа, санхүүгийн албаны дарга А.А-ын цалингийн шатлалыг ТЗ-6-р цалинжуулахаас татгалзсан бөгөөд татгалзлын үндэслэлд Мал эмнэлгийн Ерөнхий газраас бүтэц орон тоо өөрчлөгдөнө тэгэхээр өөрчилнө гэсэн үндэслэлийг дурдсан байна.

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс..... А.А би Төрийн албаны тухай хууль, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын дагуу Говьсүмбэр аймгийн ................. Захиргаа, санхүүгийн албаны даргын сул орон тоонд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тусгай шалгалт өгч тэнцсэн ба Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай “Төрийн захиргааны дэс түшмэлийн удирдах албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг үндэслэн .................. даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ТЗ-7.1-р буюу 1.320.000 төгрөгөөр цалинг хуучнаар нь тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын 487 дугаар тогтоолын дагуу тухайн албан тушаалын зэрэглэл нь ТЗ-6 юм.

...миний хувьд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын дагуу анх томилогдсон орон тоон дээрээ 1 жил 6 сар ажиллаж байгаа ба өнөөдрийг хүртэл Засгийн газрын тогтоол болон Төрийн албаны тухай хуулийг зөрчин албан тушаалын цалингийн шатлал бууруулан санаатай, албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдлийг гаргасаар байна. Цалин шатлалын талаар 1 бус удаа уулзаж ярилцсан ба 2023 оны 01 сард шатлалыг чинь ахиулна ТЗ-6 нь зөв юм билээ гэж надруу viber-аар бичиж байсан.

...ангилал зэрэглэлийн талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд өргөдөл өгсний дагуу тус газраас 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/1656 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичгээр хариуг ирүүлсэн. Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газраас бүтэц орон тоо өөрчлөгдөнө тэгэхээр бараг өөрчилнө гэсэн утгатай хариуг өгч, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн бичгийн хариуг үл тоосон шинжтэй хариу өгч аргацаасан байдалтай байна.

Албан тушаалын ангилал зэрэглэл болон үндсэн цалинг буруу тогтоосноос үүдэн цалингаас бодогдох бусад нэмэгдэл буюу “төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, орон нутагт алба хаасны нэмэгдэл, төрийн жинхэнэ албан хаагчийн улирлын үр дүнгийн урамшуулал, байгууллагын нууц хамгаалах ажилтны нэмэгдэл, нийтийн албаны захиргаа, хуулийн асуудал эрхэлсэн эрх бүхий албан тушаалтны нэмэгдлүүд буруу бодогдож авах ёстой цалингаа дутуу авсан. Иймд миний цалингийн шатлалыг илтэд буруу тогтоож байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, цалингийн зөрүү олгохыг Мал эмнэлгийн газрын дарга Ч.О-д даалгаж өгнө үү... гэх агуулгаар маргаж байна.

 

2.6. Хариуцагчийн зүгээс ... Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ыг шинэчлэн баталсан. Уг жагсаалтын дэс түшмэлийн /ТЗ-6, ТЗ-7, ТЗ-8, ТЗ-9/ ангилалын “Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал” хэсгийн удирдах, гүйцэтгэх албан тушаалын жагсаалтад “Албаны дарга” гэсэн албан тушаал байхгүй.

...дээрх асуудлаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газарт 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн биеэр очиж уулзаж, танилцуулж, зөвлөгөө авсан ба 1-рт: “ЗГ-ын 487 дугаар тогтоолын жагсаалтад албаны дарга гэсэн албан тушаал байхгүй. Гэтэл ХХААХҮ-ийн сайд МЭГ-ын бүтцийг “Алба”, албан тушаалыг “Албаны дарга” гэж баталсан. Тиймээс холбогдох шийдвэрт өөрчлөлт ортол ТЗ-7 зэрэглэлийг мөрдөх нь зөв”, 2-рт: Мал эмнэлгийн газрын дотоод бүтцийг хэлтэс болгож Засгийн газрын 487 дугаар тогтоолд нийцүүлэн өөрчилж байж ТЗ-6 зэрэглэлийг мөрдөх нь зүйтэй. Мөн бүтцээ хэлтэс болгоод хэлтсийн даргын албан тушаалыг дэс түшмэлийн ТЗ-6 зэрэглэлд хамрууллаа гэхэд тус зэрэглэл дэх бусад удирдах албан тушаалтай харьцуулахад цар хүрээ нь бага, мөн ТЗ-9-өөс ТЗ-6 зэрэглэлийн шаталсан зарчим алдагдсан цалингийн зөрүү их байгаа бол ЗГ-ын 487 дугаар тогтоолын жагсаалтад “Байгууллагын дотоод нэгжийн дарга эсвэл албаны дарга” гэсэн албан тушаалыг нэмэлтээр тусгуулж ТЗ-7 зэрэглэлийг үргэлжлүүлэн мөрдөх нь тохиромжтой гэсэн зөвлөгөө өгсөн.

...төрийн албанд “Буруу шийдвэр гаргасан бол шийдвэр гаргасан албан тушаалтан төрд учирсан хохирлыг өөрөө хариуцан барагдуулах” хууль, эрх зүй үйлчилж байна. Төрийн аудитын газраас жил бүр санхүүгийн тайлангийн аудит хийгддэг ба түүнд цалин, нэмэгдэл, нөхөх олговор хамрагддаг. Төрийн Аудитын газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар дээрх асуудлаар ямар нэгэн зөвлөмж ирүүлээгүй байна. Бүтэц, орон тоог шинэчилсэн сайдын шийдвэр гараагүй байхад зарим аймгийн МЭГ-ын дарга шиг Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалыг хэлтсийн даргын буюу ТЗ-6 зэрэглэлд хамруулан авч үзэх нь маш өндөр эрсдлийг дагуулах хууль, эрх зүйд нийцээгүй шийдвэр байх ба бусад төрийн захиргааны албан хаагчдаас гомдол мэдүүлж шалгагдсан тохиолдолд акт тавигдах хэмжээний зөрчил юм... гэх агуулгааар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2022 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 487 дугаар тогтоолоор өмнө нь хэрэгжиж байсан 275 дугаар тогтоолыг хүчингүй болгоод энэ тогтоолоор нутгийн захиргааны байгууллагын албан тушаалын удирдах хэсгийн дэс түшмэл нь ТЗ-6-аар цалинжих ёстой. ТЗ-6-5 дээр болохоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга нь дэс түшмэлийн ТЗ-7-оор цалинжиж байсан. Үүнийг хүчингүй болгоод 2022 онд 487 дугаар тогтоолоор ТЗ-6-5-аар дүйцүүлэн оруулах боломжтой гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-т цалин хөлс тогтоох зарчим байгаа. Ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх гэсэн заалт байдаг. Энэ заалт манай байгууллагын хувьд зөрчигдөж байна. Энэ асуудлаар би Төрийн албаны зөвлөлд 2 удаа хандаж, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/1656 дугаартай албан бичиг ирүүлсэн. Үүнд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нарын ангилал зэрэглэлтэй холбоотой асуудлаар ирүүлсэн санал хүсэлтийг судалж үзсэн. Төрийн захиргааны удирдах албан тушаалын дэс түшмэлийн албан тушаалд нэр дэвшүүлсэн албан тушаалын ангилал зэрэглэлд хамруулах нь зүйтэй гэсэн байдаг. Миний хувьд үүнтэй холбоотой хариугаа аваагүй байж байгаад сүүлд нь мэдээд гомдлоо гаргасан. Аль нь зөв юм бэ үүнийгээ нэг талд нь шийдэж өгнө үү гээд дахин Төрийн албаны зөвлөлд бичгээр гомдол гаргасан. Гомдлын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/871 дугаартай зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай А/174 дүгээр тушаалаар аймгийн Мал эмнэлгийн өргөжсөн орон тоог 2 албатай байгуулсан. Албаны даргын албан тушаалын тодорхойлолт, ангилал зэрэглэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлд түүнд хамаарах албан тушаалын жагсаалт батлах тухай Засгийн газрын 275 дугаар тогтоолын Нутгийн захиргааны байгууллагын албан тушаалын удирдах хэсгийн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга буюу дэс түшмэлийн ТЗ-7-оор хамруулж байсан.

Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор хүчингүй болгоод Нутгийн захиргааны байгууллагын албан тушаалын удирдах хэсгийн дэс түшмэлийн ТЗ-6-5-д заасан аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нутгийн захиргааны байгууллагын хэлтсийн даргын гэж авч үзсэн байгаа. Зарим аймгийн Мал эмнэлгийн газрууд өмнөх бүтцийн шийдвэрт нийцүүлэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж нэгжийн даргын цалин хөлсийг ялгаатай тогтоох зэрэг нийцэлгүй шийдвэр гаргасан байна гэж үзсэн. Төрийн албаны зөвлөлөөс үүнтэй холбоотой Хүнс хөдөө аж ахуйн сайдад зөвлөмж хүргүүлээд энэ зөвлөмжийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдөж хэлтэс болсон.

 Миний хувьд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дэс түшмэлийн удирдах албан тушаалтан гэдгээр тусгай шалгалт өгч тэнцсэн. Тухайн үедээ О даргад Төрийн албаны зөвлөлөөс ирсэн шалгалтын хуудас, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн 58 дугаар тогтоолоор ТЗ-6-аар цалинжуулах нь зүйтэй гэсэн албан бичиг ирсэн. Энэ хүн бол Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлээд албан хаагч намайг хохироогоод яваад байгаа гэв.

 

3.2. Хариуцагч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, албан тушаалын жагсаалтад алба гэсэн бүтэц байхгүй. Албаны дарга гэсэн албан тушаал байхгүй. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/17 дугаар тушаалд аймгуудын Мал эмнэлгийн газрын бүтцийг албаны дарга гээд баталчихсан. Энэ асуудлын зөв процесс нь төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч гэсэн дээрээсээ доошоо чиглэсэн зөв процесстой явж байж зөв шийдвэр гарна. Гэтэл А маань өөрөө Захиргаа санхүү, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн дарга дээрээс нь хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлдэг. Мэргэжлийн зөвлөмж арга зүйгээр хангадаг гэсэн үг. Хяналт тавьдаг гүйцэтгэлийн үр дүнг байгууллагын даргын өмнө хүлээдэг алба хашдаг хүн байгаа. Би 2-3 удаа тайлбарлаж өгсөн. Ерөөсөө ойлгохгүй байгаа. Үүнийг яаж зөв шийдвэрлэх юм бэ гэхээр нэгдүгээрт төсвийн шууд захирагч чинь Мал эмнэлгийн газрын бүтэц орон тоог баталдаггүй. Батлах тийм эрх байхгүй.

Төсвийн ерөнхийлөн захирагч буюу яамны сайд аймгийн Мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоог баталж ирүүлдэг. Хоёрдугаарт Мал эмнэлгийн Ерөнхий газар бол Төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг боловсруулаад, Төрийн албаны зөвлөлд хүргүүлж хянуулаад, батлах зөвшөөрөл олгуулаад манай Мал эмнэлгийн газарт ирүүлдэг. Гуравдугаарт сайдын бүтэц, орон тооны тушаалыг үндэслээд төсвийн шууд захирагч буюу би бүтэц, орон тооныхоо шийдвэр тушаалыг гаргадаг. Ингэж байж хууль эрх зүйн процесс маань зөв болно. Дээд шатны буюу төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагчийн шийдвэр гараагүй байхад төсвийн шууд захирагч өөрөөр хэлбэл 487 дугаар тогтоолд нийцүүлэн хэлтэс, хэлтсийн дарга ТЗ-6 эсхүл алба, албаны дарга ТЗ-7 гэсэн шийдвэрийг гаргаж өгнө. Ингэх юм бол байгууллага болон удирдлагад 3 том эрсдэл үүснэ. Нэгдүгээрт хүний нөөцийн хөдөлгөөн ихэсчихсэн, хүмүүсийн ажилд орох, гарах маш амархан хялбар болчихсон ийм нөхцөлд би хэлтсийн дарга хэлтэс ТЗ-6 эсхүл өмнө хэлсэн алба, албаны дарга ТЗ-6 гээд ингэж шийдвэр гаргачих юм бол манай тусгай шалгалт зарлагдахгүй. Хоёрдугаарт би хүнийг томилж чадахгүй. Гуравдугаарт сул орон тоогоо нөхөж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Дараа нь процессын алдаатай шийдвэрийг хууль хяналтын байгууллага буруу гэж үздэг. Би энэ шийдвэрийг процессыг нь зөв явсан гэж үзэж байгаа.

Байгууллагын дарга өөрөө буруу, алдаатай шийдвэр гаргасан байвал хохирлыг өөрөө төлж барагдуулдаг. Дараа нь мэргэжилтнүүд ТЗ-9-өөр цалинжиж байгаа, ахлах мэргэжилтнүүд ТЗ-8, улсын байцаагч ТЗ-7, албаны дарга хуучин ТЗ-7 байсан одоо хэлтэс болоод ТЗ-6 болж байгаа. Ер нь бол улсын байцаагч мэргэжилтнээсээ 1 зэргээр илүү цалинждаг. Бодит байдал дээрээ байгууллагын дотоод нэгжийн дарга, улсын байцаагч хоёр нэг ангилал зэрэглэлээр цалинжих ажил үүрэг нь ойролцоо, ижил хэмжээний гэсэн үг, үүнийг ерөөсөө ойлгодоггүй.

Надад маш их дарамт шахалт ирсэн. Би нилээн тэвчсэн. ТЗ-6-аар цалинжуулсангүй гэдэг. Гэтэл нөгөө талд мэргэжилтнүүд ТЗ-9-өөр цалин авч байгаа. Мэргэжилтнүүд яахаараа байгууллагын дотоод бүтцийн нэгжийн дарга ТЗ-6 гэсэн ангилал зэрэглэлээр цалинжих ёстой юм бэ ангилал зэрэглэлийн зарчим нь алдагдаад байна. Цалингийн зөрүү их байна гэх асуудал үүснэ. Хэрвээ би тийм шийдвэр гаргачихсан бол тусгай шалгалтаа зарлаж чадахгүй, сул орон тоог нь өгч чадахгүй, хүнээ томилж чадахгүй дээр нь нэмэгдээд тийм өргөдөл, гомдол Төрийн албаны зөвлөл дээр гарчихсан байсан. Хууль хяналтын байгууллагаар шалгагдах юм бол Отгонсүрэн дарга та процессын алдаатай шийдвэр гаргасан байна гээд би төрийг хохиролгүй болгох хэмжээний тийм эрсдэл үүрэх байсан.

Тийм учраас би энэ шийдвэрээ процессын алдаагүй, хууль эрх зүйн хүрээнд нийцсэн гэж үзэж байгаа. Монголын нийгэмд буруу явж байгаа нь зөвдөөд, зөв явах гээд байгаа нь буруудаад байгаа асуудлын тод жишээ нь би болж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан ”Цалингийн шатлалыг илтэд буруу тогтоож байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, цалингийн зөрүү олгохыг Мал эмнэлгийн газрын дарга Ч.О-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгч А.А нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын дагуу Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын сул орон тоонд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн ба  Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны дэс түшмэлийн удирдах албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 58 дугаар тогтоолыг үндэслэн Мал эмнэлгийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ТЗ-7 буюу үндсэн цалин 1,320,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь, эрх бүхий албан тушаалтны нэмэгдэл 15 хувь, орон нутгийн нэмэгдэл 20 хувь байхаар тогтоож байгаа нь санаатайгаар эрх зүйн байдлыг дордуулж байна гэж,

5. Хариуцагчаас Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/17 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтаар Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоог Мал амьтны эрүүл мэндийн алба, Захиргаа, санхүүгийн алба, ...гэсэн бүтцийн 4 нэгжтэй баталсан байх ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг жагсаалтын дэс түшмэлийн ангилалд “Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал” хэсгийн удирдах, гүйцэтгэх албан тушаалын жагсаалтад “Албаны дарга” гэсэн албан тушаал байхгүй. Тиймээс Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан төрийн захиргааны албан тушаалын жагсаалтад “Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дотоод бүтцийн нэгжийн дарга”-ын албан тушаалыг дэс түшмэлийн ТЗ-7 зэрэглэлд хамааруулсан гэж тус тус маргаж байна.

6. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 03/1656 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичигт “... тус аймгийн Мал эмнэлгийн газрын албаны даргын ангилал, зэрэглэлтэй холбоотой асуудлаар ирүүлсэн санал хүсэлтийг судлаж үзээд ...танай аймаг Мал эмнэлгийн газрын бүтэц орон тоог батлахдаа “албаны дарга”-ын албан тушаалыг “дэс түшмэл”-ийн “гүйцэтгэх” албан тушаалын ангилал, зэрэглэлд хамааруулж тогтоожээ. Иймд төрийн захиргааны “удирдах албан тушаал”-ын дэс түшмэлийн албан тушаалын тодорхойлолт, нэр дэвшүүлсэн албан тушаалын ангилал зэрэглэлд хамааруулах нь зүйтэй байна” гэжээ. /хх-ийн18-р хуудас/

7. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад Төрийн жинхэнэ албаны бүтцийн нэгжийн удирдах албан тушаалын тусгай шалгалтын дүнгийн хуудсанд Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга гээд тус албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТЗ-6 гэж тэмдэглэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь ТЗ-6 зэрэглэлийн албан тушаалд шалгалт өгч 73,4 оноогоор тэнцсэн байна. /хх-ийн 10-р хуудас/

8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/97 дугаар “Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, сум дүүргийн мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоо, төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын 11 дүгээр хавсралтаар бүтцийн нэгжийг Захиргаа, санхүүгийн хэлтэс болгож, тус хэлтсийн даргыг “дэс түшмэл”-ийн ангилалтай, ТЗ-6 зэрэглэлтэйгээр баталсан байх бөгөөд Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/25 дугаар “Мал эмнэлгийн газрын бүтэц, зарим албан тушаалын ангилал зэрэглэл, цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалын ангилал зэрэглэл нь ТЗ-6 буюу үндсэн цалин 1,693,000 болгож баталсан байна. /хх-ийн 58-59-р хуудас/

9. Хариуцагч Мал эмнэлгийн газрын дарга Ч.Отгонсүрэн нь  хэдийгээр Засгийн газрын газрын 2022 оны 487 дугаар тогтоолын хавсралтад Дэс түшмэлийн ангилалд “Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал” хэсгийн удирдах, гүйцэтгэх албан тушаалын жагсаалтад “Албаны дарга” гэсэн албан тушаал байхгүй гэж маргаж байгаа хэдий ч Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/871 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичигт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолд нийцүүлж ажиллахыг хүссэн байна.

Тодруулбал, Албаны даргын албан тушаалын тодорхойлолтын ангилал, зэрэглэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт” батлах тухай Засгийн газрын 275 дугаар тогтоолын “Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал”-ын “Удирдах” хэсгийн “аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга” буюу “Дэс” түшмэлийн ТЗ-7 ангилал зэрэглэлд хамааруулан тогтоож, албан тушаалын тодорхойлолтыг энэ шийдвэрт нийцүүлэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 87 дугаар тогтоолоор батлах зөвшөөрөл олгосон байна.

Харин Засгийн газрын 2022 оны “төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 487 дугаар тогтоолоор дээрх Засгийн газрын 275 дугаар тогтоолыг хүчингүй болгож, албан тушаалын жагсаалтын “Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал”-ын “Удирдах” хэсгийн “Дэс түшмэл” ТЗ-6 ангилал зэрэглэлийн 5-д “Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын хэлтсийн дарга” гэж заасан байна. Мал эмнэлгийн газрын бүтцийг хоёр албатай байхаар баталсан нь Засгийн газраас шинэчлэн батлагдсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад байхгүй “алба” гэсэн нэгжтэй байхаар баталсан шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. ...Иймд Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолд нийцүүлэн цалинжуулж ажил гэсэн утгатай зөвлөмжийг ирүүлсэн нь Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалыг Дэс түшмэлийн ТЗ-6 ангилал, зэрэглэлд хамааруулах нь зүйтэй гэсэн утгыг илэрхийлж байна гэж үзлээ. /хх-109-110 хуудас/

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлд “Цалин хөлс тогтоох зарчим”, 102.1-д “Цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчим баримтална” гээд 102.1.1-д “ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх;” гэж заасан бөгөөд Захиргаа санхүүгийн албаны дарга нь албан тушаалын ангилал зэрэглэлээр ТЗ-7 буюу үндсэн цалин 1452000 төгрөг байхад түүний удирдлагад ажиллаж байгаа нягтлан бодогчийн үндсэн цалин нь 1471000 төгрөг, мөн тус эмнэлгийн улсын байцаагч нар нь ТЗ-7 буюу үндсэн цалин нь 1452000 төгрөг байгаа нь дээрх зарчимтай нийцэхгүй гэж үзэхээр байна.

11. Иймд Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, 57.2.2-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, ...нэмэгдэл хөлснөөс” тус тус бүрдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчид анх томилогдсон 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх албан тушаалын ангилал зэрэглэлийг ТЗ-6 байхаар тооцож, үндсэн цалин, бусад нэмэгдлүүдийн зөрүүг олгохыг  хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “ . . . нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ын Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэгийн газрын дарга Ч.О-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, цалингийн шатлалыг буруу тогтоож байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, урамшуулал, нэмэгдэл, ээлжийн амралтын цалин зэргийн зөрүүг нэмж олгохыг Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэгийн газрын дарга Ч.О-д даалгасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэгийн газрын даргын Ч.О-с  70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар  зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗУЛ