Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00739

 

 

 

 

 

 

 

 

 

П- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/00569 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П- ХХК-ийн хариуцагч А- ХХК-д холбогдуулан гаргасан нийт 39 227 465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмид-Очир, түүний өмгөөлөгч Ц.Б-э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П- ХХК нь А- ХХК-тай 2016 оны 5 сарын 12-ны өдөр 16/08 тоот оффисын түрээсийн гэрээ, 2016 оны 7 сарын 04-ний өдөр 16/23 дугаартай оффисын түрээсийн гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээгээр А- ХХК нь Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруугийн гудамж, П- цогцолбор, 8 давхрын 810 тоот 60 м.кв, 811 тоот 80 м.кв, 812 тоот 110 м.кв оффисын өрөөг түрээслэн, түрээсийн төлбөрийг сар бүр хуваарийн дагуу төлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч А- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй төлбөрийг хоцроож байсан ба 2018 оны 3 сарын 30-ны өдөр түрээсийн өрөөнүүдийг лацдаж битүүмжилсэн. 2018 оны 3 сарын 30-ны өдөр хүртэлх бартерын тооцооны өр төлбөрийн үлдэгдэл 10 297 468 төгрөг, түрээсийн өр төлбөрийн үлдэгдэл 17 129 997 төгрөг, 2018 оны 3 сарын 30-наас 2019 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх А- ХХК-ийн тавилга хэрэгслийг 40 м.кв талбайтай түрээсийн өрөөнд хураан агуулсны төлбөр 16 000 000 төгрөг, нийт 43 427 465 төгрөг болсон бөгөөд үүнээс барьцаа төлбөр 4 200 000 төгрөг хасагдаж, үлдэгдэл 39 227 465 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч А- ХХК-иас 39 227 465 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч П- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 100 төгрөгийн 354 087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А- ХХК-иас 354 087 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмид-Очир нь өөрийн мэйл хаягаас 2021 оны 3 сарын 15-ны өдрийн 10:47-д шүүхийн цахим хаяг руу шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг явуулсан. Цар тахлын улмаас шүүх хуралдаан хойшлуулах, өмгөөлөгч авсан хүсэлтээ цахим шуудангаар явуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс өмгөөлөгч Ц.Б-ийг авсан бөгөөд энэ тухайгаа дээрх хүсэлтээр хүргүүлсэн болно. Өмгөөлөгч Ц.Б-э нь тухайн өдөр Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантай байсан учир өмгөөлөгчөөр оролцох болсон тухайгаа шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалтад заасан түрээсийн гэрээний харилцаа байх боловч түрээсийн гэрээнүүд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч П- ХХК нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан нийт 39 227 465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 16/08 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч П- ХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруугийн гудамж, П- цогцолборын 60 м.кв /810 тоот/, 80 м.кв /811 тоот/, талбайг оффисийн зориулалтаар, 1 сарын 4 200 000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, хариуцагч А- ХХК нь түрээсийн төлбөрийг тухайн сарын эхний 5 хоногт багтаан төлөх, /хх-ийн 3-5-р тал/

 

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 110 м.кв /812 тоот/ талбайг, 1 сарын 3 300 000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, хариуцагч А- ХХК нь түрээсийн төлбөрийг сарын эцэст тооцоо нийлж баталгаажуулсан актын дагуу төлөхөөр тус тус тохиролцож, хариуцагч А- ХХК нь тодорхой хугацаанд түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулсан болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-8-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч А- ХХК нь түрээсийн гэрээний үүргээс 17 129 997 төгрөг дутуу төлсөн, мөн талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч компаниар хоолны цэс хийлгэхээр тохиролцсоны үлдэгдэл төлбөрт 10 297 468 төгрөг, мөн хариуцагч нь түрээсийн талбайг хүлээлгэн өгөлгүй тавилга хэрэгслээ орхиж явсан тул 2018 оны 3 сарын 30-наас 2019 оны 11 сарын 30 хүртэлх хугацаанд өөрийн өмчлөлийн 40 м.кв талбайд хураасан, иймд 1 м.кв-ыг 20 000 төгрөгөөр тооцож, 20 сарын төлбөрт 16 000 000 төгрөг, нийт 43 427 465 төгрөг болсон, үүнээс барьцааны 4 200 000 төгрөгийг хасаж, 39 227 465 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлжээ.

 

Хариуцагч А- ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх учиртай.

 

Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 17 129 997 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч А- ХХК нь түрээсийн зүйлийг оффиссийн зориулалтаар түрээслэхээр тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагджээ. Гэвч талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Хэдийгээр талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч А- ХХК нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр, үнэ төлбөргүй ашиглах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгч П- ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийн хэмжээгээр олох байсан орлогоо шаардах эрхтэй.

 

Талууд 2017 оны 3 сарын 27-ны өдөр 14 959 997.42 төгрөгийн түрээсийн өр төлбөрийг баталгаажуулж тооцоо нийлсэн байх бөгөөд хариуцагч А- ХХК нь 2017 оны 6 сарын 07-ны өдөр 40 145 098 төгрөгийн түрээсийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай албан бичгийг нэхэмжлэгч П- ХХК-д хүргүүлсэн байна. /хх-ийн 10, 16-р тал/. Иймд хэрэгт авагдсан баримтыг харьцуулан дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч А- ХХК-иас 17 129 997 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч П- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Бартерийн тооцооны үлдэгдэл төлбөр гэх 10 297 468 төгрөг гаргуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, мөн хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой.

 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ талууд түрээсийн гэрээнээс гадна ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, манай компани нь хариуцагч компаниар хоолны цэс хийлгэхээр тохиролцсон, уг ажлын үлдэгдэл төлбөрт 10 297 468 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлсон байх бөгөөд зохигчид 2017 оны 3 сарын 27-ны өдөр тооцоо нийлж, 21 349 710 төгрөгийн тооцооны өр төлбөрийг баталгаажуулж, харилцан гарын үсгээ зуржээ. /хх-ийн 9-р тал/

 

Дээрхээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан. Талууд дээрх тооцоог 21 349 710 төгрөгийн хэмжээнд баталгаажуулсан хэдий ч нэхэмжлэгч П- ХХК нь хариуцагч А- ХХК-иас 10 297 468 төгрөг нэхэмжилсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангаж, хариуцагч А- ХХК-иас 10 297 468 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П- ХХК-д олгох нь зүйтэй.

 

Харин тавилга хэрэгсэл хураан агуулсны төлбөрт 16 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П- ХХК буюу хөрөнгө шилжүүлсэн /ашиглуулсан/ этгээд нь тухайн хөрөнгөөс олсон орлого, үр шимийг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэгч нь уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П- ХХК нь өөрийн өмчлөлийн 40 м.кв талбайд хариуцагч А- ХХК-ийн тавилга хэрэгслийг хураан агуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Иймд тавилга хэрэгсэл хураан агуулсны төлбөрт 16 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хариуцагч талын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн аваагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэжээ.

 

Гэвч анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулсан байх бөгөөд өмгөөлөгч авах эрхээр нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх-ийн 29, 38-р тал/. Улмаар шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн болох нь тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогджээ. /хх-ийн 39-р тал/ Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хариуцагч талын эзгүйд үргэлжлүүлсэн шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А- ХХК-иас 23 227 465 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/00569 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А- ХХК-иас 23 227 465 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А- ХХК-иас 274 087 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П- ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 088 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ