Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/1201

 

   2023           12           14                                         2023/ДШМ/1201

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч Б.Б-У, түүний өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Билгүүн, Н.Мандах

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/997 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох 2209 02376 0107 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн Б-н Б, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ....р төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ха-н д-н к-д мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .............. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн нутагт иргэн Б.Б-У-д “ОХУ-ын банкнаас их хэмжээний мөнгө зээлээд Хятад улсаас их хэмжээний арматурын төмөр оруулж ирж байгаа гэхдээ Хятадын хил дээр манай арматурын төмөр ачсан вагон гацаад байна, мөнгө зээлдүүлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 60.000.000 төгрөгийг дансаар, 2022 оны  4 дүгээр сарын 19-ний өдөр 74.000.000 төгрөгийг бэлнээр тус тус авч, нийт 134.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6  сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 67.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-У-д олгож, шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Мандах нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд дурдсанаар “иргэн Б.Б-У-с цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хохирогч Б.Б-У-н мэдүүлэг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0029 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0289 дугаартай зээлийн гэрээний хуулбар, Б.Б-У-н Хаан банкны ......... дугаартай данснаас 60.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, гэрч Э.Л-н мэдүүлэг, түүний дансны хуулга, гэрч Б.Б-н мэдүүлэг, Б.Б, Б.Б-ц нарын харилцсан захидлын хуулбар, гэрч Б.Ч, Д.Б нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэх судалж, эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Б-Ц нь Б.Б-тай 10 жилийн сургуулийн найзууд хоорондоо өмнө нь танил, найз нөхдийн харилцаатай байсан, БНХАУ-аас их хэмжээний арматурын төмөр оруулж ирэх гэж байгаа гэж анх уулзсан бөгөөд Б.Б-с мөнгө хэрэгтэй байна гэх тухайн бодит үйл байдал үнэн гэдгийг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.Г, Б.Э нар нь “...Хятад улсаас арматур төмөр оруулж ирэхтэй холбоотой яриа хэлэлцээр хийгдэж байсан, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаас шалтгаалж өнөөдрийг хүртэл төмрийг ачуулж чадаагүй байгаа” гэдгийг мэдүүлсэн төдийгүй хохирогч Б.Б-У-тай холбоо харилцаа тогтоогоогүй байсан ба Б.Б-Ц нь өөрийн төрсөн дүүгээс зээлэх боломжтой гэж хэлсний үндсэн дээр уулзаж 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 60.000.000 төгрөгийг зээлсэн, авсан мөнгөө арматур төмөр авахаар бусдад шилжүүлсэн үйл байдал хангалттай тогтоогдож байхад шүүх бусад холбогдох гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэлгүйгээр зөвхөн төрсөн ах дүү, эхнэр, тухайн байгууллагын ажилтан гэх хөндлөнгийн хараат бус хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлгийг үнэлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн төдийгүй талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэж гэрээний үндсэн дээр 60.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Б.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Б.Б-н хувьд зөвхөн өмнөх зээлсэн 60.000.000 төгрөгийг буцаагаад төлөх үнийн дүн буюу хугацаа хэтэрсний улмаас тухайн мөнгийг хүүгийн хамт төлөх нийт үнийн дүнг 74.000.000 төгрөгөөр тооцож, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан төдийгүй гэрч Б.Ч мэдүүлэхдээ “2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 74.000.000 төгрөг бэлнээр захирал Б.Б-У-д гаргаж өгсөн” гэж мэдүүлж байгаа гэх боловч уг байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, 74.000.000 төгрөг “Ц т н” ХХК-ийн касснаас бэлэн гарсан гэж үзвэл тухайн үед тус компани 150.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлоготой байгаад 143.000.000 төгрөгөөр ам.доллар солиулаад 7.000.000 төгрөг кассанд үлдэгдэлтэй байхад хэрхэн 74.000.000 төгрөг бусдад ямарч санхүүгийн анхан шатны баримтгүйгээр бэлнээр өгсөн гэдэгт үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б нь хохирогч Б.Б-У-тай урьд өмнө харилцаа холбоотой байгаагүй гэх үйл байдал тогтоогдсон атал үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх залилах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлгийнхээ үнэн зөв эсэхийг нотолж чадаагүй буюу 74.000.000 төгрөгийг ямар дэвсгэртээр хэн, хэрхэн Б.Б-д яаж өгсөн эсэх талаарх хэргийн оролцогчийн асуултад хариулж чадаагүй, тухайн мөнгө өгч авалцахад хамт байсан гэх хохирогчийн төрсөн ах Б.БЦ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хамт байгаагүй, бүр дотогш компани уруу ороогүй талаар өмнөх өгсөн мэдүүлгээс илт зөрүүтэй мэдүүлсэн нь Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тухайн 74.000.000 төгрөгийг бодитоор өгч авалцаагүй, авах гэж дотогш компани уруу ороогүй талаар мэдүүлсэн мэдүүлэгтээ тохирч байгаа, тухайн 74.000.000 төгрөг нь “Ц т н” ХХК-ийн мөнгө бол хуулийн этгээдийг хохирогчоор тогтоосон эсэх асуудал яригдах бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт бичигдээгүй, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд нь зөрүүтэй, эргэлзээтэй байгаа, шүүх зөвхөн 60.000.000 төгрөгтэй хамааралтайгаар хэрэгт авагдсан үйл баримтад өрөөсгөл байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

           Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Б.Б нь Б.БЦ-р дамжуулан Б.Б-У-д “ ...Хятад улсаас их хэмжээний арматур төмөр оруулж ирж байгаа гэхдээ хятадын хил дээр манай армартурын төмөр ачсан вагон гацаад байна, яаралтай мөнгө зээлдүүлээч” гэж хуурч мэхлэх замаар түүний итгэлийг төрүүлж, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 134.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар үгүйсгэгдэнэ. Гэрч Б.Э-н “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр армуртур төмөр боломж байсан. ” гэх мэдүүлэг, гэрч О.Г-н “... Уг гэрээгээр 2 сард төмөр орж ирэх боломжтой байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.БЦ-н “... Б.Б нь гаднаас төмөр оруулж ирж зарах гэж байгаа гэхээр нь Б-У-тай уулзуулж 60.000.000 төгрөгийг дансаар, 74.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би мөнгө өгөх үед байгаагүй” гэж тус тус мэдүүлсэн нь хууран мэхэлсэн нөхцөл байдлыг үгүйсгэж байна. Тодруулбал, хохирогч, шүүгдэгч нарын хооронд БНХАУ-аас армартур төмөр Монгол Улсад оруулж ирэх гэж байгаа нөхцөл байдал байсан, энэ нь гэрч Б.Э, О.Г, Б.БЦ нарын мэдүүлгээр тогтоогддог, харин хохирогчийн зүгээс эдийн болон эдийн бус ашиг сонирхолын үүднээс БНХАУ-ын хил дээр гацсан гэх байдлаар урвуугаар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл гэрч Б.Э, О.Г нарын мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзвэл тухайн армартур төмөр Монгол Улсад 2 сард буюу хохирогч Б.Б-У-тай хийсэн зээлийн гэрээний хугацаанд орж ирэх боломжтой байсан гэж үзэж байна. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь анхнаасаа тухайн эд хөрөнгийг өгөхгүй байх санаа зорилго агуулж үйлддэг бол Б.Б-н хувьд гэмт хэргийн санаа зорилго тогтоогддоггүй. Шүүгдэгчийн зүгээс “...Б.Б-У, Б.БЦ нартай өдрийн 1 хувийн хүүтэй зээлийн гэрээ аман тохироогоор хийж, яаралтай мөнгө олж өгсөн тул Б.Б-У-д 20.000.000 төгрөгийн шагнал өгөхөөр тохирсон. Энэ тохироогоо баталгаажуулахын тул 134.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан” гэж мэдүүлдэг. Б.Б-У-тай байгуулсан зээлийн гэрээний хүүг 1 хувиар, 3 сараар тооцвол 54.000.000 төгрөг, үүн дээр түүний шагналыг нэмбэл 26.000.000 төгрөг буюу гэрээ байгуулсны хүү, шагналд аман тохироогоор 74.000.000 төгрөг нэхэмжлэхээр байгаа юм. Хохирогч Б.Б-У, гэрч Б.БЦ нарын зүгээс 74.000.000 төгрөг зээлсэн гэх нөхцөл байдлыг өөр өөр мэдүүлдэг, мөнгө зээлэхэд нь хамт байсан гэх гэрч Б.БЦ мэдүүлгээсээ буцсан, компанийн кассанд тухайн мөнгө байсан, бэлэн мөнгөөр доллар сольдог байсан гэж мэдүүлсэн хэдий ч тайланд тусгагдсан бэлэн мөнгөний кассын тайлан, доллар шилжүүлсэн баримтаар 74.000.000 төгрөгийг зээлэх үед 8.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байсан зэргээс 74.000.000 төгрөгийг бэлнээр зээлсэн гэх хохирогч Б.Б-У, гэрч Б.БЦ, Б.Ч нарын мэдүүлгийн эх сурвалж үгүйсгэгдэнэ. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/997 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Б-У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анх шүүгдэгч Б.Б надад “Нэг сарын хугацаатай мөнгө зээлээч” гэхээр нь би мөнгө зээлсэн. Бид зөвхөн зээлийн гэрээ байгуулсан. Шүүгдэгч Б.Б-н дээрх мэдүүлсэн зүйлийг бид хоорондоо огт яриагүй. Тухайн үед кассад бэлэн байсан мөнгийг би компанийнхаа данснаас гаргаж ирсэн. Манай байгууллагын дансны хуулганы баримтаар 74.000.000 төгрөг нотлогдоно. ...” гэв.

Хохирогч Б.Б-У-н өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Б-У нарын хоорондын харилцсан зурвас зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Б нь удаа дараа миний үйлчлүүлэгчид худал хэлж, түүнийг төөрөгдөлд оруулж хохироосон болох нь харагддаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “гэрчүүд худал мэдүүлэг өгсөн” гэдэг. Гэтэл гэрч нарт худал мэдүүлэг өгөх ямар ч шаардлага байхгүй. Мөн тухайн үед Б.БЦ-г цуг байсан эсэх талаар маргадаг. Анхан шатны шүүх кассын үлдэгдэлд 74.000.000 төгрөг байсан эсэхэд дүгнэлт хийсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 60.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь нотлогдсон. Харин 74.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг. Үүнтэй холбогдуулан хохирогч байгууллагынхаа дансны хуулганы баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээнд бэлнээр өгсөн гэж шүүгдэгч Б.Б болон хохирогч Б.Б-У нар гарын үсэг зурсан байдаг. Уг гэрээг баталсан нотариатчаас гэрчийн мэдүүлэг авахад “Талуудад тухайн мөнгийг бэлнээр өгч, авсан бол гарын үсгээ зурцгаа гэж тайлбарласан. Бэлнээр мөнгө шилжүүлэхийг нь би шаардах эрхгүй” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Н.Мандах, Б.Билгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн нутагт иргэн Б.Б-У-д “ОХУ-ын банкнаас их хэмжээний мөнгө зээлээд Хятад улсаас их хэмжээний арматурын төмөр оруулж ирж байгаа гэхдээ Хятадын хил дээр манай арматурын төмөр ачсан вагон гацаад байна, мөнгө зээлдүүлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 60.000.000 төгрөгийг дансаар, 2022 оны  4 дүгээр сарын 19-ний өдөр 74.000.000 төгрөгийг бэлнээр тус тус авч, нийт 134.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-У-н “... Миний бие хувиараа барилгын компани ажиллуулдаг ба миний төрсөн ахын 10-н жилийн ангиас танилцаж найзалж байсан Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын эхээр ирж уулзаад “ОХУ-ны банкнаас их хэмжээний мөнгө зээлээд Хятад улсаас их хэмжээний арматурын төмөр оруулж ирж байгаа гэхдээ хятадын хил дээр манай арматурын төмөр ачсан вагон гацсан” гэж хэлээд нэг хятад бичигтэй цаас үзүүлсэн. Ингээд надаас 1 сарын хугацаатай 60.000.000 төгрөгийг эхнэр болох Э.Л-н дансаар шилжүүлж авсан, үүний дараа мөнгөө авах талаар тодруулахад удахгүй гэж хэлж байсан. Тэгээд энэ оны 04 дүгээр сард ирээд “дахиад мөнгө хэрэгтэй байна” гээд “74.000.000 төгрөг өгчих, ингэхгүй бол өмнө мөнгийг чинь хүртэл өгч чадахгүй байна” гэсэн. Тэгээд итгээд мөн дээрх мөнгийг өгсөн. ...” /1 хх 16-17, 19-20/,

гэрч Э.Л-н “...Б-У гэх хүнийг бол танихгүй, уулзаж байгаагүй. ... Мөнгөний учрыг бол мэдээгүй манай нөхөр Б.Б хөрөнгө оруулалттай холбоотой мөнгө гэсэн тэгээд тэр өдөртөө банк ороод бэлнээр авсан. Тэрний дараа “Цэцэг” төвийн ойролцоо Худалдаа хөгжил билүү Голомт банкны салбарт бэлнээр авчирч 2 хувааж хувь хүний дансанд хийсэн. ...” /1 хх 45-46/,

гэрч Б.БЦ-н “...Энэ оны 01 дүгээр сард манай 10-н жилийн ангийн хүүхэд болох Б.Б манай ажил дээр ирээд Хятадаас арматур оруулж ирж байгаа эхний ээлжинд 60.000.000 төгрөг хэрэгтэй байна, хил дээр ирсэн байгаа гэсэн би бол боломжгүй гэдгээ хэлсэн Б.Б өөрийн орон сууцыг барьцаалах гэхээр орон сууцны гэрчилгээг гээсэн гэсэн. Тэгээд 1 сарын хугацаатай зээлье гэсэн тэгэхээр нь би өөрийн дүү болох Б.Б-У-тай уулзуулсан. Тэгээд нотариат орж гэрээ хийж, Б.Б эхнэр Э.Л-н дансаар шилжүүлж авсан. Үүний дараа 04 дүгээр сард “нөгөө арматур төмөр нь хил дээр ирсэн одоо яаралтай мөнгө хэрэг болоод байна” гээд нэмээд 74.000.000 бэлнээр манай ажил дээр ирээд авсан. Дээрх мөнгийг бэлнээр авахад би хажууд нь байсан. ...” /1 хх 49-50/,

гэрч Б.Ч-н “...Компанийн захирал Б.Б-У нь манай нөхөр бөгөөд “Ц т н” ХХК-ийн захирлаар 2014 онд томилогдсон. Бүртгэлээр харахад бол зассанаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 74.000.000 төгрөг бэлнээр захирал Б.Б-У-д гаргаж өгсөн байсан. Манай компанийн кассанд тухайн үед 170.000.000 төгрөг бэлнээр байсан...” /1 хх 111-112/,

гэрч Д.Б-н “...Зээлийн мөнгийг бэлнээр хүлээлцсэн гэж хэлсний дагуу гэрээнд тусгасан. ...” /1 хх 114/ гэсэн мэдүүлгүүд,

Зээлийн гэрээний хуулбарууд /1 хх 36-38/, Б.Б-У-н Хаан банкны дансны хуулбар /1 хх 39/, Б.БЦ, Б.Б-У нарын харилцан талаарх баримт /1 хх 52-109/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Б.Б-н гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-н бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Мандах нараас “... Б.Б-н үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүнээс “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын тул зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн болгож авах шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлдлээр илэрдэг.  

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Б нь Б.Б-У-с урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хятад улсаас арматур төмрийг худалдан авч вагонд ачуулан хилээр орж ирэхэд бэлэн болсон мэтээр үнэн бодит мэдээллийг нуун, хохирогчийг хуурч төөрөгдөлд оруулан түүний эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/997 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР