Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 316/ШШ2025/00293

 

 

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 316/ШШ2025/00293

Сэлэнгэ аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Ц****** ХХК-ийн нэхэмжлэлтэй 24,385,987 төгрөг гаргуулах-ыг хүссэн хариуцагч Г.*******, Ч.******* нарт холбогдох иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Г.******* нь 2024 оны 07 дугаар сарын 28-нд эхнэр Ч.*******ын хамт манай гэрт хүрэлцэн ирж шатахуун зээлээр авах тухай гуйж ирсэн. Миний бие шатахуун зээлээр өгөхөд хүндрэлтэй боломжгүй учир байдлаа ойлгуулж хэлсэн боловч гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн. Ингээд 1 сарын хугацаатай зээлээр шатахуун авч тохиролцсон хугацаанд эргэн төлөх тухай ам өгч 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн авснаар 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэхэд шатахууны мөнгөн дүн 24,107,500 төгрөг болсон. Энэ талаар удаа дараа, хэлж утсаар залгаж мөн чат бичиж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн тооцоо мөнгө хийгээгүй болно. Эцэс сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Гэрт нь очиж 2-3 удаа уулзахад төлнөө л гэдэг боловч худлаа хэлсээр өнөөдрийг хүрч байна. Иймд иргэн Г.*******гээс шатахууны мөнгө болон улсын тэмдэгтийн хураамж 278,487 төгрөг, нийт 24,385,987 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* нь нэхэмжлэлийн дагуу Г.*******, Ч.******* нараас 14,385,987 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл төлж барагдуулах талаар харилцан тохирч байна. 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 7,192,993 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 7,192,993 төгрөгийг тус тус талж дуусгах баталгааг гаргав. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчдын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

"Ц*****" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Г.*******, Ч.******* нарт холбогдох 24,385,987 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******, Ч.******* нар 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 14,385,987 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр талууд эвлэрлийн гэрээ тохиролцов.

Үүнд: 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 7,192,993 төгрөг

2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 7,192,993 төгрөгийг төлж барагдуулахаар хоёр тал харилцан тохиролцож байна. Энэхүү эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц****** ХХК нь хариуцагч Г.*******, Ч.******* нараас 24,385,987 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Зохигчид 14,385,987 төгрөгийн хэмжээнд зохигч нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, хариуцагч Г.*******, Ч.******* нар нь 14,385,987 төгрөг /арван дөрвөн сая гурван зуун наян таван мянга есөн зуун наян долоон/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,487 төгрөгийн тал хувь болох 139,243 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 139,243 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ