Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: Н.Мөнгөнсүх;

хохирогч: Ц.Батжав, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг;

гэрч: Н.Энхээ, Н.Энхтуул;

шүүгдэгч: Н.Т, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямцэрэнгийн Тт холбогдох эрүүгийн 1709020070381 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбааатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7-232в тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ШД76040710 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямцэрэнгийн Т.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.Т нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжинд хохирогч Ц.Батжавтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: Тухайн өдөр би  ажлаа хийгээд байж байхад Батжав манай гэрт ирж ажил хийе гэсэн. Нэг хартал Батжав ажлын байрнаасаа алга болсон байсан. Манай эхнэр надад Батжавыг “тамхи авах гээд дэлгүүр орохоор явсан” гэж хэлсэн. Би модоо ачих гэж байтал Батжав нэг танихгүй залуутай архи барьсан ирж байхаар нь Батжавт “гэрт битгий ороорой” гэж хэлсэн. Би машинаа холдуулах гээд хөдөлгөөд хартал Батжав манай гэрийн хаалгыг өшиглөөд зогсож байхаар нь би Батжавт “чи одоо гэртээ харьж унт” гэж хэлээд гэртээ орсон. Батжав манай гэрийн хаалгыг дахиж өшиглөөд байхаар нь манай эхнэр гэрээс гарч хохирогчийг” гэртээ харьж унт” гэж хэлэхэд Батжав манай эхнэрийг цохисон. Тэгээд би очоод Батжавыг дараад унагаасан. Би босох гэтэл Батжав намайг боосон. Миний дотор муухайраад байхаар нь Батжавыг 2 удаа цохисон. Тэгээд цагдаа ирж бид хоёр салсан. Батжавын эхнэр манай эхнэрээс 5000 төгрөг аваад явсан байсан. Хэрэг гарснаас 3 цагийн дараа машинтайгаа явж байхад Батжав шонгийн мод налаад зогсож байсан. Тухайн үед хохирогчийн нүүрнээс цус гарсан харагдаж байхаар нь машиндаа суулгаад явах гэтэл манай эхнэр дургүйцээд байсан. Маргааш нь Батжав манай эхнэр рүү залгаад 150.000 төгрөг нэхээд байхаар нь би тус мөнгийг өгчих гэж хэлсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батжав мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр  өглөө өөрийн ажилладаг газар болох “АПУ” ХХК руу явах гэж байтал над руу ажлаас залгаад “өнөөдөр ажил гарахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тын ажилладаг газар очиж ажил хийхээр 09 цаг өнгөрч байхад очсон.  Тухайн үед Т босоогүй байхаар нь эхнэрээс нь 5000 төгрөг авч хажуу талын хүнсний дэлгүүрээс тамхи, мөн даараад байхаар нь жижиг шилтэй архи авч уусан. Тэгээд би ажлаа хийж байтал нэг залуу ирээд яриа өдөж, миний ах “АПУ” ХХК-д ажилладаг талаар хэлсэн. Би тэр залуутай ярьж байгаад тэр залуугийн гэрт хамт очсон. Тэгтэл тэнд олон залуучууд архи ууж байхаар нь удалгүй гараад ажил дээрээ очсон. Би Таас “ажлын хөлсөө авъя” гэж тэдний хашааны хаалгыг өшиглөсөн нь үнэн. Тэгтэл Тын эхнэр гарч ирээд “гуйлгачин минь одоо яв, цагдаа дуудлаа шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тын эхнэрийг түлхтэл хажуу талаас Т гарч ирээд намайг цохиж аваад боосон. Т гартаа байсан чулуугаар үгийн зөрүүгүй намайг цохисон. Би Тыг боож дээр нь гараад цохисон зүйл байхгүй. Цагдаа ирээд намайг “гэмтлийн эмнэлэгт үзүүл” гэж хэлж байсан. Тэгээд би эхнэртэйгээ цуг гэртээ харихаар явсан. Одоо би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлийг миний өмгөөлөгч хэлэх байх гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Энхтуул мэдүүлэхдээ: Би нөхөртэйгээ 8 жил хамт амьдарч байна. Тухайн хэрэг гарах үед намайг дуудсан хүн байхгүй. Би нөхөр дээрээ өөрөө очсон. Намайг очиход Т, эхнэртэйгээ машинтайгаа зогсож байсан. Би яасан талаар Таас асуухад миний нөхрийг архи уусан талаар хэлсэн. Тын эхнэр манай нөхрийг “архи уулаа, одоо гэртээ харь, хашаанаас гар” гэж хэлэхээр нь манай нөхөр “цалингаа авъя” гэж хэлтэл Тын эхнэр “Энхээ цагдаа дуудсан байгаа, одоо ирнэ, танай нөхрийг цагдаад барьж өгч 105.000 төгрөгөөр торгуулна” гэж хэлээд бид хоёрыг дагаад яваад байсан. Тэгэхээр нь манай нөхөр Энхээг “чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд түлхтэл цаанаас Т гартаа чулуу атгаж ирээд манай нөхрийг цохисон. Т манай нөхрийн дээр гарч суугаад цохиж байсан. Би тухайн үед Тыг манай нөхрийг цохихоос өмнө “битгий цохиорой” гэж хэлж байсан. Би нөхөртэйгээ такси бариад явах гэтэл такси зогсохгүй байсан болохоор алхаад гэртээ харьсан. Бид нар учир зүйгээ олох гэсэн боловч Энхээ “заавал шүүх дээр уулзана” гээд байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Энхээ мэдүүлэхдээ: Манай нөхөр Т хохирогчийг цохисон зүйл байхгүй. Батжав намайг цохихоор ирэхэд Т дараад хэвтсэн. Батжав манай нөхрийг зүүж байсан гинжээр нь боосон. Батжав өөрөө агсам согтуу тавиад манай хашааны хаалгыг цохиж нүдээд байхаар нь Батжавын эхнэр рүү утсаар залгаад “нөхрөө ирж ав” гэж хэлсэн. Тухайн үед Батжавын эхнэрт таксины мөнгө гэж 5000 төгрөг өгсөн. Маргааш нь шүүгдэгч өөрөө над руу утсаар залгаад “нүүрний оёдол тавиулах гэсэн юм 150.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь Батжавын эхнэрийн данс руу тус мөнгийг шилжүүлсэн гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Батжав /хх-ийн 12-16/,       гэрч Н.Энхтуул /хх-ийн 24-25/,гэрч Н.Энхээ /хх-ийн 21-22/, гэрч Н.Мөнх-Од /хх-ийн 27/, гэрч Н.Урнаа /хх-ийн 31/, гэрч Т.Энхбаатар /хх-ийн 28-29/, гэрч П.Энхтайван /хх-ийн33-34/ нарын мэдүүлэг, хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7/, Н.Тын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-19, 57-60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12695, 12719, 12720, 6282 тоот дүгнэлтүүд /хх-ийн 36, 42, 46, 50-51/, ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 75/, шинээр хохирогч талаас гаргаж өгсөн толгойн КТГ-ийн төлбөр 120.000 төгрөгийн баримт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, КТГ-ийн шинжилгээ, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмнэлгийн магадлагаа зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хэргийн талаар дараах үйл баримтыг тогтоов.

 

 Ц.Батжав нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр түлээний мод шуудайлах (савлах) ажил хийхээр өөрийн баз Н.Тын Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжны 232В тоот гэрт нь очжээ. Ц.Батжав ажил хийх явцдаа бусадтай нийлж архи уусан, Н.Т, Н.Энхээ нар Ц.Батжавыг ажил хийхдээ архи уусан хэмээн дургүйцэж түүнийг ажиллуулахаас татгалзсан байна. Үүнээс болж Ц.Батжав “ажлын хөлсөө авна” хэмээн Н.Т, Н.Энхээ нартай маргаан үүсгэсэн. Улмаар Н.Энхээ “нөхөр чинь агсам тавиад байна, нөхрийгөө ирж ав” хэмээн өөрийн төрсөн дүү Н.Энхтуулыг дуудсан бөгөөд Н.Энхтуул ирж нөхөр Ц.Батжавыг гэр рүүгээ авч явахаар болжээ. Ц.Батжав эхнэрийн хамт гэртээ харихаар явах замдаа буюу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжинд “хэл үгээр доромжилсон” хэмээн буруутган Н.Энхээг цохисон байна. Энэ байдлыг харсан Н.Т нь өөрийн эхнэр Н.Энхээг зодлоо хэмээн Ц.Батжавыг буруутган зодсоны улмаас тэрээр хөнгөн гэмтсэн байна.

 

Шүүх дээрх үйл баримтад тулгуурласны үндсэнд шүүгдэгч Н.Т нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжинд “эхнэрийг зодлоо” хэмээн Ц.Батжавыг буруутган зодож түүнийг санаатайгаар хөнгөн гэмтээсэн гэж дүгнэв. Энэ нь дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

 хохирогч Ц.Батжавын /хх-ийн 12-16/: “... Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “32-н тойрогт” түлээний мод бэлтгэж зардаг Т гэх залуугийнд ажиллахаар очсон…Тын эхнэрээс “тамхи авах гэсэн юм, орой ажлынхаа хөлснөөс буцаагаад өгнө” гээд 5000 төгрөг авсан…3000 төгрөгөөр 200 граммын “Арвай” нэртэй архи авсан. Авсан архиа ганцаараа гудамжинд уусан…14 цагийн орчим үл таних залуу ирээд модны үнэ асуусан бөгөөд тэр залуутай уулзаж байхад “ганц юм уух уу?” гэж асуусан…Тэр залуугийнд очиж 50 төгрөгийн аяганы талаар 2 удаа архи уусан…Буцаад Тын хашаанд ажилаа хийхээр орсон…Т “чи ажлын байранд архи уусан байна, гэртээ харь” гэж хэлсэн. Эхнэр Энхтуул ирчихсэн байсан тул харих гээд явж байтал Тын эхнэр Энхээ миний араас дуудаад “гуйлгачин минь яахаараа архи уудаг юм, чамайг цагдаад барьж өгнө” гэх зэргээр хэл амаар доромжилсон. Энхээ нь хэл амаар доромжлоод байхаар нь би Энхээг түлхсэн. Гэтэл Т “чи миний эхнэрийг зодлоо” гээд чулуу аваад гүйж ирээд миний нүүр рүү цохисон…Намайг газар уначихсан байхад Т дээрээс цохиод байсан ...” гэх мэдүүлгээр,

 

              гэрч Н.Энхтуулын /хх-ийн 24-25/: “...Би нөхөр Батжавыг аваад Тын хашаанаас хойшоо 30 метр орчим явж байхад Энхээ “цагдаад барьж өгнө” гээд араас дагаад байсан. Энхээ Батжавыг “цагдаад өгнө, гэр рүүгээ Хайлааст явбал гэрт нь очиж барьж өгнө” гэхэд манай нөхөр Батжав уурлахад Энхээ газраас чулуу аваад Батжав руу шидсэн. Батжав уурлаад Энхээг түлхэхэд Энхээ ухарсан юм…Т хашааны үүдэнд зогсож байснаа гүйгээд ирсэн. Т гүйж ирэхдээ чулуу бариад ирж байсан бөгөөд би Тт хандаж “битгий цохиорой” гэж хэлэхэд Т миний толгой дээгүүр давуулаад Батжавын нүүр хэсэг рүү чулуугаар цохьсон. Эргээд харахад Батжавын хөмсөгнөөс цус гарч байсан. Тэгээд Батжав газар унасан юм…Т Батжавын дээр нь гарчихсан байж байсан. Батжав Тамираагийн цамцнаас татаад босох гээд байхад Т Батжавын дээрээс нүүр рүү нь цохиод байсан… гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Энхээгийн /хх-ийн 21-22/: “... Батжав нилээн архи уусан байдалтай манай хашааны гадаа хаалга өшиглөөд “Тамираа пизда минь, гөлөг минь гараад ир, Тамираа гичий минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан...Би эхнэр Энхтуултай нь хашаанаас холдуулах гээд 30 метр орчим явсан чинь баруун хөлөөрөө миний бөөр хэсэг рүү өшиглөсөн, дахиад миний хөл хэсэг рүү өшиглөсөн... Тэр үед манай нөхөр Тамираа гүйж ирээд Батжавыг дараад хэвтсэн... Батжав манай нөхөр Тыг боосон…Манай нөхөр Т Батжавыг цохиод тавиулсан. Батжавын нүүр хэсэг рүү нь манай нөхөр Т баруун гараараа нэг удаа цохиод тавиулсан... Батжавын нүдний орчимоос цус гарч байсан… “ гэх мэдүүлгээр,

 

              гэрч Н.Мөнх-Одын /хх-ийн 27/: “...Намайг очих үед Т Батжавын дээрээс дараад хэвтэж байсан...Батжавын хөмсөг дух орчимоос нь цус гарч байсан...” гэх мэдүүлгээр,

                 

           гэрч Н.Урнаагийн /хх-ийн 31/: “...Т хаашаанаас гарч ирээд бид 2 юм яриад зогсож байтал Батжав Тын эхнэр Энхээг цохиод, өшиглөсөн. Т “яасан даварсан юм бэ” гээд гүйгээд очсон. Би бас араас нь очсон. Т Батжавыг араас нь татаад хоёулаа  газар унасан. Т Батжавыг 2 удаа нүүр орчимд нь цохисон...Батжавыг босоход дух орчимоос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Н.Тын буруутай үйлдлийн улмаас Ц.Батжавын биед “зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөрөнд зулгаралт, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12695 тоот дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэлээр тогтоогдож байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар буюу “эхнэрийг маань зодлоо” хэмээн хохирогчийг буруутган зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан Н.Тын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “…аргагүй хамгаалалтын үед буюу өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг (Н.Тын хоолойг боосон тул) үйлдэл хийж хохирогчийн биед гэмтэл учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн боловч шүүх Н.Тын “манай эхнэрийг зодсон” хэмээн бусдыг зодож хөнгөн гэмтээсэн үйлдэлд дараах байдлаар дүгнэлт хийж няцаалт өгсөн болно.

Аргагүй хамгаалалт нь өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг нэгэнт эхэлсэн, үргэлжилж байгаа, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон, төгсөөгүй халдлагын эсрэг хийгдсэн байх явдал юм.

 

Хэргийн нөхцөл байдлаас харахад Н.Энхээ, Н.Т нарын биед Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй боловч тэдний биед гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдсон.

Н.Т “Ц.Батжав миний хоолойг боосон учир аргагагүйн эрхэнд түүний нүүр рүү цохиж боолтыг тавиулсан” хэмээн тайлбарлаж байх боловч тэрээр  хэрэгт өгсөн болон шүүх хуралдаанд “”би Н.Батжавын араас хавсарч унагасан”, “хоёр гараас нь барьж аваад газарт дараад хэвтсэн”, “Н.Батжав манай эхнэртэй маргалдаж, хэрэлдсэн байдалтай байхад нь урдаас нь түлхэж унагасан”” гэж, гэрч Н.Энхээ “манай нөхөр гүйж ирээд Н.Батжавыг дараад хэвтсэн” гэж, гэрч Н.Урнаа “…Т Батжавыг араас нь татаад хоёулаа газар унасан” гэх зэргээр хохирогчийг хэрхэн ямар шалтгааны улмаас газарт унасныг олон янзаар тайлбарлаж мэдүүлсэн нь шүүхэд эргэлзээ төрүүлж байна.

Харин хохирогч Н.Батжав болон гэрч Н.Энхтуул нар “Н.Т чулуу атгаж ирээд Ц.Батжавыг цохисны улмаас тэрээр газарт унасан” талаар анхнаасаа тогтвортойгоор мэдүүлцгээжээ. Ийм учраас хохирогч, гэрч Н.Энхтуул нарын мэдүүлгийг дээр дурьдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээс илүү бодитой гэж шүүх дүгнэв.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Ц.Батжавын довтолгоо төгссөн хойно (Н.Энхээтэй хэрэлдэж, маргалдсан байдалтай зогсож байсан) Н.Т түүнийг зодох үйлдлээ хэрэгжүүлж эхэлсэн, хохирогчийг цохиж унагасны дараа дээр нь гарч тэмцэлдсэн (Ц.Батжав зодуулсны эцэст Н.Тыг боосон) Н.Тын үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Иймээс шүүгдэгч Н.Тын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Ц.Батжавын согтуурхаж агсам тавих, шүүгдэгчийн эхнэрийн эрх чөлөөнд халдсан зэрэг хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан гэж шүүх үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүх Н.Тын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Батжав шүүх хуралдаанд “өмгөөлөгчид төлсөн зардал 500.000 төгрөг, толгойн КТГ-д үзүүлсэн 120.000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэх зардлыг шүүгдэгчээс нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч Н.Т хохирогчид учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрт нийт 150.000 төгрөгийг төлсөн байх тул хохирогчийн “толгойн КТГ-д үзүүлсэн 120.000 төгрөгийн” төлбөр төлөгдсөн гэж дүгнэв.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх байдлаар хохирогчийн 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, “толгойн КТГ-д үзүүлсэн 120.000 төгрөгийн” төлбөр төлөгдсөн гэж үзсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн (биед учирсан хөнгөн гэмтэлтэй холбогдон цаашид хийлгэх эмчилгээний зардал) нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр” гэж ташаарч бичигдсэн байна. Гэвч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар (хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг) уг гэмт хэрэг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдсон тул шүүх хуралдаанаар уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж зөвтгөн залруулсан болохыг тэмдэглэж байна. Ингэж зөвтгөн залруулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй болно.

 

Хэрэгт нотлох баримтаар тооцогдоогүй (Шинжээчийн дүгнэлтээр “эвлүүлэг” гэдэг нь тогтоогдсон) CиДи 1 ширхэг хавсаргагдан ирсэнийг дурьдаж байна.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямцэрэнгийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ц.Батжавын өмгөөлөгчид төлсөн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.Батжав нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ