Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 113/ШШ2025/0005

 

 

  2025       05            15                                        113/ШШ2025/0005

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.У  (РД:...........),

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн ....................-ай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.У, хариуцагч ............. дарга О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Н................... холбогдуулан ”Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас эхлэн тэтгэврийг нэмэгдүүлж тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн зөрүүг олгохыг Говьсүмбэр аймгийн .................. даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 134/ШШ2021/00078 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 216/МА2021/00010 дугаар магадлалаар тус тус Л.У нь ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын цалин хөлснөөс холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.2. Нэхэмжлэгч Л.У нь 37 жил 8 сар ажиллан 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 7 жилийн дунджаар тооцуулан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байна.

2.3. Л.У нь шүүхийн шийдвэрээр тогтоолгосон хугацаа буюу “2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй явсаар 2024 оны 06 дугаар сард төлөгдсөн. Энэ хугацаа нь миний өндөр настны тэтгэвэр тогтоох хүсэлт гаргасан сүүлийн 7 жилд хамааралтай буй тул өндөр настны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгосон өдрөөс эхлэн нэмэгдүүлэн тооцож, зөрүүг олгож өгнө үү...” хэмээн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт өргөдөл гаргаж, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/14 дугаартай албан бичгийг ирүүлжээ.

 

2.4. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/14 дугаартай албан бичгээр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт “Тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өөрчлөх өргөдөл, холбогдох баримт бичгийг тухайн сарын 15-ны өдрөөс өмнө хүлээж авсан бол мөн сарын 01-ний өдрөөс, тухайн сарын 15-ны өдрөөс хойш хүлээж авсан бол дараа сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар тодорхойлдог бөгөөд таныг 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан болно.

Иймд Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлт ирүүлсэн байгаа тул 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийг өөрчлөн тогтоож тэтгэврийн зөрүүг олгох боломжтой. Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 32.2.6 дахь хэсэгт “ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх” гэж заасан тул таны ажилгүй байсан хугацааны шимтгэл төлөөгүйн улмаас үүссэн хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна" гэжээ.

 

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс..... ажилдаа томилогдоогүй тул Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00078 дугаар шийдвэр болон Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 216/МА2021/00010 дугаар магадлалаар 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны ажлаасаа үндэслэлгүй халагдсаны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгүүлэхээр хянан шийдвэрлүүлсэн болно. Уг шийдвэрийг Говьсүмбэр аймгийн Засаг дарга болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хариуцуулсан...

...одоогоор дээрх шүүхийн магадлалд дурдагдсан цалин олговроо аймгийн Засаг дарга болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газраас нөхөн авсан хэдий ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газраар нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтээ хийлгүүлж чадаагүй 2023 оны 12 сар хүргэсэн.

Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газар тухайн үед нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00078 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-р заалтыг баримтлан 1,165,985 төгрөгийг Нийгмийн даатгалын газрын дансанд 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дутуу төлсөн нь магадлалыг хянан үзээгүйтэй холбоотой. Үүнээс хойш төлөөгүй үлдсэн хэсгийг 2,219,165 төгрөгөөр тооцон 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нийгмийн даатгалын газрын дансанд шилжүүлснээр шүүхийн шийдвэр бүрэн хангагдсан.  Энэ мөчөөс миний нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдсөн мэдээ нийгмийн даатгалын шимтгэлийн системд нь бүртгэгдэхгүй байсаар байсан.

...ингээд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын газарт тэтгэврээ тогтоолгосон цагаас эхлэн тэтгэврээ нэмэгдүүлэн тооцож, зөрүүг олгох утга бүхий өргөдлийг бичиж өгсөн.

өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр аймгийн Ниймгийн даатгалын газарт гаргаж холбогдох баримтуудыг хүргэсэн. Эдгээр баримтуудаас бүрдсэн хувийн хэрэгтээ Говьсүмбэр  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00078 дугаар шийдвэрийн хуулбарыг Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 216/МА2021/00010 дугаар магадлалын хуулбарын хамтаар тухайн үеийн тэтгэврийн байцаагч Ч.Г-д энэ шийдвэр бүрэн хангагдсан цагт тэтгэврээ нэмэгдүүлэх тухай тайлбарлан хавсаргаж байгаа тухайгаа мэдэгдсэн. Гэтэл НДЕГазар нь хариундаа та хүсэлтээ 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн байна. Энэ цагаас нөхөж олгоно гэсэн байна. Хүсэлтийг заавал бичгээр ирүүлнэ гэсэн заалт ямар ч хуулинд байхгүй. Тэгэхээр би амаар хүсэлт илэрхийлсэн өдрөө тэтгэвэр тогтоолгосон өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тооцож буй болно.

Иймд дээрх үндэслэлүүдийг хэлэлцэн Л.У миний өндөр насны тэтгэвэр тогтоолтыг шүүхийн шийдвэр хангагдсаны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нэмэгдэн цалингийн дундажад өөрчлөлт орсноор миний тэтгэврийг тэтгэвэр тогтоолгосон өдрөөс эхлэн нэмэгдүүлж тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн зөрүүг олгохыг Говьсүмбэр аймгийн ................т даалгаж шийдвэрлэж өгнө үү... гэх агуулгаар маргаж байна.

 

2.6. Хариуцагчийн зүгээс ...Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 134/ШШ2021/00078 дугаар шийдвэрийн дагуу 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын цалин хөлснөөс тооцсон шимтгэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нийгмийн даатгалын санд шилжүүлж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нөхөн тайланг ирүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт “Тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол” тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоон олгоно” гэж заасан байдаг тул иргэн Л.У-ийн манай газарт гаргасан өргөдлийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжтой.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар тодорхойлдог бөгөөд 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан учир өмнө онуудын тэтгэврийн зөрүүг нөхөн олгох эрх зүйн зохицуулалтгүй болно.

Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6 дахь заалтад “Ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцан төлөх” гэж заасан тул ажилгүй байсан хугацааны шимтгэл төлөөгүйн улмаас үүссэн хохирлыг ажил олгогч хариуцна, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6 дахь заалтад даатгуулагч учирсан хохирлоо ажил олгогчоор бүрэн төлүүлэх эрхтэй болно... гэх агуулгааар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Л.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоогоос 10 жилийн өмнө 2015 онд Хүүхэд гэр бүлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн. Тэгээд би ажлаас чөлөөлөгдсөн хугацаанаас эхлээд шүүхэд хандаж Захиргааны хэргийн шүүх намайг 2016 онд ажилд эгүүлэн тогтоосон байдаг. Шүүхээр ажилд эгүүлэн тогтоосон цагаас хойш ерөөсөө ажилд авахгүй явсаар байгаад 9 жилийн  дараа буцаж ажилдаа орсон. Шүүхийн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсанаас хойших хугацаанд би ажилгүй байсан хугацааныхаа цалин олговрыг хоёр, хоёр жилээр нэхэмжлээд авсан. Тэр хугацаанд буюу 2021 оны 8 дугаар сард өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн, шүүхийн шийдвэртэй байсан учраас өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ч гэсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байгаа учраас тэрнийг хараад хэзээ төлөх юм бол, хэзээ ажилдаа авах юм бол гээд хоёр хүлээлттэй тэтгэврээ тогтоолгохгүй яваад байсан. Тэгсэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Засгийн газраас өндөр настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээр тогтоол гарсан. Амьдрал дээр тэтгэврийг 15 хувиар нэмдэг тохиолдол цөөн байдаг юм байна. 15 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг чинь маш өндөр тоо байдаг юм байна. Өмнө нь би бүх бичиг баримтаа тэтгэврийн байцаагчаар шалгуулчихсан байсан учраас 01 дүгээр сарын 31-нд би тэтгэвэртээ гаръя гээд материалаа аваачиж өгсөн. Материал аваачиж өгөхдөө 2021 оны 5 дугаар сарын 11-нд гарсан ийм шүүхийн шийдвэр байгаа. Энэ шүүхийн шийдвэрээр миний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөнө. Тэгээд Миний тэтгэвэр өөрчлөгдөнө гэж тэтгэврийн байцаагчид хэлээд шүүхийн шийдвэрийг хувийн хэрэгтээ зориуд хавсаргасан байдаг. Яагаад гэвэл би өнөөдөр тэрийг мэдэгдсэн бол өөр хэрэг, би тэтгэвэрт гарахдаа нийгмийн даатгалын байцаагчтай нь тохирсон. Хэрвээ тэр шүүхийн шийдвэр шаардлагагүй байсан бол нийгмийн даатгалын байцаагч миний хувийн хэрэгт авахгүй байсан байх. Би хүсэлт гаргаад ийм ийм учиртай гэдгээ хэлээд хувийн хэрэгт шүүхийн шийдвэрээ хавсаргасан байдаг юм. Энэ 2021 оны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мөнгө төлөгдөхгүй явсаар байгаад сая 2024 онд төлөгдсөн. Тэгээд 2024 онд төлөгдөөд би тэтгэвэрт гарсан хугацаанаасаа зөрүүгээ нөхөж авъя. Яагаад гэвэл нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн энэ хугацаа чинь миний тэтгэвэрт гарахдаа ашигласан цалин олговрын 5 жилд хамааралтай байгаад байгаа юм. Би тухайн үед өргөдөл гаргасан. Нийгмийн даатгалын хэлтэс надад болохоор миний өргөдөл гаргасны дараа сарын 1-ээс миний зөрүүг олгож эхэлж байгаа юм. Надад зөрүү олгосон уу гэвэл олгосон. Тэгэхдээ яагаад ийм нэхэмжлэл гаргасан юм гэхээр би тэтгэвэрт гарсан үеэсээ олгуулмаар байгаа. Яагаад гэвэл би тухайн үед мэдэгдээд тухайн үед надад өчнөөн их мөнгөний зөрүү гараад байгаа. Хэдийгээр хүн хохироод ажил төрөлгүй юм шиг яваад байсан хэдий ч би Сангийн яамны “Тогтвортой амьжиргаа’’ төсөл дээр сонгон шалгаруулалтаар орж тэнцээд тэнд ажил эрхэлж байсан. Дээр нь хувиараа бизнес эрхэлж байсан гээд явахаар тэтгэврийн хэмжээ багагүй. Тэтгэврийн хэмжээ багагүй болохоор зөрүү ч гэсэн багагүй тооцогдож байгаа юм.

Нэгэнтээ миний эрх зүйн байдал тухайн 2016 оноос хойш дээрдээд яваад байхад миний дам эрх зөрчигдөөд дахин дахин бүр тэтгэвэр дээр хүртэл очиж ингэж зөрүү гараад байгаа. Би Нийгмийн даатгалын ерөнхий газарт нь өргөдөл өгсөн шийдээгүй. Тэгээд аргаа бараад шүүхэд хандсан нь ийм учиртай юм. Би хууль зүйн үндэслэлүүдийг хэлье, тэтгэврийн хэмжээг ямар тохиолдолд өөрчлөн тогтоох вэ гэхээр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.4-т хууль бусаар ажлаас халагдсан тухай шүүхийн шийдвэр гарсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэсэн байгаа. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1-т энэ хуулийн 24.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаагүй байна гээд заасан байгаа. Гэтэл энэ хүмүүс болохоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.1-т тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол тэтгэврийг өөрчилж болно гэж байгаа юм. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн 32.2.6-д ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй юм байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл өнөөдөр нийгмийн даатгал ажил олгогч буруутай юм бол яагаад өнөөдөр надад зөрүүг өгөөд байгаа юм бэ? миний хүсэлт гаргасан өдрөөс өгөөд байгаа нь ойлгомжгүй байгаад байгаа юм. Тийм учраас эдгээрийг шийдэж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

3.2. Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.У нь 2022 оны 01 дүгээр сарын 31-нд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Өөрийнх нь хүсэлт гаргаснаар бол өөрчлөн тогтоолгомоор байна гэсэн байгаа. 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 5 сарын цалингаа нөхөн тооцуулсан байдаг. Энэ хугацааны буюу 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын цалин хөлснөөс тооцсон шимтгэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нийгмийн даатгалын санд шилжүүлж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нөхөн тайланг ирүүлсэн.  Өөрөө 2024 оны 11 дүгээр сарын 28-нд өргөдлөө манай байгууллагад өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.1-т “тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол  өөрчлөн тогтооно” гэж заасан байгаа. 2019 оны 01 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сарын хооронд цалин орж ирсэн учраас өөрчлөн тогтоож болно. Бид нар хугацаан дээрээ яриад байгаа юм. Энэ хүн болохоор 2022 оны 01 дүгээр сарын 31-нд би өргөдөл өгсөн. Энэ хугацаанаас хойш тэтгэврээ өөрчлөн авмаар байна гэсэн өргөдөл өгөөд байгаа. Бид нарын зүгээс болохоороо тэтгэврийг олгох хууль байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт ямар тохиолдолд тэтгэврийг өөрчлөөд ямар тохиолдолд олгох ёстой юм бэ гэхээр тухайн иргэн өргөдөл өгсөн тохиолдолд тэтгэврийг өөрчлөн тогтооно. Иргэн сарын 15-аас өмнө өгсөн бол тухайн сарынх нь 1-ний өдрөөс эхлэн тэтгэврийг тогтооно. 15-ны өдрөөс хойш өгсөн бол дараа сарын 01-ний өдрөөс тэтгэврийг нь тогтоох, олгох үндэслэлтэй. Тэгэхээр 11 дүгээр сарын 28-нд хүсэлт өгсөн гэдгээр нь бид 12 дугаар сарын 1-ээс хойш энэ хүний тэтгэврийг өөрчлөн тогтоож олгоно. Бид нар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийг нь олгох боломжтой. Тэрнээс өмнө олгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Би иргэн Л.У-ийг мэднэ. Намайг нийгмийн даатгалын шимтгэлийн байцаагч байхаас эхлээд шүүхийн шийдвэрээр цалингууд нөхөгдөж орж байсан. Өөрийнх нь хэлдгээр 9 жил байсан.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь энэ хүнийг хохироогоод байгаа юм. Нийгмийн даатгалын сан нь өөрөө болохоор иргэн даатгуулагчаас нийгмийн даатгалын сан төвлөрүүлээд эргээд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуулийн дагуу бид тэтгэвэр тэтгэмжийг нь олгоод явна. Хуулинд шүүхийн шийдвэрээр цалин авсан бол өмнөх сарын тэтгэврүүдийг нөхөж олгоно гэсэн зохицуулалт байхгүй. Тэгэхээр 12 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийг нь өөрчлөн тогтоох боломжтой. Энэ хүний 5 сарын мөнгө нь тухайн үедээ бодогдоод нийгмийн даатгалын шимтгэлийн санд ороод явах ёстой мөнгө нь хэдэн жилийн дараа нөхөж ороод тэрнээс өмнөх төлөөгүй байсан хугацааг нөхөж оруулсан нь түүнээс өмнөх шимтгэлээ тооцуулж авна гэдэг асуудал санд шивж болохгүй байсан. Бид нар ажил олгогч даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй бол та өрөө хугацаанд нь төлөх ёстой, төлөөгүй тохиолдолд та өдрийн 0,3 хувийн алданги тооцно гэж хүмүүсээс авдаг байж, шүүхийн шийдвэрээр бөөндөө орсон юмыг алданги тооцоогүй шууд санд төвлөрүүлчихээд эргээд өмнөх хугацааных нь мөнгийг нь нөхөж өгнө гэдэг чинь асуудалтай. Тэгэхээр ажил олгогч энэ хүний хариуцлагыг үүрээд энэ хүнийг хохиролгүй болгох ёстой гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан ”Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас эхлэн тэтгэврийг нэмэгдүүлж тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн зөрүүг олгохыг Говьсүмбэр аймгийн ................. даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4. Нэхэмжлэгч Л.У нь ажлаас үндэслэлгүй халагдаж Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00078 дугаартай шийдвэрээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан цалин олговрыг олгож нийгмийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч нарт даалгасан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй явсаар 2024 оны 06 дугаар сард төлөгдсөн. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.4-т хууль бусаар ажлаас халагдсан тухай шүүхийн шийдвэр гарсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэсэн байгаа. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1-т энэ хуулийн 24.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаагүй байна гэж заасан. Би Нийгмийн даатгалын ерөнхий газарт нь өргөдөл өгсөн шийдээгүй. Миний дам эрх зөрчигдөөд дахин дахин бүр тэтгэвэр дээр хүртэл ингэж зөрүү гараад байна гэж,

 

5. Хариуцагчаас Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт “Тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол” тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоон олгоно” гэж заасан байдаг тул иргэн Л.У-ийн манай газарт гаргасан өргөдлийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжтой.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар тодорхойлдог бөгөөд 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан учир өмнө онуудын тэтгэврийн зөрүүг нөхөн олгох эрх зүйн зохицуулалтгүй гэж тус тус маргаж байна.

6. Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт хандан өргөдөл гаргасныг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03/14 дугаар албан бичгээр “Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар тодорхойлдог бөгөөд таныг 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан болно. Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийг өөрчлөн тогтоож тэтгэврийн зөрүүг нөхөн олгох боломжтой” гэсэн хариуг өгчээ. /хх-ийн 23-24-р хуудас/

7. Мөн нэхэмжлэгч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт хандсан өргөдөлдөө Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст удаа дараа хандсан хэдий ч шийдэх боломжгүй талаар хариу мэдэгдсэн гэсэн байна. /хх-ийн 21-р хуудас/

8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 “тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өөрчлөх өргөдөл, холбогдох баримт бичгийг тухайн сарын 15-ны өдрөөс өмнө хүлээж авсан бол мөн сарын 01-ний өдрөөс, тухайн сарын 15-ны өдрөөс хойш хүлээж авсан бол дараа сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно” гэж тус тус зааснаас үзвэл нөхөн олгох боломжгүй гэсэн хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

 

9. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 “Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 32.2.6 “ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх” гэж  заасан бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсанаас үүссэн үр дагавар, учирсан хохирлоо ажил олгогчоос иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэх нь зүйтэй байна.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 216/МА2021/00010 дугаартай магадлалаар хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 35,633,163 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч дээрх хугацаанд хамаарах тэтгэврийн зөрүүг нэмэгдүүлэхийг шаардсан тул энэ нь ажил олгогчийн буруутай үйлдлээс болсон гэж иргэний шүүхээр нэгэнт дүгнэгдсэн байна гэж үзэхээр байна. /хх-ийн 13-18-р хуудас/

 

10. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.4-т хууль бусаар ажлаас халагдсан тухай шүүхийн шийдвэр гарсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэж байгаа. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1-т энэ хуулийн 24.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаагүй байна гэж заасан тул... гэж маргаж байгаа ч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.4-дэх заалт нь ажил олгогчийн буруугаас халагдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол даатгуулагч учирсан хохирлоо ажил олгогчоор нөхөн төлүүлж, үр дагаврыг хариуцуулахаар зохицуулсан гэж үзэхээр байна.

 

11. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Л.У нь Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж тус тус өргөдөл гаргасан бөгөөд Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар нь өргөдлийн хариуг шийдвэрлэж хуулийн хүрээнд хариу өгсөн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.У-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас эхлэн тэтгэврийг нэмэгдүүлж тогтоохгүй байгаа үйлдэл нь хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэхэд хариуцагч Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газрын хууль тогтоомжид заасан хийх ёстой эс үйлдэхүй гэж үзэхээргүй байна.

12. Нэхэмжлэгч нь иргэний хэргийн анхан шатны шүүхээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас эхлэн тэтгэврийн зөрүүгээ нэхэмжлэхэд уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

13. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.У-ээс Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан ”Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас эхлэн тэтгэврийг нэмэгдүүлж тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн зөрүүг олгохыг Говьсүмбэр аймгийн ...............-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар  зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗУЛ