Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1209

 

2023           12             19                                         2023/ДШМ/1209

 

Э.Д-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Э.Д-н өмгөөлөгч М.Алтанцэцэг,

хохирогч Б.Б-н өмгөөлөгч Ж.Баяржавхлан,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Д-н өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Д-д холбогдох 2306 01519 1202 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Э-н Д, .... оны .. дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Шүүгдэгч Э.Д нь 2023 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө ....... дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” паб дотор хохирогч Б.Б-г хамтран амьдрагч М.Т-тэй хардаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар үснээс нь зулгаах, гараараа маажих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь “тархи доргилт, дух, зүүн доод зовхи, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн бугалга, зүүн өвдгөнд цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч  Э.Д-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 2 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг хоёр дахин багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Д нь зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Д-н хууль ёсны төлөөлөгч М.О-с 824.050 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Д-н өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ялаас чөлөөлж хүмүүжлийн арга хэмжээ авч болохоор хуульчилсан. Гэмт хэрэг гарах нөхцөл байдлыг хэргээс үзэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас буюу залуу гэр бүлийн хувийн харилцаанд хөндлөнгөөс оролцож, гэр бүлийг салгах гэж оролдлогыг хийж байгаа нь гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг зэргээс харагдана. Үүнд:

Гэрч Ж.У-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Д орж ирээд Төрмөнхөд хандаж “чи энд юу хийж байгаа юм, алив явъя” гээд байж байтал Б эгч ширээнээс босож ирээд “чи яахаараа дандаа ингэдэг юм” гээд Д, Б эгч хоёр хоорондоо хэрэлдээд байж байсан чинь Д нь ширээн дээрээс нэг шилтэй пивоны шилийг аваад Б эгч рүү шидсэн чинь Б эгчийг оноогүй. Тэгээд Б эгч босож ирээд Д-г хацар руу нэг алгадаад авсан. Тэгээд тэр хоёр шууд барьцалдаж аваад хоорондоо үсдэлцээд байсан... Т бид хоёр “Ц” пабын үүднээс тэр хоёрыг болиулаад хооронд нь бараг ойртуулаагүй, тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэсэн, гэрч М.Т мөрдөн байцаалтын шатанд “... Б эгч тухайн өдөр манай эхнэр Д-г “Ц” пабд орж ирээд маргалдах үед Д руу хандаж “би нөхөртэй чинь явалддаг, би нөхөртэй чинь унтдаг” энэ тэр гээд янз бүрийн зүйл яриад байсан, харин надад бол тийм зүйл огт байхгүй... Харин манай эхнэр Д нь миний фейсбүүк чат руу орж хардаг юм тэр үед муу эхнэр хань болохгүй энэ тэр гэсэн нэг зураг над руу явуулчихсан байсан тэрийг манай эхнэр Д нь хараад надад уурлаж байсан. Эхэндээ бид хоёрыг харддаг байсан сүүлдээ бол уурлаад байдаг болчихсон. Зүгээр л би идээд дуусаад яг гарах гээд байж байтал гаднаас манай эхнэр Д намайг “чи юу хийж байгаа юм бэ, гэр лүүгээ явъя” гэхээр нь босоод өндийгөөд гарах гэтэл Б эгч миний гараас татаад “Т явахгүй, чи ганцаараа яв” гэсэн чинь манай эхнэр Д нь гэнэт уурлаад хэрүүл маргаан тэрнээс эхэлсэн. Ямар ч байсан манай эхнэр Д нь Б эгчийн үснээс нь зулгаачихсан байсан, харин Б эгч Д-н хөлөөс нь зуурчихсан тэр “Ц” пабын гадаах ханыг налаад зууралдаад байсан. Тэгэхээр нь У бид хоёр тэр хоёрыг салгасан” гэсэн, насанд хүрээгүй холбогдогч Э.Д-н мэдүүлэг “... орой 23 цаг нэлээд өнгөрч байхад ажил дээр очиход ажлын байр нь хаалттай, “Ц” пабын гадаа манай нөхрийн машин байхаар нь дотогш яваад ортол нөхөр маань хамт ажилладаг У, З, Б гэх хүмүүстэй хоол идээд пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би нөхөр дээрээ очоод “энд юу хийж байгаа юм бэ, утсаа аваач” гээд мөрөн дээр нь цохитол Б нь босож ирээд “чи яах байгаа юм бэ, энэ хүнээс сал, энэ хүн чинь миний нөхөр” гэхээр нь би тэр эмэгтэйг цохиж авах гэтэл тэнд байсан У, З, Т 3 дундуур ороод болиулсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан пивоны шилийг Б руу шидсэн боловч оноогүй. Тэгээд тэр өрөөнөөс гараад текний дэргэд очоод Б бид хоёр дахин хэрэлдсэн. Энэ үед У, З, Т нар бид хоёрын голд зогсож байтал Б миний баруун хөл рүү өшиглөхөөр нь би эргээгээд түүнийг өшиглөсөн... нөхрийнхөө хамт гаргахад Б нь араас дагаад гарч ирснээ дахин хэрүүл өдөж “бид хоёр, хоёр жил явалдаж байгаа, алаа сунатал шаалцсан, энэ чинь миний нөхөр чи зайл” гэх мэтээр хэлэхээр нь “би та нарыг зөндөө тэслээ, ууж идэх чинь арай хэтэрлээ” гэхэд “чи тэсэхгүй гээд яах юм бэ, энэ хүн чиний шээсний памперсны мөнгийг олж байна” гэх мэтээр дахиад хэрүүл маргаан хийж байснаа Б цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тамхилж байгаа гурав дээр очиход Б нь үг дуугүй гарын ар хэсгээр миний нүүр хэсэгт цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Б-г үсдэж автал У, Т хоёр дундуур орсон бөгөөд тэр хооронд Б нь миний зүүн хөлнөөс зуурч аваад татаж газар унагахад нь би түүний үсийг тавьж, тэгж миний хөлийг тавьсан.” гэсэн мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “... Д нь Б-г нүүрэн тус газар нь гараараа цохиж байгаа харагдана. Б болон Д нар нь хоорондоо заамдалцан зууралдаж байх ба дундуур нь Т орж салгах гэж байгаа оролдоно. ...Д нь Б-г хөлөөрөө өшиглөж байгаа харагдана, Д-г түүний нөхөр Т нь салгаад авч гарч байгаа харагдана.” гэсэн тэмдэглэл.

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, насанд хүрээгүй холбогдогчийн мэдүүлгээр хохирогч Б.Б өөрөөсөө 20-иод насаар дүү Т-тэй хувийн харьцаатай гэдгээ шууд хэлдэг бөгөөд залуу гэр бүлийг салгах гэж байнга Т-н хувийн чат руу мессеж бичиж, муу эхнэр хань болохгүй энэ тэр гэсэн зураг явуулж, мөн гэрт нь очиж хэрүүл маргаан үүсгэж байсныг шүүхийн хэлэлцүүлэг дээр өсвөр насны шүүгдэгч мэдүүлж байсан бөгөөд үүнийг ч гэсэн улсын яллагчийн асуултад хохирогч мөн хариулж байсан. Өмгөөлөгч миний бие нь “алаа сунатал шаалцсан гэж хэлсэн үү” гэж асуухад “намайг хэл амаар доромжлоод байхаар нь тэгж хэлсэн” гэж хариулж байсныг шүүх хурлын тэмдэглэлд бичигдсэн байгаа. Хохирогчоос 30-аад насаар дүү, насанд хүрээгүй охиныг нөхөртэй нь унтдаг, явалддаг, гэр лүү нь явуулахгүй чи ганцаараа яв гэж сэтгэл санаанд нь байнга дарамт өгдөг талаар болон одоо нөхөр нь ажлаасаа гарснаас хойш гэрт хэрүүл маргаан байхгүй болсон, Б эгчтэй ажиллаж байхад манай гэр байнга хэрүүлтэй байсан талаар мэдүүлж байсныг үзэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасны дагуу ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү.

Хавтас хэргийн 13 дугаар талд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.О нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр М.О-г тогтоосон эрх бүхий албан тушаалтны тогтоол байдаг. Хавтаст хэргийн 33 талд Д нь хууль ёсны төлөөлөгчөөр Г овогтой С-г томилуулахаар хүсэлт гаргаж мөрдөгчийн тогтоолоор насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.С-г томилно. Хавтас хэргийн 61 талд өсвөр насны сэжигтэн яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Н-г томилсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралд хэн томилсон мэдэгдэхгүй Г.Х гэж хууль ёсны төлөөлөгч гэдэг хүн цахимаар оролцсон бөгөөд шүүх хуралд нүүр царайг ч харагдахгүй шүүх хуралд нэг ч үг хэлээгүй компьютерийн цаанаас шүүх хурлыг дууссан. Анхан шатны шүүхийн шүүгч шүүхийн шийдвэрийн уншиж сонсгохдоо шүүх хуралд оролцсон хууль ёсны төлөөлөгч Г.Х-с 824.500 төгрөгийг гаргуулахаар уншиж сонсгосон мөртлөө гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дугаарт Э.Д-н хууль ёсны төлөөлөгч М.О-с 824.050 төгрөгийн гаргуулж хохирогч Б.Б-д төлүүлсүгэй гэж зөрүүтэй бичигдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-т заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” ноцтой зөрчил гэж үздэг ба мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Б-н өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Шүүгдэгч Э.Д нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй боловч гэмт хэрэг үйлдсэндээ огт гэмшдэггүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөх гэж хичээгээгүй. Энэхүү байдлыг нь шүүх харгалзан үзсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шүүхийн шийтгэх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

      Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

       Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

     Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Э.Д нь 2023 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” паб дотор хохирогч Б.Б-г хамтран амьдрагч М.Т-тэй хардаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар үснээс нь зулгаах, гараараа маажих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь “тархи доргилт, дух, зүүн доод зовхи, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн бугалга, зүүн өвдгөнд цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-н “... Би нөгөө хэдтэйгээ цуг өрөө лүү ороод хоол идээд сууж байтал гаднаас Т-н эхнэр нь Д нь бид хэдийн сууж байсан өрөө лүү орж ирээд шууд Т рүү “чи юу хийж байгаа юм бэ, чи ингээд явж байдаг хэн юм бэ” гээд дайрч байснаа шууд над руу дайраад эхэлсэн, ширээн дээр байсан пивоны шил шидээд тэр нь намайг оноогүй. Тэр өрөөнөөс гарах үед намайг хэл амаар доромжлоод миний нүүр хэсгийг маажсан. Би шууд тэр өрөөнөөс гарсан чинь миний араас гарч ирээд бас миний нүүрийг хумсаараа маажсан, хувцаснаас татаж чангаагаад үснээс зулгаах үед би газар унасан, хажууд байсан У, Т хоёр салгаад байж байгаад цагдаа хүлээсэн. ...” /хх 6-7/,

гэрч Ж.У-н “...Д, Б эгч хоёр хоорондоо хэрэлдээд байж байсан чинь Д нь ширээн дээрээс нэг шилтэй пивоны шилийг аваад Б эгч рүү шидсэн чинь Б эгчийг оноогүй. Тэгээд Б эгч босож ирээд Д-г хацар руу нь нэг алгадаад авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо шууд барьцалдаж аваад хорондоо үсдэлцээд байсан. Тэр Ц пабын хөшигтэй өрөөнөөс гараад шууд заал хэсэг рүү гарсан. Тэгээд тэр Ц дотор сууж байсан хүмүүс орилолдоод тэр хоёр Ц дотроос гараад үүдэнд бас барьцалдаж аваад байсан. ...” /хх 109/,

гэрч М.Т-н “... Ямар ч байсан манай эхнэр Д нь Б эгчийн үснээс нь зулгаачихсан байсан харин Б эгч Д-н хөлөөс нь зуурчихсан тэр Ц пабын гадаах ханыг налаад зууралдаад байсан. Тэгэхээр нь У бид хоёр тэр хоёрыг салгасан. ...” /хх 111/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.Б-н биед тархи доргилт, дух, зүүн доод зовхи, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн бугалга, зүүн өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2023 оны 03 дугаар сарын 02-ноос 03-ны өдөр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 3250 дугаартай дүгнэлт /хх 28-29/,

камерын бичлэгт үзлэг хийсэн “... 17 дахь секундэд Д нь Б-г нүүрэн тус газар нь гараараа цохиж байгаа харагдана. ...Б болон Д нар нь хоорондоо заамдалцан зууралдаж байх ба дундуур нь Т орж салгах гэж байгаа оролдоно,... бичлэгийн 26 дахь секундэд Д нь Б-г хөлөөрөө өшиглөж байгаа харагдана. ...” гэх тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 119-122/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Д-г хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Д-н өмгөөлөгч М.Алтанцэцэгээс “...гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Д-д ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү, анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад ноцтой зөрчил гарсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Д нь өөрийн үйлдлийн үр дагаварт гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан, мөн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудад анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Э.Д-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзэв.

Шүүгдэгч Э.Д-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

 Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Э.Д-н өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Э.Д-н хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон М.О-ас 824.050 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба шүүгдэгч Э.Д нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр арван найман насанд хүрсэн тул дээрх төлбөрийг шүүгдэгч Э.Д-с гаргуулж, хохирогчид олгохоор шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1282 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... өсвөр насны шүүгдэгч Э.Д-н хууль ёсны төлөөлөгч М.О /РД: ЧЛ85102006/-аас 824.050 төгрөг гаргуулж ...” гэснийг “... шүүгдэгч Э.Д-с 824.050 /найман зуун хорин дөрвөн мянга тавь/ төгрөг гаргуулж  ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д-н өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР