Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
Хэргийн индекс | 159/2016/0018/З |
Дугаар | 159/ШШ2016/0020 |
Огноо | 2016-09-20 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 159/ШШ2016/0020
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид холбогдох,
“Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан 2016 оны сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгуулийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн сонгуулийн тойрогт ногдох мандатын тоо нь Сонгуулийн тухай хуулийн шударга ёсны зарчим, энгийн ойлгомжтой байх зарчмыг зөрчсөн болохыг тогтоолгох, мандатын тоог 7 болгон тогтоохыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Содболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймаг Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн нийт мандатын тоо 31 бөгөөд тус сум нь нийт 9241 хүн оршин суудаг ба үүнээс 1 дүгээр багт 2795 хүн, 2 дугаар багт 4477 хүн, 3 дугаар багт 1969 хүн оршин суудаг, Сайхан сумын нийт 9241 хүнд 31 мандатын тоог харьцуулахад 298 хүн тутамд нэг мандат ноогдож байна.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Сумын хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно” гэж заасныг баримтлан Мандатын тоог хүн амын тоонд харьцуулвал Хөтөл 1-р багт 9 мандат ноогдох байтал 10 мандат, Номгон 3-р багт 7 мандат оногдох байтал 6 болгож тогтоосон. Хэрвээ мандатын тоог бүх хүн амын нягтаршил, газар нутгийн хэмжээг харгалзвал Хөтөл 1-р багт 10 мандат, Хөтөл 2-р багт 11, Номгон 3-р багт 10 мандат ноогдож байгаа юм. Гэтэл Хөтөл 1 дүгээр багт 10 мандат, Хөтөл 2 дугаар багт 15 мандат, Номгон 3 дугаар багт 6 мандат хуваарилсан нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-т шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй ... гэж заасан Номгон 3 дугаар багийн иргэн миний үндсэн эрх, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан “хууль дээдлэх”, 5.1.3-т “шударга ёсыг сахих”, 5.1.7-д энгийн ойлгомжтой байх” зарчмыг зөрчсөн нь нэхэмжлэгч нарын хувьд өөрийн оршин сууж байгаа багийн төлөөлөгчөөрөө дамжуулан нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаанд оролцох, улмаар ******* миний хувьд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Монгол ардын намын 3 дугаар үүрээс нэр дэвшин өрсөлдөх боломжгүй болголоо.
Иймд Сэлэнгэ аймаг Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан 2016 оны сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгуулийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог 6 байхаар тогтоосон нь Сонгуулийн тухай хуулийн шударга ёсны зөрчим, энгийн ойлгомжтой байх зарчмыг зөрчсөн тухай тогтоолгож, мандатын тоог 7 болгон тогтоохыг даалгахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Баасансүрэнгийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг 31 тоотод оршин суугч *******, тус багийн 2-27 тоотод оршин суугч Бямбасүрэнгийн Батчулуун нарын гаргасан нэхэмжлэлд хариу мэдэгдэл гаргах нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Сайхан сум нь 2015 оны жилийн эцсийн статистик тоогоор 9241 хүн амтай гэж бүртгэгдсэн тул төлөөлөгчдийн тоог Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг үндэслэн 31 болгон тогтоосон. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.3 дах заалт нь зөвхөн төлөөлөгчийн тоог тогтоох тухай заалт байгаа болно.
2.Мандатын тоог хуваарилахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1, 152.1.1, 152.2 дах заалт тус тус удирдлага болгон үзсэн бөгөөд зөвхөн хүн амын тоонд харьцуулан харахад 1-р баг 2795 хүн амтай бөгөөд 9.4 мандат, 2 дугаар баг 4477 хүн амтай бөгөөд 15 мандат, 3 дугаар баг нь 1969 хүн амтай бөгөөд 6.6 мандат тус тус ноогдож байгаа боловч мандатын тоог тоолохдоо хүн амын тоо, дэд бүтэц, томоохон байгууллага, үйлдвэрийн газар зэргийг харгалзаж үзээд 1 дүгээр баг 10 мандат, 2 дугаар багт 15 мандат, 3 дугаар багт 6 мандаттай байхаар тогтоосон болно. /энэ талаар тухайн хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгасан/ Тухайлбал Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг нь 2795 хүнд 9.4 мандат гэж тооцогдож байгаа боловч тус багийн хувьд 800 ажилтантай “ЦШ” ХК, 80 ажилтантай сум дундын нэгдсэн эмнэлэг, 220 хүүхдийн 2 цэцэрлэг, сум дундын цагдаагийн тасаг, сум дундын гал унтраах 61-р анги, сум дунд прокурорын газар, 150 ажилтантай Төмөр бетон дэрний үйлдвэр, Гангийн үйлдвэр, Хөтөлийн Занар, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг сумын томоохон үйлдвэр тус багт байрлан үйл ажиллагаа явуулдаг нь төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлж тухайн нутаг дэвсгэрийн байгууллагаа ахуйн нэгжээр хяналт шалгалтаар мөн зохион байгуулалтын аливаа арга хэмжээнд оролцоход хүндрэлтэй байдаг байдлыг нь харгалзан мандатын тоог 10 болгон тогтоосон нь ямар нэгэн хууль тогтоол шийдвэрийг зөрчөөгүй.
3.Төлөөлөгчийн мандатын тоог тогтоох тухай Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тусгайлан хуульчилж заагаагүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх заалт, 152.1.3 дах заалт нь мандатын тоог хэрхэн тогтоох нь тухайн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал мөн болохыг илтгэж байна.
4.Нэхэмжлэгч Бямбасүрэнгийн Батчулуун Номгон багаас мандат хүрэлцээгүй тул нэр дэвшээгүй талаар тус нэхэмжлэлд тусгасан байгаа нь үндэслэлгүй бөгөөд Номгон 3-р багаас 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшин бүртгэгдсэн талаар сумын Сонгуулийн хороо нийтэд мэдээлсэн байна.
5.Тус нэхэмжлэлд Номгон 3-р баг нь 2008 онд 8 төлөөлөл, 2012 онд 7 төлөөлөлтэй байсан тухай тусгажээ. Номгон 3-р баг нь 2008 онд 5 мандаттай байсан бөгөөд 2012 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор 6 мандаттай байсныг тэмдэглэн аливаа зүйлийн үндэслэлтэй тусгаж байхыг тэмдэглэх нь зүйтэй. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 45 тоот төлөөлөгчдийн тоо болон мандатын тоог хуваарилах тухай тогтоол нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр болно гэжээ.
2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мандатын тоог тогтоосон Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар иргэдийн төлөөлөгчдийн тоог 31 болгосон, оны сүүлийн статистик тоог баримтлан 1 дүгээр баг 2795, 2 дугаар баг 4477, 3 дугаар баг 1989, нийт 9241 хүн амтай ингээд иргэдийн төлөөлөгчид маань ерөнхийд нь авч хэлэлцээд мандатын тоог гаргасан. Мандатын тоог тогтоох нь сонгуулийн зохион байгуулах үйл явцтай холбоогүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөр орж байна. Үндсэн хуулиар заасан эрхээ хэрэгжүүлэхэд нь хамгаалж эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Ямар эрх ашиг нь хөндөгдсөн бэ? гэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан сонгох сонгогдох эрх хөндөгдөж байна. *******ы хувьд 7 мандаттай байсан бол сонгогдох боломжтой байсан. Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасны дагуу сонгуулийг тусгай хуулиар буюу Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн, нэгж түүний удирдлагын тухай хуулиар зохицуулж өгсөн. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.4 дэх хэсэгт хүн амын тоог харгалзаж тогтооно гээж заасан. Нийт тоог тогтоохдоо хүн амын тоог харгалзаж байгаа юм чинь Сайхан сумын иргэдийн төлөөлөгчийн мандатын тоог мөн адил хүн амын тоог харгалзан үзэж тогтоох ёстой. 1 дүгээр баг 9.37, 3 дугаар баг 6.60, тэгэхээр математик дунджаар 0.5-аас дээш бол дээд тоонд оруулан тооцдог. 3 дугаар баг газар тариалан, мал аж ахуйн бүс нутгаараа Сайхан сумын 90 гаруй хувийг эзэлдэг учраас мандатын тоо 7 байх нь зохимжтой. Ширээ нурууны хүн ам нь Дарханд харъяалагддаг боловч газар нутгаараа Сэлэнгэ аймгийн Сайхан сумд ордог энэ онцлогоороо 7 болгоход бүрэн боломжтой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүртэл 3 дугаар багт 6.6 мандат ноогдсоныг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн зарчмуудыг хөндөж байна. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т ямар зарчим баримтлахыг заасан. Энэ мандатын тоог хуваарилах нь сонгуулийн эхлэл ажил юм. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т хүлээх хариуцлагыг хүртэл заасан, сонгууль цаг хугацааны асуудал гэвч цаана нь Номгон багийн 2 мянга гаруй иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. Мандатын тоо 7 байх хамгийн боломжтой баг бол 3 дугаар баг юм.
Иймд тогтоолд өөрчлөлт оруулж 7 болгон өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай тогтоолыг баталжээ. Уг тогтоолоор Сумын хурлын төлөөлөгчдийн болон мандатын тоог тогтоож, хүн амын нягтралыг харгалзан төлөөлөгчийн мандатын тоог Сайхан сумын Номгон 3 дугаар багт 6 төлөөлөгчийн мандатын тоо байхаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч *******, ******* нар нь Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан 2016 оны сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгуулийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн сонгуулийн тойрогт ногдох мандатын тоо нь Сонгуулийн тухай хуулийн шударга ёсны зарчим, энгийн ойлгомжтой байх зарчмыг зөрчсөн болохыг тогтоолгох, мандатын тоог 7 болгон тогтоохыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр болж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд 7 тэргүүлэгч оролцох ёстойгоос 5 тэргүүлэгч оролцож хурлын ирц 88 хувийн ирцтэйгээр эхэлж Сумын Иргэдийн төлөөлөгчдийн тоог тогтоож, мандатыг хуваарилах, Төрийн дээд шагналд уламжлах тухай, бусад гэсэн 3 асуудлыг хэлэлцэн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор Сумын хурлын төлөөлөгчдийн болон мандатын тоог тогтоожээ.
Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Сумын хурлын төлөөлөгчдийн болон мандатын тоог тогтоохдоо олонхийн саналаар, тэргүүлэгчдийн бүрэн эрхийнхээ хүрээнд албан ёсны статистик тоо, хүн амын нягтралыг харгалзан тогтоосон нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.
Учир нь: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт “Сумын хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.4 дэх хэсэгт “сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31 төлөөлөгч” гэж тус тус заасны дагуу Сумын нийт хүн ам 2015 оны жилийн эцсийн байдлаар албан ёсны статистик тоо 9241 болсон тул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн тоог 31 байхаар, сумын хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтралыг харгалзан Хөтөл 1 дүгээр баг 10, Гавшгай 2 дугаар баг 15, Номгон 3 дугаар баг 6 төлөөлөгчийн мандатын тоо байхаар тогтоосон нь хууль зөрчөөгүй байна. .
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэсний дагуу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай тогтоолыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид олонхийн саналаар, Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар “Орон нутгийн хурлын тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороонд дараах мэдээллийн хамт хүргүүлнэ”, мөн хуулийн 152.1.3 дах хэсэгт “тойрог тус бүрт ногдох мандатын тоог сонгуулийн хороонд хүргүүлнэ” гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нараас маргахдаа төлөөлөгчдийн тоог тогтоохдоо “хүн амын тоог харгалзан тогтоосон хэдий ч буруу тогтоосон” гэж маргадаг, гэтэл хуулинд хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтэц зэрэг хэд хэдэн нөхцлүүдийг харгалзан үзэхээр заасан байх тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Байршил гэдэг нь хүн ам нутаг дэвсгэрээр хэрхэн тархсаныг, хүн амын нягтрал гэдэг нь 1 км кв-т хэдэн хүн ногдож байгааг хүн амын нягтшил гэнэ. Хэмжих аргачлалаар нь тоон нягтрал, бие судлалын нягтрал, тариалалтын нягтрал, суурингийн нягтрал гэж хуваан нарийн тогтоодог байна. Иймд гол маргааны үйл баримт болох Сайхан сумын Номгон 3 дугаар багийн хүн амынхаа тоо бага, хүн амын нягтшил буюу нягтралгүй, дэд бүтэц, томоохон байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газрууд байхгүй байна. Мөн өмнөх оны багуудын хүн амын тоо, мандатын тоо зэргийг харьцуулан үзэхэд Номгон 3 дугаар баг 2008 онд 8 төлөөлөл, 5 мандаттай байсан, 2012 онд 7 төлөөлөл, 6 мандаттай байснаас үзэхэд илтэд хууль зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч *******, ******* нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, төрийн байгууллагад сонгогдох эрхтэй, сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ, сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно”, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт “хурлын болон сум, дүүргийн хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь зөвхөн өөрсдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлын төлөө бус Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан “хууль дээдлэх”, 5.1.3-т “шударга ёсыг сахих”, 5.1.7-д “энгийн ойлгомжтой байх” зарчмыг зөрчсөн гэж үзэж өөрийн оршин сууж байгаа багийн төлөөлөгчөөрөө дамжуулан нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаанд оролцох нь дан ганц нэхэмжлэгч нарын өөрсдийн эрх ашгийн төлөө бус Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нийт иргэдийн эрх, ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа байгааг дурьдах нь зүйтэй.
Гэвч Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор Сумын хурлын төлөөлөгчдийн болон мандатын тоог баталсан 2016 оны сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгуулийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн сонгуулийн тойрогт ногдох мандатын тоо нь Сонгуулийн тухай хуулийн шударга ёсны зарчим, энгийн ойлгомжтой байх зарчмыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй, мандатын тоог 7 болгон тогтоохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1, 152.1.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******, ******* нарын Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан 2016 оны сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгуулийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн сонгуулийн тойрогт ногдох мандатын тоо нь Сонгуулийн тухай хуулийн шударга ёсны зарчим, энгийн ойлгомжтой байх зарчмыг зөрчсөн болохыг тогтоолгох, мандатын тоог 7 болгон тогтоохыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70’200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА