Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0046

 

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0046

Улаанбаатар хот

А Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 906 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 906 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг баримтлан А Т ХХК-д Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/001897 тоот актаар тогтоосон 38358.1 мянган төгрөгийн хүү, торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А Т ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн 10485.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцохыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгаж, 20384.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: А Т ХХК-ийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 тоот актын алданги, торгууль, хүүг хүчингүй болгохыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан шийдвэрлэж 906 дугаартай шийдвэрийг гардан авч танилцаад шийдвэрийн зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Манай компанийн 2011, 2012 оны татварын ногдол, төлөвлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс 2013 онд хяналт шалгалт хийгээд нийт 140093.08 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан 35/0001897 тоот акт тогтоосон. Энэхүү актын зарим заалтыг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 206 тоот шүүхийн шийдвэрээр 35/0001897 тоот хяналт шалгалтын актын төлбөрийг 100193.1 мянган төгрөг болгон тогтоосон байдаг.

Дээрх хяналт шалгалтын актын нийт дүн болох 100193.1 мянган төгрөгөөс 12103.6 мянган төгрөг нь алданги, 26243.5 мянган төгрөг нь торгууль, 11.0 мянган төгрөг нь хүү, нийт 38358.1 мянган төгрөг нь алданги, торгууль, хүү юм.

Манай компани шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цаг хугацаанаас хойш дээрх 100193.1 мянган төгрөгөөс 30869.0 мянган төгрөгийг төсөвт төлсөн байна. Компанийн зүгээс төлсөн энэхүү 30869.0 мянган төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг үндэслэн татварын өр төлбөр барагдуулах дарааллын дагуу алданги, торгууль, хүүнд тооцон суутган авсан байдаг.

Ийнхүү Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай батлагдаж, хүчин төгөлдөр болсноор энэхүү хяналт шалгалтын актаар татварын зөрчилд ногдуулсан нийт 38358.1 мянган төгрөгийн алданги, хүү, торгуулийг хүчингүй болгуулах буюу өршөөн хэлтрүүлэх, компанийн зүгээс хүү, торгууль, алдангид төлсөн 30869.0 мянган төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах гэсэн харилцан уялдаа холбоотой шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан.

Гэвч анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг маргааныг хэрхэн хянан шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал,

1.Анхан шатны шүүх манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн байдаг.

Ийнхүү ханган шийдвэрлэхдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэтрүүлнэ гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хүчин төгөлдөр болсон ... захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна гэж заасныг тус тус үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/001897 дугаартай актын 38358.1 мянган төгрөгийг хүү, алданги, торгуулийг өршөөлд хамруулсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэг нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангасан дүгнэлт болжээ.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А Т ХХК-аас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн 10485.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцохыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгаж, 20384.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалттай нийцэхгүй байна.

Учир нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан татварын өр барагдуулах дарааллын хувьд нэхэмжлэгчийн зүгээс аливаа маргаан гаргаагүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, шүүхэд хэлэлцэгдээгүй байхад энэ зүйл заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ гэж,

Монгол Улсын Үндсэн хуулиар шууд зохицуулагдсан нийгмийн харилцаанаас үүссэн маргааныг шүүх шийдвэрлэхдээ Үндсэн хуулийг, Үндсэн хуульд нийцсэн, тэгэхдээ албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэхийг ойлгоно. Харин хууль хүчин төгөлдөр болох өдрийг тухайн хуульд заасан боловч уул хууль Төрийн мэдээлэл-д албан ёсоор нийтлэгдээгүй бол шүүх түүнийг хэрэглэх эрхгүй.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хугацаа нь уг хуулийг хүчин төгөлдөр мөрдөгдөх, хэрэгжүүлж эхлэх, мөн шүүх уг хуулийг хэрэглэж болох талаарх хугацааг зохицуулсан заалт юм.

Харин хяналт шалгалтын актын хувьд дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.2-д заасан хугацаанд хамаарч байгаа болно. Өөрөөр 2015 оны 07 дугаар сарын 02-ны 24 цаг 00 минутаас өмнө зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн байх явдал юм.

Зүй нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3, 107.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, нотлох баримт, түүнийг үнэлж дүгнэсэн байдал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайдаа үндэслэж тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хангасан, хэрэгсэхгүй болгосон талаараа заадаг.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлээгүй /маргаагүй/, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдаагүй асуудлаар тогтоох хэсэгт заасан шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.А Т ХХК-ийн татварын актын дагуу төлөх өр төлбөрийг дэлгэрэнгүй харуулсан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн гаргаж өгсөн Татварын тооцооллын жагсаалт-д манай компанийн төлсөн 30.869.00 мянган төгрөгийг хүү, торгууль, алдангид хуваарилан тооцсон байна.

Татварын хэлтэс манай компанийн төлсөн мөнгөнөөс хяналт шалгалтын актын алдангид 4.400.000 төгрөгийг илүү төлсөн гэж тооцоолол гаргаж өгсөн байдаг.

ТЕХ-ийн 17.1.4-т заасны дагуу илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэл авах эрхтэй гэсний дагуу буцаан авахгүйгээр нөхөн татварт суутган тооцуулахаар нэхэмжилсэн боловч дээрх 4.4 сая төгрөгийг хэрхэх тухай шүүхийн шийдвэр тусгаагүй, эсхүл буруу дүгнэж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өмнө төлсөн гэж үзэн орхигдуулсан байна.

Эндээс үзвэл анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлсөн хүү, торгууль, алдангийг энэхүү хуулийн үйлчлэлд хамруулах нь хуульд нийцэхгүй байх тул 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алдангийг нөхөн татварт тооцох гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын Их Хурал 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасныг уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, харин торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлнэ гэж шийдвэрлэсэн байдаг.

Харин 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нь энэхүү хуулийг хэрэгжүүлж эхлэх өдрийг заасан бөгөөд бидний маргаж байгаа захиргааны акт, анхан шатны шүүхийн шийдвэр нь уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байгаа шийдвэрүүд юм.

Ер нь манай компанийн шүүхэд болон Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст гаргасан хүсэлт, нэхэмжлэлийн шаардлага нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасны дагуу хяналт шалгалтын актын төлбөрийн 12103.6 мянган төгрөгийн алданги, 26243.5 мянган төгрөгийн торгууль, 11.0 мянган төгрөгийн хүү, нийт 38358.1 мянган төгрөг нь захиргааны зөрчилд ногдуулсан хариуцлага байх тул хуулиар олгосон боломж /ТЕХ-ийн 17.1.2-т заасан/-ыг эдэлж дээрх хариуцлагаас өршөөгдөх, хэрэв хүү, торгууль, алдангиас өршөөн хэлтрүүлэх тохиолдолд хүү, торгууль, алдангид төлөгдсөн 30896.0 мянган төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан татварын үндсэн өр /нөхөн татвар/-д тооцуулах зорилгыг агуулж байгаа юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 906 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 заалтыг хүчингүй болгох буюу өөрчлөх замаар хүү, торгууль, алдангид төлсөн 30869.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцуулахыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 35/0001897 дугаар актаар 89135,0 мянган төгрөгийн нөхөн татвар, 11.0 мянган төгрөгийн хүү, 34443.52 мянган төгрөгийн торгууль, 16503.56 мянган төгрөгийн алданги, нийт 140093.08 мянган төлбөрийг тогтоосноос Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 206 дугаар шийдвэрээр актаар тогтоосон төлбөрөөс 39900.0 мянган төгрөгийн төлбөрийг хасч, нийт 100193.1 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.[1][1]

Дээрх 100193.1 мянган төгрөгийн төлбөрөөс 38358.1 мянган төгрөг нь хүү, алданги, торгууль байх ба нэхэмжлэгч А Т ХХК-аас татварын байцаагчийн актаар тогтоосон төлбөрт 30869.0 мянган төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст төлжээ.[2][2]

Нэхэмжлэгчээс дээрх актаар тогтоосон төлбөрт төлсөн 30869.0 мянган төгрөгийг хүү, торгууль, алдангид тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж, уг акт нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гарсан тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах ёстой гэж марган, төлсөн төлбөрийг нөхөн татварт тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.[3][3]

Анхан шатны шүүхээс ... 38358.1 мянган төгрөгийн хүү, алданги, торгуулийг өршөөлд хамруулах нь зүйтэй ... гэж дүгнэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 тоот актаар тогтоосон 38358.1 мянган төгрөгийн хүү, торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй гэсэн атлаа ... нэхэмжлэгчээс торгууль, алдангид төлсөн 30869.0 мянган төгрөгөөс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн 10485.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцохгүй байгаа Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг нэхэмжлэлийн шаардлагаас 10485.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 20384.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож ... гэж тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа өмнөх заалтаа үгүйсгэсэн, агуулгын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх өмнө нь давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаах болсон үндэслэлийг шалгаж тогтоогоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөв тодорхойлуулаагүйгээс давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчилж шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн төлөөлөгчөөс 9 сая төгрөг өршөөлийн тухай хуульд хамрагдах бөгөөд энэ төлбөрийг нөхөн татвар болон дараагийн төлөх татварын төлбөрт суутгана[4][4] гэж тайлбарлах боловч хэдий хэмжээний төлөгдсөн төлбөрийг нөхөн татвараас суутган тооцохыг зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй энэ талаар тодруулах шаардлагатай байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21/МА2016/0616 дугаар магадлалд заагдсан ... анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж эрх зүйн дүгнэлт өгөөгүй ... үндэслэл арилаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 906 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ