Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: П.Ганбаатар;

шүүгдэгч: А.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Александрын Бд холбогдох эрүүгийн 1809005470057 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 25 дугаар гудамжны 547 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ХЛ70033010 регистерийн дугаартай, Нунцай овогт Александрын Б.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгөлдөр” төвийн орчим иргэн С.Хэрлэнгийн таксигаар хүргүүлээд буухдаа мартаж буусан “Айфоне-6” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 354.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Хэрлэнгийн /хх-ийн 6/ мэдүүлэг, А.Бгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8, 17/ мэдүүлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 3/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 13-14/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Тоёота карина” маркийн 7375 УБГ дугаартай автомашинаар С.Хэрлэнг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Төгөлдөр” төвийн орчим хүргэж өгөхдөө түүний автомашин дотор гээгдүүлсэн “Айфоне-6” загварын гар утсыг нь авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 354.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           

хохирогч С.Хэрлэнгийн /хх-ийн 6/: “...Таксинаас буугаад утсаар ярих гэтэл миний утас байхгүй байсан тул хүний утсаар өөрийнхөө утас руу залгахад дуудаж байгаад унтарсан...” гэх мэдүүлгээр,

           

А.Бгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8, 17/: “... Би тухайн үед утсаа хаясан хүн тоолгүй хаячих байх гэж бодоод унтраасан. Би дараа нь өөрөө ашиглана гэж бодсон...” гэх мэдүүлгээр болон нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 3/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 13-14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хохирогчийн таксинд мартаж буусан “Айфоне-6” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан А.Бгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө… завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү А.Бгийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг буцаан өгсөн тул хохирогчид төлөх төлбөргүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх А.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Нунцай овогт Александрын Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ