Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1210

 

2023           12            19                                          2023/ДШМ/1210

 

Т.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1287 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.М-д холбогдох 2308 01582 1524 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т овгийн Т-н М, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........... тоотод оршин суух хаягтай, /РД: ........../;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 643 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

Шүүгдэгч Т.М нь фейсбүүкт байршуулсан зарын дагуу Ж.Г-тай холбогдож, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 30 блок буюу 300 хайрцаг тамхи захиалан авчруулж, улмаар “машинд чинь дайгдаад замдаа буучихъя, энэ хооронд мөнгийг чинь шилжүүлчихье” гэж худал хэлэн хохирогчоос нийт 1.172.500 төгрөгийн үнэ бүхий тамхийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.М-г “хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогч Ж.Г-д учруулсан 1.170.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй гэсэн. Би 2010 оны 6 дугаар сарын 25-нд төрсөн бага насны нэг охинтой ба ганц бие байсан тул аав маань миний охиныг өөрийн нэрээр овоглосон боловч аав маань 2011 онд нас барсан. Энэ үеэс ээж, охин хоёроо асран халамжилж ирсэн. Миний бие “Ч э” ХХК-д 2017 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа тул торгох ял биелүүлэх бүрэн боломжтой. Иймд надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.М-н өмгөөлөгч Т.Баярцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Т.М нь иргэн Ж.Г-с 1.170.000 төгрөгийн тамхи бөөндөж авахдаа мөнгийг нь төлөлгүй явж хохирол учруулсан. Т.М-н хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд хохирол төлбөрөө бүрэн төлсөн болно. Шүүхээс Т.М-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Т.М нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харъяат бөгөөд 13 настай охинтой. Охиныг нь 2010 онд төрөхөд нь Т.М-н эцэг Т нь өөрийн овгоор овоглож авсан боловч 2011 онд нас барсан. Ээж болон охиноо харж халамжилж амьдардаг. Улаанбаатар хотод “Ч-Э х” ХХК-д нэг сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Шүүхээс Т.М-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “учруулсан хохирол төлсөн“-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Т.М нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхээс ял шийтгүүлснээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй байна. Энэ шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн үйлдэл нь өмнөх хэргүүдтэй цаг хугацааны хувьд үргэлжилсэн үйлдэл байх бөгөөд нэмж нэгтгүүлэлгүй тусад нь шийдвэрлүүлсний улмаас эрх зүйн байдал нь дордсон байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээр маргадаггүй, хохирол төлбөрөө төлсөн. Торгуулийн ял биелүүлэх боломжтой ажил хөдөлмөр эрхэлдэг.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1287 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.М-д оногдуулсан нэг жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.М нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримтаа гаргаж өгөөгүй. Мөн биеийн байцаалтад ганцаараа амьдардаг гэж мэдүүлсэн тул гэр бүл, үр хүүхэдтэй эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.  ...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.М нь фейсбүүкт байршуулсан зарын дагуу Ж.Г-тай холбогдож, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 30 блок буюу 300 хайрцаг тамхи захиалан авчруулж, улмаар “машинд чинь дайгдаад замдаа буучихъя, энэ хооронд мөнгийг чинь шилжүүлчихье” гэж худал хэлэн хохирогчоос нийт 1.172.500 төгрөгийн үнэ бүхий тамхийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Г-ны “... Би бөөний төв түрээслэн ажиллуулдаг бөгөөд хүргэлтээр түгээдэг ажил эрхэлдэг. 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн орчим 86086774 дугаарын утсаар 30 блок тамхины захиалга аваад тухайн хаягийн дагуу байрны гадаа ирэхэд үл таних 40 гаран насны эмэгтэй хүн гарч ирсэн. Тэр эмэгтэйг мөнгөө хийчих гэхэд “та эргээд Баянхошуу явах юм бол би суугаад зам чинь бууя” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн тээврийн хэрэгсэлд суулгаад Саппорогийн гэрлэн дохионы орчим эргэж байхад баруун гар талаас цагаан өнгийн жижиг тэрэг ирээд шүргүүлчихсэн. Тухайн машины жолооч бид хоёр учир зүйгээ олох гээд гадаа зогсож байгаад эргээд хартал тамхи худалдан авах гэж байсан үл таних эмэгтэй хайрцагтай тамхи аваад буугаад явсан байсан. ...” /хх 7/ гэсэн мэдүүлэг,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “... Ж.Г-р заалгахад 2 дугаар дээр байгаа Т-н М-г гараараа зааж “энэ хүн мөн байна” гэсэн тэмдэглэл болон уг ажиллагааг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /хх 85-88/, 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 33-35/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.М-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ж.Г-ны 1.172.500 төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нараас “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол тус тус гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Хэдийгээр шүүгдэгч Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн арга, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлүүдээс хорих ялын төрлийг сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.М нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1287 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш энэ өдрийг хүртэл 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ  

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР