Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Амаржаргал;

улсын яллагч: Ц.Сүхбат;

хохирогч: Ө.Цогзолмаа (өөрийгөө өмгөөлж);

шүүгдэгч: Ө.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийсайханы Эт холбогдох эрүүгийн 1709015750103 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ хувийн компанид харуул ажил эрхэлж байсан гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршоолол 4 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбааатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талд байрлах барилгын хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, ЛЙ73030676  регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Цэнгэлт овогт Өлзийсайханы Э.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ө.Э нь согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талд байрлах барилгын хашааны манаачийн гэр дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Цогзолмаатай “…пизда, гөлөг, чамайг ална, хоёр хүүхэд чинь жоохон байна, хүүхдүүд том болохоор чамайг ална, цагдаа дуудахгүй бол чамайг амраахгүй эсхүл би өөрийгөө хорлоно, чамайг яасан ч чадна…” гэх зэргээр байнга харгис хэрцгий харьцсан, агсам согтуу тавьж, харааж, доромжилж, догшин авирлаж, тарчлаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл үнэн зөв гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Цогзолмаа мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэнэ. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Цогзолмаагийн /хх-ийн 46-47, 50-51, 54, 114-115, 134-135/ мэдүүлэг, гэрч Э.Бямбацогт /хх-ийн 55/, О.Төмөрхуяг /хх-ийн 117/  нарын мэдүүлэг, Ө.Эын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-71, 156/, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлсон үнэлгээ /хх-ийн 80-88, 92-100/, Ө.Э, Ө.Цогзолмаа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 75-76/, иргэний мэдээллийн хуулбар /хх-ийн 14-16/, Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн хуулбар /хх-ийн 29-31/, Ө.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 73-79, 118-119/, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэлийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 35, 125-127/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хэргийн талаар дараах үйл баримтыг тогтоов.

 

            Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Ө.Э нь архи ууж согтуурсан үедээ олон удаагийн үйлдлээр өөрийн эхнэр Ө.Цогзолмаатай “…пизда, гөлөг, чамайг ална, хоёр хүүхэд чинь жоохон байна, хүүхдүүд том болохоор чамайг ална, цагдаа дуудахгүй бол чамайг амраахгүй эсхүл би өөрийгөө хорлоно, чамайг яасан ч чадна…” гэх зэргээр гутаан доромжилж, сэтгэцийн байнгын дарамтад оруулж харьцдаг үйл баримт тогтоогдов.

 

Дээрх үйл баримтанд үндэслэн шүүгдэгч Ө.Э нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талд байршилтай барилгын хашаанд байх манаачийн гэртээ 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд буюу удаа дараагийн үйлдлээр хардлага, таарамжгүй харилцааны сэдэлтээр, бүдүүлэг авир гаргаж эхнэр Ө.Цогзолмаатай сэтгэл санаанд нь дарамт учруулан заналхийлж, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилж, амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг алдагдуулсан буюу харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл хийсэн гэж шүүх дүгнэв. Энэ нь дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

            хохирогч Ө.Цогзолмаагийн /хх-ийн 46-47, 50-51, 54, 114-115, 134-135/: “... Нөхөр Э нь Улаанбаатар хотод ирснээсээ хойш архи согтууруулах ундаа ихээр хэрэглэх болж надад байнга агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг болсон. Жишээ нь “пизда, гөлөг, нохой, ална, хядна, 2 хүүхэд чинь жоохон байна, жоохон томрохоор нь би чамайг ална” гэх зэргээр хэлдэг…2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр архи ууж орж ирээд “за цагдаа дууд, тэгэхгүй бол би чамайг амраахгүй, чамайг өнөөдөр яасан ч яана, эсхүл би өөрийгөө хорооно” гээд төмрийн хөрөө бариад “энүүгээр зүснэ” гээд байсан юм…2017 оны 09 дүгээр сарын 07-ны 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар дунд сургуулийн ард байрлах барилгын хашаан доторх гэрт Э согтуу орж ирээд надаас нэг пиво нэхэж авч уугаад “пизда, гөлөг, дурак” гээд доромжлоод миний үснээс гараараа татаж зулгаасан…2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Э гэртээ архи ууж сууж байгаад “би ялаа эдлэнэ, чамайг ална, би хаашдаа шийдсэн хүн…” гээд агсам тавиад ууж байсан пивоны шил, аяга, гутлаа шидээд байсан…Намайг байнга “чамайг ална, удахгүй ална, даанч 2 хүүхэд маань жоохон байна” гэдэг юм…Зодохын хувьд тун гайгүй. Харин архи уух бүртээ л намайг хэл амаар доромжилж айлган сүрдүүлж байдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр архи уугаад гэртээ агсам согтуу тавиад гартаа таарсан юмнуудаа над руу авч шидээд байсан боловч намайг оноогүй юм…2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр архи ууж агсам согтуу тавьж хэл амаар доромжилсон. Би цагдаад гомдол гаргасан…Архи ууснаас болж хэрүүл өдөж, заавал хэрүүл хийх гээд хүнийг тамлаад байдаг…Би эвийг нь олж амьдарч байна…Эрүүл, согтуу үедээ ялгаагүй муухай харна, хэрүүл өднө, жаахан л юм болвол шөнөжингөө хэрүүл хийдэг. Намайг яг цохиж зодож гэмтэл учруулж Шүүх эмнэлэгт үзүүлсэн зүйл байхгүй…” гэх мэдүүлгээр,

 

           гэрч Э.Бямбацогтын /хх-ийн 55/: “...Манай аав Э нь ер нь байнга архи ууж гэртээ хэрүүл маргаан үүсгэдэг юм. Манай ээжтэй байнгын хэрүүлтэй байдаг ба энэ байдал нь сүүлийн 2 жил байнгын гэртээ ажилгүй, архи ууж хэрүүл хийдэг юм…Дандаа хэрүүл маргаан хийж хэл амаар “чаддаг юм бол цагдаадаа бариад өг, гөлөг, пизда, гичий, ална шүү” гээд байнга хараачихдаг юм…” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Төмөрхуягийн /хх-ийн 117/: “...Би Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороог хариуцсан хөдөлгөөнт эргүүлийн “Тамир-114” чиглэлд үүрэг гүйцэтгэдэг. Эынд дуудлагаар нийт 3 удаа очиж байсан…Очиход дандаа согтууруулах ундаа хэрэглэсэн, цагдаагийн шаардлага эсэргүүцсэн байдалтай байдаг. Эхнэртэйгээ хэрэлдэж маргалдсан, ерөнхийдөө хардалтын байдалтай хэрүүл хийж байдаг…” гэх мэдүүлгээр,

 

            Ө.Эын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 68-71, 156/: “…Би архи уухаараа эхнэртэйгээ ингээд харьцаад байдаг юм. Хоорондоо маргалдаж байгаад ингэдэг юм. Дараа нь хийсэн үйлдлээ санадаггүй юм...Янз янзын асуудлаас болж маргалддаг юм…Ямарч байсан архи уусан үедээ зүгээр агсам тавьдаг юм…” гэх мэдүүлгээр,

           

“…Ө.Цогзолмаа нь байнгын сэтгэл санааны дарамтад байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь даамжирсан. Нөхөр Эын зан авир нь хүүхдүүдийн гэр бүлийн хүмүүжилд нөлөөлж байна…Нөхөр нь архи уудаг…тайван амьдах аргагүй амьдарч байна…” хэмээн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлсон үнэлгээгээр /хх-ийн 80-88, 92-100/ болон Ө.Э, Ө.Цогзолмаа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 75-76/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэлээр тогтоогдож байна.

 

Ийнхүү олон удаагийн үйлдлээр (байнга) “…пизда, гөлөг, чамайг ална, хоёр хүүхэд чинь жоохон байна, хүүхдүүд том болохоор чамайг ална, цагдаа дуудахгүй бол чамайг амраахгүй эсхүл би өөрийгөө хорлоно, чамайг яасан ч чадна…” гэх зэргээр өөрийн эхнэр Ө.Цогзолмаагийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, заналхийлж, сэтгэл санааны дарамтанд оруулж, амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг алдагдуулахад зориудаар хүргэж буй Ө.Эын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймээс шүүгдэгч Ө.Эын “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ө.Цогзолмаа шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгуулалагад эдлүүлэхээр тогтов.

 

Дээрх байдлаар шүүгдэгчид хорих ял оногдуулсан нь ялын зорилго (гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх зэрэг) хангагдсан гэж шүүх үзсэн тул шүүгдэгчид оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх (зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох) шаардлагагүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цэнгэлт овогт Өлзийсайханы Эыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Эыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эыг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эын шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ