| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2025/0003/З |
| Дугаар | 120/ШШ2025/0005 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 120/ШШ2025/0005
2025 оны 04 сарын 11 өдөр Дугаар 120/ШШ2025/0005 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал А.*******, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1 “*******” ХХК-иас Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлж, тодруулсан.
2. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1 Нэхэмжлэгч “*******” ХХК нь ******* сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаар бүхий 20 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшжээ.
2.2 Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжаар “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээг хүчингүй болгосон байна.
2.3 Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1-2075 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “*******” ХХК-д хүргүүлжээ.
3. Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А/******* тоот захирамж гарсан байх ба уг захирамжийн хавсралтаас нь харвал ******* сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот захирамж, уг захирамжийн 1 дүгээр хавсралтын “МОТУЗ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байна. Уг захирамжийн 1-д “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн 3 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээг хавсралт ёсоор хүчингүй болсонд тооцсугай” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно” гэж заасан байх бөгөөд 26.2 “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан. Гэтэл хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа явуулах нь байтугай нэхэмжлэгчид огт мэдэгдэлгүйгээр манай байгууллагын эрхийг зөрчсөн захирамж гаргасан. Захирамжийн нэгдүгээр хэсгээс харвал “Гурван хуулийн этгээд”-ийн асуудлыг шийдвэрлэсэн харагдаж байна. Гэвч хавсралтаас харвал хоёр гэж дугаарлан ”*******” ХХК гэж.
Тиймээс манай компанийн зүгээс хэргийн материал болон хэргийн бодит байдалд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагаа Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилж байна. Хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул өөрчилсөн шаардлагын дагуу хариуцагчаас дахин тайлбар авах, нэмэлт нотлох баримт гаргуулах шаардлагагүй. Энэ хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байгаа талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн албан бичигт тодорхой дурдсан байгаа. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан зохицуулалт нь хууль бусаар гарсан аливаа шийдвэрийг хүчингүй болгох агуулгатай бөгөөд ******* сумын засаг даргын шийдвэрийн дагуу олгогдоогүй байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт байна. Мөн акт гаргасан захиргааны байгууллага нь нэхэмжлэлд дурдсан сонсох ажиллагаа болон мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй талаар үндэслэлээ дэмжиж байна гэв.
4. Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” А/19 дүгээр захирамжаар гаалийн хяналтын талбайн зориулалтаар 20 га газрыг нэхэмжлэгч “*******” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “энэ хуулийн 33.1,1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн нь тогтоогдсон.
Мөн Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Хууль хэрэгжүүлж ажиллах тухай” 4/3 дугаар зөвлөмжөөр “...2018 оноос хойш дуудлага худалдаа зохион байгуулаагүй олгосон болон 2 жил дараалан ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож дуудлага худалдаа зохион байгуулах” чиглэлийг аймгийн Засаг даргад ирүүлсэн, ******* сумын Засаг даргын хууль, журам зөрчиж хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн дээрх шийдвэрийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны акт гаргахын өмнө аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1-2075 дугаар албан бичгээр газрын эзэмших эрхийг хүчингүй болгох болсон талаар “*******” ХХК-д мэдэгдэхийн зэрэгцээ маргаан бүхий захирамжийг мөн аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1-2721 дүгээр албан бичгээр хүргүүлж ажилласан байна.
Иймд нь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/******* дугаар захирамж нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн доод шатны албан тушаалтны хууль бус шийдвэрийг Төрийн аудитын байгууллагын зөвлөмжийн дагуу хуульд нийцүүлэх арга хэмжээ авч буй шийдвэр төдийгүй хуульд заасан журмын дагуу эрх ашиг нь хөндөгдөж буй газар эзэмшигч хуулийн этгээдэд урьдчилан мэдэгдэх, шийдвэрийг хүргүүлэх ажиллагааг журмыг гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно.
Мөн “*******” ХХК нь захирамж гарсан буюу 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 90 хоногийн дотор үнэлгээ хийлгэж, хуулиа хэрэгжүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан, миний судалсан материалд 90 хоногтоо багтааж хүсэлт гаргасантай холбоотой зүйл хангалтгүй байна гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүх хуралдааны явцад “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
Анх ******* сумын Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” А/19 дүгээр[1] захирамжаар “*******” ХХК-д гаалийн хяналтын талбайн зориулалтаар 20 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчээс “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно” гэж заасан байх бөгөөд 26.2 “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан. Гэтэл хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа явуулах нь байтугай нэхэмжлэгчид огт мэдэгдэлгүйгээр манай байгууллагын эрхийг зөрчсөн захирамж гаргасан” гэж маргаж байна.
Маргаж буй Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/******* дугаар[2] захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримталж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, ... зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 3 хуулийн этгээдийн (“*******” ХХК) газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээг хүчингүй болгосон байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзвэл сумын Газрын даамал нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох эрх хэмжээтэй байхаар хуульчлан зохицуулжээ.
Харин маргаж буй акт гарах үед “*******” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших гэрээ байгуулагдаагүй байсан болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 114 дүгээр албан бичгээр тогтоогдож байх ба энэ тухайд талууд маргаагүй болно.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.
Уг зохицуулалтыг хэрэглэх үндэслэл нь “төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл I) Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ II) бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй” байхаар байна.
Гэтэл маргаж буй захиргааны актад Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримталснаас үзвэл дээд шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр буюу захиргааны актыг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байхад аймгийн Засаг дарга 2019 оны А/******* дугаар захирамжаар бодит байдалд огт олгогдоогүй “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны акт болжээ.
Тодруулбал, Газрын тухай хуульд заасны дагуу дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргын газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрийг буюу ******* сумын Засаг даргын 2019 оны А/19 дүгээр захирамжийг хүчингүй болгох ёстой байтал газар эзэмших эрхийн гэрчилгээ (газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээ)-г хүчингүй болгосон нь ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай (эрх зүйн алдаатай) захиргааны акт гэж үзэхээр байна.
Түүнээс гадна тухайн үед Газрын тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа явуулалгүй нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нь захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйлдэл болно. Мөн бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх нөхцөл бүрдээгүй байсныг дурьдах нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “******* сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” А/19 дүгээр захирамжаар гаалийн хяналтын талбайн зориулалтаар 20 га газрыг нэхэмжлэгч “*******” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “энэ хуулийн 33.1,1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн нь тогтоогдсон учраас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон...” гэж мэтгэлцэн маргаж буй нь үндэслэлгүй байна.
Мөн маргаж буй актын гарчиг буюу тэргүү нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” гэж, мөн бичвэр хэсэгт 1 дэх заалтад “...газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээг хавсралт ёсоор хүчингүй болсонд тооцсугай” гэжээ.
Үүнээс үзэхэд 2019 оны А/******* дугаар захирамжаар шийдвэрлэсэн асуудлын агуулга нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” гэж тодорхойлогдож байх бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгосон гэх утга агуулгыг илэрхийлэхгүй байна. Газрын тухай хуульд газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болгох, эсхүл эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байхад А/******* дугаар захирамжид “газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээг” хүчингүй болгох гэж дурьдсан байгаа нь ойлгомжгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан эрх зүйн алдаатай захиргааны акт байх бөгөөд улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтад заасныг баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА