Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 179

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: Х.Еркебулан;

шүүгдэгч: Х.Д (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хүрэлбаатарын Дд холбогдох эрүүгийн 1709026220095 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /тавилгын үйлдвэрт мужаан/, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэ толгойн 29 дүгээр гудамжны 745 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ВЮ90082717 регистерийн дугаартай, Шаазгай овогт Хүрэлбаатарын Д.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 Яллагдагч Х.Д нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Иргэний бүртгэл мэдээллийн төвийн урд талд хохирогч Н.Амартайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зүй бус шаардлага тавьсан” хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, баруун нүдний доод зовхи, дотор булан ба нүдний алим, зүүн нүдний дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д мэдүүлэхдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн гудамжинд найзынхаа машинтай явж байгаад, нэг газрын үүдэнд түр зогссон. Бид хавтангийн дэлгүүр орох гэж байсан. Тэгтэл араас нэг залуу гарч ирээд “машинаа холдуул” гэж хэлсэн. Тэгээд түүнтэй маргалдсан. Би Дамдин гэх залууг цохих гэж байгаад Амартайваныг цохьчихсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй гэв.           

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15/, хохирогч Н.Амартайван /хх-ийн 19-22/, гэрч Н.Батнасан /хх-ийн 26-28/, Т.Мөнгөншагай /хх-ийн 2-30/, Ж.Болорцэцэг /хх-ийн 31-32/, Х.Энхтүвшин /хх-ийн 33-35/, Г.Дамдин /хх-ийн 36-38/, Г.Болормаа /хх-ийн 39-40/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 287 дугаартай дүгнэлт /хх-ийн 46/, Х.Дий хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 55-57/ Х.Дий яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/, хохирогч Н.Амартайваны гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 93/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Нийслэлийн Иргэний бүртгэл мэдээллийн төвийн урд Н.Амартайваны нүүрэн тус газарт  цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Н.Амартайваны /хх-ийн 19-22/: “... 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байтал манай тавилгын үйлдвэрийн үүдэнд нэг автомашин манай хаалгыг хаагаад ойрхон шахаад тавьчихсан байсан. Манай найз Дамдин нөгөө машиныг холдуулах гээд гарсан. Тухайн үед хаалгаар деспе /мод/ оруулах гэж байсан юм. Тэгтэл гэнэт том том дуугаралдаад чанга чанга хашхиралдаад байхаар нь би гартал манай найз нэг намхан нүдний шилтэй залуутай зууралдчихсан хажууд нь бас нэг залуу зогсож байсан. Сүүлд асуухад намхан нүдний шилтэй залууг Х.Д гэдэг юм байна лээ. Би тэр Д гэдэг залууг салгах гэж үзээд дийлэхгүй байсан. Манай склад дотроос Мөнгөншагай гэх бас нэг залуу гарч ирээд манай найз руу Мөнгөншагай болон Д хоёр хоёулаа дайрсан. Мөн  нэг өндөр залуу нь /Батнасан/ хараад зогсоод байсан. Би найзыгаа аваад ортол хувцсаа тайлаад орилж хашхираад цонх цохиод байсан. Манай найз Дамдин эргэж гараад “та нар болиоч ээ” гэхэд Мөнгөншагай гэх залуу манай найзыг боогоод бүр хөдөлгөхгүй сүүлдээ боолт нь орох гээд байхаар нь би салгаад зогсож байтал араас 2 удаа цохисон. Миний толгой өвдөж толгойгоо дараад хойшоо хараад “хөөе” гэхийн завдалгүй миний нүд рүү Д цохисон. Дий баруун гарын ядам хуруунд бөгж байсан болохоор сайн санаж байна. Д ганцаараа нүдний шилтэй байсан юм. Бас намхан махлаг биетэй байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Батнасангийн /хх-ийн 27-28/: “... Гэтэл нэг залуу уг үйлдвэрээс гарч ирээд “машинаа холдуул” гэж зандрангуй хэлсэн. Би хариуд нь “за” гэж хэлээд жаахан ухарч тавиад “одоохон эргээд хавтангийн өнгө үзчихээд ирье, дотор нь хүн байгаа, болохгүй бол холдуулаад өгнө” гэж хэлээд цааш алхтал ардаас “хөөе ал минь, чи одоо машинаа ав, авахгүй бол зурлаа шүү” гэж орилсон. Тэгсэн манай найз Х.Д эргэж очоод нөгөө залууд хандан “чи яасан гэж хүнийг хэл амаар доромжилж байгаа юм” гээд улмаар маргалдаж эхэлсэн. Тэгсэн тэр залуу /Дамдин/ манай найз Дий куртикийг урсан. Ингээд маргалдаж байтал дэлгүүрээс Мөнгөншагай ах гарч ирээд нөгөө маргалдаж байсан залууг /Дамдин/ бариад авсан. Тэр үед Мөнгөншагай ах нүдээ цохиулсан залуу /Н.Амартайван/ болон хэл амаар доромжилж байсан залуу /Дамдин/ нартай хоёулантай нь барьцалдаж авсан байсан. Д надад “Шагай ахыг зодоод байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь би очоод хэл амаар доромжлоод байсан Дамдин гэх шар залуугийн зүүн талын хацар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед бужигнаан болж удалгүй салсан. Дараа нь би тэр шар залууг гараараа нэг удаа ахиад цохисон боловч хальт цохиод олигтой оноогүй. Тэгээд дэлгүүр орчихоод гарч ирэхэд “та нар байж байгаарай, цагдаа дуудчихсан” гэхээр нь “яах гэж цагдаа дуудаж байгаа юм бэ” гэхэд “миний нүд ийм болчихсон, энийг яах юм бэ” гээд нөгөө нэг залуу /Амартайван/ зогсож байсан. “Нүд чинь яачихсан юм, хэн цохисон юм” гэхэд сайн мэдэхгүй байна гэж хэлсэн…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Мөнгөншагайн /хх-ийн 29-30/: “… Тус өдөр би эхнэр хүүхдийн хамт 100 айлд байрлах “Арвин” гэх дэлгүүр орчихоод иртэл манай эхнэрийн дүү Д нэг шар залуутай /Дамдин/ барьцалдсан байсан. Би очоод нөгөө залууг “боль” гээд салгатал шар залуу /Дамдин/, нүдээ цохиулдаг залуу /Амартайван/ 2 намайг бариад авсан. Гэгтэл Батнасан хажуунаас орж ирээд шар залууг /Дамдин/ нэг удаа гараараа цохисон. Тэгээд бүгд салцгаасан. Нэг харахад нэг залуугийнх нь нүдний доороос цус гарсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Дамдингийн /хх-ийн 36-38/: “… Тус өдөр манай байгууллагын үүдэнд нэг машин хаалганд шахаж зогссон байхаар нь “машинаа холдуул” гэж 2 удаа шаардлага тавьсан боловч хүлээж авахгүй “сүртэй юм” гэхээр нь би уурлаад “наад ямбийгаа аваад зайл, муу лалар минь” гэж хэлсэн. Үүнээс шалтгаалаад нөгөө машины 2 залуу хүрч ирээд нэг нь надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд нэг намхан нүдний шилтэй залуу нь намайг заамдаад хэрүүл маргаан эхэлсэн. Тэр үед цаанаас нэг савхин куртиктэй залуу хүрч ирээд над руу дайрч намайг заамдсан. Амартайван тэр залууг надаас холдуулаад зогсож байтал нэг өндөр залуу нь хүрч ирээд миний зүүн талын шанаа руу 3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би “намайг цохилоо ш дээ” гэж хэлэхэд “тэгсэн пизда минь” гэж хэлсэн. Тэгээд л салцгаагаад ажил руугаа орсон. Гэгтэл Амартайваны нүдний доор язарсан цус гарч байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн…” гэх мэдүүлгээр,

 

Х.Дий яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 69/: “ ... Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Амартайваны нүд хэсэгт цохисон юм. Хэрэг маш хурдан болоод өнгөрсөн болохоор хажууд байсан хүмүүсээ харж амжихгүй байсан. Би Батнасанг “Мөнгөншагай, Дамдин, Амартайван нарыг салга” гэж хэлээд араас нь очиж Дамдинг цохих гэж байгаад Амартайваныг цохьчихсон. Тухайн үед уур хүрээд зодоон маш хурдан болсон болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Амартайвныг цохиж байгааг харсан хүн байхгүй байх. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна ...” гэх мэдүүлгээр,

 

Х.Дий буруутай үйлдлийн улмаас Н.Амартайваны биед “баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, баруун нүдний доод зовхи, дотор булан ба нүдний алим, зүүн нүдний дотор булангийн цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 287 тоот дүгнэлт /хх-ийн 44-46/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нь хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг баталж буюу хохирогчийг зодсоныг өөрөө хүлээсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Х.Дий бусдын хэрүүл маргаан, тэмцэлдээнийг салгаж байсан Н.Амартайваныг онцлох шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Х.Дий “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.       

 

Хохирогч Н.Амартайван “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.             

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Х.Дийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.  

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шаазгай овогт Хүрэлбаатарын Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан  500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ