Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Б.Хурц /томилолтоор/,

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Шүүгдэгч: У.Ж, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Жид холбогдох эрүүгийн 1702002490009 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сити их сургуулийн Маркетингийн 4 дүгээр дамжааны оюутан, “Веег night 2d animation” студид туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Далан 13 дугаар байрны 1-3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 37 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, ЗЛ93040731 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Жаргалант овогт Улам-Өрнөхийн Ж.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Яллагдагч Улам-Өрнөхийн Ж нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 37 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис өвс” гэх нэршилтэй, 3,1 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ж мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Залуу насандаа ийм хэрэг хийснээс учрах хор уршгийг ухаарч ойлгосон. Гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17-18/, гэрч С.Энхжин /хх-ийн 21/, Л.Ганбаатар /хх-ийн 22/, Ж.Саранчимэг /хх-ийн 23/, Г.Анхбаяр /хх-ийн 24/, Т.Бат-Ирээдүй /хх-ийн 25/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  332 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-32/, У.Жийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38/, У.Жийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 44-67/, шинээр өгсөн 3 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд, ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч У.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 37 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис өвс” гэх нэршилтэй, 3,1 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 332 дугаартай дүгнэлтэд /хх-ийн 30-32/: “... Шинжилгээнд ирүүлсэн “3,1 грамм ургамал мэт зүйл” гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, хуванцар сав /цоолсон/, АJ7938785 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн дэвсгэрт, АV9498020 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн дэвсгэрт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “Улам-Өрнөхийн Ж 2017.12.17” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” гэснээр,

 

У.Жийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 38/: “... 2017 оны 12 дугаар сарын 14-ний орой гэгээ тасраагүй байхад орох гээд явж байтал манай байрны орцны харалдаа газар амсрыг нь боосон ууттай ногоон өнгийн ургамал хэвтэж байсан. Сонирхоод аваад хартал интернэтээс харж байсан “Каннабис” өвс шиг байхаар нь мөн эсэхийг нь шалгаж үзэх гээд авчихсан юм. Би тэр ургамлыг гэртээ авч ороод интернэтээс бичлэг үзээд хэрхэн хэрэглэдэг аргыг нь сурч аваад “Бонго” гэх зүйлийг ундааны сав ашиглаж хийгээд сорж хэрэглэсэн. Анх хэрэглэхэд тайвшраад хөгжмийн мэдрэмж нэмэгдсэн юм шиг болсон” гэх мэдүүлгээр болон нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудаар мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн шээснээс илэрсэн болон гэрээс нь хураагдсан бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн  2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх хориглосон бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хэрэглэж, гэртээ хадгалж байсныг дээрх нотлох баримтууд нотолсон байна. Ийм учраас шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгч У.Ж зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур гэртээ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар байлгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Ийнхүү дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч У.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон тагтай, жижиг дөрвөлжин хэлбэртэй хуванцар сав, шинжилгээнээс буцаан ирүүлсэн зиплок түгжээ бүхий гялгар ууттай Каннабис авс 3 грамм /шинжилгээнд 1 грамм хорогдсон THC бодис илэрсэн/, дээр, доор 2 хэсэгт нүх гаргаж цоолсон ямар нэгэн бичиггүй, хөх өнгийн таггүй хуванцар сав /THC бодис илэрсэн/, Oh lala гэсэн бичигтэй төмөр сав, 6,5х9 см, 6,3х4,3 см, 24,5 см хэмжээтэй 3 ширхэг мөнгөлөг өнгийн тугалган цаас   зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, АJ7938785 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн дэвсгэрт, AV9498020 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт /THC бодис илэрсэн/-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Монгол банкинд шилжүүлж устгуулахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                     

            1. Шүүгдэгч Жаргалант овогт Улам-Өрнөхийн Жийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Жийг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

4. Шүүгдэгч У.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон тагтай, жижиг дөрвөлжин хэлбэртэй хуванцар сав, шинжилгээнээс буцаан ирүүлсэн зиплок түгжээ бүхий гялгар ууттай Каннабис авс 3 грамм /шинжилгээнд 1 грамм хорогдсон THC бодис илэрсэн/, дээр, доор 2 хэсэгт нүх гаргаж цоолсон ямар нэгэн бичиггүй, хөх өнгийн таггүй хуванцар сав /THC бодис илэрсэн/, Oh lala гэсэн бичигтэй төмөр сав, 6,5х9 см, 6,3х4,3 см, 24,5 см хэмжээтэй 3 ширхэг мөнгөлөг өнгийн тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 АJ7938785 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн дэвсгэрт, AV9498020 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт /THC бодис илэрсэн/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар  дамжуулан Монгол банкинд шилжүүлж устгуулсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ