Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00874

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00605 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Солонгын хариуцагч Жи эм консалтинг ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, алданги болон өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд нийт 30 562 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08-08/2017 тоот гэрээг цуцлах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Солонго нь хариуцагч Жи эм консалтинг ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Монгол хаус хотхоны амины орон сууц худалдах, худалдан авах №08-08/2017 дугаартай гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан 08-08/2017 тоот гэрээний 1.1, 1.2-т заасны дагуу хариуцагч компани нь нэхэмжлэгчийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу 80 м.кв хэмжээтэй 3 өрөө, 2 давхар Канад технологийн дулаалгатай, ган төмөр карказтай, модерн загвартай амины орон сууцыг суурийн үндсэн хана, дээвэр, хаалга, цонх, дотор, гадна засал чимэглэл, сантехникийн төхөөрөмжүүдийн холболт, цахилгаан халаалт, гадна ариутгах татуургын далд шугам хоолойн угсралт, бохир хуримтлуулах танк зэрэг дэд бүтцийн ажлыг бүрэн хийж, түлхүүр хүлээлгэх нөхцөлтэйгөөр 1 м.кв талбайг 840 000 төгрөг, нийт 67 200 000 төгрөгөөр гэрээний 3.1-д заасан хугацаанд буюу 2017 оны 11 сарын 01-нд багтаан барьж дуусган нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 08-08/2017 тоот гэрээний 1.2, 1.3, 1.4, 5.1, 5.2, гэрээний хавсралтад заасны дагуу гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 60 хувь болох 40 320 000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 40 хувь болох 26 880 000 төгрөгийг барилгын ажлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор төлөхөөр талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээний 1.4, 2.2, 5.1, гэрээний хавсралтад заасны дагуу гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 8 сарын 01-ний өдөр 40 320 000 төгрөгийг хариуцагч талд бэлнээр төлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч хариуцагч тал нь гэрээний 1.1, 1.2-т заасан амины орон сууцыг гэрээний 3.1-д заасан хугацаа буюу 2017 оны 11 сарын 01-ний өдөр бүрэн дуусгаж, нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч тал нь өөрийн захиалсан амины орон сууцны үйл ажиллагаатай танилцахад өнөөдрийн байдлаар амины орон сууцны карказын ажлыг бүрэн дуусгасан боловч дотор заслын болон сантехникийн ажлууд бүрэн дуусаагүй байдалтай байсан бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс удаа дараа хариуцагч талд албан ёсоор барилгын дотор заслын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл амины орон сууцыг бүрэн дуусгалгүй нэхэмжлэгч талын эрх ашгийг хохироож байна. Хариуцагч компани нь хоёр талын байгуулсан 08-08/2017 тоот гэрээний 3.1-д заасан хугацаанд нэхэмжлэгч талын захиалсан амины орон сууцыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөөгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа тул 3.2-д заасны дагуу барилгын ашиглалтад оруулах хугацаа буюу 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр 2019 оны 9 сарын 18-ны өдөр хүртэл өдрийн 33 600 төгрөгийн алданги, нийт 687 өдрийн алданги 23 083 200 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын зүгээс удаа дараа амины орон сууцыг бүрэн дуусган хүлээлгэн өгөхийг мэдэгдэж байсан боловч хариуцагч компани амины орон сууцыг удахгүй бүрэн дуусган, түлхүүр хүлээлгэн өгнө гэх зэргээр худал мэдээлж нэхэмжлэгч талыг хохироож байсан тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гарган өөрийн эрх ашгаа хамгаалуулах зорилгоор мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчид 7 479 300 төгрөгийг төлсөн. Иймд гэрээний 6.3-т заасны дагуу нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 7 479 300 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн зүгээс 08-08/2017 тоот гэрээний 2.2, 5.2, гэрээний хавсралтад заасны дагуу амины орон сууцыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор үлдэгдэл 26 880 000 төгрөгийг хариуцагч талд төлөхөд бэлэн байгаа болно. Иймд иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, хоёр талын байгуулсан 2017 оны 8 сарын 01-ний өдрийн Монгол хаус хотхоны амины орон сууц худалдах, худалдан авах 08-08/2017 тоот гэрээний 1.1, 1.2, 3.10-д заасны дагуу нэхэмжлэгч талын захиалсан амины орон сууцыг бүрэн дуусган нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхийг хариуцагч Жи эм консалтинг ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 3.2-т заасны дагуу алданги 23 083 200 төгрөг, гэрээний 6.3-т заасны дагуу хууль зүйн туслалцаа авахад төлсөн 7 479 300 төгрөг, нийт 30 562 500 төгрөгийг хариуцагч Жи эм консалтинг ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жи эм консалтинг ХХК нь Б.Солонготой 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 08-08/2017 тоот гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч компани нэхэмжлэгчийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу 80 м.кв хэмжээтэй 3 өрөө, 2 давхар Канад технологийн дулаалгатай, ган төмөр карказтай, модерн загвартай орон сууцыг суурийн үндсэн хана, дээвэр, хаалга, цонх, дотор, гадна засал чимэглэл, сантехникийн төхөөрөмжүүдийн холболт, цахилгаан халаалт, гадна ариутгах татуургын далд шугам хоолойн угсралт, бохир хуримтлуулах танк зэрэг дэд бүтцийн ажлыг бүрэн хийж, түлхүүр хүлээлгэх нөхцөлтэйгөөр 1 м.кв талбайг 840 000 төгрөг, нийт 67 200 000 төгрөгөөр гэрээнд заасан хугацаанд буюу 2017 оны 11 сарын 01-нд багтаан барьж дуусган нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 08-08/2017 тоот гэрээний хавсралтад заасны дагуу гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 60 хувь болох 40 320 000 төгрөгийг, үлдэгдэл 40 хувь болох 26 880 000 төгрөгийг барилгын ажлыг хүлээн авснаас 7 хоногийн дотор төлөхөөр талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээний 1.4, 2.2, 5.1, гэрээний хавсралтад заасны дагуу гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 8 сарын 01-ний өдөр 40 320 000 төгрөгийг хариуцагч бэлнээр төлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх бөгөөд хариуцагч тал зөвшөөрч байна. Гэрээнд заасан материалаар тус орон сууцыг барихад чанарын шаардлага хангахгүй байх асуудал үүсэхээр байсан бөгөөд анх барьсан барилгуудад яваандаа засвар хийх асуудал гарахаар байсан тул бүх материалуудыг сайжруулж барьсан. Энэхүү шалтгааны улмаас хугацаа хэтэрсэн байгаа юм. Материал сайжруулах талаар Б.Солонгод удаа дараа мэдэгдсэн бөгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж санал тавихад юу ч гэсэн хийчих, хүлээж авахдаа тооцоогоо тохирно гэж хэлсэн бөгөөд өөрөө гадаадад байсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт шууд хийх боломжгүй байсан. Нэг Монголд ирээд хугацаа өнгөрсөн, байшин барьж дуусгаагүй байна гэдэг талаар ярилцаад хэлсэн. Бидний зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя, материалын зардал 30 000 000 орчим болж байна. Та анхны гэрээн дээрээ зөвхөн нэмэлт материалын зардал буюу материал сайжруулсны зөрүү мөнгийг л нэмж төлөөд байраа үргэлжлүүлье гэсэн боловч ямар ч мөнгө нэмж төлөхгүй гэж хэлсэн. Тийм учраас бид гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж материалын зөрүүн дээр ямар нэгэн шийдэлд хүрэхээс нааш барилгыг үргэлжлүүлэхгүй орхисон юм. Маш хямд өртгөөр буюу ямар ч ашиг харахгүйгээр компани тодорхой хүмүүст мэдэгдэж сурталчлах зорилгоор хамгийн хямд өртгөөр барилга барих манай анхны төслүүдийн нэг юм. Б.Солонго нь очоод гэрээндээ нэмэлт оруулна гэж байгаад ирсэн хойноо ямар ч зөрүү төлөхгүй харин ч алданги авна гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүүлд хоёр тал уулзаж анх төлсөн төлбөр, алдангийг хамт өгье, байшинг өгөхгүй, гэрээг цуцалъя гэдэг байдлаа хэлэхэд нэхэмжлэгч тал хүлээж аваагүй юм. Одоо байшингаа авна, алданги авна, материалын зөрүүг өгөхгүй гэдэг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Манай байгууллагын хувьд үйлчлүүлэгчдийн захиалгыг чанарын өндөр түвшинд, зохих норм, стандартын дагуу хийж гүйцэтгэх үүргээ биелүүлэхийн тулд гэрээнд заасан материалыг солих зайлшгүй шаардлагатай болсон байдаг. Учир нь гэрээнд заасан материалаар тус орон сууцыг барихад чанарын шаардлага хангахгүй байх асуудал үүсэхээр байсан бөгөөд анх барьсан барилгуудад яваандаа дахин засвар хийх асуудал гарахаар байсан тул бүх материалуудыг сайжруулж барьсан. Энэ талаар дан ганц Б.Солонгод бус бусад үйлчлүүлэгчдээ ч гэсэн мэдэгдэж, захиалагчид бүгд материал сайжруулалтыг дэмжсэн байдаг. Тухайн байрыг захиалагчийн сэтгэлд нийцүүлэхийн тулд бүхий л байдлаар өөрчлөлтийг хийж, тухай бүр чатаар холбогдоход Б.Солонго нь гэрээ хамаагүй, зөрүү төлбөр төлнө гэдэг байдлаа илэрхийлдэг байсан тул өнөөдрийн энэ байдалд хүрнэ гэж бодоогүй юм. Нэг Монголд ирээд хугацаа өнгөрсөн, байшин барьж дуусгаагүй байна гэдэг талаар ярилцаад гэрээний хугацааг сунгасан. Бидний зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя, материалын зардал 30 000 000 орчим төгрөг болж байна. Та анхны гэрээн дээрээ зөвхөн нэмэлт материалын зардал буюу материал сайжруулсны зөрүү мөнгийг л нэмж төлөөд байраа үргэлжлүүлье гэсэн боловч ямар ч мөнгө нэмж төлөхгүй гэж хэлсэн. Тийм учраас бид гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж материалын зөрүүн дээр ямар нэгэн шийдэлд хүрэхээс нааш барилгыг үргэлжлүүлэхгүй орхисон юм. Маш хямд өртгөөр буюу ямар ч ашиг харахгүйгээр компани тодорхой хүмүүст мэдэгдэж сурталчлах зорилгоор хамгийн хямд өртгөөр барилга барихаар болсон манай анхны төслүүдийн нэг юм. Б.Солонго нь очоод гэрээндээ нэмэлт оруулна гэж байгаад ирсэн хойноо ямар ч зөрүү төлөхгүй харин ч алданги авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Жи эм консалтинг ХХК-ийн хувьд захиалагч, үйлчлүүлэгчдийн тав тухыг бодсоны үндсэн дээр материалыг сайжруулсан нь ирээдүйд бий болох доголдлыг арилгах зорилготой байсан бөгөөд доголдлыг арилгахад гарсан нийт зардлыг бус материалын зардал болох 30 000 000 төгрөгийг захиалагч Б.Солонгоос шаардсан байдаг. Сүүлд хоёр тал уулзаж анх төлсөн төлбөр, алдангийг хамт өгье, байшинг өгөхгүй, гэрээг цуцалъя гэдэг байдлаа хэлэхэд Б.Солонго нь хүлээж аваагүй. Одоо Б.Солонго нь материалын мөнгийг өгөхөөс татгалзаж, байшингаа авна, алданги авна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан тул захиалагчийн зарим буруутай үйлдэл, үүсгэсэн нөхцөл байдлаас шалтгаалан гүйцэтгэгч талыг хохироож байгаа тул 2017 оны 8 сарын 01-ний өдөр байгуулсан 08-08/2017 тоот гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гүйцэтгэгч талаас гэрээг цуцлахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулснаас хойш хариуцагч Жи эм консалтинг ХХК-иас нэхэмжлэгч Б.Солонгод гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ганц ч удаа мэдэгдэж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Солонго нь өнөөдрийг хүртэл Бельги улсад оршин сууж байгаа тул гэрээтэй холбоотой баримт бичиг үйлдэх, албан ёсоор бичгэн байдлаар мэдэгдэл хүлээн авах, нэмэлт гэрээнд гарын үсэг зурах боломж, нөхцөл байгаагүй болно. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.Солонго нь гэрээ байгуулснаас хойш хариуцагч Жи эм консалтинг ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, захиалан гаргуулж буй орон сууцандаа яаралтай орж, амьдармаар байгаагаа мэдэгддэг байсан боловч хариуцагч Жи эм консалтинг ХХК-ийн зүгээс удахгүй барьж дуусгана, түр хүлээж бай гэх зэргээр цаг хожиж байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т заасны дагуу хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулаагүй. Мөн хариуцагч Жи эм консалтинг ХХК-ийн зүгээс гэрээний нийт үнийг 67 200 000 төгрөгөөр тохирсноос хойш тус үнийг ахин өөрчлөх, нэмэх, дахин тооцох талаар тохирч байгаагүй болно. Нэхэмжлэгч Б.Солонго нь гэрээний урьдчилгаа 40 320 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр хариуцагч Жи эм консалтинг ХХК-д бүрэн төлж, талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Б.Солонгын захиалан бариулж буй 80 м.кв хэмжээтэй 3 өрөө, 2 давхар амины орон сууц нь гэрээний 3.1-т заасан хугацаанд буюу 2017 оны 11 сарын 01-ны өдрийн дотор бүрэн баригдаж дуусаагүй нь, мөн гэрээнд заасан үүрэг биелэгдээгүй нь нэхэмжлэгч Б.Солонгын буруу биш болохыг хариуцагч Жи эм консалтинг ХХК хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс нэхэмжлэгч Б.Солонго нь 08-08/2017 дугаартай гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэж гүйцэтгэгч буюу хариуцагч Жи эм консалтинг ХХК-ийг хохироосон буруутай үйлдэл, үйл ажиллагаа хийгээгүй байх тул хариуцагч Жи эм консалтинг ХХК-иас №08-08/2017 дугаартай гэрээг цуцлах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.4, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08-08/2017 дугаартай Монгол хаус хотхоны амины орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Солонгод Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах Монгол Хаус хотхоны 40 тоот, 80 м.2 хэмжээтэй 3 өрөө, 2 давхар Канад технологийн дулаалгатай, ган төмөр карказтай, модерн загвартай амины орон орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөхийг хариуцагч Жи эм консалтинг ХХК-д даалгаж, хариуцагч Жи эм консалтинг ХХК-иас 23 083 200 /хорин гурван сая наян гурван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Солонгод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 479 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Жи эм консалтинг ХХК-ийн Б.Солонгод холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08-08/2017 дугаартай Монгол хаус хотхоны амины орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Б.Солонгын 381 000 төгрөг, хариуцагч Жи эм консалтинг ХХК-ийн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жи эм консалтинг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 343 561 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Солонгод олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Жи эм консалтинг ХХК нь үйлчлүүлэгчдийн захиалгыг чанарын өндөр түвшинд, зохих норм, стандартын дагуу хийж гүйцэтгэх үүргээ биелүүлэхийн тулд гэрээнд заасан материалыг солих зайлшгүй шаардлагатай болсон байдаг. Нэхэмжлэгч Б.Солонго нь тухайн үед гадаадад байсан учир ... гэрээнд гарын үсэг зурах боломжгүй, юу ч гэсэн хийчих, хүлээж авахдаа тооцоогоо тохирно ... гэж хэлсэн тул барилгын ажлыг бусад төслүүдийн нэгэн адил үргэлжлүүлж байсан. Мөн дотоод заслын хувьд ганцхан Б.Солонгын байранд захиалагчийн хүсэлтээр маш их өөрчлөлт орсон ба байрыг захиалагчийн сэтгэлд нийцүүлэхийн тулд бүхий л байдлаар өөрчлөлтийг хийж, тухай бүр чатаар холбогдож байсан. Түүнчлэн материалд өөрчлөлт орж, шинээр тавих болон засварлах ажиллагаанаас шалтгаалан амины орон сууцыг анхны гэрээнд тохиролцсон хугацаанд дуусгах боломжгүй болсон тул 2017 оны 8 сарын 01-ний өдөр 08-08/2017 тоот гэрээний хугацааг сунгах тухай актыг нэхэмжлэгчийн ээж болох Б.Оюунцэцэгтэй байгуулсан. Тус баримтад зурагдсан гарын үсэг нь Б.Оюунцэцэгийнх болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.Солонгыг төлөөлж түүний ээж Б.Оюунцэцэг нь гарын үсэг зурсан хоёр баримт байгаа атал шүүхээс нэгийг нь үнэлэлгүй алданги төлөх ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэргийн 18-р талд авагдсан зөвшөөрөл олгох тухай баримтанд Б.Солонго нь ээж Б.Оюунцэцэг, эгч Оюун нарт гэрээ байгуулах эрхийг олгосон, тус гэрээ нь миний хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл болно гэх баримт байх бөгөөд зөвшөөрөл олгосон 2017 оны 8 сарын 01-ний өдрийн амины орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.2, 7.1-т хугацаа тогтоож өгөх, сунгах зэргийг тохиролцсон. Өөрөөр хэлбэл 2017 оны 8 сарын 01-ний гэрээнд Б.Оюунцэцэг нь нэхэмжлэгч Б.Солонгын зөвшөөрлийн дагуу гарын үсэг зурсан үйлдэл нь 2018 оны 8 сарын 01-ний гэрээ болон хугацаа сунгасан баримтанд гарын үсэг зурах эрхийг давхар өгч байгаа билээ. Жи Эм Консалтинг ХХК-ийн зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя, материалын зардал 30 000 000 орчим төгрөг болж байна, та анхны гэрээн дээр зөвхөн нэмэлт материалын зардал буюу материал сайжруулсны зөрүү мөнгийг л нэмж төлөөд байраа үргэлжлүүлье гэсэн боловч ямар ч мөнгө нэмж төлөхгүй гэж хэлсэн. Тийм учраас хариуцагч байгууллага гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж материалын зөрүүн дээр ямар нэгэн шийдэлд хүрэхээс нааш барилгыг үргэлжлүүлэхгүй орхисон юм. Жи эм консалтинг ХХК-ийн хувьд захиалагч, үйлчлүүлэгчдийн тав тухыг бодсоны үндсэн дээр материалыг сайжруулсан нь ирээдүйд бий болох доголдлыг арилгах зорилготой байсан бөгөөд доголдлыг арилгахад гарсан нийт зардлыг бус материалын зардал болох 30 000 000 төгрөгийг захиалагч Б.Солонгоос шаардсан байдаг. Сүүлд хоёр тал уулзаж анх төлсөн төлбөр, алдангийг хамт өгье, байшинг өгөхгүй, гэрээг цуцалъя гэдэг байдлаа хэлэхэд Б.Солонго нь хүлээж аваагүй. Одоо Б.Солонго нь материалын мөнгийг өгөхөөс татгалзаж, байшингаа авна, алданги авна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд захиалагчийн зарим буруутай үйлдэл, үүсгэсэн нөхцөл байдлаас шалтгаалан гүйцэтгэгч талыг хохироож байгаа үйлдэл тул 2017 оны 8 сарын 01-ний өдөр байгуулсан 08-08/2017 тоот гэрээг цуцлах нь үндэслэлтэй. Мөн шинжээчийн дүгнэлтээр 2017 оны сарын 01-ний өдөр байгуулсан 08-08/2017 тоот гэрээ сунгагдсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл гэрээ сунгагдсан учир өнөөдрийг хүртэл үндсэн гэрээний хугацаа дуусаагүй байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт хэмээн үзэлгүй гэрээг дуусгавар болсон гэж үзэж буй явдал нь хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, хангалттай нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Солонго нь хариуцагч Жи эм консалтинг ХХК-д холбогдуулан орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, алданги болон өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд нийт 30 562 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08-08/2017 тоот гэрээг цуцлахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч байгууллага нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхийг даалгах, гэрээний дагуу алданги 23 083 200 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 7 479 300 төгрөг, нийт 30 562 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж хариуцагч эс зөвшөөрч гэрээнд заасан материалыг сайжруулж, нэмэлт зардал гаргах шаардлагатай болсон, үүнтэй холбоотойгоор орон сууцыг ашиглалтад өгөх хугацаа хэтэрч, талууд гэрээний хугацааг сунгасан, захиалагч нэмж мөнгө төлөхгүй гэсэн тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.4 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах үндэслэлтэй гэж тус тус үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлажээ.

Зохигчид 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 08-08/2017 дугаартай Монгол хаус хотхоны амины орон сууц худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Жи эм консалтинг ХХК нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Монгол хаус хотхонд байршилтай, 80 м.кв талбайтай, 67 200 000 төгрөгийн үнэ бүхий, Канад технологийн дулаалгатай, ган төмөр карказтай амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Б.Солонго нь орон сууцны үнийн 60 хувь буюу 40 320 000 төгрөгийг гэрээ хийх үед төлөх, 40 хувь буюу 26 880 000 төгрөгийг барилгын ажил дуусахад төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, Монгол хаус хотхоны амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 10-15-р тал/.

 

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Б.Солонго нь тодорхой давхар бүхий, өрөөний тоо, талбайн хэмжээг тогтоон орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, хариуцагч Жи эм консалтинг ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон тохиролцоо нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.4-т Барилгын ажил дуусах хугацаа 2017 оны 11 сар байна гэж заасан боловч хариуцагч Жи эм консалтинг ХХК нь уг хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна. /хх-ийн 13-р тал/. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Нэхэмжлэгч Б.Солонго нь орон сууцны үнийн 60 хувь болох 40 320 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Жи эм консалтинг ХХК-д төлсөн болох нь зохигчийн тайлбар болон кассын орлогын ордер зэргээр тогтоогдсон тул ажлын үр дүнг шаардах эрхтэй. Иймд орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Хэргийн 119 дүгээр талд авагдсан гэрээний хугацаа сунгах тухай баримтад нэхэмжлэгч Б.Солонгыг төлөөлж түүний ээж Б.Оюунцэцэг гарын үсгээ зурсан, энэ нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдоно гэж хариуцагч тайлбарласан, анхан шатны шүүх Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, гэрээний хугацаа сунгах зөвшөөрлийг нэхэмжлэгч Б.Солонго нь Б.Оюунцэцэгт олгосон гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь тус баримтыг үйлдэх үед Б.Оюунцэцэг нь нэхэмжлэгч Б.Солонгыг төлөөлөх эрхтэй байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгч Б.Солонго нь гэрээний хугацаа сунгах зөвшөөрлийг Б.Оюунцэцэгт олгоогүй гэж маргаж байгаа тохиолдолд гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэхгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Алданги 23 083 200 төгрөг гаргуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Учир нь талуудын байгуулсан гэрээнд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус гэрээний үнийн дүнгээс тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн агуулгад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар дээрх хуулийн заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул уг тохиролцоонд үндэслэн нэхэмжлэгч Б.Солонго нь алданги шаардах эрхгүй юм. Иймд алданги 23 083 200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Өмгөөллийн үйлчилгээний хөлс 7 479 300 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан зайлшгүй зардал гэж тооцолгүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Мөн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08-08/2017 тоот гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцлах шаардлага гаргасан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.4 дэх хэсэгт Захиалагчийн захиалгыг өөр байдлаар хангах боломжтой нөхцөлд ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.2-т зааснаар гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг өөр байдлаар хангах асуудлыг өөрийн зардлаар хариуцах тохиолдолд гэрээ цуцлах эрх үүсэх юм. Гэвч хариуцагч Жи эм консалтинг ХХК нь ажлын үр дүн буюу гэрээгээр тохирсон орон сууцыг өөр байдлаар хангах боломжтой болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дах хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж, 350 дугаар зүйлийн 350.1.3.б-д ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан. Хариуцагч Жи эм консалтинг ХХК нь төсвийн хэмжээ нэмэгдэж, нэмэлт зардал гаргах шаардлагатай болсон талаар нэхэмжлэгч Б.Солонгод мэдэгдсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нөгөө талаар, Иргэний хуулийн 355 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай зохицуулсан байх бөгөөд 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч гэрээний нөгөө тал болон нэхэмжлэгч Б.Солонго нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08-08/2017 тоот гэрээг цуцлах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00605 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.4, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Солонгод Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Монгол Хаус хотхон 40 тоот, 80 м.кв талбайтай, 3 өрөө, 2 давхар Канад технологийн дулаалгатай, ган төмөр карказтай, модерн загвартай амины орон орон сууцыг ашиглалтад оруулан, хүлээлгэн өгөхийг хариуцагч Жи эм консалтинг ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 30 562 500 төгрөгт холбогдох хэсэг болон 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08-08/2017 дугаартай Монгол хаус хотхоны амины орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 381 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жи эм консалтинг ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Солонгод олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413 766 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ