Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Л.Мажигсүрэн;

шүүгдэгч: Ш.Т /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шагдагжавын Тт холбогдох эрүүгийн 1809000000100 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт сантехникч ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 6-0095 тоотод оршин суух, ХВ84042718 регистерийн дугаартай, Хашиг овогт Шагдаржавын Т.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ш.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13-14 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн салбар лаборатори дотор иргэн Ж.Жаргалсүрэнгийн гээгдүүлсэн дотороо 15.000 төгрөгтэй хар өнгийн түрийвч, шаргал өнгийн Айпоне-7 маркийн гар утас, банкны карт, эрүүл мэндийн карт, иргэний үнэмлэх, гэр бүлийн зураг зэрэг эд зүйлүүдтэй цагаан өнгийн тортой эд зүйлийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 05-06/, хохирогч Ж.Жаргалсүрэн /хх-ийн 12-13/, гэрч Э.Ганбилэг /хх-ийн 17/ нарын мэдүүлэг, Ш.Тийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 14-16, 26-27/ мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 20-21/, Ш.Тийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-34, 39-40/, хохирогч Ж.Жаргалсүрэн, Ш.Т нар эвлэрсэн тухай хүсэлт /хх-ийн 43/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн салбар лаборатори дотор хохирогч Ж.Жаргалсүрэнгийн гээгдүүлсэн дотороо 15.000 төгрөгтэй хар өнгийн түрийвч, шаргал өнгийн “Айфоне-7” загварын гар утас, банкны карт, эрүүл мэндийн карт, иргэний үнэмлэх, гэр бүлийн зураг зэргийг авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 354.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ж.Жаргалсүрэнгийн /хх-ийн 6/: “... Би 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Эрүүл мэндийн төвийн салбар дээр үзүүлэх гэж очоод өлгүүрт хувцасаа өгөхдөө сувилагчийн постон дээр нөхөрийнхөө “Интермед” гэсэн ногоон өнгийн бичигтэй торонд хөлний томографийн зураг, эрүүл мэндийн карт, шинжилгээний бичигнүүд, бор өнгийн арьсан эрэгтэй түрийвч, дотор нь 15.000 төгрөг бэлнээр, иргэний үнэмлэх, худалдаа хөгжлийн банкны карт 1 ширхэг, гэр бүлийн зурагнууд, “Айфоне-7” маркийн гар утастай хамт хулгайд алдсан. Би тортой зүйлээ постны хажууд тавиад дээшээ 2 давхарт гарч мэдрэлийн эмч рүү ороод 20-30 минут болсон. Буцаж бууж байхдаа гэнэт санаад пост дээр ирэхэд тортой эд зүйл байхгүй байсан. Тухайн үед манай нөхөр 2 давхарт байсан юм. Бид 2 эмнэлэг рүү ороод манай нөхөр Баянмөнх надад тортой эд зүйлээ хувцастайгаа үлдээгээд дээшээ гарсан. Би хувцасыг нь өлгүүлээд өөрөө бас үзүүлэх байсан юм…” гэх мэдүүлгээр,

 

Ш.Тийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 14-16, 26-27/: “... Тухайн өдөр 13 цаг өнгөрч байхад 1 хүн “цусны шинжилгээний хариу авъя” гэхээр нь би “регистерээ хэл” гээд доошоо харж мэдээллийн сангаас хариуг нь авч хэвлэж өгөөд явуулсан. Ямархуу хүн байсныг нь хараагүй. Би өөрөө доошоо харж юмыг нь бичээд шинжилгээний хариуг нь өгөөд хохирогч эгчийг хувцасаа өлгөчих гээд явуулсан. Тэр үед би юу ч анзаараагүй...” , “... Би Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд сантехникчээр ажилладаг юм. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед ажил дээрээ сууж байтал манай текний урд нэг тортой зүйлийг эзэн нь аваагүй явсан болохоор нь би тэр зүйлийг цааш нь аваад далд хийсэн. Удалгүй эзэн нь гэнэт хашгираад буугаад ирэхээр нь айсандаа би “хараагүй” гээд хэлчихсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд явсан хойгуур нь торон дотор байсан түрийвч, утас хоёрыг нь аваад бусад зүйлийг нь хог дээр хаячихсан...” гэх мэдүүлгээр, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 20-21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хохирогчийн эмнэлэг дотор мартаж, гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж шунахай сэдэлтээр хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Ш.Тийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө… завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү Ш.Тийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн тул хохирогчид төлөх төлбөргүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Ш.Тийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хашиг овогт Шагдаржавын Тийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ