| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0185/Э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2018-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;
улсын яллагч: Э.Халиун;
шүүгдэгч: Ж.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жаргалсайханы Бд холбогдох эрүүгийн 1809003640110 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Комит сервес” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж, 195 тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ч085122030 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Цог овогт Жаргалсайханы Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ж.Б нь 2018 оны 01 дүгээр 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петро Стар” ХХК-ийн шатахуун түгээх станцын 29 дүгээр салбарын дэлгүүр дотор хохирогч Б.Энхтүвшинг “чи хүн танихаа больчихсон юмуу гэж хэллээ” гэх шалтгааны улмаас түүний баруун хацар руу 2-3 удаа цохиж, мөн зүүн гарын шуу хэсэгт 3-4 удаа цаасны хутганы гэрээр хатган улмаар түүний биед зүүн гарын шуунд шарх, доод уруулын салс, зүүн талын завьжинд язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, хохирогч Б.Энхтүвшин /хх-ийн 7-9/, гэрч Н.Гантулга /хх-ийн 10/, А.Цэнгэл /хх-ийн 11, 17/, Я.Гантулга /хх-ийн 12/, Т.Цэнд-Очир /хх-ийн 13/, Г.Энхтөр /хх-ийн 15/, А.Буянхишиг /хх-ийн 16/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжуучийн 1184 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23/, Ж.Бы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, Ж.Бы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-34/, хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 35-37/, хохирогч Б.Энхтүвшингийн гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петро Стар” ХХК-ийн шатахуун түгээх станцын 29 дүгээр салбарын дэлгүүрт “чи хүн танихаа больчихсон юм уу” гэж хэллээ хэмээн Б.Энхтүвшинг буруутган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Энхтүвшингийн /хх-ийн 7/: “... Би 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орой таксинд явж байгаад цай уух санаатай Энхтайваны гүүрний баруун талд байрлах “Петровис” ШТС-ын дэлгүүр рүү ороод таньдаг таксины жолооч нартайгаа кофе найруулаад үүд хэсэгт нь зогсож байтал гаднаас өмнө таксинд явдаг байсан зүс таних “Хаалга” хочтой залуу орж ирэхээр нь “юу байна” гээд мэндэлсэн чинь “юумгүй” гэхээр нь “би чамтай Од кино театрийн хажууд явж байхад чинь таарсан чинь чи танихгүй байна лээ, чи 30 приустэй явж байсан” гэсэн чинь “Хаалга” хочтой зүс таних залуу өөдөөс “битгий шаагаад бай, би чамайг танихгүй байхдаа яадаг юм, тэр 30 приусыг чинь аль дээр үед зарчихсан” гэхэд нь “яах аргагүй бараан приустэй явж байсан даа” гэхэд “шаагаад байгаарай пизда минь, битгий шаа” гээд шууд миний шилбэ рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би өөдөөс нь хальт өшиглөсөн болчихоод эргэж хараад кофегоо найруулаад зогссон чинь шууд миний нүүрэн тус газарт 3-4 удаа гараараа цохьсон. Бидний дундуур хүмүүс орж ирээд “болиоч” гэсэн чинь хойшоо хоёр алхаад буцаад юу юугүй над руу дайрч ирээд юугаар хатгаад байгаа нь мэдэгдэхгүй гартаа нэг хатуу зүйл барьчихсан миний цээж гар руу 4-5 удаа маш хурдан дүрээд байсан. Удалгүй миний зүүн гарын шуу хэсэг халуу дүйгээд эхлэхээр нь гадуур хувцасаа тайлсан чинь баруун гарны шуу хэсэг 2 см орчим зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Цэнгэлийн /хх-ийн 11/: “... 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн үед гаднаас дэлгүүрт 4-5 залуу орж ирж үйлчлүүлсэн. Тэд нарын заримыг нь би зүс танина. Учир нь тэд нар оройн цагаар манай дэлгүүрээр үйлчлүүлдэг таксины жолооч нар юм. Би нэрсийг нь сайн мэдэхгүй. Зүс харвал танина. Тухайн орой 2 залуу хоорондоо маргалдсан. Өмнө нь тааралдахдаа машинаараа шахаж зогсож байсан гэх мэт зүйл яриад маргалдаад байсан. Маргалдахдаа хоорондоо инээлдэх маягтай ярьж байсан. Тэгтэл нэг залуу нь болох ногоон өнгийн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн саравчтай малгайтай, өндөрдүү нуруутай залуу нь нэг улаан өнгийн ноосон малгайтай, хар хөх өнгийн куртиктэй, махлагдуу, намхан нуруутай ахыг цохиод байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Гантулгын /хх-ийн 10/: “... Миний бие өнөөдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цагаас 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цагийн хооронд тус хамгаалалтын албаны шуурхай бүлгийн хамгаалагчаар үүрэг гүйцэтгэн ажиллаж баина. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны оройн 21 цаг 25 минутад “Петровис” ХХК-ийн ШТС-ын 29 салбараас дохиоллын дуудлага ирсэний дагуу 5 орчим минутын дараа тус салбар дээр ирсэн. Биднийг ирэх үед цагдаагиин алба хаагч нар болон түргэний эмч нар ирсэн. Нэг залуугийн гарыг эмч боогоод байж байсан. Тэгээд болсон асуудлыг худалдагчаас асуухад “сая дэлгүүр дотор зодоон болсон, нэг залуу нь нөгөөгөө зодсон, зодуулсан хүн нь энэ байна” гэж зааж өгсөн. Тэгээд эмч нар боолт хийчихээд явчихсан...” гэх мэдүүлгээр,
Ж.Бы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 26-27/: “... 2018 оны 1 дүгээр сарын 06-ны оройн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрний доод талд байрлах “Петровис” шатахуун түгээх салбарын дэлгүүрээс юм авах гэж ортол танил найз Я.Гантулга, Э.Амгалан, Б.Энхтүвшин нар кофе уугаад зогсож байсан. Намайг дэлгүүрт орох үед Я.Гантулга надтай мэндлэх үед зөрүүлээд бүх хүмүүстэй мэндэлсэн. Гэтэл Б.Энхтүвшин цаанаас орж ирээд хажууд ирж зогсоод надад хандаж “чи хүн танихаа больчихсон юм уу, таарчихаад зам дээр дайрах нь ээ, зам тавьж өгөхгүй” гэхээр нь “хэзээ тийм юм болоо вэ” гэтэл “7 сард” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи надтай нэг сарын өмнө таарсан биз дээ, одоо юу яриад байгаа юм бэ, хүмүүсийн хажууд яагаад элдэв бусаар хэлээд байгаа юм бэ” гэхэд “чи яасан том болчихсон гөлөг вэ, пизда чинь” гэхээр нь Б.Энхтүвшингийн баруун хазар руу нь хоёр удаа гараараа цохисон. Тэгтэл хажуу талаар хамт зогсож байсан Э.Амгалан салгаад “боль” гэж хэлсэн. Ингээд Б.Энхтүвшингөөс салаад зогсож байтал Б.Энхтүвшин халаасандаа гараа хийчихээд намайг элдэв янзаар хэлээд зогсоод байсан. Тухайн үед би Б.Энхтүвшингийн халаасанд хутга байна, хутгалчихаж магадгүй гэж бодоод халаасанд явж байсан цаасны хутганы гэрээр зүүн мөр, шуун тус газар нь хатгасан. Тэгтэл хажуу талаас Э.Амгалан салгаад намайг дэлгүүрээс гаргасан. Би дэлгүүрээс цаасны хутганы ир авах гэж орсон юм. Би өөрөө авто машин худалдан борлуулдаг учраас зарж борлуулж байгаа автомашиндаа өнгөт хальс наасан байдаг. Салхины шилэн дээр нь өнгөт хальс наасан автомашины тольний хэсгийг нь ухаж авдаг юм. Тэгээд тухайн үед цаасны хутга иргүй болчихоор нь хаячихаад ирийг нь солих санаатай явж байсан юм...” гэх мэдүүлгээр,
Ж.Бы буруутай үйлдлийн улмаас Б.Энхтүвшингийн биед “зүүн гарын шуунд шарх, доод уруулын салс, зүүн талын завьжинд язрал” бүхий зүүн гарын шууны шарх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, доод уруулын салс, зүүн талын завьжны язрал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1184 тоот дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж улмаар түүнийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
“Чи хүн танихаа больчихсон юм уу” гэж хэллээ хэмээн Б.Энхтүвшинг буруутган зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ж.Бы санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ж.Бы “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн. Гэвч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл ямар журмаар ял оногдуулах нь зохицуулагдаагүй байна. Иймд шүүх энэ асуудлыг хөндөөгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Ж.Б гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Б.Энхтүвшинд 1.300.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Ж.Бы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Цог овогт Жаргалсайханы Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ