| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2024/0022/З |
| Дугаар | 120/ШШ2025/0007 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 120/ШШ2025/0007
2025 оны 04 сарын 30 өдөр Дугаар 120/ШШ2025/0007 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Жесэн лимитед” ХХК
Хариуцагч: Өмнө аймгийн ******* сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ гаргуулахад санал авах тухай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийн хариуг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, холбогдох шийдвэр гаргахыг даалгуулах, ******* сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, өмгөөлөгч Э.Дөлгөөн, хариуцагч Өмнө аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1 “Жесэн лимитед” ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ гаргуулахад санал авах тухай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийн хариуг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, холбогдох шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “******* сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргасан.
2. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 120/ШЗ2024/0189 дугаар захирамжаар “Жесэн лимитед” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнө аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 120/2024/0018/з дугаартай захиргааны хэргийг “Жесэн лимитед” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнө аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 120/2024/0022/з дугаартай захиргааны хэрэгт нэгтгэсэн.
2.2 Нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Хүсэлт хүргүүлэх тухай” 24/212 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “...Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад татгалзах зүйлгүй гэсэн санал” авах тухай албан бичгийг тус тус ******* сумын Засаг даргад хүргүүлсэн бөгөөд сумын Засаг даргаас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1-507 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг зөрчсөн байх ба байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гаргах хугацаа дууссан тул байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гаргуулахыг дэмжих боломжгүй...” гэх хариуг “Жесэн лимитед” ХХК-д хүргүүлсэн.
2.3 Нэхэмжлэгч “Жесэн лимитед” ХХК нь ******* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/63 дугаар захирамжаар нэгж талбарын дугаар бүхий 5400 м2 газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар 26 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн (“ ” ХХК-иас) эзэмшжээ.
2.4 ******* сумын Засаг дарга 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/346 дугаар захирамжаар “Жесэн лимитед” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
3. Нэхэмжлэгч “Жесэн лимитед” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Өмнө аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А\63 дугаар захирамжаар Өмнө аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* хорооллын 8-1 тоотод хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Э- дугаартай 5400 м2 газрыг “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар”-ын зориулалттайгаар 27 жилийн хугацаатай эзэмших эрхийг шилжүүлэн авсан.
Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 21-ны өдөр сумын Засаг даргаас 1-387 дугаартай албан бичгээр гурван агуулга бүхий мэдэгдэл ирүүлсэн бөгөөд мэдэгдлийн дагуу арга хамжээ авахгүй бол Зөрчлийн хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах талаар дурдсан байсан.
Манай компанийн зүгээс мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авч “******* ******* ” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №БТБ\24\ дугаартай “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан болон газрын төлөв байдал чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажилласан. Ингээд тус компани гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн бөгөөд сумын Засаг даргын зүгээс “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад авах санал”-ыг бидний зүгээс өгч чадахгүй байгаа тул дүгнэлтийг эцсийн байдлаар ирүүлэхгүй байна. Учир нь манай компанийн зүгээс тус саналыг авах хүсэлтийг сумын Засаг даргад хүргүүлсэн боловч хүсэлтийн хариуг өгөхгүй эс үйлдэхүй гаргаж өдийг хүрсэн.
Уг эс үйлдэхүйгээс болж манай компани нь Газрын тухай хууль зөрчсөн, өгсөн мэдэгдлийн биелэлтийг хангаагүй байгаа мэт нөхцөл байдалд ороод байна. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэж байгаа тохиолдолд сум дүүргийн Засаг даргын саналыг заавал авдаг билээ. Иймд дээрх санал гараагүй байхад үнэлгээний компанийн зүгээс бидэнд үнэлгээний дүгнэлтийг эцсийн байдлаар өгөх боломжгүй гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй юм. Иймд тус санал нь манай компанийн эрх ашгийг хөндөхүйц нөхцөл байдлыг үүсгэсэн болно.
Өмнө аймгийн ******* сумын Засаг даргаас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1-387 дугаартай албан бичгээр гурван агуулга бүхий зөрчил арилгах мэдэгдэл ирүүлсэн бөгөөд мэдэгдлийн дагуу арга хамжээ авахгүй бол Зөрчлийн хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах талаар дурдсан байсан. Ингээд манай компанийн зүгээс дээрх зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байсан.
Гэвч 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай компанийн хаягаар Өмнө аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийг шуудангаар ирүүлсэн байна.
Уг захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.4 дэх заалтыг үндэслэн ******* сумын 1 дүгээр баг, 1 дүгээр баг *******-******* хорооллын 8-1 тоотод хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Э- дугаартай 5400 мкв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Учир нь:
Захиргааны албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй улмаар захиргааны актын улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн тус хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийж, хариу тайлбар гаргах боломж нөхцөлөөр хангаагүй.
Манай компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.
Учир нь тус заалт нь хууль хэрэглээний хувьд газрын тухай хууль болон газар эзэмших гэрээг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн байхыг шаарддаг бөгөөд удаа дараа гэдэг нь 2 ба түүнээс дээш удаа байхыг ойлгодог. Гэтэл манай компани өмнө ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй билээ. Мөн ноцтой зөрчил гэдэг нь ямар зөрчил болох талаар тогтоож тус захирамжийн үндэслэлд заагаагүй энэ талаар сонсох ажиллагааны хүрээнд баримт сэлт гаргасан зүйл байдаггүй.
Мөн сумын Засаг дарга болон газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан нь манай компанитай газар эзэмших гэрээ байгуулаагүй байж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ямар үүрэг зөрчсөн тухай дурдаагүй байна.
Манай компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзсэн байх бөгөөд ямар байгууллагын ямар дүгнэлт гарсан талаар бидэнд танилцуулаагүй. Энэ талаар бид мэдээлэлгүй байна. Манай компанийн зүгээс газраа бусдад ашиглуулснаас өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэж заасныг үндэслэсэн боловч захирамждаа “... байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулж газар ашигласан” гэжээ. Газрын тухай хуулийн дээрх зохицуулалт нь байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдэж улмаар тус үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй байхыг шаарддаг. Гэтэл бодит байдал дээр манай компани нь “******* ******* ” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн БТБ\24\ дугаартай “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан болон газрын төлөв байдал чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан үнэлгээний ажил дууссан байсан. Харин Ингээд тус компани гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн бөгөөд “сумын Засаг даргын зүгээс Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад авах санал”-ыг бидний зүгээс өгч чадахгүй байгаа тул дүгнэлтийг эцсийн байдлаар ирүүлэхгүй байна. Учир нь манай компанийн зүгээс тус саналыг авах хүсэлтийг сумын Засаг даргад хүргүүлсэн болов хүсэлтийн хариуг өгөхгүй эс үйлдэхүй гаргаж өдийг хүрсэн байдаг. Уг асуудал нь сумын Засаг даргын өөрийн буруутай эс үйлдэхүйгээс шалтгаалж байсан тул манай компанийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэжээ.
3.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “..."Жесэн лимитэд" ХХК нь "Бугат тэнгэр " ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5400 мкв газрыг 27 жилийн хугацаатайгаар үйлдвэр, үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлж авсан.
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр 3 шаардлага бүхий мэдэгдэл ирүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг шаардсан байгаа.Энэ албан бичигт заагдсан зөрчлийг арилгахаар бид ажиллаж байсан. Гэтэл энэ хугацаанд сонсох, мэдэгдэх ажиллагаа хийхгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргасныг эс хүлээн зөвшөөрч байгаа.
Эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд бид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэе, санал авъя гээд хүсэлтээ өгөхөд татгалзсан байдлаар хариу өгч болно мөн дэмжсэн байдлаар хариу өгч болно. Ямар нэгэн байдлаар хариу өгөх ёстой.
Улсын дээд шүүхийн 2018 оны 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг тайлбарласан.
Удаа дараа гэдгийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж гэрээний нөхцөл болзлыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөнийг ойлгоно. Тэгэхээр хоёр удаа зөрчсөн зөрчил гэж алийг хэлж байгаа юм. Ямар учраас 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг хэрэглэсэн юм гэдэг ойлгомжгүй байна. Нэг зөрчлийг давтана гэдэг өөр өөр зөрчил байж болно, нэг зөрчлөө хоёр ба түүнээс дээш удаа гаргасан гэдгийг ойлгоно. Гэтэл "Жесэн лимитэд" ХХК-ийн зүгээс гэрээний ямар нөхцөл болзлыг хоёр удаа зөрчсөн гэдгийг тогтоогоогүй гэж үзэхээр байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт газрыг хүн ам, эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол сөргөөр ашигласан эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж байгаа. Засаг даргын бүрэн эрх нь хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол бол тухайн газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна гэж байгаа.
Мөн энэ талаар Улсын Дээд Шүүхийн 15 дугаар тогтоолд тайлбарласан байгаа. Газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан гэдэг нь хянан баталгааны үзүүлэлтээс бууруулсан, хөрсийг доройтуулсан, бохирдуулсан үржил шимгүй болгосон зэрэг нөхцөл байдлуудыг үздэг. Энэ зөрчлийг тогтоохын тулд захиргааны байгууллагууд хамтарсан акт гаргадаг. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт зааснаар эрх олгосон мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан байвал зохихыг шаардаж, газар зохион байгуулдаг, газар кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн байгууллага эрх олгох, цуцлах, ашиглах, ажиллах журам зааврыг батлах эрх үүрэг байгаа.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9 дэх хэсэгт газар эзэмшигч ашиглагч нь хууль тогтоомж гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа, тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан гомдлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслээд гаргуулах ёстой.
Энэ дүгнэлтийг гаргах нь газрын албаны бүрэн эрхийн асуудал. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.18 "хуулийн 20.2.9-д заасны дагуу мэргэжлийн байгууллагатай хамтран шалгалт хийгээд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх дүгнэлтийг газрын алба гаргана гэснээр газрын албатай зөвшилцсөн, газрын алба газартай холбоотой дүгнэлт гаргасан зүйл байхгүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх үндэслэл нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэдэг асуудал яригддаг. Сүүлийн палеонтологи, археологи, угсаатан зүйн хайгуултай холбоотой хэсэг нь манай тохиолдолд хамааралгүй гэж ойлгож байгаа. Үүнээс харахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй, үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргахад анх олгохдоо 90 хоногийн хугацаанд үнэлгээ хийлгээгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж үзэж байгаа. Иймд Засаг даргын захирамж дээр дурдсан дээрх гурван хууль зүйн үндэслэл няцаагдаж байх тул нэхэмжлэлийг ханган шийдэж өгнө үү...” гэв.
4. Хариуцагч Өмнө аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* сумын Засаг даргад ирүүлсэн Өмнө аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 630/07 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай" албан шаардлагад “*******” ХХК нь Хог хаягдлын тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн заалтуудыг зөрчсөн тул “Зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй “*******” ХХК-ийн үйлдвэрлэл үйлчилгээний доорх газрыг эзэмших, өмчлөх эрхийг хууль тогтоомжийн дагуу цуцлах, газар чөлөөлүүлэх арга хэмжээг авч ажиллах, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгүй газрын гэрчилгээ олгогдсон асуудлыг зохих хууль журмын дагуу шийдвэрлэж ажиллах, Хууль тогтоомж зөрчиж зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан, үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулсан газруудад байгаль орчны бохирдлыг арилгах нөхөн сэргээх арга хэмжээг авч ажиллах” гэсэн шаардлагыг ирүүлсэн байна. Үүний дагуу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1-391 дүгээр “Газар чөлөөлөх тухай” мэдэгдлийг “*******” ХХК-д хүргүүлэн газрыг чөлөөлж, учруулсан хохирлыг барагдуулан 2024 оны 06 сарын 04-ний дотор хүлээлгэн өгөх тухай мэдэгдсэн. Үүний дагуу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1-391 дүгээр “Газар чөлөөлөх тухай” мэдэгдлийг албан бичгээр “*******” ХХК-д хүргүүлсэн.
Өмнө аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 630/07 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” албан шаардлагад “*******” ХХК нь хууль зөрчсөн түүний дагуу газрыг чөлөөлүүлэх шаардлага ирсэн тул түүний дагуу “*******” ХХК-д явуулсан, “Жесэн лимитед” ХХК-д мэдэгдэл хүргүүлээгүй болно.
“Жесэн лимитед” ХХК нь ******* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/63 дугаар захирамжаар ******* сумын 1 дүгээр баг ******* уул хорооллын 8-1 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 5400 м2 газрыг эзэмшиж байхдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтыг зөрчиж “*******” ХХК-тай хамтран ажиллаж тухайн газраа түрээсийн гэрээгээр ашиглуулсан байна. ******* сумын иргэдээс үзүүлсэн гомдол мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус компани нь байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг эрх бүхий байгууллагаар гаргуулаагүй, зөвшөөрөлгүйгээр авто засвар, ажилчдын байр, сэлбэгийн худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа аюултай хог хаягдал болох шатах тослох материалыг хөрсөнд болон газрын хэвлийд хаяж тухайн хөрсийг бохирдуулсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож, 1 тэрбум гаруй төгрөгийн байгаль орчны хохирол учруулсан байдаг. Дээрх нөхцөл байдлын улмаас Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 630/07 дугаартай албан шаардлагыг Засаг даргад ирүүлснийг холбогдох хууль тогтоомж, нотлох баримтуудыг шинжлэн судалсны дараа “Жесин лимитед” ХХК-д 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 1-387 дугаартай албан бичгээр тухайн зөрчлүүдийг арилгах, арилгаагүй тохиолдолд газар чөлөөлөх агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч эрх бүхий албан тушаалтны албан шаардлагын хугацаа дууссан тул би өөрөө арга хэмжээ авхуулах нөхцөл байдал үүссэн, мөн орон нутгийн иргэдийн гомдол, шаардлага дахин гараад байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 28-р зүйлийн 28.1 дэх хэсгийг баримтлан нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа байдал, эрх бүхий албан тушаалтны захиргааны шийдвэр зэргийг үндэслэн нийтийн ашиг сонирхлын үүднээс сонсох ажиллагаа хийхгүйгээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/346 дугаар захирамжаар тус газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
“Жесэн лимитед” ХХК нь нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй гэжээ. Мэдэгдлийг 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 1-387 дугаартай албан бичгээр хүргүүлснээс хойш 2 сарын дараа буюу 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/346 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан нь энэ хооронд нотлох баримтаа гаргаж өгөх хугацаа хангалттай байсан. Мөн энэ компанийн хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагааг эрх бүхий албан тушаалтан шалгаж тогтоох хугацаанд өөрсдийн гаргаж өгөх боломжтой бүхий л баримтыг гаргаж өгсөн нь тодорхой. Дээрхээс гадна “Жесэн лимитед” ХХК нь газар эзэмших шийдвэр гарснаас хойш Газрын тухай хуулиар олгогдсон эрх үүргээ зөрчиж байсан нь дараах байдлаар нотлогдож байна. Эзэмшил газраа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтыг зөрчиж бусдад Засаг даргын зөвшөөрөлгүйгээр түрээсэлсэн. Газрын тухай хуулийн 34.2 дахь заалтыг зөрчиж, эрх бүхий байгууллагаар 90 хоногийн дотор байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжоор тавигдсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон...” гэжээ.
4.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулахад санал авах тухай” 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийн хариуг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад тайлбараа гаргая. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс тухайн үеийн сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Бацмаад 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хандаж, орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргуулахад татгалзах зүйлгүй гэсэн саналаа өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн албан бичгийг ирүүлсэн.
Энэ хүсэлтийн нь дагуу тухайн үеийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Бацмаагаас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/507 дугаар албан бичгээр хариу өгсөн. Уг хариу албан бичигтэй танай байгууллагад газар эзэмших эрх үүсэж, газрын гэрчилгээ олгогдсон нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг зөрчсөн байх ба орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргах хугацаа дууссан тул орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргахыг дэмжих боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар Засаг даргын саналыг харгалзан үзэж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг төрийн захиргааны эсвэл байгаль орчны асуудалтай холбоотой байгууллага ерөнхий үнэлгээг гаргана гэж байгаа боловч саналын талаар тодорхой дурдаагүй
Өмнө аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/346 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар аливаа газар эзэмшигч нь бусдад буюу гуравдагч этгээдэд газрыг ашиглуулахдаа заавал тухайн шатны шийдвэр гаргасан Засаг дарга буюу энэ тохиолдолд ******* сумын Засаг даргад мэдэгдээд, зөвшөөрөл аваад холбогдох газар ашиглуулах шийдвэр гарсны дараа "*******" ХХК-д ашиглуулах ёстой байсан боловч энэ хуулийн заалт буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсгийг зөрчсөн.
Нэгж талбарын 460412681 дугаартай маргаан бүхий газрыг олгосон хэмжээнээс нь хэтрүүлсэн. Олгогдсон хэмжээ нь 5400 мкв гэтэл уг хэмжээг нь хэтрүүлээд, хашаагаа сунгаад ашиглаад байгаа зөрчил гаргасан.
Эдгээр хоёр зөрчил нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар Газрын тухай хуулийг удаа дараа буюу хоёр ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан болж байна.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж байгаа.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас "Их монголын байгаль" ХХК тухайн маргаан бүхий газарт очиж газрын үнэлгээ хийсэн. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ гаргасан. Үүнд эрх бүхий байгууллага буюу газар зүй, геодезийн хяналтын Улсын байцаагчаас газар хууль бусаар ашиглаж байсан "*******" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон үйл баримт байгаа. Мөн “*******н хөдөлгөөн” төрийн бус байгууллагад явуулсан Г.Бацмаа даргын албан бичгээр “Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авлаа, "Их монголын байгаль" ХХК-аар байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг гаргуулсан, ийм арга хэмжээ авсан” гэсэн хариуг явуулсан. Тэгэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл мөн адилхан хангагдсан гэж үзэж байгаа.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт байгаль орчны нөлөөлөх байдлын тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэж байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага гэхээр үнэлгээ хийлгээгүй. Газрын тухай хуульд зааснаар эхлээд захирамж гарна, захирамж гарсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээд, хийлгэсэн үнэлгээг нь үндэслээд сөрөг нөлөөтэй юу, сөрөг нөлөөгүй юу гэдгийг тогтооно. Гэтэл үнэлгээ хийлгээгүй байхад манай зүгээс гэрчилгээ олгосон асуудал байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үйл баримтууд тогтоогдсон учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Жесэн лимитед” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ гаргуулахад санал авах тухай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийн хариуг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, холбогдох шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1 Нэхэмжлэгч “Жесэн лимитед” ХХК нь “...манай компанийн зүгээс Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад авах санал авах хүсэлтийг сумын Засаг даргад хүргүүлсэн боловч хүсэлтийн хариуг өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байна...” гэж, хариуцагчаас “.. хүсэлтийн хариуг шийдвэрлэж 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/507 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн... хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй байхгүй...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргадаг.
1.2 Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус, өөрөөр хэлбэл, хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг хууль бус эс үйлдэхүй гэж үзэж, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бол шүүх тухайн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих шийдвэр гаргахыг хариуцагч захиргааны байгууллагад даалгах зохицуулалттай.
1.3 Нэхэмжлэгч “Жесэн лимитед” ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийг ******* сумын Засаг дарга 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1-507 дугаар албан бичгээр “...байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гаргах хугацаа дууссан тул байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гаргуулахыг дэмжих боломжгүй...” гэж шийдвэрлэж, хариу өгчээ.
1.4 Захиргаа иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан хугацаанд холбогдох хариуг өгсөн байх тул нэхэмжлэгчийн “... хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаарх татгалзал нь хариуцагчийн хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
1.5 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд захиргааны хууль бус эс үйлдэхүй нь зөвхөн захиргааны идэвхгүй үйлдлээр хязгаарлагдахгүй, харин хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр “татгалзсан шийдвэр” мөн адил хамаарах боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…хүсэлтийг шийдвэрлэж дэмжсэн эсхүл дэмжихээс татгалзсан ямар нэгэн шийдвэр, хариу өгөх учиртай…” гэж хариуцагчийн идэвхгүй үйлдлийн талаар тодорхойлон маргаж буй энэ тохиолдолд “татгалзал” хуульд нийцсэн эсэх талаар шүүхээс дүгнэх боломжгүй.
1.6 Харин даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдсон бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах хуулийн зохицуулалттай тул ******* сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байгаа нөхцөлд холбогдох шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
2. ******* сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1 ******* сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар “...эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл , болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрыг хүн амын эрүүл мэнд байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан...” үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.2 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 40.1.4-д “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-д заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж, 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заажээ.
2.3 Хуулийн дээрх зохицуулалтын дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргадаг эрх бүхий этгээдийн хувьд газар эзэмшигч, ашиглагч этгээд Газрын тухай хууль тогтоомж болон гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, нөхцөл, болзлыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих эрхтэй боловч тухайн гэрчилгээ эзэмшигч нь хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзвэл уг зөрчсөн гэх нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, бодит байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй, өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч этгээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.4-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бол хуулийн аль заалт, эсхүл газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн ямар нөхцөл, болзол, үүргийг хэрхэн зөрчсөн, энэ нь яагаад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон талаар баримтаар тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх учиртай.
2.4 Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч Өмнө аймгийн ******* сумын Засаг даргаас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1-387 дугаар албан бичгээр Газрын тухай хууль зөрчсөн зарим зөрчлөө арилгах агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан байх бөгөөд энэ мэдэгдэлд маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан зөрчлүүд тусгагдаагүй байна.
2.5 Хариуцагчаас захиргааны акт гаргах үндэслэлээ нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газарт үйл ажиллагаа явуулдаг гэх “Жиндисэн” ХХК-д холбогдох “******* хөдөлгөөн” ТББ-ын шаардлага, Өмнө аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн албан шаардлагын дагуу холбогдох зөрчлийг тогтоосон, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасныг зөрчиж, Засаг даргын зөвшөөрөлгүйгээр бусдад газраа ашиглуулсан гэж тайлбарладаг боловч энэ үндэслэлээ маргаан бүхий актад үндэслээгүй, мөн хариуцагч талаас хуулийн энэхүү зохицуулалт, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх болон “Жиндисэн” ХХК-д хамаарах өөр үндэслэл, нотлох баримт гаргаж маргаагүй, газрын хууль тогтоомж, зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.
2.6 Нэхэмжлэгч “Жесэн лимитед” ХХК-ийн газар эзэмших эрхийг ******* сумын Засаг даргаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.4-д заасны дагуу хүчингүй болгосон байгаа боловч уг захирамжид заасан үйл баримт, зөрчил дээрх байдлаар шүүхэд тогтоогдохгүй байна.
2.7 Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримталж, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор байна.
2.8 Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа байдлыг харгалзан сонсох ажиллагаа хийхгүйгээр захиргааны актыг гаргасан гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гээд 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасан, сонсох ажиллагаа хийснээр нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл үүсэх тохиолдлыг үүнд хамруулан үзэх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй,
3. Дээрх үндэслэлүүдээр захиргааг шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг тус тус баримтлан “Жесэн лимитед” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнө аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/346 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ гаргуулахад санал авах тухай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийн хариуг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, холбогдох шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнө аймгийн ******* Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж “Жесэн лимитед” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА