| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0172/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: З.Энхжаргал;
гэрч: Э.Мягмардорж;
хохирогч: Б.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж;
шүүгдэгч: Н.М, түүний өмгөөлөгч Б.Дима нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямсүрэнгийн Мд холбогдох эрүүгийн 1709015380229 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Тулга Мичид” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 26 дугаар байрны 100 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ОЭ82010516 регистерийн дугаартай, Хайрхан овогт Нямсүрэнгийн М.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Нямсүрэнгийн М нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 560 дугаар байрны подвольд байрлах өөрийн өмчлөлийн “Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх” цехэд хохирогч Б.Түвшинбаярыг “цех ажиллуулсан ашигаас өгсөнгүй” гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджзэ
.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: Б.Түвшинбаяр, Э.Мягмардорж нартай хамтарч ажилласан юм. 2017 оны 10 дугаар сарын 04-ний 19 цагийн үед Б.Түвшинбаяр, Э.Мягмардорж нарыг цех дээр дуудаж уулзсан. Бид нар ярилцаад “хэрэглэсэн цахилгааны өр төлбөрөө төл” гэдэг шаардлага тавьсан. Энэ асуудлаараа нотариат орж гэрээ хийсэн юм. Бидний хооронд “ашиг өгсөнгүй” гэсэн маргаан болоогүй юм. Б.Түвшинбаяр, Э.Мягмардорж нарыг цех дотор гаднаас нь цоожлоод явсан нь үнэн. Би Б.Түвшинбаяр, Э.Мягмардорж нарыг огт зодож цохиогүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Түвшинбаяр мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 04-ний 18-19 цагийн үед Э.Мягмардоржтой хамт Н.Мын ажил дээр очиж уулзсан. Н.М “та 2 надаас мөнгө “идсэн”” гэж дайрч давшилсан. Н.Мд “тайлан тооцоо байгаа, үз” гэхэд ойшоохгүй “мөнгө идсэн” гээд үсдэж, өшиглөж зодсон. Мөн гар утас хурааж авсан. Шөнө 01 цаг хүртэл зодсон. “Бүтээгдэхүүн хий, яагаад ашиг гардаггүй юм” гээд шөнөжин ажиллуулсан. Гомдолтой байна, КТГ-т үзүүлсэн төлбөр 240.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хууль бус гэрээг хүчингүй болгомоор байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Мягмардорж мэдүүлэхдээ: Н.М нь Б.Түвшинбаяр бид хоёрыг “худал хэлж мөнгө идсэн” гээд зодсон. Б.Түвшинбаярыг голчлон зодсон. Бид хоёр ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй. Хэрэв эсэргүүцсэн бол өдийд өөрсдөө хэрэгт орох байсан. Б.Түвшинбаяр 2017 оны 10 дугаар сарын 05-ны өглөө нотариат ороод тэндээсээ яваад цагдаад өргөдөл өгч шүүх эмнэлэгт үзүүлсэн нь үнэн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Түвшинбаярын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 7-8/, хохирогч Б.Түвшинбаяр /хх-ийн 13-16/, гэрч Э.Мягмардорж /хх-ийн 20-21, 23/, Ч.Батбилэг /хх-ийн 24-25/, Б.Анирмаа /хх-ийн 28-29/, Д.Солонго /хх-ийн 99-102/, Б.Ангирмаа /хх-ийн 28-29, 95-98/, Д.Лхамханд /хх-ийн 32-34/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №12639 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/, шинжээч эмч Б.Ганзоригийн /хх-ийн 37-38, 93-94/ мэдүүлэг, Н.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/, Н.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 51-54/, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Н.М, өмгөөлөгч Б.Димагийн гаргасан хүсэлт /хх-ийн 85-86/, “Хамтран ажиллах гэрээ” /хх-ийн 64-69/, эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 78, 103/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Н.М нь 2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 560 дугаар байрны подвольд “хамтарч ажиллахаар тохирсон атлаа өөрсдөө “мөнгө идсэн, ашиг өгсөнгүй” хэмээн Б.Түвшинбаяр, Э.Мягмардорж нарыг буруутган зодож, Б.Түвшинбаярын биед хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч Б.Түвшинбаярын /хх-ийн 14-16/: “... 2017 оны 06 дугаар сарын дундуур М гэх залуу намайг болон Мягмардоржийг үйлдвэртээ хамтарч ажиллахыг санал болгосон. 2017 оны 07 дугаар сарын 26-наас эхлээд хамтраад нарийн боовны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Хоёр сар гаран үйлдвэрийг нь Мягмардорж бид хоёр хариуцаж ажилласан. М гэх залуу хамтарч эхэлснээс хойш үйлдвэртээ санаа тавьдаггүй, тушаах маягаар бид хоёртой харьцаж эхэлсэн. …2017 оны 09 дүгээр сарын бүх тооцоо, зардлаа дуусгаад 2017 оны 10 дугаар сарын 04-нд Мтай “ажиллахаа болихоор шийдсэн” талаараа хэлээд 18.30 цагийн үед үйлдвэрийн байран дээр уулзсан. Тэр үед ажилчид байсан болохоор ажилчдыг тараагаад хаалгаа дотроос нь цоожлоод, уулзаж ярилцаж байхад бид хоёроос шалтаг хайгаад байснаа эхлээд миний утсыг булааж аваад дууг нь хаагаад, хүн залгахаар дуудлагыг нь таслаад байсан. Мтай маргалдсан, “ажиллуулж эхэлсэн 2 сар ашиг өгсөнгүй” гэж уурласан. Бид хоёрыг ашиг олсон мөнгөө “идээд уусан” гэж хардаад уурлаад байсан. Би “хоёр сарын тайлангаа уншаад танилц, тэр тайлан дээр бүх юм тодорхой байгаа” гэж хэлсэн чинь “чи тэрнийг яаж ч өөрчилсөн байж болно ш дээ гөлөг минь” гэж хэлээд зодож эхэлсэн. 19 цагаас шөнийн 01 цаг хүртэл зодсон, элэг, дэлүү, шилэн хүзүү, шилбэ, гуя хэсэгт зодсон. Ерөнхийдөө битүү гэмтэл учруулах газар руу цохиж байсан. Тэгээд 01 цаг 30 минутаас хойш бид хоёрыг үйлдвэр дотор гадна талаас цоожлоод яваад өгсөн. Бид хоёрыг “орц норм дээрээ идээд байна” гэж хардаад орой ажил хийлгэж байгаа нь тэр. Мягмардорж бид хоёрын гар утас болон бичиг баримтыг хурааж аваад яваад өгсөн… Өглөө бид хоёрыг нотариат дагуулж явсан” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Мягмардоржийн /хх-ийн 20-21, 23/: “…2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Түвшинбаяр бид хоёр “ажиллахаа болъё” гээд 18.30 цагийн үед үйлдвэрийн байран дээр очсон. Бид хоёрыг очиход М, эгч нь, 3 ажилчин байсан. Тэд нарыг гаргаж явуулчихаад хаалгаа дотроос нь цоожлоод бид 3 ярилцаж эхэлсэн. М бид хоёрыг “Борлуулалтын орлогоос идсэн, хяналт тавиулахаар эгчийгээ ажилд оруулах гэтэл та хоёр оруулаагүй. Үүгээрээ та хоёр “идсэн” гэдгээ баталж байгаа юм” гэж хэлсэн. Бид хоёр “2 сарын хугацаанд ажилласан тайлан балансаа танилцуулъя” гэтэл авч хэлэлцээгүй уурлаж байгаад “гөлөг минь” гээд зодоод эхэлсэн. Эхлээд Түвшинбаярыг зодоод, тэгээд ээлжлээд зодуулж эхэлсэн, бараг 01 цаг хүртэл зодуулсан. М 01.30 цагийн үед бид хоёрыг цоожлоод, утас, бичиг баримтыг аваад явсан…Өглөө бид хоёрыг нотариат дагуулж явсан…М намайг зодсон, гэхдээ миний биед гэмтэл байхгүй…” гэх мэдүүлгээр,
гэрч Ч.Батбилэгийн /хх-ийн 24-25/: “...Гэрээ байгуулдаг өдөр М нь түрүүлж манай байгууллагад ирчихсэн байсан. Нөгөө хүмүүсрүүгээ утсаар ярьж хаана байгаа талаараа хэлсэн. Тэр хоёр залуу нотариатыг өөрсдөө олоод ирсэн. Энэ хүмүүс нь “Хамтран ажиллах гэрээ” хоорондоо байгуулсан байсан. Мд тодорхой хувь ашигаа мэдэгдэхгүй, өгөхгүй байсан асуудал гарсан гэсэн…” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Солонгын /хх-ийн 99-102/: “…Тэр хэрэг гардаг өдрийн урьд орой 17-18.00 цагийн үед Түвшинбаяр, Мгямардорж 2 хавтастай баахан бичиг баримт барьж ажил дээр орж ирсэн. Тэгэхэд цехийн эзэн Зулаа гэх залуу ажил дээр байсан. Бид нарыг “явцгаа” гэж хэлсэн. Баярцэцэг гэх манай ажлын охин бид хоёр ажлаас хамт гараад явж байхдаа “хөлдөөгчинд гурил хийгээд мартчихсан” байснаа санаад буцаад очсон. Тэгтэл манай ажлын хаалга цоожлогдчихсон, дотор нь Зулаа, Түвшинбаяр, Мягмардорж гурав байсан. Бид хоёрыг гарахад Зулаа араас ирээд хаалга дотроос нь түгжээд явсан… Маргааш нь ажил дээр хуванцар сандал хугарчихсан хогийн саванд байсан. Түвшинбаяр, Мягмардорж хоёр байгаагүй. Баярцэцэгээс яасан талаар асуухад Баярцэцэг надад “намайг өглөө ажил дээр ирэхэд Түвшинбаярын хөл нь өвдчихсөн хазганаад, нуруу нь бөгтийчихсөн царай нь эвгүй болчихсон байсан. Би эрт ирж ажлын хаалгыг гаднаас нь түлхүүрээр онгойлгож ороход Түвшинбаяр, Мягмардорж хоёр баахан боов боорцог шөнөжин хийсэн байдалтай байсан” гэж хэлсэн. Дээрээс нь “Зулаа ах л энэ хоёрыг зодсон юм байна лээ, тэгээд л энэ сандал хагарчихсан байна” гэж хэлсэн. Би хийсэн боорцогнуудыг харсан, үнэхээр юм хийсэн байсан...Баярцэцэг зодооныг хараагүй, сонсож мэдсэнээ л надад хэлсэн байх…” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Ангирмаагийн /хх-ийн 28-29/: ”…Мягмардорж, Түвшин гээд хоёр залуу байгаа, энэ хоёр залуу манай нөхрийн тавьсан зарын дагуу манайд ирсэн. Манай хүн цех байгуулаад шаардагдах бүх тоног төхөөрөмж, түрээслэх байр зэрэг бүхий л боломжоор нь хангачихсан байсан. Нөхөр ажил ихтэй байсан учир энэ хоёр залууд хариуцуулаад өөрөө ажлаа хийгээд явж байсан. Энэ хоёр хүнтэй 4 сар огт тооцооны талаар яриагүй, нэг их уулзалдаагүй байсан. Анх гэрээ хийхдээ энэ хоёр залуу орлогоо бидэнд өгөөд өөрсдөө цалинжих ёстой байсан. Тайлан тооцоогоо бид нарт мэдүүлж байх ёстой байсан. Огт тийм зүйл бид нарт тайлагнаагүй. Тэгэхээр нь сонин санагдаад би өөрийн ажиллуулж байсан эмийн сандаа хүн түр суулгаад өөрөө цех дээр ажиллаж хяналт тавъя гэж бодоод очтол тэр хоёр залуу намайг очсоноос хойш ирэхээ байсан…Манай нөхөр хоёр залууг дуудаж уулзсан. Уулзахдаа цех дээр уулзсан, нөхөр шөнө 03 цагийн үед гэртээ орж ирсэн. Тэр хоёр залууг манай нөхөр худлаа яриад байна гэж үзсэн юм байна лээ. Тэгээд тэр хоёроор шөнө маргаашийнх нь борлогдох боорцог зэргийг хийлгүүлсэн гэсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Лхамхандын /хх-ийн 32-34/: ”…Өглөө Мягмардоржийн утас холбогдохоор нь асуухад “бид 2 шөнө хоригдоод, зодуулаад Түвшөөгийн гар утсыг булаагаад авчихсан. Түвшөө одоо очиж яваа, та өөрөөс нь болсон асуудлыг сонсоорой” гэж надад хэлсэн…Түвшинбаяр урвайсан царайлчихсан орж ирсэн…Хөл нь хөх няц болчихсон, хазганаад байсан. Толгой нь өвдөөд, цээж нь хатгаж өвдөөд байсан…” гэх мэдүүлгээр,
Б.Түвшинбаярын биед “тархи доргилт, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, цус хуралт, эрүү, хүзүү, тохой зүүн шуу, хоёр өвдөг, баруун шилбэнд цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №12639 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 36/,
Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Ганзоригийн /хх-ийн 37-38, 93-94/: “...Надад олгогдсон хуулийн хугацаандаа би дүгнэлтийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Түвшинбаярын биед үзлэг хийж дүгнэлт гаргаагүй. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн…” гэх мэдүүлгээр болон хохирогч Б.Түвшинбаярын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 7-8/, “Хамтран ажиллах гэрээ” /хх-ийн 64-69/, эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 78, 103/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нь Н.Мд зодуулснаа тодорхой мэдүүлсэн, гэрч нар хохирогчийг Н.Мд зодуулж байхыг харсан, зодуулсан байдалтай гэртээ ирсэн зэргийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Н.М нь 2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 560 дугаар байрны подвольд “хамтарч ажиллахаар тохирсон атлаа өөрсдөө “мөнгө идсэн”, ашиг өгсөнгүй“ хэмээн Б.Түвшинбаярыг буруутган зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Дээрх шалтаг, шалтгааны улмаас хохирогчийг зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн Н.Мын гэм буруутай санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.М өөрийгөө, түүний өмгөөлөгчөөс “Б.Түвшинбаярт хөнгөн гэмтэл учруулан зодсон” хэрэгт оролцсон болохыг үгүйсгэж буй боловч шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлт, мэдүүлэгт няцаалт өгсөн болно.
Хохирогч Б.Түвшинбаяр тухайн хэрэг гардаг өдөр хохирсон талаараа шууд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан, хэрэг гарсан өдөр байрны подвольд Б.Түвшинбаяр, Э.Мягмардорж Н.М нараас өөр хүн байгаагүйг, Н.М хэрхэн ямар шалтгааны улмаас хохирогчийг зодсоныг хэргийн цорын ганц гэрч болох Э.Мягмардорж өмнө өгсөн мэдүүлэгтээ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээрээ эргэлзээгүй баталсан, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б.Түвшинбаярын биед үзлэг хийсэн талаар шинжээч эмч мэдүүлсэн, хохирогч гэртээ зодуулсан байдалтай ирсэнийг гэрч мэдүүлсэн, хохирогчийн гар утсыг Н.Маас хураан авч буцаан өгсөн, хохирогч өөр хүнд, өөр газарт зодуулсан байж болзошгүй эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар авагдаагүй байна.
Иймээс шүүгдэгч Н.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх бөгөөд Н.Мын хилс хэрэг хүлээлгэсэн тухай гомдол болон түүний өмгөөлөгчийн сэжиг, таамаглалд үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагагүй байх тул уг хүсэлт, гомдлыг хангах боломжгүй гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүх эмнэлгийн дүгнэлт үзлэг хийсэн өдрөө гараагүй, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гарсан нь журам зөрчигдсөн” гэх боловч чухам ямар байдлаар Шүүхийн шинжилгээний журам зөрчигдсөн талаар тайлбарлаагүй тул шүүх энэ талаар тайлбар, дүнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Н.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон 240.000 төгрөгийн зардалыг (хх-ийн 40-41 цээж, толгойн КТГ) шүүгдэгч Н.Маас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Н.Мын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэмээн ташаарч бичсэн байх боловч хэрэгт авагдсан баримтат мэдээлэлээр гэмт хэрэг 2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө үйлдэгдсэн нь тогтоогдож байх тул уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж залруулсан болно. Ингэж зөвтгөн залруулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлөхгүй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хайрхан овогт Нямсүрэнгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маас нийт 240.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Түвшинбаярт олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ