Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00907

 

 

 

 

 

 

 

 

 

Н- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00506 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н- ХХК-ийн хариуцагч Т- ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон алдангид нийт 128 775 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н- ХХК, Т- ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр барилгын дулаалгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Хүрхрээгийн аманд баригдаж буй Форест вилла хотхоны 20 ширхэг байрны дулаалгын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний төлбөрт 400 000 000 төгрөгийн төлбөр төлөхөөр буюу 1 м.кв талбайг дулаалахад 45 000 байхаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 342.5.1-т ... гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх, энэ хуулийн 351.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх гэж заасан. Манай компанийн зүгээс 12 ширхэг байрны дулаалгын ажил буюу нийт 4 130 м.кв талбайд дулаалгын ажил гүйцэтгэсэн. Гэтэл захиалагч тал биднийг ажил гүйцэтгэх нөхцөл боломжоор хангалгүй барилгын талбайд нэвтрүүлэхгүй, гэрээнд заасан ажил үүргийг маань гүйцэтгүүлэхээс татгалзаж, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг өгөхгүй биднийг хохироож байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 1 м.кв талбайн дулаалгын ажлыг 45 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон бөгөөд нийт хийгдсэн ажлын төлбөр 185 850 000 төгрөг болж байх бөгөөд үүнээс гэрээний урьдчилгаа болгон авсан 100 000 000 төгрөгийг хасвал үлдэх 85 850 000 төгрөгийн төлбөр дутуу байна. Иргэний хуулийн 351 дугаар зүйлийн 351.2 дах хэсэгт ... Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно. гэж заасан. Бидний зүгээс хийж гүйцэтгэсэн ажлыг баталгаажуулах зорилгоор акт үйлдэн хүлээлгэж өгөх болгонд ажлыг хүлээн авч ажил хүлээлцсэн актыг авсан боловч актад гарын үсэг зурахаас татгалзаж байсан тул захиалагч ажлыг хүлээн авсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэгэнт хүлээн авсан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 128 775 000 төгрөг буюу хийж гүйцэтгэсэн ажилд 85 850 000 төгрөг, төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид 42 925 000 төгрөгийг хариуцагч Т- ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т- ХХК нь Н- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Н- ХХК нь Баянзүрх дүүрэг, Хүрхрээгийн аманд баригдаж буй Форест вилла хотхоны 20 ширхэг байрны дулаалгын ажлыг хийж гүйцэтгэх, Т- ХХК нь гэрээний төлбөрт 400 000 000 төгрөгийн төлбөр төлөхөөр буюу 1 м.кв талбайг дулаалахад 45 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон нь үнэн. Дулаалгын ажил 10 см зузаантай байхаар тохиролцсон, гэтэл ажлын явцад доголдол бий болж дулаалгын зузаан нь 7 см байгаа болох нь лабораторийн дүгнэлтээр тогтоогдсон тул бид Н- ХХК-д дулаалгын зузаан нь 10 см хүрэхгүй байгаа тухай албан бичиг явуулж байсан. Дулаалгын зузаан 10 см хүрэхгүй байсан тул бид дахин зураг хийлгэж шалны халаалт нэмж хийхээр болсноос 8 717 000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Н- ХХК гэрээгээр тохирсон ажлаа хийгээгүй тул үлдэх төлбөрийг төлөх боломжгүй, бидний хооронд хийгдсэн гэрээний 4-т зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил, энэ хугацаа дууссаны дараа гүйцэтгэлийн хэвийн ашиглалтыг хянах, хангах хугацаа 3 жил гэж заасан байгаа болно. Мөн гэрээнд ажлын үр дүн доголдолтой гэж үзвэл гуравдагч компаниар уг доголдлыг арилгуулах, учирсан хохирлыг гүйцэтгэгч хариуцахаар заасан. Гүйцэтгэгч Н- ХХК нь 12 ширхэг байшингийн 4 130 м.кв талбайн дулаалгын ажил хийсэн нь үнэн боловч стандартын шаардлага хангаагүй, нэмэлт зардал гарсан тул захиалагчид хохирол учирсан. Нэхэмжлэгч Н- ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж захиалагчид их хэмжээний хохирол учруулсан, хариуцагч талаас гэрээний үүргээ зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-т заасныг баримтлан хариуцагч Т- ХХК-иас 120 190 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 585 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 801 825 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 758 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хариуцагч Т- ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Н- ХХК-тай барилгын дулаалгын ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулж, гүйцэтгэгч нь захиалагчийн 20 ширхэг барилгын дулаалгын ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Мөн тус гэрээгээр хөөсөн дулаалгын зузаан нь 10-12 см байхаар стандартыг зааж өгсөн бөгөөд энэхүү шаардлага хангасан ажилбаруудын 1 мк-ийг 45 000 төгрөгөөр үнэлж авахаар гэрээний тусгай нөхцөл болгон заасан байна. Гэтэл гүйцэтгэгч тал дээрх гэрээний стандарт шаардлагыг хангахгүй 12 барилгын дулаалгын ажлыг захиалагчид хүлээлгэж өгөх үед захиалагч тал гүйцэтгэгч талын ажилтан болон захиалагч талын хамтарсан баг хөөсөн дулаалгын стандартыг шалгаж үзэхэд 5-8 см-ийн зузаантай байгааг тогтоож зөрчлийн акт үйлдсэн байна. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч талд шаардлага тавихад ажлаа дуусгахгүйгээр орхиж явсан үйлдэл байдаг. Анхан шатны шүүх энэ төрлийн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Т- ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2, 351.2 дах хэсэгт заасан ажлын үр дүнг хүлээн авмагц хөлс төлөх, ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй, ажлын үр дүнг хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэх байдлаар шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхойлсон байгаа нь хэрэгт авагдсан баримт, хэргийн үйл байдалтай нийцээгүй байна. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасан бөгөөд үүнтэй холбогдуулан тус хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 352.2, 353 дугаар зүйлийн 353.1, 355 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шаардлага гаргах, учирсан хохирлоо төлүүлэх, шаардах, шаардлагатай бол гэрээнээс татгалзах, цуцлах тухай заасан байх бөгөөд гэрээний харилцааны явцад энэ төрлийн эрх үүрэг үүссэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Т- ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Н- ХХК-тай барилгын дулаалгын ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулж гүйцэтгэгч нь захиалагчийн 20 ширхэг барилгын дулаалгын ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөхөөр хугацаа тогтоосон бөгөөд гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй уг гэрээний 2.1.1,4, 5.1, 5.3, 5.4, 6.6, 6.7, 7.4, 9.1-т заасан харилцаа хөндөгдсөн талаар дүгнэж үзээгүй байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэгч ажлаа хүлээлгэж өгсөн мэтээр хэрэгт авагдаагүй баримтад тулгуурлан шийдвэр гаргасан нь эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна. Гүйцэтгэгч тал болох Н- ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж захиалагч Т- ХХК-д 93 636 000 төгрөгийн хохирол учирсан талаарх баримт, ажлын үр дүнгийн доголдлын талаарх акт, барилгын физикийн лабораторийн дүгнэлт хэрэгт авагдсан боловч эдгээр баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхзэр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н- ХХК нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон алдангид нийт 128 775 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Талуудын байгуулсан гэрээгээр 1 м.кв дулаалгын ажлыг 45 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон, манай компани нь нийт 4 130 м.кв талбайн ажил хийсэн тул ажлын хөлс 185 850 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 100 000 000 төгрөгийг хасаж, 85 850 000 төгрөгийг, алданги 42 925 000 төгрөгийн хамт нийт 128 775 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч хөөсөн дулаалгын зузаан 10-12 см байхаар тохиролцсон боловч нэхэмжлэгч компани нь гэрээний үүргээ зөрчиж, 5-8 см хөөс шахсан, манай компани нь нэг барилгад 8 717 000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан байна.

 

Зохигчид 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр барилгын дулаалгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Н- ХХК нь Баянзүрх дүүрэг, Хүрхрээгийн аманд баригдах Форест вилла хотхоны 20 ширхэг байрны дулаалгын ажлыг өөрийн техник, материал, хэрэгслийг ашиглан, 1 м.кв талбайг 45 000 төгрөгөөр гүйцэтгэн хүлээлгэн өгөх, хариуцагч Т- ХХК нь ажлын хөлс болох 400 000 000 төгрөгийг гэрээний 3.2-т заасан нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, барилгын дулаалгын ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 41-46-р тал/

 

Анхан шатны шүүхийн талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцсэн ажил гүйцэтэх гэрээ гэж зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Нэхэмжлэгч Н- ХХК нь нийт 12 ширхэг барилгын 4 130 м.кв талбайд дулаалгын ажил хийж хариуцагч Т- ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, гэрч Г.Оргилцолмон, А.Алмакбек нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 104-108-р тал/. Иймд нэхэмжлэгч Н- ХХК нь дээрх хуульд зааснаар ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Т- ХХК нь ажлын хөлсний урьдчилгаанд нийт 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н- ХХК-д төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч Н- ХХК нь 4 130 м.кв х 45 000 = 185 850 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх бөгөөд үүнээс урьдчилгаанд төлсөн 100 000 000 төгрөгийг хасаж, 85 850 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Талуудын байгуулсан гэрээний 7.2-т Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Н- ХХК нь алдангид 85 850 000 төгрөгийн 50 хувь буюу 42 925 000 төгрөг нэхэмжилсэн нь анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд алдангийн 42 925 000 төгрөгийг 20 хувиар бууруулан 34 340 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

Иймд гэрээний үлдэгдэл төлбөрт 85 850 000 төгрөг, алдангид 34 340 000 төгрөг, нийт 120 190 000 төгрөгийг хариуцагч Т- ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа болон давж заалдах гомдолдо талуудын байгуулсан гэрээнд хөөсөн дулаалгын зузаан 10-12 см байхаар тохиролцсон боловч нэхэмжлэгч Н- ХХК нь 5-8 см-ийн хөөс хийсэн, энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно, үүнтэй холбоотойгоор манай компани нэмэлт зардал гаргасан гэжээ.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь ажлын үр дүнгийн доголдлын улмаас төлбөл зохих хөлсийг бууруулах боломжтой байна. Гэвч хөөсөн дулаалгын зузаан чанарын шаардлага хангаагүй, мөн гэрээгээр тохиролцсон хэмжээнээс нимгэн, доголдолтой байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хэргийн 80 дугаар талд барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн гэх баримт авагдсан байх боловч тус баримтад хөөсөн дулаалгын зузаан чанарын шаардлага хангасах эсэх талаар заагаагүй буюу энэ нь хариуцагчийн татгалзлыг шууд нотолсон баримт биш байна.

 

Нөгөө талаар, хариуцагч байгууллага нь нэмэлт зардал гаргасан гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ